Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01143

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 29 210/МА2024/01143

 

 

Д.ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2024/02251 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Би 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарыг дуустал Х баазад жолоочоор ажиллаж байсан. Гэтэл тухайн үед байгууллагаас олгосон Хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн. Архиваас шүүлгэсэн боловч ажилд орсон тушаал, халагдсан тушаалууд байхгүй байна. Иймд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарыг хүртэл Х баазын жолоочоор ажилласан 5 жилийн байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

2.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Д.ыг 1987 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Х баазын жолоочоор ажиллаж байсныг тогтоож, үлдэх 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал болон 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарыг хүртэл Х баазад жолоочоор ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1 Нэхэмжлэгч Д. миний бие 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарыг дуустал Х баазад жолоочоор ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, ажилд орсон, ажлаас халагдсан тушаал үрэгдсэн, архиваас шүүлгэхэд Х баазын жолооч нарыг ажилд авсан, ажлаас халсан тушаал байхгүй байгаа учраас өөрт олдсон баримтуудыг үндэслэн ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс 1987,1988 онд жолоочоор ажиллаж байсан байна, бусад жилүүдэд ажилласан нь тогтоогдохгүй байна гээд 1989-1991 оны 5 сар хүртэл ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь Х баазын даргын 1988 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаартай Зарим жолоочид автомашиныг бүр буюу түр хугацаагаар эзэмшүүлэх тухай тушаалаар ...Д. нь 00-00 номерын автомашины норм дуусгаж актлуулсан тул 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 00-00 номерын автомашины ээлжийн жолоочоор... тус тус ажиллуулахыг зөвшөөрсүгэй. гэсэн байгаа нь шинэ автомашины жолоочоор ажиллуулахаар томилсон болохыг харуулж байгаа бөгөөд тухайн үед ажилдаа хариуцлагатай хандаж төлөвлөгөө нормоо биелүүлдэг, цаашид тогтвор суурьшилтай ажиллах жолооч нартаа шинэ машин өгдөг байсан.

Шинэ автомашины жолоочоор томилогдсон тул миний бие тухайн автомашины гүйлтийн норм дуустал буюу дор хаяж 4 жил ажиллах нь тодорхой, үүнээс 3 жил гаруй буюу 1991 оны хагас жил хүртэл ажилласан болохыг хамт ажиллаж байсан гэрчүүд нотолж мэдүүлэг өгсөн боловч шүүх тэдний мэдүүлгийг зохих ёсоор үнэлж дүгнэсэнгүй. Хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх дээрх тушаалтай уялдуулан нотлох баримт гэж үнэлэхэд хууль зөрчих асуудал байхгүй гэж үзэж байна.

3.2 Тэтгэвэрт гарах насанд хүрээд тэтгэврээ тогтоолгох гэтэл бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгоход шаардагдах ажилласан жил хүрэхгүй, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах болоод байгаа нь чин шударгаар хөдөлмөрлөж явсан хүний хувьд хохиролтой, шударга биш байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан авч үзэж үнэлж дүгнэсэн бол миний Х баазад тасралтгүй 5 жил гаруй ажилласан хугацааг зарим хэсгийг нь тогтоогдохгүй байна гэж тасалж авч үзэхгүй байх боломж бас надад олгож болох байсан байх, миний гаргасан зарим баримтыг хэрэгт ач холбогдолтой, юуг нотлохоор гаргасныг ч тодруулж авч үзэж маргааны үйл баримтад бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт хийсэнгүй.

Гэтэл шүүх шийдвэртээ ...3....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. гэснээс үзэхэд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүх үзсэн гэж ойлгогдож байна. Хэрэв шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх байсан юм бол яагаад ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэж хуралдаад миний хүсэлтийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн намайг бүрэн тэтгэврээ тогтоолгож чадахгүй болгож, дахин энэ асуудлаар өөр хаашаа ч хандах боломжгүй байдалд оруулсан шийдвэр гаргав гэдгийг анхааран авч үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Д. нь 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарыг хүртэл Х баазын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

3. Онцгой ажиллагааны журмаар хэрэг шийдвэрлэж байгаа тохиолдолд анхан шатны шүүх зөвхөн талуудын хүсэлтээр хязгаарлалгүйгээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг өөрийн санаачилгаар хийж, үйл баримтыг тогтоох шаардлагатай. Анхан шатны шүүх хуулиар олгогдсон нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор хийгээгүй байна.

3.1 Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хэргийн үйл баримтыг нэхэмжлэгчийн тайлбараар тогтоох боломжгүй бөгөөд шүүх өөрөө ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоох учиртай.

4. Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 521 дугаар тодорхойлолтоор Үндэсний төв архивын сан хөмрөгт Х бааз байгууллагын Бүгд /он/-ы баримт шилжиж ирээгүй тул Д.т холбогдох баримтыг шүүх үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэж, /хх 6/ мөн Архивын газрын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 242 дугаар тодорхойлолтоор Тус архивт Х баазын баримт хадгалагддаггүй тул Д.т лавлагаа олгох боломжгүй болно гэжээ. /хх 7/

4.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажиллаж байсан гэх Х баазын архивын баримт хаана хадгалагдаж байгаа эсэх үйл баримтыг тогтоох ажиллагааг явуулах шаардлагатай.

5. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй, дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2024/02251 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСГАЛАН