Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 5407

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 байр, 63 тоотод оршин суух Бодонгууд овогт Оюуны Ариунтунгалаг /Регистрийн дугаар УК92031809/-ийн М.Билэггүнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.Ариунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч О.Ариунтунгалаг шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

“Би М.Билэггүнтэй 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдөр танилцаж, 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Мишээлийг төрүүлсэн юм. Нөхөр М.Билэггүн  маань 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ослоор нас барсан. Бид хоёр энэ хугацаанд манай ээж, ах, эгч нарын минь хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 6 дугаар байрны 63 тоотод амьдарч байсан. Хоёулаа өөрийн гэсэн тогтсон ажилтай, санхүүгийн хувьд бололцоотой болоод хурим хийж, гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Охин Б.Мишээлд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү” гэв.

 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч О.Ариунтунгалаг нь  нас барагч М.Билэггүнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч нь М.Билэггүнтэй 2011 онд танилцаж хамт амьдарч байсан боловч гэрлэлтээ батлуулаагүй 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр буюу М.Билэггүнийг нас барах хүртэл хамт амьдарч байсан, охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход эцэг, эхийнх нь хамтын амьдралтай байсныг тогтоосон байх шаардлагатай болсон тул дээрх байдлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

 Монгол овогт Мөнхдэлгэрийн Билэггүн /Регистрийн дугаар ТИ90070139/ нь 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нас барсныг нотлох бүртгэлийн №0000180985 дугаартай гэрчилгээ хэрэгт авагджээ. /хх-3 дугаар тал/

 

Хүсэлт гаргагч О.Ариунтунгалаг,  нас барагч М.Билэггүн нарын дундаас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Мишээл /Регистрийн дугаар УЕ14301020/ төрснийг нотлох хүүхдийн төрсний бүртгэлийн  №1110006963 дугаартай гэрчилгээ  хэрэгт авагдсан байна. /хх-6 дугаар тал/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасны дагуу бүрджээ.

 

Шүүхэд дуудагдсан гэрч  Ч.Оюун “...Миний охин О.Ариунтунгалаг 2011 оны 07 дугаар сараас М.Билэггүнтэй их сургуульд байхдаа танилцаад, 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн манайд хамтран амьдрах болсон. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Мишээлийг төрүүлсэн. Хүргэн М.Билэггүн маань хурим хийн тусдаа гарах санаатай байсан боловч гэнэтийн ослоор өөд болсон. Зээ охин Б.Мишээлд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон учир тэднийг хамтын амьдралтай байсныг гэрчилж байна” гэж мэдүүлсэн.

Шүүхэд дуудагдсан гэрч  Б.Түмэнжаргал “...О.Ариунтунгалаг нь 2011 онд миний хүү М.Билэггүнтэй танилцаад, 2012 оноос эхлэн хамтран амьдрах болсон. Тухайн үед тусад нь гаргах гэтэл миний бие хоёр дүүгийнх нь хамтаар амьдардаг, нэг оюутан дүүг нь сургуулиа төгссөний дараа гаргахаар төлөвлөж байсан ч гаргаж чадаагүй. Манай гэр Дарханд байдаг тул М.Билэггүн О.Ариунтунгалагийн гэрт хамтран амьдарч байсан. 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хамтран амьдарсан нь үнэн” гэж мэдүүлсэн.

 

Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах  нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Бодонгууд овогт Оюуны Ариунтунгалаг /Регистрийн дугаар УК92031809/ нь 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Монгол овогт Мөнхдэлгэрийн Билэггүн /Регистрийн дугаар ТИ90070139/-тэй  хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ЦЭРЭНДОЛГОР