Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 24 210/МА2024/01104

 

 

Н.ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01399 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н.

Хариуцагч: О.

Нэхэмжлэлийн шаардлага: 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н., хариуцагч О., хариуцагчийн өмгөөлөгч З. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Бид хоёр тус бүр 5,000,000 төгрөг гаргаж цайны газар ажиллуулахаар тохиролцож нэг сар хамтран ажилласан. Эхний сард нь манай охин ажилласан бөгөөд би 06 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан. 08 дугаар сард ашиг, орлогоо тооцоход ямар ч ашиг, орлогогүй байсан тул би ажиллаж чадахгүй гээд явсан.

1.2 Би ажиллаж байх хугацаандаа цалин гэж нийт 1,300,000 төгрөг авсан. Нийт 2 сар ажиллаад 3,000,000 төгрөг гэж бодсон. Иймд үлдэгдэл 1,700,000 төгрөг байгаа боловч уг шаардлагаасаа татгалзаж, анх ажиллуулахад оруулсан 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Бид 10,000,000 төгрөгийг хуваан гаргаж цайны газар хамтран ажиллуулахаар тохиролцсон. Миний бие тэтгэврийн зээл аваад 2,500,000 төгрөгийг түрээсэнд өгсөн. Н. нь 1,350,000 төгрөгийг дансаар өгсөн.

2.2 Цалингийн талаар тохирсон зүйл байхгүй. Эхний сар Н.ийн охин 20 хоног ажилласан бөгөөд цалинд 800,000 төгрөг өгсөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч О.гаас 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.гаас 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.т олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Н.тэй харилцан тохиролцож, цайны газар хамтарч түрээсэлж нэг жилийн хугацаатай ажиллуулахаар тохиролцсон. 5,000,000 төгрөгийг түрээсийн гэрээний барьцаанд, 2,500,000 төгрөг нь эхний сарын түрээс, үлдэгдэл нь эргэлтийн хөрөнгөнд зарцуулагдана гэж харилцан тохиролцсон. Бид анхнаасаа цалин гэж ярилцаж тохиролцоогүй. Бид хоёр дундаасаа 5,000,000 төгрөг гаргаж н.ад түрээсийн барьцаа гэж өгсөн. 1 жилийн хугацаанаас өмнө гэрээгээ цуцалбал барьцааны мөнгөө буцааж авахгүй гэж гэрээнд тусгагдсан. Ингээд 1 жил ажиллаж чадаагүй тул барьцааны мөнгө авч чадаагүй.

4.2 Н.ийн охиныг 20 хоног ажиллахад нь 800,000 төгрөг өгсөн. Н. 37 хоног ажилласан. Цайны газрын орлогоос Н. 1,300,000 төгрөг авсан. Харин энэ хугацаанд бид хоёр 900,000 төгрөгийг хоол хүнсэндээ зарцуулсан. Би орлогоос 1,400,000 төгрөг авсан боловч дансны хуулганаас харвал эргээд цайны газарт орсон.

4.3 Ажиллуулж байсан хугацааны үеийн дансыг би хөтөлж байсан. Би орлогоосоо амьдрах гэр сард 500,000 төгрөг, цахилгааны төлбөрт 700,000 гаруй төгрөг, түрээсийн төлбөрт сар бүр 2,500,000 төгрөг, 1 ажилчин 800,000-1,000,000 төгрөгөөр ажиллуулж, нийт 4,700,000 төгрөг зарцуулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1 Миний бие О.тай хамтран ажиллахаар амаар гэрээ байгуулж, тус бүр 5,000,000 төгрөг гаргахаар тохиролцож, миний бие 56 хоног ажилласан. Хариуцагчийн зүгээс анх надад 1,500,000 төгрөгийн цалинтай бөгөөд ашгаа хувааж авахаар тохиролцож, уг ажлыг эхлүүлсэн. Үндсэн мөнгө 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Н. нь хариуцагч О.д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Н., О. нар нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс цайны газрын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр түс бүр 5,000,000 төгрөгийн хураамж төлж, хамтран ажиллахаар амаар харилцан тохиролцсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй байна.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч уг хамтран ажиллах үйл ажиллагаа хэрэгжээгүй гэж дүгнэн мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь, хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй нөхцөлд талуудын хураамжид төлсөн хөрөнгийг буцаан гаргуулах шаардах эрх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар тодорхойлогдоно. Гэтэл зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар талууд гэрээний дагуу 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хамтран ажилласан. Н. нь 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр цаашид хамтран ажиллах боломжгүй үндэслэлээр хамтран ажиллах гэрээнээс гарснаар тэдний хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон байна. Иймд хамтран ажиллах гэрээ дээрх хугацаагаар хэрэгжсэн гэж үзнэ.

5. Гэрээний дагуу талууд тус бүр 5,000,000 төгрөгийн хураамж төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Нэхэмжлэгч нь хураамж 5,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болсон.

5.1 Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна.

5.2 Хариуцагч нь хамтын ажиллагааны үр дүнд ямар хэмжээний үүрэг үлдсэн, мөн хэдий хэмжээний ашиг, орлого олсон, түүнийг хэрхэн зарцуулсан талаарх байдлаа баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, талуудын оруулсан хураамжаас хэдэн төгрөгийг хамтран ажиллах гэрээний үүрэг буюу зардалд хуваарилах ёстой байсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Иймд энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

6. Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 37 хоног ажилласан, уг хугацааны цалин 1,300,000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдсон.

6.1 Талууд хамтран ажиллахдаа цалин хөлсний талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчаас нэхэмжлэгчид цалинд тооцон олгосон 1,300,000 төгрөгийг нэхэмжлэгчийн хураамжид төлсөн 5,000,000 төгрөгөөс хасаж, үлдэх 3,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт нийцнэ.

7. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01399 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.гаас 3,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,300,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 122,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 74,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН