| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0053/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2019-04-08 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 55
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,
Хохирогч: Ц.Г
Шүүгдэгч: Х.Б
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Буурал овгийн Х.Б д холбогдох 1828002140003 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1961 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, эмэгтэй, 58 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “ДБ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцсан ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум, 8 дугаар баг, .................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Буурал овгийн Х.Б , регистрийн дугаар ...............;
Шүүгдэгч Х.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, Монгол улсын дэд бүтэц хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм болон Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай хийсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ДБ ” ХХК-ийн Даланзадгад сумын угтах, үдэх хаалганы барилгын ажлын био 00-ын ажилд туслах ажилтнаар ажиллаж байсан Ц.Г нь галд түлэгдэн, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Х.Б г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Галлагааг манай 2 сайн хийж байсан учраас би энэ хоёрт найдаж байсан. Манай Ц.Г ийг ах эгч нар нь маш сайн дэмжиж байгаа. Өмнөговьд ирэхэд үүнээс өөр ирж байсан. Тамир тэнхээ муутай хүнд ирсэн. 4 сард дахиж хагалгаа хийлгэх ёстой байсан гэвч эгч нь хагалгаанд оруулах шаардлагагүй бие нь сайн болж байгаа гэж хэлж байгаа. Ажил хийж байхад янз бүрийн зүйл их тохиолддог юм байна. Надад өөрийгөө хамгаалах, эсэргүүцэх зүйл байхгүй.
Хохирогч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ДБ компанийн ажилтан байсан. Тухайн галлагааг хийж байхад модоо хийгээд галласан. Ц.О ийг нүхнээс гар гэж хэлсэн бусдыг нь санахгүй байгаа. Галлагаа хийж байснаа санаж байгаа. Түлэгдсэн байдлаа түлэгдэлтээс хойш 2 хоногийн дараа гэмтэл согог судлалын төвд сэрж мэдсэн. Эмчилгээний зардал төлж байвал өөр гомдол байхгүй. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй.
Хохирогч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 11 дүгээр сарын 26-ны үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ДБ компанид туслах ажилтнаар угтах, үдэх хаалган дээр ажилладаг байсан. Тухайн өдөр хундамны хатаалтын галлагаа хийсэн. Тэгээд тухайн үеийн болсон явдлыг огт санахгүй байгаа. Нэг мэдсэн түлэгдсэн байдалтай Улаанбаатар хотод ирчихсэн ГССҮТ-д түлэгдлийн тасагт хэвтсэн байсан. Ц.О бид 2 галлагааг 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө олон давтамжтай хийж байсан бөгөөд байгууллагын гүйцэтгэх захирал Х.Б нь бид хоёрыг галлагаагаа хийж чадаж байгаа юм чинь хийж бай гэж хэлж байсан. Гэхдээ бид хоёрыг заавал хий барь гэж албадаагүй ээ. Бид 2 гарын үзүүрт зарагдан ажилчдад тусалдаг тул чадаж байгаа ажлаа өөрсдөө хийдэг байсан. Тухайн өдөр хэн нэгэн үүрэг болгож өгөөгүй. Өглөө болгон ажил эхлэхийн өмнө болгоомжтой ажиллах талаар Х.Б зааварчилгаа өгдөг байсан. Цаашид гарах гэмтэл бэртлийг мэдэхгүй байгаа учир хохиролгүй гэж хэлэхгүй. Эрүүл саруул болтол эмчилгээ, зардал бүх зүйлийн гарах мөнгийг нэхэмжилнэ /хх-ийн 18-19-р хуудас/
Гэрч Ц.Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би “ДБ ” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн туслах ажилтнаар ажиллаж байгаа. Ц.Г бид хоёр хамт нэг өдөр энэ компанид ажилд орсон. Ц.Г бид хоёр “ДБ ” ХХК-ны ажилчдын байр болох төмөртэй овоон дээр байдаг гэрт байрлаж байсан юм. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажлаа хийж байгаад үдийн хоолоо идчихээд захирлууд ажилчдаа буулгаад амар гэсэн. Тэгээд Ц.Г бид хоёр нүхэн дотор цутгасан бетонон хавтанг хөлдөхөөс сэргийлж гал түлж байсан юм Ц.Г бид хоёр сүүлийн 2 өдөр тэр нүхэнд байгаа бетоны эргэн тойронд нь гал түлж дулаан байлгаж байсан юм. Ц.Г бид хоёр өдөр 14 цаг өнгөрөөгөөд нүхэн дотор галаа түлчихээд аймаг руу А.Д , Х.Б эгч нартай хамт машинд нь суугаад ирсэн. Тэгээд гэр гэртээ байж байгаад орой 20 цагийн үед А.Д ахтай хамт Ц.Г бид хоёр хамт явж ажлын талбай дээр очоод хувцсаа сольж ажлын хувцсаа өмсчихөөд гэрэл, гар чийдэнгээ аваад гал түлдэг нүх рүүгээ очсон. Тэр нүх нь урт нь 9 метр, өргөн нь 6 метр, гүн нь 3 метр хэмжээтэй нүхний гол хэсэгт дөрвөлжин битон хана цутгасан байдалтай байдаг. Нүхний дээд талаар нь ногоон өнгийн зузаан гялгараар бүтээсэн байсан ба нүх рүү орох хэсэг баруун хойд буланд байх бүтээлгийг жаахан сөхөөд доошоо төмөр шатаар дамжиж бууж байсан. Тэр нүхэн доторх бетоныг тойруулаад 4 газар гал түлж байсан юм. Ц.Г бид хоёрыг нүх рүү ороход өдөр явахдаа түлсэн гал нь асаад дуусчихсан цогтой байсан. Тэгээд би Ц.Г ийг чи хойд талынхыг нь асааж бай би зүүн талынхыг нь асаая гээд мод, нүүрс аваад явж зүүн талын галыг түлчихээд буцаад баруун хойд талын булан дээр очсон чинь Ц.Г хойд талын галыг асаачихсан байсан. Бид хоёр хамт гарч нүүрс авч оруулчихаад нүүрсээ хийх гэсэн чинь зүүн талын гал унтраад утаа гарч байсан тэгсэн чинь миний толгой эргээд чих дүнгэнэсэн. Тэгэхээр нь Ц.Г ээс чи гайгүй юм уу гэж асуусан чинь Ц.Г толгой эргээд байна гэж хэлсэн. Тэгээд хоёулаа гаръя гэсэн чинь Ц.Г чи түрүүлээд гарч бай би араас чинь гаръя гэсэн. Би түрүүлээд гарчихаад эргээд харсан чинь Ц.Г шатны хажуу талд уначихсан байсан тэгээд би буцаж ороод Ц.Г ийн цээжин дээр хэд дараад хацар руу нь алгадсан чинь сэргэхгүй байсан. Миний толгой эргээд унах гэхээр нь би дээшээ гарсан. Зам дээр машин зогсоох гэж гар өргөсөн боловч машин зогсохгүй байхаар нь манаач өвгөнийд очиж дуудсан. Тэгсэн чинь манаач өвгөн утсаараа түргэн дуудсан. Тэгээд би хажуу талын гэр рүү ороод утсаа аваад А.Д ах руу залгаад Ц.Г утаан доор ухаан алдчихлаа гэж хэлсэн. А.Д ах Л.Д нар удалгүй ирсэн. Ц.Г ийг нүхнээс гаргаад машинд оруулж байхад удалгүй түргэний машин ирээд эмнэлэг рүү явсан. Манай компанийн захирал Х.Б эгч Ц.Г бид хоёрыг гал түлээрэй гэж хэлсэн. Ц.Г бид хоёр тэр нүхэнд 2 өдөр галласан байсан юм. /хх-ийн 20-21-р хуудас/
Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би гэртээ амарч байтал оройн 21 цагийн үед “ДБ ” ХХК-ийн захирал А.Д над руу утсаар яриад аймгаас зүүн тийш шороо ачиж байсан ковш шилэн кабель тасарчихлаа чи экскеватороор нүхийг нь ухаад өг гэж намайг авч явсан юм. Тэгээд би А.Д той хамт яваад аймгаас зүүн тийш 15 км орчимд байсан шороо ачиж буулгадаг газарт нь очоод экскеватороо асаагаад байж байтал А.Д ах над дээр ирээд Ц.О залгаж байна Ц.Г угаартаад уначихлаа гэнээ гэсэн. Тэгээд бид хоёр шууд яваад угталт үдэлтийн хаалга барьж байгаа А.Д ийн компанийн ажлын талбай дээр очсон чинь нүх ухаад дээгүүр нь бүтээсэн байсан нүх рүү шатаар буугаад гар чийдэн тусгаад харсан чинь маш их утаатай байсан. Гэрэлд юм харагдахгүй байсан. Би Ц.Г ийг дуудаад хашгирсан чинь огт хариу өгөхгүй байсан. Тэгж байтал хүн дуугарах шиг болохоор нь ойртоод харсан чинь Ц.Г ийн хувцас араасаа шатаж түлэгдсэн дээшээ харсан байдалтай галтай цогон дээр хэвтэж байсан. Тэгээд би халаасандаа байсан кола ундааг хүзүү, үс рүү нь хийчихээд хажуу тийш нь болгож цогноос нь холдуулаад дээшээ шатаар гарч ус олс аваад ир гэж хэлсэн. Тэгээд би зам руу гүйж очоод явж байсан машиныг зогсоогоод машинаас нь галын хорыг нь аваад эргэж нүх рүү орж галын хороор Ц.Г ийн шатаж байсан хувцастай нуруу, мөр рүү нь шүршиж унтраагаад дээш нь өргөж гаргасан. Тэгээд Ц.Г ийг А.Д ийн машины арын суудалд суулгаж байтал түргэний машин ирсэн. Эмч нь манай машинд суугаад би машин жолоодоод шууд эмнэлэгт хүргэсэн. Нүхний дээд талаар бүтээлгээр битүү бүтээсэн байсан. Түүний баруун хойд хэсгийн жаахан газрыг сөхөж онгойлгож орж гарч байсан юм. Тэр орж гарсан хэсэг нь онгорхой байсан ба тэр хэсэгт доошоо ордог шаттай байсан юм. Ц.Г нүхэн дотор шатны хажуу талд хэвтэж байсан. Намайг нүхэнд ороход маш их утаатай юм харагдахгүй байсан. /хх-ийн 22-23-р хуудас/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Манай компани Даланзадгад сумын угтах үдэх хаалганы барилгын ажлын био ОО-н ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Ц.Г гэдэг хүн манай компанид өнгөрсөн жилээс ажиллаж байгаа гэж сонссон. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай ажилчид Даланзадгадаас зүүн тийш 7 км-т байрлах Улаанбаатар чиглэлийн засмал замын хажууд байгаа ажил дээрээ 08 цагийн үед цуглаад ажлаа хийцгээсэн. Тэгээд гадаа цаг агаарын байдал салхи шуургатай байсан болохоор өдрийн хоолонд 13 цагийн үед ороод тарцгаасан. Тэгэхэд манай ажилчид болох Ц.Г , Ц.О нар аймгийн төвд ажилтай гээд бид нартай хамт ирсэн. Уг нь тэр хоёр ажилчдын байранд байрлаж байсан. Барилгын ажил явагдаж байгаа газарт манай ажилчдын байрлаж байгаа 2 гэр байдаг. Бас ажлын техникүүд тэндээ байрлаж байдаг. Би гэртээ амарч байтал шөнийн 22 цаг 30 минутын үед манай аав А.Д над руу утсаар яриад Ц.Г гал түлж байгаад галан дээрээ унаад түлэгдчихсэн байна гэж ярьсан. Тэгээд би эмнэлэг дээр очиход Ц.Г ийн бие нь их муу сэхээнд байна гэж байсан. /23-24-р хуудас/
Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 11 дүгээр сарын 26-ны шөнийн 22 цаг өнгөрч байхад манай компанид ажилладаг Ц.О , Ц.Г нар нүхэнд гал түлж байсан юм. Тэгэхэд би замын хойд талд байдаг гэртээ байж байсан. Тэгсэн чинь Ц.О гэнэт гүйж ирээд Ц.Г нүхэн дотор угаартаад уначихлаа хурдлаарай гэж хэлэхээр нь би түргэн дуудаж утсаар ярьчихаад замын урд талд байдаг гал түлсэн нүх рүү яваад очсон. Тэгэхэд тэр нүхний дээгүүр бүтээсэн бүтээлгийг баруун хойд хэсгээс нь дээш нь сөхчихсөн нээлттэй бусад нь бүтээлттэй байсан. Намайг нүх рүү харахад дотор нь битүү харанхуй утаатай гал асчихсан байсан. Би эргэж зам руу явж замаар явж байгаа машиныг зогсоох гээд гар өргөж байтал А.Д захирал нэг залуутай ирсэн. Тэгээд би нэг машин зогсоосон чинь нэг дээлтэй залуу бууж ирээд бид нар нийлж байгаад нүхнээс нөгөө залууг гаргаж аваад эмнэлгийн машин ч ирсэн шууд эмнэлэг рүү авч явсан. /хх-ийн 27-р хуудас/
Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би энэ компанид 2012 оноос нягтлан бодогчоор ажиллаж байгаа. 2017 онд ХАБ-н ажилтны сургалтад сууж гэрчилгээ аван 2017 оноос эхлэн тус компанийн Хөдөлмөр аюулгүй байдлын ажилтны үүргийг хавсран гүйцэтгэж байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын 27-ны үеэс эхлэн миний бие өвчтэй байсан учир ажилдаа очилгүй гадуур эмчилгээ хийлгэж байсан юм. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би Улаанбаатар хотод эмчилгээ, шинжилгээ хийлгэж байсан. Манай компанийн гүйцэтгэх захирал Х.Б миний ажлыг орлож ажилчдад хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан юм. /хх-ийн 28-р хуудас/
Гэрч А.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр салхи шороотой байсан болохоор бид нар үдээс хойш ажилчдаа амраасан байсан юм. Тэгээд орой 19 цаг өнгөрч байх үед манай компанид туслах ажилтнаар ажилладаг Ц.Г , Ц.О нарыг аймгаас зүүн тийш Төмөртэй овоо гэх газарт аймгийн ёслол хүндэтгэлийн хаалганы байгууламжийг барьж байсан газарт аваачсан. Тухайн үед манай эхнэр Х.Б бид хоёр хамт явж байсан. Тэгээд Ц.Г , Ц.О нарт газар ухсан нүхэнд гал түлсэн байсныг сэргээж гал түлээрэй гэж хэлээд байж байтал таньдаг хүн гуйгаад зүүн тийш кабель тасарчихлаа та экскеваторын жолоочийг авчирч өгөөч гэж гуйхаар нь би аймгийн төв рүү явахаар болсон. Би Х.Б г үлдээд ажилдаа хяналт тавих уу гэсэн чинь Х.Б тухайн үед нимгэн хувцастай байсан болохоор гэр рүүгээ хүргүүлсэн. Би экскеваторын жолоочийг аймгаас аваад зүүн тийш ажлынхаа хажуугаар нэвт яваад цааш 6 километрт байдаг айлын гадаа байсан экскеварторыг асааж байтал Ц.О над руу утсаар яриад Ц.Г ухаан алдаад гал руугаа уначихлаа гэж ярьсан. Тэгээд би нөгөө жолоочтойгоо хамт шууд яваад ажил хийж байсан газарт ирсэн чинь гал түлж байсан нүхэнд нэг хүн байсан. Тэгэхэд хамт явсан жолооч Л.Д дотогшоо нүх рүү орчихоод гарч ирээд гал их шатаж байна. Би галыг нь жаахан холдуулчихлаа гээд гарч ирээд унтраах ус хэрэгтэй байна гэсэн. Тэгсэн чинь манаач өвгөн ирсэн. Би замын хажууд ойролцоо зогсож байсан машин дээр очиход хэдэн залуучууд байсан. Тэд нарт учраа хэлж хамт ирээд Ц.Г ийг нүхнээс татаж гаргасан. /хх-ийн 29-30-р хуудас/
Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Монгол улсын засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 тоот тогтоол “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.1 дахь /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заалтын дагуу уг осол нь үйлдвэрлэлийн осол мөн. Ц.Г нь газраас доош 3 м-ийн гүнд, битүү хучлагатай нөхцөлд ил гал түлэх ажлыг гүйцэтгэж байсан байна. Тухайн бетон зуурмагийг халаах ажиллагаа нь Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар БД12-101- 05-ын 6 дугаар зүйлд Бетон зуурмагийг цахилгаанаар халаах үед өгөх аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар-тай байдаг байна. Гэтэл осол гарах өдөр бетон зуурмагийг халаахын тулд ил гал түлж дүрмийн бус ажил үүрэг гүйцэтгүүлснээс үүдэн осол болох шалтгаан болсон байна. ДБ ХХК нь Монгол улсын барилгын норм дүрэм 12-03-04 болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн байна. ДБ ХХК-ийн инженер техникийн ажилтан болон тухайн өдөр ажил хариуцаж байсан ажилтан нь Ц.Г болон бусад ажилчдад зааварчилгаа өгөлгүй ажилд гаргасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь /Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалтыг зөрчиж тухайн өдрийн ажлын зааварчилга өгөлгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн. Газрын гүнд ажиллахдаа хамгаалалтын бүс, утаанаас хамгаалах амны хаалт/маск/ зүүж ажиллаагүй нь Барилгын норм ба дүрэм 12-03-04. Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 6.6.6 дахь /Битүү сав, худаг, ухсан нүхэнд ажил гүйцэтгэхдээ уян хоолой бүхий баг хэрэглэх бөгөөд ажил гүйцэтгэгчийг 2 ажилчин давхар хамгаалах зорилгоор хамгаалалтын бүснээс нь татуургаар бэхлэн худаг, битүү сав, ухсан нүхний гадна байрлаж, болзошгүй тохиолдолд татаж гаргах нөхцлийг бүрдүүлж байнгын бэлэн байдалд байна заалтыг зөрчсөн байна. /хх-ийн 32-33-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14459 дугаартай дүгнэлтэд: Ц.Г ийн биед нүүр, хүзүү, толгойн хуйх, хүзүү, баруун гар, нуруу, бүсэлхийг хамарсан биеийн нийт гадаргуугийн 35-40%-ийг хамарсан ЗА,Б, 4-р зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 41-р хуудас/
Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Манай “ДБ ” ХХК-нь аймгийн Засаг даргатай гэрээ хийж Даланзадгад сумын төвөөс зүүн тийш 6 километрт байрлах засмал замын хажууд угтах үдэх хаалганы байгууламжийн ажлыг гүйцэтгэж эхэлсэн юм. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай компанийн ажилчид үдээс өмнө ажиллаад үдээс хойш цаг агаарын байдал муухан салхитай байхаар нь бид нар ажилчдаа үдээс хойш нь амраасан. Тухайн үед био “00”-н байгууламжийн битонон цутгалтыг хөлдөөхгүйн тулд дээгүүр нь битүү хучлагаар хучиж, дотор нь гал түлж бэхжүүлэх арга хэмжээ авч байсан юм. Тэр ажлыг манай компанийн туслах ажилтан Ц.О , Ц.Г нар хийхээр болоод үлдээсэн. Тэгсэн чинь Ц.Г нүхэнд түлсэн галынхаа утаанд угаартаж гал дээр унаад түлэгдэж гэмтсэн. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаагүй. Гэхдээ би амаар болгоомжтой байгаарай, бүтээлгээ сайн нээж байгаад галаа асаагаарай гэж хэлж анхааруулж байсан. Ц.Г , Ц.О нарт утааны маск өгөөгүй байсан. Өөрсдөд нь малгайтай үргэлж өмсдөг маск байсан юм. Нөхөр бид хоёр Ц.Г ийг эмнэлэгт хүргэснээс эхлээд эмчилгээний бүх зардлыг төлж байгаа. Манай нөхөр А.Д анхнаас нь Ц.Г ийг онгоцоор Улаанбаатар хот руу авч яваад байнга дэргэд нь сахиж эмчилгээ, хагалгааг нь бүгдийг хийлгээд явж байсан. /хх-ийн 46-47-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-15 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, Монгол улсын Дэд бүтэц хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм болон Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай хийсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ДБ ” ХХК-ний Даланзадгад сумын угтах үдэх хаалганы барилгын ажлын био 00-ын ажилд туслах ажилтнаар ажиллаж байсан Ц.Г нь галд түлэгдэн, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг: Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол энэ гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж заасан ба “ДБ ” ХХК-г төлөөлж захирал А.А.Д нь Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын даргатай “Даланзадгад сумын онцлогийг илэрхийлсэн байгууламжийг байгуулах ажлын гэрээ”-г 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №ШХАГ2018/40 дугаартай гэрээ, хэлцлийг байгуулж гэрээнд заасан эрх, үүргийг хүлээжээ.
“Даланзадгад сумын онцлогийг илэрхийлсэн байгууламжийг байгуулах ажил”-ын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №ШХАГ2018/40 дугаартай гэрээний ...1.10-т гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлын бүх үе шатанд техник аюулгүй ажиллагааны талаар өөрийн ажилтнууддаа заавар зөвлөмж өгч, зохих арга хэмжээг авсан байна /хх-ийн 71-р хуудас/ гэж заажээ.
2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №ШХАГ2018/40 дугаартай гэрээний ...1.10-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах ажилтнаар Х.Х.Б ажиллаж байсан болох нь “ДБ ” ХХК-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 04 тоот Ажилд томилох, чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 117-р хуудас/-д ...1. хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйг хариуцсан ажилтны үүрэгт ажлыг ДБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б г 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай... гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Ц.Г ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь: Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14459 дугаартай дүгнэлтэд: Ц.Г ийн биед нүүр, хүзүү, толгойн хуйх, хүзүү, баруун гар, нуруу, бүсэлхийг хамарсан биеийн нийт гадаргуугийн 35-40%-ийг хамарсан ЗА,Б, 4-р зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 41-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь: Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Монгол улсын засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 тоот тогтоол “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.1 дахь /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заалтын дагуу уг осол нь үйлдвэрлэлийн осол мөн. Ц.Г нь газраас доош 3 м-ийн гүнд, битүү хучлагатай нөхцөлд ил гал түлэх ажлыг гүйцэтгэж байсан байна. Тухайн бетон зуурмагийг халаах ажиллагаа нь Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар БД12-101- 05-ын 6 дугаар зүйлд Бетон зуурмагийг цахилгаанаар халаах үед өгөх аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар-тай байдаг байна. Гэтэл осол гарах өдөр бетон зуурмагийг халаахын тулд ил гал түлж дүрмийн бус ажил үүрэг гүйцэтгүүлснээс үүдэн осол болох шалтгаан болсон байна. ДБ ХХК нь Монгол улсын барилгын норм дүрэм 12-03-04 болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн байна. ДБ ХХК-ийн инженер техникийн ажилтан болон тухайн өдөр ажил хариуцаж байсан ажилтан нь Ц.Г болон бусад ажилчдад зааварчилгаа өгөлгүй ажилд гаргасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь /Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалтыг зөрчиж тухайн өдрийн ажлын зааварчилга өгөлгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн. Газрын гүнд ажиллахдаа хамгаалалтын бүс, утаанаас хамгаалах амны хаалт/маск/ зүүж ажиллаагүй нь Барилгын норм ба дүрэм 12-03-04. Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 6.6.6 дахь /Битүү сав, худаг, ухсан нүхэнд ажил гүйцэтгэхдээ уян хоолой бүхий баг хэрэглэх бөгөөд ажил гүйцэтгэгчийг 2 ажилчин давхар хамгаалах зорилгоор хамгаалалтын бүснээс нь татуургаар бэхлэн худаг, битүү сав, ухсан нүхний гадна байрлаж, болзошгүй тохиолдолд татаж гаргах нөхцлийг бүрдүүлж байнгын бэлэн байдалд байна заалтыг зөрчсөн байна. /хх-ийн 32-33-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Г ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба шүүгдэгч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Г эд 37.623.905 төгрөгийн төлбөр төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд /хх-ийн 74-105-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт ...цаашид эмчилгээний зардал төлж байвал өөр гомдол байхгүй..., шүүгдэгч Х.Б гийн ...цаашид гарах эмчилгээний зардлыг нь ч мөн хариуцна гэх мэдүүлгүүдийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ эрх хасах ялын санал гаргаагүй орхигдуулсныг шүүх зөвтгөж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна гэж заасан тул шүүх эрх хасах ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Б нь “ДБ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал төдийгүй 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байх хугацаанд уг гэмт хэрэг болгоомжгүй байдлаар үйлдэгдсэн байх тул түүний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцсан ажилтнаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаанд хасаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэрэг шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирол төлбөр төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б гийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцсан ажилтнаар ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч Х.Б д тус зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б нь хохирогч Ц.Г эд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 37.623.905 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөр хохиролгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА