Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/05406/и |
Дугаар | 5406 |
Огноо | 2016-08-08 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 5406
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 6 гудамж, 145 тоотод оршин суух Боржигон овогт Нямжавын Оюунчимэг /Регистрийн дугаар ЧТ61042363/-ийн ажилласан жил тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Нямжав овогтой Оюунчимэг би өндөр насны тэтгэвэрт орох болсон боловч ажилласан жил дутаж тэтгэвэрт орох боломжгүй болоод байгаа учраас би 1979 оны 07 дугаар сарын 24-нөөс 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Монгол энергострой трестэд будагчнаар Сэрээтэр овогтой Оюунчимэг, Банзрагч овогтой Нэргүйтэй, 1989 оны 09 дүгээр сарын 04-өөс 1991 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Дорнод аймаг, Чойбалсан хот дахь Хивсний комбинатад сургалтын инженерээр Буяндэлгэр овогтой Нэргүй, Дамбадаржаа овогтой Энхцэцэг нартай тус тус хамт ажиллаж байсан нь үнэн учраас дээрхи жилүүдийг ажилласан жилээр тооцож шүүхийн шийдвэр гаргаж өгч тусална уу. Хөдөлмөрийн дэвтэр дээр орон гарсан тушаалууд нь дутуу бичигдсэн, тушаалуудын хуулбар архиваас гарч ирэхгүй байгаа юм.
Иймд Н.Оюунчимэг намайг 1979 оны 07 дугаар сарын 24-нөөс 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Монгол энергострой трестэд будагчнаар, 1988 оны 07 дугаар сарын 08-аас 1991 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Дорнод аймаг, Чойбалсан хот дахь Хивсний комбинатад сургалтын инженерээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Оюунчимэг Улаанбаатар хотын Монгол энергострой трестэд 1979 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл будагчнаар, Дорнод аймаг, Чойбалсан хот дахь Хивсний комбинатад 1988 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сургалтын инженерээр ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт дутуу хийгдсэн, түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 472 дугаартай тодорхойлолтод “Үндэсний төв архивын сан хөмрөгт Монгол энергострой трестийн Авто машин механизмын бааз байгууллагын бүгд /он/-ы баримт шилжиж ирээгүй тул Нямжав овогтой Оюунчимэг-нд холбогдох баримтыг шүүж үзэж лавлагаа гаргах боломжгүй байна” гэжээ. /хх-13 дугаар тал/
Түлш эрчим хүч, үйлдвэрийн яамны харьяа Авто машин механизмын баазийн захиргаанаас олгогдсон хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан байна. Уг хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар талд “Баазын даргын 1971 оны 07-р сарын 24-ний өдрийн 136-р тушаалаар 1979.07.24 Монгол-эерго строй трестэд Будагчин-аар авч ажиллуулав”, “Баазын даргын 1982 оны 08-р сарын 30-ны өдрийн 124-р тушаалаар 1982.08.30 МУИС-ийн харьяа ПДС-ийн ажилчдын бэлтгэл ангид МХЗЭ-ийн илгээлтийн урилгаар элсэх болсон тул ажлаас нь чөлөөлөв”, 10-11 дүгээр талд “Хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 1988 оны 03 дугаар сарын 22-ны 58 тоот тушаал 1988.07.08 Мэргэжлийн нь дагуу Чойбалсан хот дахь Хивсний комбинатад ажиллуулахаар томилов”, “Чойбалсан хотын Хивсний үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 33 тоот тушаал 1988.07.18 Үйлдвэрийн туршилт тохируулгын ажилд дагалдан инженерээр томилж ажиллуулав”, 12-13 дугаар талд “Чойбалсан хот дахь Хивсний комбинатын даргын 1989 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 164 тоот тушаал 1989.09.04 Сургалтын инженерээр томилон ажиллуулав”, “Чойбалсан хот дахь Хивсний комбинатын даргын 1991 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 36 тоот тушаалаар 1991.03.22 Ар гэрийн гачигдлаар шилжих болсон тул мастер технологийн ажлаас чөлөөлж Ноосон жижиг эдлэлийн үйлдвэрийн мэдэлд шилжүүлэв” гэж бичигдсэн байна. /хх-12 дугаар тал/
Чойбалсан хот дахь Хивсний үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 1988 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Хөнгөн үйлдвэрийн яамны Чойбалсан хотын Хивсний комбинатын даргын 1989 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 164 дугаартай тушаал, Монгол энергострой трест болон Дорнод аймаг, Чойбалсан хот дахь Хивсний комбинатад ажиллаж байх үед хамт ажиллагсадтай хамт авахуулсан фото зураг нотлох баримтаар хэрэгт авагджээ. /хх-15-16, 25 дугаар тал/
Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.
Хүсэлт гаргагч Н.Оюунчимэгийг Улаанбаатар хотын Монгол энергострой трестэд ажиллаж байсныг гэрчлэхээр С.Оюунчимэг, Б.Нэргүй нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.
Шүүхэд дуудагдсан гэрч С.Оюунчимэг: “Сэрээтэр овогтой Оюунчимэг би Нямжав овогтой Оюунчимэгтэй 1979 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Монгол энергострой трестэд будагчнаар хамт ажиллаж байсан нь үнэн...”, гэрч Б.Нэргүй: “Банзрагч овогтой Нэргүй би Нямжав овогтой Оюунчимэгтэй Улаанбаатар хотын Монгол энергострой трестэд 1979 оноос хамт будагнаар ажилласан нь үнэн...” гэж тус тус мэдүүлсэн.
Хүсэлт гаргагч Н.Оюунчимэгийг Дорнод аймаг, Чойбалсан хот дахь Хивсний комбинатад ажиллаж байсныг гэрчлэхээр Д.Энхцэцэг, Б.Нэргүй нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.
Шүүхэд дуудагдсан гэрч Д.Энхцэцэг: “Миний бие Дамбадаржаа овогтой Энхцэцэг нь 1988 онд Политехникийн дээд сургуулийг төгсч Дорнод аймагт Хивсний үйлдвэрт хуваарилагдан 2000 он хүртэл эдийн засагчаар ажиллаж байсан. Нямжав овогтой Оюунчимэг нь 1988 оны 7 сараас 1991 оны 3 дугаар сар хүртэл тус үйлдвэрийн Ээрэх цехэд ээлжийн мастер, сургалтын инженерээр ажиллаж байсан нь үнэн болохыг гэрчилж байна...”, гэрч Б.Нэргүй: “Буяндэлгэр овогтой Нэргүй би 1988 оны 09 дүгээр сарын 04-өөс 1989 оны 10 сар хүртэл Нямжав овогтой Оюунчимэгтэй Дорнод аймгийн Хивсний комбинатад хамт ажиллаж байсан нь үнэн болно. Тэр үед Н.Оюунчимэг нь дагалдан инженер, сургалтын инженерээр ажиллаж байсан...” гэж тус тус мэдүүлсэн.
Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Нямжавын Оюунчимэг /Регистрийн дугаар ЧТ61042363/-ийг 1979 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Монгол энергострой трестэд “Будагчин”-аар, 1988 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл Дорнод аймаг, Чойбалсан хот дахь Хивсний комбинатад “Дагалдан инженер”-ээр, 1989 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл тус комбинатад “Сургалтын инженер”-ээр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР