Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01066

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 20 210/МА2024/01066

 

 

Б.ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2024/01720 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.

Хариуцагч: М.

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 777,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие М.тэй 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 200,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Гэрээгээр 30 хоногийн дараа хүүгээ төлөх ёстой гэтэл төлөөгүй. Мөнгө хүлээлгэж өгсөн баримтын М.т үлдэх хэсэгт алданги тооцохоор тохиролцсон хэсэг байдаг бөгөөд гэрээний хугацааг сунгасан баримт байхгүй.

Иймд М.ээс үндсэн зээл 200,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны хүү 300,000 төгрөг, алданги 277,200 төгрөг, нийт 777,200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие Б.аас 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Одоо үндсэн 200,000 төгрөг, 1 жилийн хүү 120,000 төгрөг, нийт 320,000 төгрөг төлнө гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.ээс үндсэн зээл 200,000 төгрөг, хүү 120,000 төгрөг, нийт 320,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 547,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч М.ээс улсын тэмдэгтийн хураамжид 10,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.ад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Миний бие М.т олон удаа анхааруулж мөнгөө төлөхийг шаардаж хүү, алданги тооцогдоно гэдгийг хэлж байсан. М.ийн хаяг тодорхойгүй байсан тул 3 удаа шүүхэд хандаж сүүлд нь эрэн сурвалжлуулсан. Би алданги тооцохдоо 0,5 хувиар бодох байсан боловч 0,2 хувиар бодсон.

4.2 М. нь 320,000 төгрөг төлнө гэдэг нь үндэслэлгүй. Тэрээр үндсэн гэрээний үлдэх хувь дээр сунгалт алданги тооцох талаар тодорхой бичсэн. Уг баримт М.т байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б. нь хариуцагч М.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 777,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 320,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 4841-4766 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр зээлдүүлэгч Б. нь 200,000 төгрөгийг зээлдэгч М.т 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10,000 төгрөгийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцсон. /хх 4/

3.1 Зээлийн мөнгөн хөрөнгө болох 200,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримт, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар талууд гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Гэрээгээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 10,000 төгрөгийн хүү төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагч М. нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000 төгрөг, хүү 10,000 төгрөг, нийт 210,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ. Гэвч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 320,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул анхан шатны шүүх талуудын зарчимд үндэслэн үндсэн зээл 200,000 төгрөгийг хүүгийн төлбөр 120,000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд хүүгийн төлбөрт нийт 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Талууд гэрээгээр алданги тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй. Иймд алданги гаргуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2024/01720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,366 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСГАЛАН