Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 372

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, 40-07 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 35 настай, Галдан овгийн Тогтохын Доржхорлоогийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 44-07 тоотод оршин суух, Доржсүрэнгийн Лувсанпүрэвт холбогдох

“8250000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Доржхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Лувсанпүрэвтэй 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл гэрээ байгуулан УНХ 5819 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй истана маркийн машиныг худалдсан. Д.Лувсанпүрэвээс удаа дараа мөнгөө өгөхийг шаардсан боловч өгөхгүй байгаа тул Д.Лувсанпүрэвээс 8250000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Маруся болон хариуцагч Д.Лувсанпүрэв нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Д.Лувсанпүрэв миний бие нэхэмжлэгч Т.Доржхорлоогоос 7500000 төгрөгөөр машин авснаас 1150000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 6350000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчийн 5060004735 тоот дансанд төлөхөөр, хүү 750000 төгрөгийг төлөхгүй байхаар бид хоорондоо тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Т.Доржхорлоо нь хариуцагч Д.Лувсанпүрэвт холбогдуулан “8250000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Маруся нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 6350000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Лувсанпүрэв зөвшөөрч, талууд эвлэрсэн нь зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Маруся хариуцагч Д.Лувсанпүрэвээс 8250000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 6350000 төгрөгийг хариуцагч Д.Лувсанпүрэвээс гаргуулах нэхэмжлэлийн хүрээнд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 77625 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 77625 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                           А.ҮҮРИЙНТУЯА