Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2023/03631/И |
Дугаар | 210/МА2024/01102 |
Огноо | 2024-05-24 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2024/01102
2024 05 24 210/МА2024/01102
Б.ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/01845 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Б.
Хариуцагч:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. , Ч. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ХНН-ийн Г даргаар ажиллаж байсан Б.ийг өвчтэй байх хугацаанд дотоод аудитын хяналт шалгалт хийж ХНН-ийн даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б-2-83 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заасан үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Түүнийг Ёс зүйн хороонд ёс зүйн зөрчил үйлдсэн, миний хөдөлмөрлөх эрх ашгийг хохироосон ажлын байрны дарамт учруулсан гэж үзэж гомдол гаргасан нэр бүхий 5 ажилтны өргөдөл, гомдол байдаг. Эдгээр 5 ажилтанд хэзээ, ямар, ажлын байрны дарамт, хүчирхийллийг үйлдсэн, ямар байдлаар ажилтны ёс зүйн зөрчлийг гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Мөн ямар албан тушаал бууруулсан талаар дурдаагүй.
1.2 Гэтэл Б.т сар гаруйн хугацааны дараа ажлын байр санал болгосон нь Б.ийг албан тушаал бууруулаагүй, ажлаас нь хууль бусаар халсан гэж үзэх үндэслэл болсон. Ажилгүй болсон тушаалыг авч ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын газраас авах хүсэлт гаргахад Нийгмийн даатгалын байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл болон 80 дугаар зүйлийн холбогдох заалтаар хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг тусгаагүй учраас ажилгүйдлийн тэтгэмж олгоогүй.
1.3 Иймд Б.ийн урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 62,913,654 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ХНН-ийн Хгийн 5 ажилтнаас ХНН-ийн даргад нэхэмжлэгч Б.ийн ёс зүйн асуудлаар гомдол гаргасны дагуу гомдлыг Ёс зүйн хороонд шилжүүлж, зохих арга хэмжээ авахыг даалгасан. Улмаар ХНН-ийн даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-23/01/06 тоот төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж батлагдаж, Г дарга Б.тэй холбоотой асуудлаар хяналт шалгалтыг явуулсан.
2.2 Г дарга Б. нь ажилчдын гаргасан алдаа дутагдлыг илрүүлсэн гэх нэрийдлээр тайлбар, тодорхойлолтыг бичүүлж авдаг бөгөөд тухайн ажилтанд холбогдох арга хэмжээ авах талаар санал гаргадаггүй, тухайн авсан тайлбараа юунд ашиглах нь тодорхой бус, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2, 7.2.15, 13.1, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.11, 3.2.12 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэлт гарсан. Ингээд Б. нь ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байрны дарамт учруулсан гэж үзээд Ёс зүйн хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/23 тоот дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг үндэслэн Замын даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б-2-83 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.т Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.ийг ын Г даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 43,419,508.14 төгрөг /холбогдох суутгалыг хийх/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч А д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,494,145.86 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 375,847 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзвэл Б. нь ёс зүйн зөрчил гаргаагүй болох нь тогтоогдсон. Тийм ч учраас анхан шатны шүүх дээрх байдлаар дүгнэлт хийхдээ ямар ч баримт, тайлбар, мэдүүлгийг иш татан үндэслэлдээ бичиж чадаагүй.
4.2 Хариуцагч нь 83 ширхэг тайлбар, тодорхойлолт бичүүлж авсан гэх боловч уг дурдсан 83 ширхэг тайлбар нь ямар агуулгатай, хэнд бичсэн, хэн бичсэн, санал, хүсэлт, өргөдөл, тайлбар, гомдлын аль нь болох, ямар утга, агуулгатай, эсхүл гавьяа шагнал хүссэн өргөдөл үү зэрэг нь тодорхойгүй. Энэ талаар тухайн шалгалтын ажиллагааг явуулсан Ж.Барсболд шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо тодорхой тайлбар хэлээгүй.
4.3 Түүнчлэн, Дотоод хяналт шалгалтын ажиллагааг явуулахдаа журамд заасны дагуу Б.т мэдэгдэж, тайлбар аваагүй. Үүнийгээ Б. өвчтэй байсан гэх зэргээр тайлбарладаг бөгөөд түүнийг 3 сар өвчтэй байх хооронд тайлбар, мэдүүлэг авахгүйгээр шалгалтын ажиллагааг явуулж, үндэслэлгүйгээр ажлаас халсан.
4.4 Зорчигч тээврийн албаны сургалт хариуцсан инженер Г.М Нийгэмлэгийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо цахим хуудасны шугам зам группт нэр хүндэд нь халдсан талаар нийтлэл бичсэн гэжээ. Г.М нь Б.ийн ажлыг авсан ажилтан бөгөөд Ёс зүйн хорооны хурал болохоос өмнө Б.ийн ажил албан тушаал дээр хавсран гүйцэтгэхээр томилогдож, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тушаал нь гарсан. Тэр нийтлэлд тодорхой хүний нэр дурдаагүй, хэн нэгний нэр хүндэд халдаагүй, мөн тухайн хүний нэр хүндэд халдсан эсэх асуудлыг Ёс зүйн хороо тогтоох эрх хэмжээгүй. Түүнчлэн, Ёс зүйн хороо хурлаар хэлэлцэх асуудлын хүрээнээс хальж, хурлын өмнө түүний ажлыг авсан Г.Мын гомдлыг шалгаж тогтоохгүйгээр хэлэлцсэн.
4.5 Тодорхой баримт нотолгоо, тайлбар мэдүүлэг, хэзээ хэрхэн, яаж ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй байхад Ёс зүйн хорооноос Б.ийг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Үүнийг нь анхан шатны шүүх мөн адил байдлаар ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Ёс зүйн хорооны хуралдаанд нэхэмжлэгч өөрөө оролцсон. Тэрээр гаргасан зөрчилтэйгөө холбоотой тайлбар, мэдүүлгээ өгсөн. Өвчтэй байсан, намайг оролцуулалгүй, тайлбар авалгүй, сахилгын арга хэмжээ авсан гэдэг нь үндэслэлгүй. Өвчтэй байсан талаар маргахгүй, үнэн. Тийм учраас гомдол холбогдогчийн хүндэтгэн үзэх шалтгааныг арилгах хугацаанд, ажилдаа эргэн ирэх хугацааг хүлээж байгаад 2023 оны 04 сарын 06-ны өдөр ёс зүйн хороо хуралдсан. Өвчтэй байхад сахилгын арга хэмжээ авсан гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй.
5.2 Анхан шатны шүүх Б.т сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэсэн гэж тайлбарласан, ёс зүйн хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцээд ажилтнуудад хууль бус дарамт шахалт үзүүлдэг, ажилтнуудыг боловсрол, нийгмийн гарал, үүслээр нь ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргасан гэдэг нь тогтоогдсон. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч тайлбар өгснийг ёс зүйн хорооны тэмдэглэл, дүгнэлт зэргээс харах боломжтой.
5.3 Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь шийдвэр гараагүй байхад ажил үүргээ гүйцэтгэхээр томилогдох хүний талаар ёс бус гадуурхсан, доромжилсон байдлаар олон нийтэд мэдээлж, худал мэдээлэл тарааж зүй бус үйлдэл гаргасан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн, хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байгаа.
5.4 Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.15-д ямар зөрчил гаргавал ажлаас халах хүртэл арга хэмжээ авах талаар тодорхой дурдсан. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
6.1 ХНН-ын дарга нь томилолттой байх хугацаандаа буюу 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А-450 дугаар Эрх олгох тухай тушаалаар эзгүй байх хугацаандаа эрхээ шилжүүлэн ХНН өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг даалгасан. Нийгэмлэгийн дүрмийн 24 дүгээр зүйлд заасны дагуу даргын ажлыг орлогч дарга Ш орлон гүйцэтгэх эрхтэй тул нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд гэж үзнэ.
6.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар ёс зүйн хорооны хурлаас хойш нэг сарын хугацаанд сахилгын шийтгэл ногдуулах ёстой. Мөн Төмөр замын тээврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт тасралтгүй үйл ажиллагааг хангах зарчим үйлчилдэг бөгөөд аль ч улсын төмөр зам нь замын даргын эзгүйд нэгдүгээр орлогч дарга нь гарын үсэг зурдаг болохыг шүүх анхаарсангүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1 Дүрмийн 23 дугаар зүйлд замын даргын үүргүүд гэж тусад нь оруулж өгсөн. Тийм учраас давж заалдах гомдолд эрх, үүргүүд нь нэг дор байгаа юм шиг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 24 дүгээр зүйлд замын орлогч дарга нь замын даргад өөрийн хариуцсан үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь туслах ба нийгэмлэгийн ерөнхий хорооны тогтоосон эрхийн дотор замын даргын эзгүйд замын 1 дүгээр орлогч дарга түүний үүргийг бүрэн хариуцна гэж заасан. Үүнд ямар ч эрх гэж байхгүй. Тийм учраас 23 дугаар зүйлд заасан үүргийг хариуцна.
Харин санхүүгийн гүйлгээ хийх, ажилд авах халах нь бүгд эрхийн зохицуулалтад байгаа гэдгийг анхаарч үзэх ёстой. Тийм учраас 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр замын дарга итгэмжлэл олгохдоо зөвхөн санхүү болон төлбөрийн 1 дүгээр гарын үсэг зурах эрхийг олгосугай гэсэн байдаг.
7.2 Итгэмжлэлийн хугацаа нь 2023 оны 05 дугаар сарын 17-24-ний өдрийн хооронд байдаг. Б.ийг ажлаас 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр халсан. Гэтэл гомдолд бичихдээ 30 хоногийн дотор ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах ёстой байсан. Тийм учраас орлогч дарга шуурхай шийдвэр гаргасан гэдэг. Итгэмжлэл өгсөн хугацааг харах юм бол замын дарга ирснийхээ дараа шийдвэр гаргах хангалттай хугацаа байсан гэдэг нь нотлогдож байгаа. Учир нь, ёс зүйн зөрчлийг шийдсэн сахилгын хорооны шийдвэр 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гарсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б. нь хариуцагч д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 62,913,654 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ...Ёс зүйн хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/23 дугаар дүгнэлтээр ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэх агуулгаар эс зөвшөөрч маргажээ.
3. ХНН-ийн даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б-2-83 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.4, хувь нийлүүлсэн нийгэмлэг -ын дүрмийн 22 дугаар зүйлийн а, и заалтууд, хувь нийлүүлсэн нийгэмлэг -ын Ёс зүйн хорооны дүгнэлтийг тус тус үндэслэн Б.т Г даргын албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх 7/
4. ХНН-ийн төлөвлөгөөт бус шалгалтын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тайлангаар ...Г дарга Б. нь ажилчдын гаргасан алдаа дутагдлыг илрүүлдэг, зөрчлийн талаар холбогдох тайлбар тодорхойлолтыг бичүүлж авдаг бөгөөд зөрчил гаргасан ажилтанд холбогдох арга хэмжээ авах талаар санал гаргадаггүй, тухайн авсан тайлбараа юунд ашиглах нь тодорхой бус байна. Б.ийн гаргасан үйлдэл нь ХНН-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.2.2, 7.2.15, 13.1, мөн түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.11, 3.2.12 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэжээ.
4.1 ХНН-ийн Ёс зүйн хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/23 дугаар дүгнэлтээр ...Г дарга Б. нь нийгэмлэгийн Удирдах ажилтны ёс зүйн дүрэм-ийн 2.1.5, Хөдөлмөрийн дотоод журам-ын 13.2.1, 13.3.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн байна. /хх 9-11/
4.2 Удирдах ажилтны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Замын даргын буюу ХНН-ийн Замын даргын тушаалаар томилогддог ажилтнуудын хувьд энэхүү дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон бол Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ. /хх 88-92/
5. Нэхэмжлэгчийн бичсэн пост, нэр бүхий ажилчдын гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч нийгэмлэгийн Удирдах ажилтны ёс зүйн дүрмийн 2.1.5, Хөдөлмөрийн дотоод журмын 13.2.1, 13.3.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн гаргасан ёс зүйн зөрчлийн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. ХНН-ийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/450 дугаар тушаалаар ын дарга Х.г томилолттой байх хугацаанд 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Замын даргын нэгдүгээр орлогч дарга -д санхүү болон төлбөрийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурах эрх олгожээ. /хх 80/
6.1 ын дарга томилолттой байх хугацаанд буюу 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б-2-83 дугаар тушаалыг Замын даргын нэгдүгээр орлогч дарга гаргасан байна.
6.2 Монгол-Зөвлөлийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн з-д замын ажилчин албан хаагчдыг ажилд авах ба халах, и-д замын ажилчид албан хаагчдад -ын дотоод дүрэм, ажилчин албан хаагчдын сахилга батын дүрэмд тогтоосон ёсоор урамшуулах ба сахилга журмын шийтгэл ногдуулах арга хэмжээнүүдийг авах эрхийг Замын даргад олгосон байна. Мөн 24 дүгээр зүйлд Замын орлогч дарга нь замын даргаас өөрийн хариуцсан үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь туслах ба нийгэмлэгийн ерөнхий хорооноос тогтоосон эрхийн дотор ажлаа явуулна. Замын даргыг эзгүйд 1-р орлогч дарга нь түүний үүргийг бүрэн хариуцаж биелүүлнэ гэж тус тус заасан байна. /хх 82-85/
6.3 Б.ийг албан тушаал бууруулж, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргах эрхийг ХНН-ийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/450 дугаар тушаалаар Замын даргын нэгдүгээр орлогч дарга д олгоогүй байх тул уг тушаалыг хууль бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Өөрөөр хэлбэл, тухайн тушаалд Замын даргын нэгдүгээр орлогч даргад ажилчдын хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой аливаа тушаал, шийдвэр гаргах эрхийг олгосон талаар тухайлан заагаагүй нөхцөлд уг эрхийг олгосон гэж үзэхгүй. Тухайн эрхийг олгоогүй нөхцөлд дүрмийн 24 дүгээр зүйлд заасан үүргийн дагуу ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 43,419,508 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус нийцжээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/01845 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 375,847 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
М.БАЯСГАЛАН