Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2019/0427

 

“Ж д ж т м х” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0332 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор “Жэн дэ жюн туо майнинг хөгжил” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0332 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20, 20 дугаар зүйлийн 20.3, 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж д ж т м х” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ж д ж т м х” ХХК (ГХО)-д олгосон байсан XV-019690 тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор гаргасан зардал болох сонгон шалгаруулалтын үнэ, тусгай зөвшөөрлийн төлбөр, эрх олгох үйлчилгээний хөлс болон захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг барагдуулах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Ж д ж т м х” ХХК-аас хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэнд төлсөн 375,378,285, XV-019690 тоот тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт төлсөн 1,581,000, 2 дахь жилийн төлбөрт төлсөн 3,160,663.6, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл түүний эрх олгох үйлчилгээний хөлсөнд төлсөн 3,000,000, нийт 383,119,948.6 төгрөгийг буцаан олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 23,500,000 төгрөгийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжилж буй сонгон шалгаруулалтын үнэ болон ХV-019690 тоот тусгай зөвшөөрлийн эхний ба 2 дахь жилийн төлбөр, хайгуулын тусгай зөвшөөрөл түүний эрх олгох үйлчилгээний хөлсөнд төлсөн нийт 383,119,948.6 төгрөгийг захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж үзэхгүй гэжээ. Гэтэл захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 23,500,000 төгрөгийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.                        

Нэхэмжлэгч “Ж д ж т м х” ХХК нь  Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос учирсан хохирлыг барагдуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанид олгосон байсан XV-019690 тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор гаргасан зардал болох 383,119,948.6 төгрөг, Ерөнхий эрэл хайгуулын ажил, Гидрогеологийн төлөв байдал, Усны эрэл ажлын зардал болох 44,740,000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал 6,200,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг,  нийт 434,130,148 төгрөг  гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 436 дугаар тогтоолоор “С Ө Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газар болон Кадастрын хэлтсийн дарга, Сонгон шалгаруулалтын үнэлгээний комисст холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж Сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт, Ашигт малтмалын газрын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн а/88 дугаар тушаал, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 840 дүгээр тушаалын “Ж д ж т м” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосныг биелүүлж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 217 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Ж д ж т м х” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон тушаалаа хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

Ийнхүү шүүхийн шийдвэрээр захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоосонтой холбоотойгоор учирсан хохирлоо шаардсаныг захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх боломжгүй болно. Тодруулбал,

Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасан “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” шийдвэрийг гаргахдаа 106.6-д  заасан “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэснийг шалгах шаардлагатай.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуульд хохиролтой холбоотой маргааныг хянан шийдвэрлэх журмыг зохицуулахдаа 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно”, 102.2-т “Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзвэл иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах урьдчилсан нөхцөл нь тухайн хохирол учруулсан гэх захиргааны хууль бус үйл ажиллагаатай хамт дагалдуулж хохирлоо шаардсан байхыг, шаардаж буй хохирлын хэмжээ ямар нэгэн маргаангүй байхыг ойлгохоор байна.

Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлж, хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй бол иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхдээ зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Маргаан бүхий энэ тохиолдолд захиргааны хууль бус үйл ажиллагаатай хамт хохирол нэхэмжилсэн гэж үзэхгүй тул захиргааны хэргийн шүүх хохирлын маргааныг дангаар шийдвэрлэх боломжгүй, сонгон шалгаруулалттай холбогдон гарсан, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрүүд зэрэг хэмжээний хувьд маргаангүй хохирлоос гадна зарцуулсан зардлаа хохиролд тооцон шаардсаныг ямар нэгэн маргаангүй хохирол шаардсан гэж дүгнэх нь бодит байдалд нийцэхгүй.

Хэдийгээр нэхэмжлэгч нь “хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос учирсан хохирлыг барагдуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлтэй хамтатган шаардсан ч хохирол шаардах эрх нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүйтэй холбоотойгоор хэрэгжихгүй, өөрөөр хэлбэл  өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан гэдэгт хохирол шаардсан шаардлага хамаарах боломжгүй юм.

 Зүй нь захиргааны хэргийн шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлж хохирлын хэмжээг тооцон тодорхойлох бус харин иргэний хэргийн шүүхэд хандаж учирсан хохирлоо  өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх зарчмаар хохирлын хэмжээг тооцон тогтоох боломжтой болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0332 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж д ж т м х” ХХК-ийн  Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос учирсан хохирлыг барагдуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанид олгосон байсан XV-019690 тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор гаргасан зардал болох 383,119,948.6 төгрөг, Ерөнхий эрэл хайгуулын ажил, Гидрогеологийн төлөв байдал, Усны эрэл ажлын зардал болох 44,740,000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал 6,200,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг,  нийт 434,130,148 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг  улсын төсвөөс гаргуулан буцаан олгож, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

               ШҮҮГЧ                                                                    Ц.Сайхантуяа  

               ШҮҮГЧ                                                                    О.НОМУУЛИН