Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00119

 

 

 

 

 

 

 

 

 

С.Отгоны нэхэмжлэлтэй, хариуцагч

Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэст

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 607 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : С.Отгоны нэхэмжлэлтэй,

Хариуцагч : Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэст холбогдох,

 

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, орон сууц цалингийн зээлтэй холбогдон гарах хохирлыг барагдуулах” тухай иргэний хэргийг,

 Хариуцагчийн байгууллагын төлөөлөгч Т.Хонгорзул, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Отгон, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 14-нд ажлаас үндэслэлгүй халагдсан тухай танайд нэхэмжпэл гаргаж байсан боловч 2015 оны 12 дугаар сарын 16-нд хариуцагч тушаалаа үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосон. Энэ хугацаандаа би нэхэмжлэлээсээтатгалзсан. Тэгтэл 2016 оны 01 дүгээр сарын 18-нд дахин үндэслэлгүй тушаал гаргасан учир 1. Ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлээ нөхөн гаргуулах, 2. Орон сууц цалингийн зээлтэй байгаа учир түүнтэй холбогдон гарах хохирлыг барагдуулах, 3. Үндсэн ажилдаа эргэн томилуулах хүсэлтэй байгааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Хонгозул шүүхэд гаргасан  хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Манай хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Отгон нь байгууллагын ажилтан, албан хаагчдын 2015 оны 11 дүгээр сарын цалинг санаатай хоцроосон. Шалтгаан нь, шаардлагатай цагийн тооцоо, ур чадварын нэмэгдэл олгох тухай тушаал зэргийг 2015 оны 11 дүгээр сарын 24-нд гаргаж өгсөн байтал хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан “Хүүхэд, гэр бүлийн хөгжпийн хэлтсийн үйлчилгээний ажилчдын үйл ажиллагааг үнэлж, дүгнэх журам"-ын дагуу хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байхад нь өөрийг нь үнэлсэн 61,5 оноо, онооны дагуу олгогдох ур чадварын 10%-ийн нэмэгдлийг бага байна гэж эсэргүүцэж, “Би нэмэгдлээ бүтэн авна, миний ур чадварын нэмэгдлийг 25%-иар бүтэн өгөхгүй бол би ажилтнуудын цалинг бодож олгохгүй” гэж хэлээд, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, хууль тогтоомжинд заасны дагуу сар бүрийн 25-нд /2015 оны 11 дүгээр сарын 25-нд олгогдох ёстой/ олгох ёстой цалинг 2015 оны 12 дугаар сарын 03-нд олгож, хугацаанаас нь 7 хоногоор хоцроож, ажилтан албан хаагчдыг хохироосон. Тийм учраас хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Б/33 тоот “Арга хэмжээ авах тухай" тушаалаар Хөделмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасан сахилгын сануулах шийтгэл ногдуулсан билээ. Уг тушаалтай С.Отгон өөрийн биеэр танилцсан баримт нь байгаа.

Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний 5/2837 тоот бичигдэх сэлгэн ажиллуулах саналын дагуу “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/34 дугаар тушаалыг гаргасан боловч тушаал гарсны дараа ажлаа хүлээлцэлгүй, хаяж явсан, тушаалаар томилогдсон ажлын хэсгийнхнийг шаардлага тавихад, ажлын хэсгийн ахлагч бөгөөд, ахлах мэргэжилтнийг “Юун төрийн ажил бэ? тоож харьцаагүй байхад, тосож бүү далбай, бөгс долоогч гэж өөрийгөө түмэнд зарлуулах өвгөн гуай" гэж хэл амаар доромжилж, “...баримт материалд хүрч өрөө онгойлгож орвол асуудал улам хүндрэх байх шүү" гэж сүрдүүлж, ажлаа хүлээлгэж өгөөгүй. Миний бие 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/34 дугаар тушаалыг үндэслэл муутай байсан тул өөрөө хүчингүй болгож “Тушаал хүчингүй болох тухай” 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/35 дугаар тушаал гаргаж, энэ тухай 2015 оны 12 дугаар сарын 16-нд С.Отгонд мэдэгдэж, 2015 оны 2 дугаар сарын 16-наас ажлаа хийж эхэлсэн. Гэтэл үүнээс хойш мөн л шалтгаангүйгээр 2016 оны 01 дүгээр сарын 04-нд 14.00-18.00 цаг хүртэлх 4 цаг, 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14.00-3.00 цаг хүртэлх 4 цаг, 01 дүгээр сарын 06-ний өдрийн 14.00-18.00 цаг хүртэлх 4 цаг 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14.00-18.00 цаг хүртэлх 4 цаг, 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14.00-18.00 цаг хүртэлх 4 цаг тус тус ажил тасалж, сахилгын зөрчлийг давтан гаргасан тул 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/01 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гаргаж, ажлаас халсан юм. Нэхэмжлэгч С.Отгоныг байгууллагын зүгээс дэмжиж, 2013 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас салбарын ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцлөөр, /тухайлбал, хувь хүнээс урьдчилгаа 30% хувь авахгүй, барилгын гүйцэтгэгч компани 1 жилийн турш хүүг нь төлөх болон бусад хөнгөлөлттэйгээр/ орон сууцны зээлд хамруулсан, С.Отгон зээлээ төлөх эсэх нь манай байгууллагаас хамаараагүй, харин өөрөөс нь хамаарсан, өөрөө банктай гэрээ байгуулсан тул манай байгууллага зээлийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. С.Отгон нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, ажил тасалдаг сахилгын зөрчлийг өөрөө гаргаагүй бол ажлаас халагдахгүй байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэгч С.Отгоны хөдөлмөрийн сахилгын зөрчлийг байнга давтан гаргадаг үйлдэл, ажлаа хийдэггүй байдлаас болж, ажлаа хийхгүй мөртлөө цалин аваад яваад байж болдог мэт сэтгэгдлийг бусдад төрүүлж, хөдөлмөрийн сахилга бат гэж байдаггүй мэтээр харагдуулж байгаагийн зэрэгцээ байгууллага дотроо хөдөлмөрийн сахилга батыг сайжруулах нь миний үүрэг учраас би Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан болно. Түүнчлэн С.Отгон нь байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байдаг санхүүгийн СТS программ, уг программ бүхий ”Dеll” маркийн нөүтбүүк, санхүүгийн тэмдэг зэргийг авч яваад одоог хүртэл хүлээлгэж өгөхгүй байгаа бөгөөд, тэдгээрийг хууль бусаар ашиглаж байгааг үгүйсгэх аргагүй байна. Цаашид ийм ажлаа хийдэггүй, байнга ажил тасалж, хийдүүлдэг, бусдыг хэл амаар доромжилж, үл хүндэтгэдэг, сахилгын зөрчил давтан гаргадаг ажилтантай дахин ажиллах боломжгүй, нөгөө талаас энэхүү сахилгын зөрчлүүд нь хангалттай тогтоогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 607 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Отгоныг Хүүхэд, гэр бүлийн хөгжпийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1 704 780 төгрөгийг хариуцагч Хүүхэд гэр бүлийн хөгжпийн хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч С.Отгонд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар С.Отгон нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжинд 112 426 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Хонгорзул давж заалдсан гомдолдоо:

Тус хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Отгон байгууллагын ажилтан, албан хаагчдын 2015 оны 11 дүгээр сарын цалинг санаатай хоцроосны улмаас хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Б/33 тоот “Арга хэмжээ авах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасан сахилгын сануулах шийтгэл ногдуулсан билээ. Уг тушаалтай С.Отгон өөрийн биеэр танилцсан.Гэтэл үүнээс хойш шалтгаангүйгээр 2016 оны 01 дүгээр сарын 04-нд 14.00-18.00 цаг хүртэлх 4 цаг, 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14.00-18.00 цаг хүртэлх 4 цаг, 01 дүгээр сарын 06-ний өдрийн 14.00-18.00 цаг хүртэлх 4 цаг, 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14.00-18.00 цаг хүртэлх 4 цаг, 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14.00- 18.00 цаг хүртэлх 4 цаг тус тус ажил тасалж, сахилгын зөрчлийг давтан гаргасан тул 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/01 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гаргаж, ажлаас халсан юм.Иргэний эрхийнхээ дагуу С.Отгон Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргасныг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Хонгорзул миний бие бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцсэн.Шүүх хурал нэхэмжлэгчийн хүсэлтээр 4 удаа, хариуцагчийн хүсэлтээр 1 удаа хойшилж, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10:30-д явагдсан.Тус шүүх хурлыг даргалан явуулсан Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэгийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2016/00607 дугаартай захирамжийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14:10 минутанд хүлээн авсан. Шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч С.Отгоны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гарсан бөгөөд энэ шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүх хуралдаан 2016 оны 05 дугаар сарын 04-нд болсон байтал шүүхийн шийдвэр 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2016/00607 дугаартай байгаа нь Л.Ариунцэцэг шүүгч аливаа зүйлд хайнга хандаж, Монгол Улсын нэрийн өмнөөс үнэн зөв шийдвэр гаргах ёстой шүүгч хүний нэр төр, ёс зүйг зөрчсөн гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгч С.Отгон нь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/01 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд дурдагдсан өдрүүдэд ажил тасалсан байдаг бөгөөд энэ өдрүүдэд гадуур ажиллаж байсан мэтээр хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байсан нь хэд хэдэн баримтаар нотлогдож байгаагийн зэрэгцээ өөрийнх нь бүрдүүлж өгсөн нотлох баримтууд нь илт эргэлзээтэй, үнэлэх боломжгүй байсаар байхад үнэлж, буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тухайлбал:

• Шүүгчийн үндэслэл болгосон Аймгийн Засаг даргын тамгын газрын аж ахуйн тасгийн дарга Ш.Энхбаярын тодорхойлолт нь хуурамч, нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй байсан атал түүнийг үнэлсэн. Ш.Энхбаяр нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 тоот тушаалаар 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээгээр ажилд томилогдсон /тушаалыг хавсаргав/ атал С.Отгоныг төрийн санд ажиллаж байсныг тодорхойлсон бичиг нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэгдсэн байна.

• Шүүгчийн үндэслэсэн Нийгмийн даатгалын байгууллагад ажилласан тухай нийгмийн даатгалын байцаагч Б.Эрдэнэчимэгийн тодорхойлолтын талаар Нийгмийн даатгалаас ирсэн бичиг дээр 2016 оны 01 дүгээр сарын 04, 05-нд С.Отгон нь Нийгмийн даатгалын хэлтэс дээр тус бүр 20 орчим минут ажилласан гэсэн байхад үүнийг үндэслэсэн

• Шүүгчийн үндэслэсэн Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанид ажил тасалсан өдрүүдээр ажилласан гэх нотлох баримт нь хуурамчаар үйлдэгдсэн бөгөөд ня-бо Анхтуяагийн бичсэн тодорхойлолтонд хэзээ үйлдсэнийг тодорхой санахгүй байна гэсэн атал үүнийг үнэлсэн.

Миний энэхүү гомдлыг хүлээн авч, үнэн зөвөөр шийдвэрлэж, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2016/00607 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг давж заалдсан гомдолдоо:

Миний үйлчлүүлэгч болох Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэст хариуцагдах С.Отгоны нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, орон сууц цалингийн зээлтэй холбогдон гарах хохиролыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар2016 оны 5 сарын 04 өдөр хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж /Дугаар 142/ШШ2016/00607 тоот/ шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ: Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд

Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга С.Отгоны 2015 оны 11 дүгээр сард ажилчдын цалинг санаатайгаар хоцроож хөдөлмөрийн гэрээ, түүний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод заасан цалин хөлсийг хугацаанд нь тавьж” байх үүргээ биелүүлээгүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл 131.1, 131.1.1-д заасан сануулах шийтгэлийг ногдуулсан байдаг. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 04 өдөр 4 цаг, 01-р сарын 05-ны өдөр 4 цаг,01 -р сарын 06-ны өдөр 4 цаг, 01 дүгээр сарын 11-ний өдөр 4 цаг, 01 дүгээр сарын 14-ний өдөр 4 цаг тус тус, нийт 20 цагийн ажил тасалсан тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, мөн хуулийн 131.1.3- зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын 2016 оны 01 сарын 18 өдөр дугаар Б/01 тоот тушаалаар ногдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт С.Отгоныг ажил тасалсан болох талаарх үндэслэл бүхий баримт байсаар байтал ШҮҮГЧ “ажил тасалсан сахилгын шийтгэл гаргаагүй гэж үзэж зөвхөн “НОЦТОЙ"-д тооцогдох зөрчлөөр халах учиртай мэтээр үзэж байгаа үндэслэл муутай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл болон 131 дүгээр зүйлийн заалтуудыг тус тус буруу тайлбарлаж нэг талыг барьж хэргийн хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

   Анхан шатны шүүхийн /Дугаар 142/Ш1112016/00607/ тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт шүүгч С.Отгоныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан гэж үзэх боломжгүй байна хэмээн дүгнэсэн. Ийнхүү дүгнэхдээ хэрэгт авагдсан Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлчилгээ аж ахуйн тасгийн дарга Ш.Энхбаярын тодорхойлолт. Нийгмийн даатгалын байгууллагад ажилласан тухай нийгмийн даатгалын байцаагч Б.Эрдэнэчимэгийн тодорхойлолт болон "Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК албан бичиг, тодорхойлолт зэргийг тус тус нотлох баримт болгон үнэлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.2-т зааснаар нотлох баримтьг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолгой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ хэмээн заасан байна. Гэтэл АЗДТГ-ын үйлчилгээ аж ахуйн тасгийн дарга гэх Ш.Энхбаярын тодорхойлолт нь цаг хугацааны хувьд Ш.Энхбаярыг өөрийг нь ажилд орохоос өмнө гаргасан тодорхойлолт байдаг. Энэ нь энэхүү тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэхэд логикийн хувьд эргэлзээ төрүүлж байна. Нийгмийн даатгалын байгууллагад ажилласан тухай нийгмийн даатгалын байцаагч Б.Эрдэнэчимэгийн тодорхойлолт, 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 636 дугааргай албан тоот нь С.Отгоныг 2016 оны 01-р сарын 04 өдөр, 01-р сарын 05-ны өдөр тус тус 20 минут ажилласан болохыг тодорхойлсон байдаг С. Отгоны ажлын цаг нь хөдөлмөрийн гэрээнд нь зааснаар өдрийн 8 цаг ажиллах үүрэгтэй байдаг гэтэл дээрх 04-ний, 05-ны өдрүүдэд тус тус 20 минут ажилсаныг шүүгч уг 2 өдөр ажлын 8 цаг бүтэн ажилласан мэтээр дүгнэсэн байна. Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн албан тоот тодорхойлолт нь С.Отгоныг тус компани дээр 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр ажилласан эсэхийг тодорхойлох боломжгүй хэмээн үзсэн байдаг. Гэвч шүүх дээрх байгууллагуудын гаргасан тодорхойлолтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчиж нотлох баримтын үнэн зөв байдлыг шалгалгүйгээр нэхэмжлэгчийн талд ашигтай байдлаар үнэлсэн нь Шүүхийн шийдвэр үндэслэлгүй гаргахад хүргэсэн байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2016 оны 5-р сарын 04-ны өдрийн дугаар 142 ШШ2016/00607 тоот шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Отгон нь хариуцагч хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, орон сууцны зээл болон цалингийн зээлтэй холбогдон гарах хохирлыг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч С.Отгон орон сууцны зээл болон цалингийн зээлтэй холбогдон гарах хохирлыг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа анхан шатны шүүх хуралдааны явцад татгалзсан байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.  

         Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай тушаалаар тус байгууллагын нягтлан бодогчийн албан тушаалд С.Отгоныг 2013 оны 01 дүгээр дугаар сарын 15 ны өдрөөс эхлэн  томилон ажиллуулжээ.

Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын  8.1.1, 10.1.1, 10.1.2, 10.1.3, Хөдөлмөрийн гэрээний 1.37, 2.2.4.Г, 2.2.4.Е, 2.3.А, 2.3.В дэх заалтуудыг тус тус үндэслэн нягтлан бодогч С.Отгонтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнд сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б/33 дугаартай тушаалаар  нэхэмжлэгч С.Отгоныг  ажилтнуудын 2015 оны 11 дүгээр сарын цалин олголтыг санаатайгаар хожимдуулсан гэх үндэслэлээр  түүнд  нь сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ба С.Отгон нь уг сахилгын арга хэмжээний талаар холбогдох байгууллага албан тушаалтанд гомдол гаргаж байгаагүй байна.  

Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан журмыг зөрчсөн тул давтан зөрчил гаргасан гэж үзэж ажил олгогч, ажилтныг ажлаас нь халжээ.

Тушаалын тушаах хэсгийн 1 дүгээр заалтанд: 2016 оны 01 дүгээр сарын 04, 05, 06, 11, 14 ний өдрүүдэд 14-18 цаг хооронд ажил тасалсан гэжээ.  

Анхан шатны шүүх: Нэхэмжлэгч С.Отгон нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байсан, мөн хуульд заасан хугацааны дотор харилцагч байгууллагуудтайгаа тооцоо нийлэх, төрийн сангийн гүйлгээ хийх зэргээр гадуур ажилтай байсан, нягтлан бодогчийн ажлын онцлог нь нормчлогдоогүй цагаар ажилладаг, гадуур ажил хийхдээ байгууллагын машин унаа хэрэглэдэггүй тул нэг гүйлгээ хийхэд зарцуулагдах цаг хугацаанд ирсэн явсан цагийг тооцон үзэх учиртай гэж тайлбарлаж байгаагхүлээн авч, нэхэмжлэгч С.Отгоны ажлын байрны тодорхойлолтонд байгууллагын төсөв санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, төсвийн хуваарилалтын зарцуулалтанд хяналт тавих, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой дүн бүртгэл, тайлан балансыг цаг хугацаанд нь үнэн зөв гаргах, хамт олонд мэдээллэх, санхүүгийн зөрчил дутагдал, өр авлагагүй ажиллахад орших ба хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил буюу ямар ч шалтгаангүй ажил таслах, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үндсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн үндэслэлтэй болжээ.  

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С.Отгон нь дээрх хугацаанд ажил тасалсан нь бүрэн тогтоогдохгүй байгаа ба түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үзэх боломжгүй байна.

Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/01 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгч С.Отгонг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.  

Хариуцагч нар давж заалдсан гомдолдоо шүүх хуралдаан 2016 оны 05 дугаар сарын 04-нд болсон байтал шүүхийн шийдвэр 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2016/00607 дугаартай байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэжээ.Шүүх хуралдааны тэмдэглэлийн огноо 2016 оны 05 дугаар сарын 04 ний өдөр гэсэн атлаа шүүхийн шийдвэр  2016 оны 05 дугаар сарын 02 ны өдөр гэсэн байгаа шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш бөгөөд анхан шатны шүүх  техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг тэмдэглэх нь зүйтэй юм.  

Анхан шатны шүүх Аймгийн Засаг даргын тамгын газрын аж ахуйн тасгийн дарга Ш.Энхбаярын тодорхойлолт, нийгмийн даатгалын байгууллагад ажилласан тухай нийгмийн даатгалын байцаагч Б.Эрдэнэчимэгийн тодорхойлолт, Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанид ажил тасалсан өдрүүдээр ажилласан гэх нотлох баримтуудыг үнэлж шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч анхан шатны шүүхийг хуурамч, нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэх боловч тэдгээр асуудлаа үгүйсгэж, няцаасан нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Хонгорзул, өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 112.426 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Хонгорзул, өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 112.426 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                   С.УРАНЧИМЭГ

 

                                                                                   Б.БАТТӨР