Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01109

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 24 210/МА2024/01109

 

 

Х-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/01417 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Х

Хариуцагч: Ө

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 394,410,936 төгрөг гаргуулах, 00-00 улсын дугаартай Жагуар /Jaguar/ маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөгийг гаргуулах, Й дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э өргөн чөлөө гудамж, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцнаас ногдох хэсэг 73,708,000 төгрөг гаргуулах, уг орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-г хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч Ө, хариуцагчийн өмгөөлөгч Д., , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ө нь 2017 онд өөрийн эзэмшдэг О ХХК-д хөрөнгө оруулж хамтарч ажиллахыг санал болгож, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлнэ гэсэн тул нэхэмжлэгч нь О ХХК-д хөрөнгө оруулахаар болсон. Ийнхүү Өд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 8,000 ам.доллар, 2017 оны 00 дугаар сарын 10-ны өдөр 40,000 ам.доллар, 00 дугаар сарын 22-ны өдөр 20,000 ам.доллар, 04 дүгээр сарын 04-ний өдөр 8,000 ам.доллар, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 30,000 ам.доллар, 06 дугаар сарын 18-ны өдөр 30,000 ам.доллар, 09 дүгээр сарын 21-ний өдөр 1,200 ам.доллар, 10 дугаар сарын 20-ны өдөр 1,200 ам.доллар, нийт 138,400 ам.долларыг хариуцагчид шилжүүлсэн.

Гэтэл хариуцагч нь дээрх мөнгийг О ХХК-ийн үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан талаарх тайлан, санхүүгийн баримтуудыг ирүүлж байгаагүй. Компанийн ногдол ашгаас шилжүүлж байгаагүй тул О ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэхгүй.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг хуурч мэхлэн дээрх мөнгөн хөрөнгийг өөртөө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Хэрэв Ө нь нийт 138,400 ам.долларыг нэхэмжлэгчид төлсөн тохиолдолд О ХХК-ийн 24 хувийн хувьцаа эзэмшигчээс татгалзах боломжтой.

1.2 2018 оны 8 дугаар сард нэхэмжлэгч нь Улаанбаатар хотод албаны болон хувийн хэрэгцээнд унах автомашин хэрэгтэй гэж үзэн Р улсад өөрийн хэрэгцээндээ унаж байсан, 2013 оны Жагуар /Jaguar/ маркийн автомашиныг Монгол улс руу ачуулсан. Ө нь уг автомашиныг гааль дээр хүлээж аваад, татвар болон бусад зардалд төлөх мөнгө гэж 2,400 ам.долларыг нэхэмжлэгчээс авсан. Улмаар хариуцагч нь ...гаалиас авсан автомашиныг гадаад улсын иргэний нэр дээр бүртгэлтэй байж болохгүй Монгол хүний нэр дээр машиныг бүртгүүлэн паспорт авах хэрэгтэй гэж хэлээд өөрийн нэр дээр уг автомашиныг шилжүүлэн авсан.

1.3 Нэхэмжлэгч нь А дүүрэг, 00 дүгээр хороо, , И улс гудамжны Р хотхоны 000 дугаар байр, 0000 тоот хаягт байрлах, 120 м.кв талбайтай орон сууцыг 2019 оны 07 дугаар сард 550,000,000 төгрөгөөр худалдан авч, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн 20,000,000 орчим төгрөгийн тавилга худалдан авч тохижуулсан. 2020 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч нь Р яваад Ковид-19 цар тахлын улмаас уг орон сууцыг худалдахаар болсон. Нэхэмжлэгч нь 550,000,000 төгрөгөөр худалдахыг зөвшөөрсөн боловч хариуцагч нь хууран мэхэлж, итгэмжлэлийг давхар авч, 520,000,000 төгрөгөөр худалдсан гэж итгүүлсэн. Гэвч Б.Б, П.Д нарт 540,000,000 төгрөгөөр зарсан болохыг нэхэмжлэгч сүүлд мэдсэн. Ө нь итгэмжлэлээр олгосон төлөөлөх бүрэн эрхийг буруугаар ашиглаж дундаас нь өөртөө үндэслэлгүйгээр 20,000,000 төгрөгийг авсан.

1.4 Талууд 2017 онд Й дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э өргөн чөлөө гудамж, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 62,73 м.кв талбайтай орон сууцыг хамтран худалдан авч, хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Нэхэмжлэгч нь цаашид дээрх орон сууцыг хариуцагчтай хамтран өмчлөх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 108, 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар орон сууцны өөрт ногдох хэсгийг тал хувиар тооцож, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлсэн 147,416,000 төгрөгийн тал хувь болох 73,708,000 төгрөгийг гаргуулна.

1.5 Түүнчлэн, дээрх орон сууцанд хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусад хүмүүсийг амьдруулж байгаа тул бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлнэ.

Иймд хариуцагчаас 394,410,936 төгрөг, мөн 00-00 улсын дугаартай Жагуар /Jaguar/ маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөгийг, мөн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг тус тус гаргуулж, Й дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э өргөн чөлөө гудамж, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Х нь О ХХК-ийн 24 хувийн хувьцаа эзэмшигч тул компанид хөрөнгө оруулсан. Тус мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан.

2.2 Миний бие нэхэмжлэгчийн Рт 5 жил гаруй ашигласан автомашиныг түүнээс худалдаж авахаар харилцан тохиролцож, 5,000 ам.доллароор худалдаж авсан.

2.3 Итгэмжлэлийн дагуу үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, компаниудад хандаж гэрээ байгуулан, үүний дагуу байр зарагдсан. Харин байранд байсан түүний бүхий л тавилга, эд зүйлсийг хүмүүс хөлслөн янзлуулж, баглуулж, боолгон 4 удаа ачуулж нүүлгэн тээвэр, ачилтын хөлс төлж компанийн агуулахад хураалгаж, байрыг их цэвэрлэгээ хийлгэж, шинээр авсан цахилгаан зуух, аяга таваг угаагч, хиншүү сорогч гэх мэт барааг захиалан авчруулж суурилуулсан хөлсөнд төлсөн. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг ...520,000,000 төгрөгт зарахад болно, илүү гарсныг нь надад хамаагүй чи зохицуулаарай гэж хэлсэн.

2.4 Миний бие 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Й дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э өргөн чөлөө гудамж, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 62,73 м.кв талбайтай орон сууцыг Г.Хаас 75,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Харин нэхэмжлэгч нь Монгол улсад байнга оршин суух эрх авах шаардлагатай болсон тул миний бие тухайн орон сууцнаас өөрт ногдох хэсгээс бэлэглэлийн гэрээгээр түүнд шилжүүлэн, хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Би өөрийн уг орон сууцанд өнөөдрийг хүртэл ээж, 5 хүүхдийн хамт амьдарч байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Миний бие 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Й дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э өргөн чөлөө гудамж, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 62,73 м.кв талбайтай орон сууцыг худалдан авсан. Тухайн орон сууцыг худалдан авахад нэхэмжлэгчээс мөнгө гараагүй. Тэрээр Монгол улсад байнга оршин суух, зөвшөөрөл авах шаардлагатай байсан тул миний бие уг орон сууцны өөрт ногдох хувиас түүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь намайг гомдоосон тул 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-г хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Ө нь Нигери улсад ажиллаж байсан, 21,000 ам.долларын хадгаламжтай байсан зэрэг нь уг орон сууцыг дангаараа худалдан авсан гэдгийг шууд нотлохгүй. Нэхэмжлэгчийг Монголд байнга оршин суух зөвшөөрөл авахын тулд орон сууцны хамтран өмчлөгч болсон гэх ямар ч нотлох баримт байхгүй. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт бэлэглэгчийг гомдоосон үйлдэл хийгээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 108.1, 108 дугаар зүйлийн 108.8, Иргэний хуулийн 490 дугаар зүйлийн 492.1.1, 492.3 дэх хэсэгт хариуцагч Өгаас нийт 387,381,759 төгрөг 25 мөнгө гаргуулан нэхэмжлэгч Х-д олгож, нэхэмжлэлийн Жагуар /Jaguar/ маркийн 00-00 улсын дугаартай автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай, Й дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э өргөн чөлөө гудамж, 9в байр 00 тоотод байршилтай, 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Өгийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-г хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 5,425,200 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад төлсөн 245,001 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,094,859 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х-д олгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлах явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд нотлох баримтын хүрээнд гаргаж өгсөн Жагуар /Jaguar/ маркийн машиныг Өгийн хууль бус эзэмшилд байгаа нотлох баримтыг шинжлэн судлуулах хүсэлтийг гаргасан боловч хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс эрс эсэргүүцэн надад хурлын товыг мэдэгдээгүй.

6.2 Ө нь 00-00 улсын дугаартай Жагуар /Jaguar/ маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зоригийн дагуу бус хууран мэхэлж, өөрийн эзэмшилдээ авсан байх тул шударга хууль ёсны өмчлөгч байх боломжгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар автомашиныг хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн автомашинтай холбогдох хэсгийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дүр эсгэж хийсэн хэлцлийг хууль бус хүчингүйд тооцон, Jaguar /Жагуар/ маркийн 00-00 улсын дугаартай автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хавтаст хэрэгт тэмдэглэл байсныг шүүгч тэмдэглэл байна гэснээр судалсан. Жагуар /Jaguar/ маркийн автомашинтай холбоотой бүх баримтууд 1 дүгээр хавтаст хэргийн 109, 0 дугаар хавтаст хэргийн 89 дүгээр талд авагдсан. Өгаас Монгол Улсаас Р руу машины төлбөр гэж 5,000 ам.доллар шилжсэн. Энэ машиныг 2,000 ам.доллароор худалдаж байна гэж бичиг баримт хийж өгсөн.

Иймд анхан шатны шүүх автомашинтай холбоотой шаардлагыг зөв шийдвэрлэсэн гэжээ.

8. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1 Талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй. Харин тодорхой үйлдэл хийлгэх буюу хийхгүй байхаар нэхэмжлэгчээс хариуцагчтай тохиролцож өөрийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байх. Хариуцагчийн үйлдэл буюу эс үйлдэхүй нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцэхгүй тохиолдолд нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь хариуцагчаар тодорхой үйлдэл хийлгэхээр тохиролцож, улмаар нэхэмжлэгчээс тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө шилжүүлсэн. Харин хариуцагчийн үйлдэл нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн тайлбар болон УБЕГ-ын 6/161 тоот албан бичгээр, Хаан банкны 29/148 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 490 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 119,156.28 ам.доллар буюу 293,673,759.25 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

8.2 Хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан шаардлагыг эс зөвшөөрч О ХХК-д хөрөнгө оруулсан, компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлан гэрээ болон бусад бичгийн нотлох баримтуудыг өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 6,990 ам.доллар, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн 7,966.28 ам.долларыг БНХАУ руу явах зардалд хэрэглэсэн бөгөөд үлдэх мөнгийг өөрт нь өгсөн.

8.3 2017 оны 00 дугаар сарын 13-ны өдөр түүний шилжүүлсэн 40,000 ам.доллароор 2017 оны 00 дугаар сарын 15-ны өдрийн хос өрөм, дагалдах хэрэгслийн хамт 100,000,000 төгрөгөөр худалдан авсан Худалдах худалдан авах гэрээ авагдсан. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Ц ХХК, Ю ХХК-уудын хооронд байгуулагдсан УКС-22 өрмийн машин 35,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний мөнгийг төлсөн байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 8,000 ам.долларыг Х өөрөө энэ мөнгөө аваад ир гээд Тайландад бид уулзаад тэр мөнгөөрөө өөрөө газар худалдаж аваад намайг монголд зар гэж өгсөн. Тайланд газар нь зарагдаагүй тул энэ мөнгийг би хариуцах үндэслэлгүй. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 30,000 ам.долларыг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр О ХХК, О ХХК-ууд нь Худалдах худалдан авах гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгөөр өрмийн станок, түүнийг суурилуулсан автомашин, компрессор, түүнийг суурилуулсан чиргүүл зэргийг худалдан авахаар тохиролцсон. 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 5,000 ам.доллар Өд огт шилжиж ирээгүй. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 1,200 ам.доллароор компанид компьютер, сандал ширээг нь худалдан авсан, тавилга шкафыг захиалан хийлгэсэн. Дээрх бүх авсан техник хэрэгсэл компанид байгаа болох нь тогтоогдож байгаа.

8.4 Хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцыг суллахын тулд хүмүүс хөлслөн 4 удаа ачуулж нүүлгэсэн, тухай бүрт нь тээврийн болон ажлын хөлс төлж байж компанийн агуулахад хураалгасан. Орон сууцанд их цэвэрлэгээ хөлсөлж хийлгэсэн. Орон сууцанд шинээр авсан цахилгаан зуух, аяга таваг угаагч, хиншүү сорогч, шарах шүүгээ зэргийг авч өгсөн. Энэ бүхэнд 10,000,000 орчим төгрөг зарцуулсан. Үлдсэн мөнгөөр нь О ХХК-ийн манаач 6 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй н.Мд иж бүрэн 5 ханатай гэр, ор хэрэгсэл хөлдөөгч бүх юмыг авч өгсөн. Ө нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татварт төлсөн. Гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх холбогдсон зардлыг худалдан авагч тал хариуцахаар заасан тул Б.Б, П. нар төлсөн.

Шүүх нотлох баримтыг бүхэлд нь үнэлж чадаагүй, мөн гэрчээр манаач н.Мыг асууж гэрчийн мэдүүлэг авсан хэдий ч үнэлээгүй төдийгүй нотлох баримтад дурдаагүй.

8.5 Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар маргааны зүйл болох дээрх орон сууц нь гэрээний үндсэн дээр хариуцагч Өгийн өмчлөлд бий болсон. Харин нэхэмжлэгч гэрээний үндсэн дээр дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эрхтэй тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна. Ө тухайн орон сууцыг өөрийн мөнгөөр худалдан авсан талаарх баримтууд хэрэгт авагдсан. Гэтэл уг орон сууцыг хамтран авсан амьдрахаар гэж төлөөлөгч нь бичээд, харин Х нь О ХХК-ний оффисыг болгохоор би мөнгөөрөө худалдаж авсан гэх мэтээр илт зөрүүтэй худал мэдүүлгийг өгдөг. Уг байрыг Ө нь Нигерь улсад ажиллаж байхдаа олсон мөнгөөр авсан.

8.6 Шүүх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад буюу 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гардан авснаас хойш шүүхэд анх сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан бөгөөд шүүх 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас хүлээн авахаас татгалзсан. Үүний дараа Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд дахин сөрөг нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад шүүх дүгнэж чадаагүй хэмээн гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 167.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1 Х Ө нар хамтран ажиллахаар тохиролцож, Х хөрөнгө оруулалт хийхээр болсон. н., ХХК-ийг Ө олж, О ХХК-ийг үүсгэн байгуулж, Хаан банканд төгрөгийн данс болон долларын данс нээсэн. Х-ээс О ХХК-ийн дансаар мөнгө авах ёстой байсан. Гэвч Ө өөр санаа, зорилготой байсан. Өөрөөр хэлбэл, компанид данс нээгээгүй гээд өөрийнхөө дансыг Х-д өгсөн. Х Өд итгээд мөнгө өгсөн. 0 дугаар хавтаст хэргийн 108-117 дугаар талд Өгийн бичгээр өгсөн гэрчийн мэдүүлэгт нэхэмжлэгч Раас өөрийн и-мэйл хаягаар хүргүүлсэн тайлбартаа бүх зүйлийг үнэнээр нь тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Х-н мөнгөөр Ө бизнес хийж, ашиг олсон. О ХХК-ийн төгрөгийн дансанд 800,000,000 гаруй төгрөг орсон.

9.2 Х өөрийнхөө оруулсан мөнгөний барьцаа болгож Өгийн нэр дээр компанийн 24 хувийн хувьцааг эзэмшсэн. Үйл ажиллагаа явуулаад олсон ашгаас өөрт оногдох хувийг Монголын өнчин ядуу, эмзэг бүлгийн, сурлага сайтай хүүхдүүдэд буяны сан нээж хандивлаарай гэсэн. Маргаан бүхий байрыг 550,000,000 төгрөгөөр худалдаж авч, 25,000,000 төгрөгөөр тохижуулсан. Тухайн байрыг О ХХК-ийн оффис болгох зорилгоор худалдаж авсан. Тухайн үед Ковид-19 цар тахал гарсан учир Х Монголд ирж чадахгүй болсон бөгөөд тухайн үед Өд 550,000,000 төгрөгөөр зараарай гэж итгэмжлэл хийж өгсөн. Гэтэл Ө 540,000,000 төгрөгөөр зарж, Х-д 520,000,000 төгрөгөөр маргаан бүхий байрыг зарахгүй бол хүн авахгүй байна гэсэн тул 520,000,000 төгрөгт маргаан бүхий байрыг зарах зөвшөөрөл өгсөн. Ингээд Ө маргаан бүхий байрыг 540,000,000 төгрөгөөр зарж, 20,000,000 төгрөгийг тухайн өдөрт нь өөрийнхөө данс руу хийлгэсэн.

9.3 А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн шүүгч хүлээн авах үндэслэл байхгүй гэж үзсэн. Иргэний хэрэг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжих үед хариуцагч талаас өмнө нь гаргаж байсан сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Ингэж сөрөг нэхэмжлэл гаргахдаа Ө өөрийгөө нэхэмжлэгч гэж тодорхойлсон нь буруу байсан. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргах ёстой байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 62.1.2, 62.1.3, 62.1.4 дэх хэсэгт заасныг давхар зөрчсөн тул тус хуулийн 65.1.11-т заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах ёстой байсан. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй.

9.4 Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасны дагуу Х гомдоосон гэх үйлдлийг тодорхойлох баримт байхгүй тохиолдолд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт заасан хугацааны дотор бэлэглэлийг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэж үзэхээр байгаа тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Х нь хариуцагч Өд холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 394,410,936 төгрөг гаргуулах, 00-00 улсын дугаартай Жагуар /Jaguar/ маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөгийг гаргуулах, Й дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э өргөн чөлөө гудамж, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцнаас ногдох хэсэг 73,708,000 төгрөг гаргуулах, хариуцагчийн хууль бус эзэмшлээс уг орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-г хүчингүй болгуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

3.1 Нэхэмжлэгч нь 394,410,936 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь О ХХК-д хөрөнгө оруулна гэж хууран мэхэлж 138,400 ам.долларыг авсан гэж тодорхойлсон. Уг үндэслэлийн агуулгаас үзвэл талууд хамтран ажиллахаар тохиролцсон эсэх үйл баримтыг тогтоож, үүнтэй холбоотой зохигч мэтгэлцсэнээр холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэх учиртай.

Нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, нэхэмжлэгч нь О ХХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг эзэмшиж байсан, О ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгө худалдан авсан зэрэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтран ажиллах гэрээтэй холбоотой гэж үзэж болохуйц баримтууд хэрэгт авагдсан байна. Хэрэв талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хэрэгжсэн гэж үзсэн тохиолдолд гэрээний нэг тал гэрээнээс гарснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болж талууд ашиг, алдагдал зэргийг Иргэний хуульд заасан үндэслэл, журмаар хуваарилах учиртай. Харин хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн буцаан шаардах эрх нь мөн хуульд заасан үндэслэлгүй хөрөнгөжих зохицуулалтаар тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хамтран ажиллахаар тохиролцож, мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлж, О ХХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг эзэмшиж байсан талаар тодорхойлсон боловч шаардлагаа хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буцаан шаардсан нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй үндэслэлд хамаарч байна.

3.2 Нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь А дүүрэг, 00 дүгээр хороо, , И улс гудамж, Р хотхоны 000 дугаар байр, 0000 тоот хаягт байрлах, 120 м.кв талбайтай орон сууцыг 550,000,000 төгрөгөөр бусдад худалдахыг хариуцагчид зөвшөөрсөн боловч хариуцагч нь 540,000,000 төгрөгөөр худалдсан атлаа 520,000,000 төгрөгөөр худалдсан гэж нэхэмжлэгчийг хууран мэхэлж, зөрүү 20,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлсон. Уг үндэслэлийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь орон сууц худалдахыг хариуцагчид итгэмжлэлийн үндсэн дээр даалгасан. Гэтэл уг шаардлагаа хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж зөрүү төлбөрийг буцаан шаардсан нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгосон байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд гэрээний үүрэг үүссэн болон уг үүргийн зөрчил, эсхүл хуульд заасан үүргийн зөрчлийн дагуу шаардаж буй эсэх, үүнтэй холбоотой үйл баримтыг анхан шатны шүүх тогтоогоогүй байна.

3.3 Й дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э өргөн чөлөө гудамж, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбайтай орон сууцнаас ногдох хэсэг 73,708,000 төгрөг гаргуулах үндсэн шаардлага болон 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-г хүчингүй болгуулахаар сөрөг шаардлагатай холбоотой маргаанд ач холбогдол бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан. Харин өмчлөх эрхтэй холбоотой бусад улсын бүртгэлийн баримт хэрэгт авагдаагүй нөхцөлд шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоосон гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс талууд бүрэн мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх буюу хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрийг өөрчлөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар зохигчид тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг цуглуулан мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, татгалзал, түүнийг зохицуулсан хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломж бүрдэнэ.

4. Хэрэгт тус шүүхийн Ерөнхий шүүгч тухайн хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүний даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан захирамж авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно гэсэнтэй, мөн Монгол улсын шүүхийн тухай /2021 он/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах гэсэнтэй тус тус нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4 дэх хэсэгт зааснаар хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/01417 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 447,000 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 2,094,859 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 170 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН