Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 32

 

                       

 

 

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 6-р багт оршин суух, иргэн Булгадар овогт Журжмаагийн Оюунчимэг,

             Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

            Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Б/03 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Тэс сумын Ахлах сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранмандах, Н.Намсрай, гуравдагч этгээд Н.Мөнхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ж.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “...Миний бие нь Тэс сумын  Ахлах сургуулийн захирлаар ажиллаж байсан.Гэтэл аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2017 оны 1 сарын 18-ны өдрийн Б/03 тоот захирамж гаргаж намайг ажлаас гэнэт чөлөөлж,албан тушаал бууруулах шийдвэр гаргасан юм. Албан тушаал бууруулсан үндэслэлээ “ Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ дутагдалтай биелүүлэн D үнэлгээ авсан гэж дурджээ.

         Энэ албан тушаалд миний бие 2013 оны 5 сарын 6-нд томилогдсоноос хойш ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд миний бие ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй үүрэгт ажлаа сайн гүйцэтгэж, зохих ёсоор явуулж ирсэн юм. Би үр дүнгийн гэрээнд заагдсан ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэн хийж байсан.

           Аймгийн Засаг дарга Д.Батсайханы 2017 оны 1 сарын 17-ны өдрийн 1/77 тоотоор Сонсох ажиллагаа явуулах тухай гэсэн бичгийг 2017 оны 1 сарын 17-ны өдөр сумын Засаг дарга Ж.Нямбуян өгсөн. Намайг албан тушаал бууруулсан гэж ажлаас чөлөөлсөн бөгөөд тухайн тушаалаар дахин ажилд томилсон шийдвэр гаргахгүйгээр орхисон.     Гэтэл 2017 оны 2 сарын 1-нд Тэс сумын Ахлах сургуулийн захирал Н.Мөнхтуул намайг тус сургуулийн шатрын багшаар түр ажиллуулах тушаал гарсныг 2017 оны 2 сарын 14-нд Ахлах сургуулийн нарийн бичгийн дарга авч ирж өгсөн.          Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар ажил мэргэжилдээ тэнцээгүй гэсэн албан ёсны мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй, миний ажлыг албан ёсоор хуулинд заасан журмын дагуу үр дүнгийн гэрээнд заасан ажил үүргийг зохих журмын дагуу дүгнээгүй атлаа үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж миний албан тушаалыг бууруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Би 2014 оны 12 сарын 01-нээс хүүхэд төрүүлэхээр жирэмсний амралтаа авсан.Миний оронд П.Пагма-Орлом захирлаар ажиллаж байсан.Би 2016 оны 04 сарын 06-нд ажилдаа эргэж орсон.Аймгийн Засаг дарга П.Пагма-Орломтой үр дүнгийн гэрээ байгуулсан.Би ажилд ороод үр дүнгийн гэрээ байгуулаагүй.Би Пагма-Орломоос үр дүнгийн гэрээг хэд хэдэн удаа асуусан боловч өгөөгүй.Ингээд 2017 оны 1 сарын 6-нд аймгийн Засаг даргын тамгын газрын боловсрол хариуцсан мэргэжилтэн Намсрай утасдаж үр дүнгийн гэрээний биелэлтээ явуул гэсэн. Би ямар гэрээ хийснийг  мэдэхгүй байсан тул хийсэн ажлаа бичээд явуулсан.Энэ талаар надтай дахин хэн нэгэн яриагүй. Иймд Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Б/03 дугаартай захирамжийг хүчингүй болгон, Тэс сумын Ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин  хөлсийг гаргуулж өгнө үү” гэжээ.

         Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сургуулийн захирлууд аймгийн Засаг даргатай төсвийн шууд захирагчийн хувьд үр дүнгийн гэрээ байгуулж, гүйцэтгэл биелэлтийг нь хагас бүтэн жилээр үнэлж дүгнэдэг. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар баталсан “ Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын дагуу үнэлж дүгнэн, албан тушаалыг бууруулах, цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах гэсэн тус журмын 7 дахь хэсэгт заасан заалтаас Ж.Оюунчимэгт тохирох заалтыг нь үндэслэл болгон албан тушаал бууруулах арга хэмжээ авч, мэргэжил дадлага, туршлагад нь нийцсэн ажлын байраар хангаж ажиллахыг Тэс сумын Ахлах сургуулийн захиралд даалгасан шийдвэр гаргаж ажилласан.

Үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнэхийн тухайд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, Боловсрол, соёл,урлагийн газрын дарга, мэргэжилтэн зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг анхан шатны үнэлгээг хийж, хоёр дахь шатны үнэлгээг аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 23-ны өдрийн А/751 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хангалтгүй буюу F гэсэн үнэлгээг өгч анхан шатны үнэлгээг хэвээр үлдээсэн дүгнэлтийг танилцуулсан. Тус дүгнэлттэй танилцаад аймгийн Засаг дарга миний зүгээс D буюу дутагдалтай гэсэн үнэлгээг тус журмын 6.4.4 дэх хэсэгт заасны дагуу өгч албан тушаалыг нь буруулах тухай шийдвэр гаргасан.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Мөнхтуул шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Б/04 дугаартай захирамжаар Тэс сумын Ахлах сургуулийн захирлаар томилогдож мөн сарын 19-ний өдөр ажлаа хүлээж авсан.Сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж,Оюунчимэгийн албан тушаал бууруулах тухай Аймгийн Засаг даргын Б/03 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 2-д Ж.Оюунчимэгийг мэргэжил, дадлага туршлагад нь нийцсэн ажлын байраар хангаж ажиллахыг Ахлах сургуулийн захиралд даалгасан байсан.

Би ажлаа хүлээж аваад 2017 оны 01 дүгээр сарын 23-27-ны хооронд Улаангомд ажилтай байсан тул энэ хооронд сургуулийн менежер Г.Цогтгэрэлд “Ж.Оюунчимэгтэй уулзаад ажлын байраар хангах талаар ярилцаарай” гэж хэлсэн. Гэтэл Ж.Оюунчимэг ирээгүй. Би Тэс суманд ажилдаа ирээд өөрийн утсаар Ж.Оюунчимэг рүү залгахад утсаа аваагүй. Тэгээд бичиг хүргэгчийг Ж.Оюунчимэгийн гэр лүү явуулахад гэртээ байхгүй байна гэсэн. Би Ж.Оюунчимэгийн хүүхдүүдээр дамжуулж уулзах гэсэн боловч уулзаж, ярилцаж чадаагүй. Ж.Оюунчимэгтэй уулзаж ямар ажил хийх гэж байгаа талаар өөрийнх нь саналыг авах гэсэн боловч уулзаж чадаагүй. Засаг даргын захирамжаар ажлын байраар хангах байсан учраас Ж.Оюунчимэгийн 1 сарын цалинг гүйцэд гаргасан.

 2017 оны 02 сарын 01-ний өдөр Ж.Оюунчимэгийг шатрын багшаар түр ажиллуулахаар Б/05 тоот тушаал гаргасан.Ж.Оюунчимэг нь Англи хэлний багш-орчуулагч мэргэжилтэй бөгөөд энэ мэргэжлээр ажиллах орон тоо одоогоор байхгүй байгаа.Цаашид англи хэлний багш шилжих хүсэлт тавьж байгаа тул мэргэжлээр нь ажиллуулах боломжтой гэж үзэн шатар даамын багшаар түр тавьсан.

Сургууль 2013-2014 оны анги нийтийн олимпиадын 7 дугаар байранд орсон нь өмнөх захиралын үйл ажиллагаатай хамааралтай гэж ойлгож байна. 2015-2016 оны анги нийтийн олимпиадад 5 дугаар байранд орсон нь мөн өмнөх захирлын ажлын үр дүн.  Ж.Оюунчимэг захирлын ажил авснаас хойш нялх хүүхэдтэй гэдгээр ажлын цагийг 6 цагаар барьж ажиллаж байсан. Мөн өглөө ажилдаа 10 цагт ирдэг. Сургуулийн ажлын төлөвлөгөө, зорилго зорилт хийхэд Ж.Оюунчимэг захирал өөрийн биеэр оролцож байсан тохиолдол байхгүй. Би Ж.Оюунчимэг захирлаас ажил хүлээж авахад сургуулийн дотоод журам, дүрэм гэж байхгүй байсан. Ж.Оюунчимэгийн үр гэрээн дээр тусгагдсан ажлууд бол би нийгмийн ажилтан байхдаа миний хийж байсан ажлууд тусгасан байсан” гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сургуулийн захирлууд аймгийн Засаг даргатай төсвийн шууд захирагч менежерийн хувьд үр дүнгийн гэрээ байгуулж гүйцэтгэл, биелэлтийг хагас бүтэн жилээр үнэлж, дүгнэдэг. Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын дагуу үнэлж албан тушаалыг нь буруулах, албан тушаалын цалин буруулах, дутагдаж буй мэдлэг, чадварын сургалтад хамруулах гэсэн тус журмын 7 дахь хэсэгт заасан дипозит нөхцөлөөс Ж.Оюунчимэгт тохирох заалтыг үндэслэл болгон албан тушаал буруулах арга хэмжээ авч, мэргэжил дадлага туршлагад нийцсэн ажлын байраар хангаж ажиллахыг Тэс сумын Ахлах сургуулийн захиралд даалгасан шийдвэр гаргасан. Үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэхийн тухайд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгэм бодлогын хэлтсийн мэргэжилтэн, Боловсрол соёл урлагийн газрын дарга, мэргэжилтэн зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг анхан шатны үнэлгээг захирамжын дагуу хийсэн. Аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 751 дүгээр захирамжаар мөн ажлын хэсэг байгуулагдан үнэлгээг 2 дахь шатны түвшинд үнэлсэн. Анхан шатны үнэлгээг 2 дахь шатны ажлын хэсэг хэвээр нь үлдээж аймгийн Засаг даргад танилцуулсан. Тус дүгнэлттэй аймгийн Засаг дарга танилцаад өөрийн бүрэн эрхийн хүрээнд ажил албан тушаалаас чөлөөлөхгүй “D” буюу дутагдалтай гэсэн үнэлгээг өгөөд албан тушаалыг нь бууруулж ажил мэргэжилтэй үлдээх зарчмын мэргэжил, дадлага туршлагад нь нийцсэн ажлын байраар хангаж өгөхийг тус сумын Ахлах сургуулийн захиралд даалгасан шийдвэр гаргасан. Захирал, багш хоёр ижил албан тушаал. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, ажилд томилсон шийдвэр гаргаагүй гэж ярьсан нь буруу. Учир нь 2017 оны 02 дугаар сарын 01-нээс захирлын тушаал гаргаж шатрын багшаар авч ажиллуулсан. Тухайн мэргэжлийн орон тоо байхгүй нөхцөлд бусдыг ажлаас нь чөлөөлж хүний эрх зөрчиж болохгүй.

Ж.Оюунчимэг нь үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэдэг дээр тайлбар хэлэхэд төрийн ажил хэн нэг хүн жирэмсний амралтаа аваад явснаар тасрах учир байхгүй. Төрийн ажил тасралтгүй явж, тогтвортой байх ёстой.Тэгэхээр Пагма-Орлом гэдэг хүний үр дүнгийн гэрээг үргэлжлүүлээд явах нь төрийн ажил залгамж чанар.Хийсэн ажлаа тайлагнах ёстой байсан. Сонсох ажиллагааны талаар 2017 оны 01 дүгээр сарын 17-нд өгсөн. Захиргааны ерөнхий хуулинд сонсох ажиллагааны хугацааг заагаагүй. Гэхдээ захиргааны байгууллагын зүгээс сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Уг мэдэгдэлд Ж.Оюунчимэг “би ажлаа өгөхөд бэлэн байна” гэж тайлбар гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Намсрай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч олимпиадын дүн маш сайн гарсан гэх утгатай зүйл ярьсан. Анги нийтийн олимпиад түүврээр авдаг. Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалт гээд 17 ахлах сургуулиас Тэс сумын сургууль 17 дугаар байранд орсныг юу гэж үзэх вэ? Энэ нь тус сургуулийн захирлын ажилтай шууд биш утгаараа холбогдоно. Тус сургуулийн захирлын албан тушаал төсвийн шууд захирагч гэдэг утгаараа аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, хагас, бүтэн жилээр тайлагнаад, бүтэн жилээр бичгээр дүгнүүлдэг. Ж.Оюунчимэгийн үр дүнгийн гэрээг би болон Боловсрол соёл урлагийн газрын дарга Дашнямаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаад бүх сургуулийн захирлуудын ажлыг үнэлж дүгнэсэн. Ж.Оюунчимэг жирэмсний амралттай байхад Пагма-Орломыг түр авч ажиллуулсан. Пагма-Орлом аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан. Үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг сургуулийн захирлын байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу хариултыг ирүүлэх ёстой байсан. Гэтэл Ж.Оюунчимэг зөвхөн хийсэн ажлаа тайлагнасан. Бид бүхэн Ж.Оюунчимэгийн үр дүнгийн гэрээний илтгэх хуудастай танилцаад 45 хувьтай байна гэж “F” гэсэн үнэлгээ тавьсан. Үр дүнгийн гэрээний салшгүй хэсэгт байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг хавсаргах ёстой байхад сургуулийн дотоод ажлын төлөвлөгөөг тусгасан байсан. Сургуулийн ажил болон сургуулийн захирлын ажил хоёр өөр ойлголт.Засаг дарга эцсийн үнэлгээг өгөхдөө  “D” гэсэн үнэлгээ өгөөд ажлаас чөлөөлж, ажлын байраар хангах шийдвэр гаргасан. Багш мэргэжилтэй хүн багшаа хийх ёстой. Тухайн үед байсан ажлын байр нь шатрын багшийн орон тоо гарсан учраас түр Ж.Оюунчимэгийг шатрын багшаар авч ажиллуулах шийдвэр гарсан” гэв.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Ж.Оюунчимэгийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 дугаар Увс аймгийн Засаг даргын захирамжаар албан тушаалыг нь бууруулсан байна. Тухайн албан тушаалыг бууруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 41 дүгээр зүйлийн 41.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинд үнэлэх журмын 7 дахь заалтыг үндэслэж үр дүнгийн гэрээний биелэлт дээр “D” үнэлгээ авсан гэж албан тушаалыг нь буруулсан. Ж.Оюунчимэгийг албан тушаал бууруулахдаа дахин ажилд нь томилсон шийдвэр гаргаагүй, мөн албан тушаалд тэнцээгүй гэсэн албан ёсны дүгнэлт гараагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч 2 нас 3 сартай хүүхэдтэй байхад нь ажлаас халж хууль зөрчсөн. Ж.Оюунчимэгийн албан тушаалыг өөрчлөхдөө Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт “менежерын үйл ажиллагааны үр дүнгийн мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ыг зөрчсөн. Тэгэхээр үр дүнгийн гэрээг албан ёсоор Ж.Оюунчимэгтэй төсвийн захирагч байгуулаагүй. Ж.Оюунчимэгийн хувьд 2013 оны 05 дугаар сарын 06-нд Тэс сумын Ахлах сургуулийн захирлаар томилогдсон. 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний амралтаа аваад, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажилдаа эргэж орсон. Ажилд ороход нь ажил олгогч хуулинд заасны дагуу үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах үүрэг нь эрх бүхий албан тушаалтанд байсан. Захиргааны байгууллага нь төрийн жинхэнэ албан хаагч болох нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Үр дүнгийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй байж ажилтан буюу нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ авч албан тушаалыг нь бууруулж байгаа нь хэт нэг талыг барьсан шударга бус шийдвэр гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагч болон нэхэмжлэгчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн. Үүгээр нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхлыг хөндсөн захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүй, захиргааны хууль бус акт байгаа. Ж.Оюунчимэгийн оронд Пагма-Орлом тухайн үед ажиллаж байхдаа үр дүнгийн гэрээ хийсэн тул үр дүнгийн гэрээг өгнө үү гэж албан ёсоор хүсэлт гаргаж байсан. Гэтэл уг гэрээг өгөөгүй. 2016 оны 04 дүгээр сарын 06-нд Ж.Оюунчимэг нь ажил авснаас хойш өөрийнхөө хийсэн ажлуудаа илтгэх хуудсаар өгсөн. Мөн сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй гэдгийг нэхэмжлэлийн шаардлага дээр тодорхой тусгаж өгсөн. 2017 оны 02 дугаар сарын 01-нд Тэс сумын Ахлах сургуулийн захирал Н.Мөнхтуул шатрын багшаар түр ажиллуулах тушаал гаргасан. Үр дүнгийн гэрээнд заасан тухайн ямар ажлыг Ж.Оюунчимэг биелүүлээгүй юм бэ, ямар ажлын шаардлагад тэнцээгүй гэдэг нь эрх бүхий субъектээс гаргасан тайлбараас харагдахгүй байна. Сая миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас Тэс сумын Ахлах сургуулийн ажил нь уналтад орчихсон байдал харагдаагүй. Увс аймгийн хэмжээнд 30 гаруй сургууль үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Тэс сумын Ахлах сургууль 2013-2014 онд 7 дугаар байранд орж байсан. 2014-2016 онд анги нийтийн олимпиадаар 5 дугаар байранд орсон. Иймд Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй учраас хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэв.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүхэд нэхэмжлэгч Ж.Оюунчимэг  нь Увс аймгийн Засаг даргын 2017 оны 1 сарын 18-ны өдрийн Б/03 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай “ захирамжийг хүчингүй болгуулж, Тэс сумын ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гуравдагч этгээд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Оюунчимэг болон түүний өмгөөлөгч Б.Лхагважав нар нь “ Журмын дагуу үр дүнгийн гэрээг дүгнээгүй, үр дүнгийн гэрээг Ж.Оюунчимэгтэй байгуулаагүй, бага насны хүүхэдтэй байтал ажлаас чөлөөлсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчсөн“ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “ Ж.Оюунчимэг нь сургуулийн захирлаар түр ажиллаж байсан Пагма-Орломын байгуулсан үр дүнгийн гэрээг үндэслэж ажлаа тайлагнах ёстой, Ж.Оюунчимэгийн ирүүлсэн үр дүнгийн гэрээг дүгнэхэд “ D “ үнэлгээ авсан тул “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7 дахь заалтыг үндэслэн албан тушаал бууруул, мэргэжил дадлагад нь нийцсэн ажлын байраар хангаж ажиллахыг сургуулийн захиралд даалгасан”  гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдагч этгээдийн  хувьд Аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн  Б/04 дугаартай захирамжаар Увс аймгийн Тэс сумын  ахлах сургуулийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэж байгаа талаараа тайлбар гаргаж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлжээ.

Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн  Б/03 дугаартай “ Албан тушаал бууруулах тухай” захирамжинд[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан

“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 7 дугаар зүйлийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Оюунчимэгийг Тэс сумын ахлах сургуулийн захирлын албан тушаалаас 2017 оны 01 сарын 18-ны өдрөөс тасалбар болгон чөлөөлж, албан тушаал бууруулан, мэргэжил, дадлага туршлагад нь нийцсэн ажлын байраар хангаж ажиллахыг Тэс сумын ахлах сургуулийн захиралд даалгаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Оюунчимэг нь маргааны бүхий захиргааны актад холбогдуулан 2017 оны 02 сарын 16-ны өдөр хуулийн хугацаанд нь шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.          

Нэхэмжлэгчийг  ажлаас чөлөөлөх тухай захиргааны акт гарсны дараа 2017 оны 01 сарын 18-ны өдрийн  Б/04 дугаартай захирамжаар[2] Тэс сумын ахлах сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Мөнхтуулыг томилжээ.

Тэс сумын ахлах сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Мөнхтуул 2017 оны 02 сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар[3] Ж.Оюунчимэгийг шатрын багшаар түр ажиллуулахаар шийдвэрлэсан байна.

Нэхэмжлэгч Ж.Оюунчимэг нь Увс аймгийн Засаг даргын 2013 оны 05 сарын 06-ны өдрийн Б/38 дугаартай захирамжаар Увс аймгийн Тэс сумын ахлах сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр, 2013 оны 08 сарын 26-ны өдрийн Б/62 дугаартай захирамжаар[4] мөн сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.

            Увс аймгийн Тэс сумын ахлах сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан ба Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар төсвийн шууд захирагчийн хувьд Увс аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээг байгуулан ажиллах ёстой байна.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагч тул Төрийн албаны тухай хуулиар олгогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа зөрчигдсөн талаар тайлбар гаргасан нь буруу болохыг тэмдэглэв.

            Ж.Оюунчимэгийн хувьд сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа охин Э.Гантигмааг 2015 оны 01 сарын 01-ний өдөр төрүүлэн, хүүхэд асрах чөлөөтэй байгаад 2016 оны 4 сараас захирлын ажилдаа буцаж орсон нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний 0468428 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар[5] дахь шимтгэл төлөлтийн байдал, Э.Гантигмаагийн төрсний гэрчилгээний хуулбар[6] зэргээр тогтоогдсон ба энэхүү нөхцөл байдлын талаар талууд маргаангүй болно.

            Нэхэмжлэгч Ж.Оюунчимэг нь 2016 оны ажлын тайлангаа өөрийн хийсэн ажлын хүрээнд гаргаж өгсөн талаар тайлбар гаргасан ба нийт 5 хуудас бүхий үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсыг[7] аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.

            Увс аймгийн Засаг даргын зүгээс нийт сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2016 оны үр дүнгийн гэрээ, сумдын ажлыг дүгнэхээр 2016 оны 12 сарын 23-ны өдрийн А/750 , А/751 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж[8] гарган ажлын хэсгийг томилжээ.

            Увс аймгийн Боловсрол,соёл урлагийн газрын дарга С.Дашнямаар ахлуулсан, гишүүдэд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтнүүд болон аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн нарыг оролцуулсан ажлын хэсэг Ж.Оюуничимэгийн илтгэх хуудсыг дүгнээд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу 45 оноотойгоор “F” гэсэн үнэлгээг өгсөн нь илтгэх хуудас[9] болон С.Дашнямын[10] гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ.

            Аймгийн Засаг дарга ажлын хэсгийн дүгнэсэн үнэлгээтэй танилцаад Ж.Оюунчимэгийн гэрээг “D “ гэж үнэлэн , албан тушаалыг бууруулах арга хэмжээг авсан байна.

            Сургуулийн хувьд үйл ажиллагааны ажлын үнэлгээгээр Тэс сумын ахлах сургууль 19-р байрт дүгнэгдсэн байна.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “ Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ.” гэж мөн хуулийн 40.4-д “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна: 40.4.1.төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өгч, хяналт тавьж ажиллах; 40.4.2.хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох“ гэж заажээ.

            Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дугаартай тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “ Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-аар төрийн албаны хэмжээнд төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, гэрээг дүгнэх үйл ажиллагааг зохицуулсан байна.

            “ Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 1- хавсралтаар баталсан төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ байгуулах аргачлалд “Талуудын аль нэг нь, эсхүл хоёул үүрэгт ажлаасаа өөрчлөгдсөн тохиолдолд шинээр томилогдсон талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг хэвээр үргэлжлүүлэн мөрдөх, эсхүл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэжээ.

Тэс сумын ахлах сургуулийн захирал буюу төсвийн шууд захирагчтай байгуулах 2016 оны үр дүнгийн гэрээг П.Пагма-Орлом байгуулан[11] ажилласан байх бөгөөд 2016 оны 4 сард захирал Ж.Оюунчимэг ажилдаа ороход үр дүнгийн гэрээг үргэжлүүлэн мөрдөх эсэх талаар тохиролцоогүй,  гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулаагүй байна.

Гэрээ гэдэг ойлголт нь талуудын хооронд эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох, гэрээний үүргийн биелэлттэй холбоотой нөхцөл, үр дагаврын талаар харилцан тохиролцсон хүсэл зоригийн илэрхийлэл болно.

Иймд Ж.Оюунчимэгтэй үр дүнгийн гэрээний талаар тохиролцоогүй, гэрээг шинэчлэн байгуулаагүй байхад Д.Пагма-Орломтой байгуулсан гэрээний биелэлтийг шаардаж, дүгнэх боломжгүй юм.

Мөн Төрийн албан зөвлөлийн 2012 оны 134 дугаартай тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “ Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 5.2-д “ Төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1-д заасны дагуу гэрээний хэрэгжилтийн явцтай танилцаж, үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төсвийн шууд захирагчид тухай бүр үүрэг өгч, хяналт тавина “ гэж заажээ.

Аймгийн Засаг даргын зүгээс 2016 оны гэрээний хэрэгжилтийн явцтай танилцаагүй, хяналтыг тавьж ажиллаагүй байгаа бөгөөд энэ талаар баримтгүй, 2016 он сонгуулийн жил болсонтой холбоотой хяналтын ажлыг аймгийн Засаг даргын тамгын газраас хийгээгүй байсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Намсрай тайлбар гаргасан болно.

Уг журмын дагуу аймгийн Засаг даргын зүгээс хяналтыг хэрэгжүүлж ажилласан бол гэрээтэй холбоотой зөрчлийг арилгах боломжтой байжээ.

Мөн аймгийн Засаг даргын зүгээс Ж.Оюунчимэгийн ирүүлсэн илтгэх хуудсыг дүгнэх ажиллагаа явуулахдаа ярилцлага хийгээгүй нь “ Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 6.1-д заасан “ Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ “ гэсэн журмыг зөрчсөн байна.

Иймд хариуцагч нь Ж.Оюунчимэгийг албан үүргээ хангалтгүй буюу дутагдалтай биелүүлсэн гэж дүгнэсэн боловч зохих журмын дагуу тогтоож, дүгнээгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн Ж.Оюунчимэг нь англи хэлний багш, орчуулагчийн мэргэжилтэй[12] бөгөөд маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг мэргэжил, дадлага туршалагад нь нийцсэн ажлын байраар хангаж ажиллахыг Тэс сумын сургуулийн захиралд даалгасаны дагуу Ж.Оюунчимэгийг шатрын багшаар түр ажиллуулахаар шийдвэрлэсэн нь түүний мэргэжилтэй тохирохгүй, байнгын шинжтэй ажлын байр биш болохыг тэмдэглэв.

  Хариуцагч маргаан бүхий актыг гаргах үед нэхэмжлэгч нь 2 настай хүүхэдтэй байсныг анхаарахгүйгээр аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Б/03 дугаартай захирамжинд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон “ гэх заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан “ Ажил олгогч нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно “ гэх зохицуулалтыг зөрчсөн байна.

            Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулинд захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх, халах асуудлыг тус хуулийн 40, 131 дүгээр зүйлүүдэд зохицуулсан бөгөөд эдгээр зүйл заалтад байхгүй “ Албан тушаал бууруулах” арга хэмжээг хариуцагчаас хэрэглэж байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл ажилтны албан тушаалыг бууруулж, өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь тухайн ажилтныг ажлаас халсан гэсэн ойлголтод хамаарна.

Мөн маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д заасныг баримталсан ба энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхтэй холбоотой зохицуулалт болохыг тэмдэглэв.

Захиргааны байгууллагаас нэхэмжлэгч Ж.Оюунчимэгт ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргах болсон талаар 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 1/77 дугаартай Сонсох ажиллагаа явуулах тухай албан бичгийг[13] хүргүүлсэн байх ба Ж.Оюунчимэг нь “Би ажлаа өгөхөд бэлэн. Ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна“ гэх тайлбарыг[14] өгсөн байх боловч энэ нь түүний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болно.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасны дагуу ерөнхий боловсролын сургуулийн захирлыг чөлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журамд заасныг баримтлах үүрэгтэй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Б/03 дугаартай захирамжийг хүчингүй болгож,  нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заажээ.

Шүүхээс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоон шийдвэрлэж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс толорхойлох журам”-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн цалингийн тооцооны цэс[15], нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилт зэргийг үндэслэн тооцоолж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Тус журамд зааснаар нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг үндэслэн ажилгүй байсан нийт 2 сар 16 хоногийн цалинтай тэнцэх олговор 3288414 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Оюунчимэгт олгох үндэслэлтэй байна.

Ж.Оюунчимэгт 2016 оны 01 сарын цалинг захирлаар ажиллаж байх хугацааны болон шатрын багшаар тооцож цалинг бүтэн гаргасан талаар гуравдагч этгээд тайлбарласан, 1 сарын цалингийн цэсний 1, 30 дугаартай мөрөнд Ж.Оюунчимэгийн цалин нийт 701419 төгрөгийн цалин бодогдсон байна.

Иймд захирлын албан тушаалыг эрхэлж бүтэн цалин авч байсан 2016 оны 12,11,10 саруудын цалингийн дунджаар тооцоолов.

Дараах хүснэгтэд олговрыг тооцоолов.

Тооцоолол

Сарын ажлын өдөр

 

 

Ажлаас халагдахаас өмнөх 3 сард авсан цалин

 

 

 

2016 оны 12 сар

 

 

781433 төгрөг

 

 

21 хоног

2016 оны 11 сар

           781433 төгрөг

21 хоног

2016 оны 10 сар

1596841 төгрөг

19 хоног

1 сарын дундаж цалин хөлс

1053235 төгрөг

 

1 сарын дундаж ажлын өдөр

 

20,3  хоног

1 өдрийн дундаж цалин хөлс

51883 төгрөг

 

2017 оны 1 сарын цалинг олгосон тул Ажилгүй байсан хугацааг 2017 оны 2 сарын 01-нээс тооцов

2017.02.01-ний өдрөөс 2017.04.24-ний өдөр буюу

 2 сар 16 хоног, нийт 2936598 төгрөг

 

 

2017 оны 01 сарын ажлын 10 хоногийг багшийн цалингаар бодсон байх тул 1 сарын дундаж цалин хөлсний зөрүүг тооцож олгов

 

1053235-701419 =351816 төгрөг

 

Нийт олгох олговор

3288414 төгрөг

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Б/03 дугаартай захирамжийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Ж.Оюунчимэгийг Увс аймгийн Тэс сумын ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3288414 / гурван сая хоёр зуун наян найман мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Оюунчимэгт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Оюунчимэгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Оюунчимэгт олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ