Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 610

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Шүүгдэгч М.Т  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Т т холбогдох эрүүгийн 1906 01870 0721 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эгч, хүргэн ах, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, М.Т .

 

         Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч М.Т  нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” бааранд иргэн Ө.Даваадоржийг цохиж, улмаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ө.Даваадоржийн өгсөн мэдүүлэг /хх-10-14/, гэрч О.Гарамсэнгийн өгсөн мэдүүлэг /хх-21-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3391  дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-31/, шүүгдэгч М.Т ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-45/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүгдэгч М.Т  нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” бааранд иргэн Ө.Даваадоржийг цохиж, улмаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Даваадоржийн өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 13-ны 22 цагийн үед “Скай” нэртэй бааранд өөрийн багын найзууд болох Гарамсэнгэ, Вандандорж, Буянтогтох нарын хамт ороод сууж байсан чинь манай найз Гарамсэнгэ 00-ын өрөө рүү ороод ирэхдээ би хэдэн залуучуудтай муудалцлаа гаръя гэхээр нь бид нар цуг гарсан. Тэгээд гадаа гараад Гарамсэнгэ муудалцсан залуучуудтайгаа муудалцаж хэрэлдээд зодолдох гээд байхаар нь би салгах гээд “больцгоо” гээд дундуур нь орсон чинь бид нартай муудалцсан залуучуудын хэн нь юм мэдэхгүй, нэг гар орж ирээд миний ам руу цохьсон чинь миний үүдэн нэг шүд хугарч унасан. Бужигнаан дунд хэн нь цохисоныг хараагүй. Харин манай найз Гарамсэнгэ намайг цохисон жижиг залууг харсан байсан. Бид нар эвлэрсэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй.” /хх-10-14/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Гарамсэнгийн өгсөн: “...Найз Ө.Даваадорж миний болон тэд нарын дунд орж ирээд “одоо болно, эв зүйгээ олъё” гэтэл намхан савхи өмссөн залуу Ө.Даваадоржийн ам руу цохьсон. Тэгтэл найз “ёоё шүд” гээд орилтол нөгөө залуу цаашаа гүйгээд явчихсан. Би жижигхэн савхитай залуу байсан гээд байхад өөр хүн бариад ирсэн. Өглөө нь би нөгөө залуучуудад “манай найзыг танай энэ найз цохиогүй, жижиг, намхан биетэй савхи өмссөн залуу байсан” гэсэн чинь “хоёр залуу байсан, савхи өмссөн залуу нь юм байна” гээд дуудсан. Тэгтэл Ө.Даваадоржийг цохьсон залуу хүрээд ирсэн. М.Т  гэх жижиг биетэй залуу Ө.Даваадоржийн ам руу гараараа цохьсон.” /хх-21-24/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Т ийн яллагдагчаар өгсөн: “...Ө.Даваадоржийн биед учирсан гэмтлийг би хүлээн зөвшөөрч байна. Бид сүүлдээ танил залуучууд болохоо мэдээд хоорондоо эвлэрсэн. Ө.Даваадоржоос уучлал гуйсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-43-44/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3391 дугаартай дүгнэлтэд:

1. Ө.Даваадоржийн биед баруун дээд 1 дүгээр үүдэн шүдний хугарал, сулрал гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-31/ гэх дүгнэлт,

 

Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-56-57/,

Шүүгдэгч М.Т ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-45/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.Т ийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” бааранд иргэн Ө.Даваадоржийг цохиж, улмаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Ө.Даваадорж нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч М.Т ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч М.Т  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М.Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Т ийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Т  нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Т  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.       

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС