Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01103

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2024            05              24                                              210/МА2024/01103

 

 

“” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/01320 дугаар шийдвэртэй     

Нэхэмжлэгч: “” СӨХ

Хариуцагч: Ц.

Нэхэмжлэлийн шаардлага: СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөрт 2,060,666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ц. нь 2013 оны 04 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны зардал сар бүр 18,05 төгрөг буюу нийт 1,072,466 төгрөг, 2018 оны 01 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл хугацааны төлбөрт сард 21,800 төгрөг буюу нийт 1,504,200 төгрөг төлөөгүй. Үүнээс харуулын зардал 516,000 төгрөгөөс татгалзаж байна.  

Иймд хариуцагчаас СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөрт нийт 2,066,666 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Одоогийн захирал нь 2020 онд ажлаа авсан. 2014 онд СӨХ-нд байрны цууралт, ус гоожилтын талаар мэдэгдэж байсан. 2018 онд СӨХ-ны хурал болоод энэ асуудлыг хөндөж тавьж байсан. 2020 оноос хойшхи СӨХ тайлангаа тавиагүй.

2.2 Ямар зохицуулалтаар н. захирал болсон нь ойлгомжгүй. Оршин суугч нараас санал хүсэлт аваагүй. Засвар үйлчилгээ авч байгаагүй тул засвар үйлчилгээний зардал 7,300 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Мөн манай байранд харуул байхгүй тул харуулын зардал 5,000 төгрөг төлөхгүй. Дээрх төлбөрүүдээс бусад төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.аас дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 2,060,666 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,177 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас 47,920 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүх тооцооллын алдаа гаргасан. 2023 оноос одоог хүртэл нэг ч засвар үйлчилгээ хийгдээгүй байхад засвар үйлчилгээний хэсгийг хасаж тооцоогүй нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг дахин хянаж өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч “” СӨХ нь хариуцагч Ц.т холбогдуулан 2013 оны 04 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрт 1,072,466 төгрөг, 2018 оны 01 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөрт 1,504,200 төгрөг, нийт 2,576,666 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь харуулын зардал 516,000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж, 2,060,666 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

2.1 Хариуцагч “...үйлчилгээний зардал 7,300 төгрөг, харуулын зардал 5,000 төгрөгийг төлөхгүй” гэж эс зөвшөөрч маргажээ.

3. Баянзүрх дүүргийн Засаг даргаас “” СӨХ-г Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 348 дугаартай гэрчилгээг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр олгожээ. /хх 4/

3.1 “” СӨХ-ны төлбөрийн хэмжээг тогтоох тухай 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хорооны 0, дугаар байрны бүх гишүүдийн хурлаар “ ” СӨХ-г татан буулгаж, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар “” СӨХ-г шинээр байгуулсан. Иймд цаашид СӨХ-д төлөх төлбөрийн хэмжээг хуучнаар нь мөрдөхөөр шийдвэрлэсэн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасанд нийцжээ. /хх 38/

4. Хариуцагч Ц. нь Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, дугаар байр, 45 тоот хаягт байршилтай орон сууцны эзэмшигч,өмчлөгч мөн эсэхэд маргаагүй.

4.1 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчөөс сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргийг хуулиар хүлээх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас СӨХ-ны төлбөрийг шаардах эрхтэй.

4.2 Ц. нь 2013 оны 04 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал болох 2,576,666 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан СӨХ-ны нэхэмжлэхээр тогтоогдсон. /хх 6-8/

5. Анхан шатны шүүх 2013 оны 04 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрт хариуцагчаас 2,060,666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, татан буугдсан “ ” СӨХ-ны хуримтлагдсан СӨХ-ны төлбөрийг шаардах эрх шинээр байгуулагдсан “” СӨХ-д шилжсэн талаарх үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь “ ” СӨХ-ны үйл ажиллагаа явагдаж байсан үеийн буюу 2013 оны 04 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй.

5.1 Харин нэхэмжлэгч нь шинээр байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд хамаарах дундын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэг сарын 21,800 төгрөгөөс нэхэмжлэгчийн татгалзсан харуулын зардал 5,000 төгрөгийг хасаад, үлдэх 16,800 төгрөгийг дээрх хугацаагаар тооцон 688,800 /16,800 төгрөг х 41 сар/ төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

6. Хариуцагч “...засвар үйлчилгээ хийгдээгүй байхад засварын зардлыг хасаж тооцоогүй” гэх тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 688,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 1,371,866 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/01320 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “2,060,666 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.” гэснийг “688,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,371,866 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “47,920” гэснийг “21,00” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,014 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ГАНДИЙМАА

 

                                              ШҮҮГЧИД                                     Т.БАДРАХ

 

                 М.БАЯСГАЛАН