| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 611 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Улсын яллагч Г.Цэрэнжамц,
Шүүгдэгч Г.Д , түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Д д холбогдох эрүүгийн 1806 09258 0733 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар аймгийн Уул-Баян суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Г.Д .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 291 тоот өөрийн гэртээ эхнэр Б.Болормааг хоолоо оройтуулж хийлээ гэж маргалдаж зүүн хөлийн гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас
хохирогч Б.Болормаагийн өгсөн мэдүүлэг /хх-21-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13392 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-34/, шүүгдэгч Г.Д гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 291 тоот өөрийн гэртээ эхнэр Б.Болормааг хоолоо оройтуулж хийлээ гэж маргалдаж зүүн хөлийн гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Болормаагийн өгсөн: “...Тухайн өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр манай нөхөр Г.Д миний зүүн талын гуя руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэр өдрийнхөө орой нь унтах гээд хувцсаа тайлахад Г.Д гийн өшиглөсөн миний зүүн талын гуяны хэсэгт улайж жаахан хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд унтаад маргааш өглөө нь харахад хөхөрсөн хэсэг нь нэлээн томорч цус хуралдсан байсан. Нөхөртөө зодуулсныхаа дараа нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Г.Шинийннэгэнтэй маргалдаж ноцолдсон. Г.Шинийннэгэнтэй маргалдаж ноцолдохоос өмнө миний зүүн талын нуя хөхөрч цус хурсан байсан.” /хх-21-22/ гэх мэдүүлэг,
Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “...Б.Болормаа миний бие өөрийн нөхөр Г.Д д ямар нэгэн санал гомдол байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” /хх-61/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Шинийннэгэнийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 291 тоотод байдаг манай гэрт бэр эгч Б.Болормаа орж ирээд миний хувцас байна уу гэхээр нь таны хувцас товчоонд ээжийн гэрт байгаа гэж хэлсэн чинь бэр эгч Болормаа чи юундаа уурлаад байгаа юм бэ гээд бид хоёр муудалцаад зууралдсан. Шинжээчийн дүгнэлтээр учруулсан гэмтлийг би учруулаагүй.” /хх-23-24/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Д гийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр би орой ээлжинд ажилдаа гарах байсан юм. Тэгтэл эхнэр Б.Болормаа хоолоо оройтож хийгээд маргалдан Б.Болормаагийн зүүн талын хөлийн гуя хэсэгт нь хөлөөрөө нэг удаа тийрээд гэрээс гарч явсан.” /хх-51/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13392 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Болормаагийн биед зүүн эгэм, зүүн шуу, сарвуунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-34/ гэх дүгнэлт,
Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-56-57/,
Шүүгдэгч Г.Д гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Д гийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 291 тоот өөрийн гэртээ эхнэр Б.Болормааг хоолоо оройтуулж хийлээ гэж маргалдаж зүүн хөлийн гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б.Болормаа нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг шүүхээс хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Д гийн эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Д г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар
Г.Д д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Г.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС