Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 375

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

          Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 3 дугаар баг Өндөрхөмөг гэх газар оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, Гал овгийн Доржхоролын Эрдэнэсүрэнгийн хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Эрдэнэсүрэн, нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэсүрэн нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Д.Эрдэнэсүрэн нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан  байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан боловч 1981 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ныг хүртлэх хугацаанд ажилласан талаар ямар нэгэн баримт байхгүй тул хүсэлтийг хэсэгчлэн хангах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэсүрэн нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 435 тоот лавлагаа, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 44 тоот тогтоол, Нарийнтээл сумын АДХГ Захиргаа, “Эх-Орон” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хамтарсан хурлын 1983 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 44 тоот тогтоол, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Эх-Орон” нэгдлийн бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүдийн нэрс, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 024/002537 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч Ц.Баасандорж, Д.Алтанцэцэг, Д.Бямбасүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гал овгийн Доржхоролын Эрдэнэсүрэнг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА