Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 640

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч А.Ариунаа,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дт холбогдох 1906 01725 0750 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 2-43 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Бын Д /РД:........../,

Б.Д нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парис бааранд иргэн Г.Сугарсүрэнгийн куртикнээс Хуавей Пи-20 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас 1.455.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Сугарсүрэнгийн өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчим явах гээд буйдангийн хажууд байсан куртикээ авах гэтэл байхгүй байсан, куртикний баруун халаасанд миний гар утас байсан, тэгээд тус баарны хамгаалагч гэх залуутай уулзаж хяналтын камер шүүж үзэхэд 23-25 орчим насны 89 гэсэн куртикнийхаа ард бичигтэй залуу миний куртикийг аваад гарч байгаа бичлэг байсан. Хуавей Пи-20 про загварын ягаан өнгөтэй байсан... Би хулгайд алдсан эд зүйлээ буцаагаад Баянмөнх гэх хүнээс буцаагаад авчихсан учир одоо надад ямар нэгэн гомдол алга...” гэх мэдүүлэг /хх.7-9/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч О.Баянмөнхийн өгсөн: “... Тэгээд Дыг ямар учиртай утсыг хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэж асуухад Эрдэнэт хотоос манай эгч явуулсан, намайг зараад мөнгийг нь ав гээд явуулсан юм, уг нь 500.000 төгрөгний үнэтэй утас байгаа юм, та хагас үнээр нь буюу 250.000 тагрөгөөр ав гэж хэлж байсан. Тэгэхээр нь би надад 250.000 төгрөг алга, байгаа нь 220.000 төгрөг байна, энэ 220.000 төгрөгөөр зарвал зарчих гэж хэлэхэд Д зөвшөөрсөн юм...” гэх мэдүүлэг /хх.11/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Болдбаатарын өгсөн: “... Тэгээд тэр ширээн дээр удаагүй тэр залуутай цуг гарсан, тэгээд ажлын ах Сангиатай цуг явсан, эхний залууг тэнд нь үлдээгээд явсан юм...” гэх мэдүүлэг /хх.12/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Сангидоржийн өгсөн: “... Болдоотой цуг явж байсан залуу нойл руу явсан, тэгээд би гаръя гээд Болдоо бид хоёр цуг гарсан...” гэх мэдүүлэг /хх.13/,

          Хөрөнгө үнэлгээ зуучлалын “Дамно” ХХК-й 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б32-19-261 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.21-22/,

          Мөрдан шалгах ажиллагаанд Б.Дын яллагдагчаар өгсөн: “... Тэгэхээр нь би утас засварын газарт ажилладаг О.Баянмөнх гэх таньдаг ах руу утсаар ярьж байгаад нөгөө Хуавей Пи-20 маркийн гар утсыг 220.000 төгрөгөөр зарчихсан юм...” гэх мэдүүлэг хх/50/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Д нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Парис бааранд иргэн Г.Сугарсүрэнгийн куртикнээс Хуавей Пи-20 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас 1.455.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Сугарсүрэнгийн өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчим явах гээд буйдангийн хажууд байсан куртикээ авах гэтэл байхгүй байсан, куртикны баруун халаасанд миний гар утас байсан, тэгээд тус баарны хамгаалагч гэх залуутай уулзаж хяналтын камер шүүж үзэхэд 23-25 орчим насны 89 гэсэн куртикнийхээ ард бичигтэй залуу миний куртикийг аваад гарч байгаа бичлэг байсан. Хуавей Пи-20 про загварын ягаан өнгөтэй байсан...” гэх мэдүүлэг /хх.7-9/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч О.Баянмөнхийн өгсөн: “... Тэгээд Дыг ямар учиртай утсыг хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэж асуухад Эрдэнэт хотоос манай эгч явуулсан, намайг зараад мөнгийг нь ав гээд явуулсан юм, уг нь 500.000 төгрөгний үнэтэй утас байгаа юм, та хагас үнээр нь буюу 250.000 тагрөгөөр ав гэж хэлж байсан. Тэгэхээр нь би надад 250.000 төгрөг алга, байгаа нь 220.000 төгрөг байна, энэ 220.000 төгрөгөөр зарвал зарчих гэж хэлэхэд Д зөвшөөрсөн юм...” гэх мэдүүлэг /хх.11/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Болдбаатарын өгсөн: “... Тэгээд тэр ширээн дээр удаагүй тэр залуутай цуг гарсан, тэгээд ажлын ах Сангиатай цуг явсан эхний залууг тэнд нь үлдээгээд явсан юм...” гэх мэдүүлэг /хх.12/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Сангидоржийн өгсөн: “... Болдоотой цуг явж байсан залуу нойл руу явсан, тэгээд би гаръя гээд Болдоо бид хоёр цуг гарсан...” гэх мэдүүлэг /хх.13/,

          Хөрөнгө үнэлгээ зуучлалын “Дамно” ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б32-19-261 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /ХХ.21-22/,

          Мөрдан шалгах ажиллагаанд Б.Дын яллагдагчаар өгсөн: “... Тэгэхээр нь би утас засварын газарт ажилладаг О.Баянмөнх гэх таньдаг ах руу утсаар ярьж байгаад нөгөө Хуавей Пи-20 маркийн гар утсыг 220.000 төгрөгөөр зарчихсан юм...” гэх мэдүүлэг хх/50/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Дын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Б.Д хохирогч Г.Сугарсүрэнд гар утсыг нь буцаан өгсөн, хохирогч Г.Сугарсүрэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч О.Баянмөнх нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Дын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Дт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хуруусан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. М овогт Бын Дыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Дт сануулсугай.

          4. Хохирогч Г.Сугарсүрэн, иргэний нэхэмжлэгч О.Баянмөнх нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР