Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 29 210/МА2024/01146

 

 

Т.ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2024/01213 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Т.

Хариуцагч: Д.Н, Д.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүссэн 157,452,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. , М. , хариуцагч Д.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч П. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Т. нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэг, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н нэртэй баарыг Ц. ээс дотор тохижилт, хөгжим техник хэрэгсэл, нэг сарын барьцаа төлбөр 4,000,000 төгрөг, үлдэгдэл бараа болох хүнс, архи, пиво гэх мэт зүйлс, үйл ажиллагаа явуулах эрхийн хамт худалдан авч, төлбөрт нь өөрийн эзэмшлийн 00 дугаар хороололд байрлах 78 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 156,000,000 төгрөгөөр тооцон өгсөн. Ингэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу хариуцагч Д.Н, түүний эхнэр Д.Э нартай тус баарыг Ц. ээс авч үргэлжлүүлэн түрээслэхээр, мөн түрээсийн төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр төлөхөөр тохиролцон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

1.2 Улмаар миний бие эрүүл мэндийн шалтгаанаар 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хонконг, Бээжинд эмчилгээ хийлгэх гэж яваад 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Монголд буцаж ирсэн. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай ажилчдыг 2 өдөр амарч байх үед Д.Н нь Н баарны хаалганы цоожны голыг дур мэдэн сольж, утсаа авахгүй, алга болсон. Хариуцагч Д.Н нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баарны хаалгыг онгойлгон өгөхөд үйл ажиллагаа явуулахад хэрэглэгдэж байсан баарны эд хогшил, зурагт, үлдэгдэл бараа болох архи, пиво гэх мэт зүйлсийг байхгүй болсон байгааг манай бааранд зохион байгуулагчаар ажиллаж байсан ажилтан Ц. надад утсаар хэлж мэдэгдсэн.

1.3 Миний бие 2017 оны 08 дугаар сард Д.Нтай уулзахад ...баарыг өөр хүнд шинээр түрээслүүлсэн, түрээсийн төлбөрийг нь хагас жилээр нь авсан. Бэлнээр 11,000,000 төгрөг, Приус маркийн автомашин авсан тул 2018 оноос эхлэн түрээсийн төлбөрийг нь чи авчих гэж надад хэлсэн. Гэвч тэрээр 2019 оны 09 дүгээр сард Н нэртэй баарыг бусдад худалдсан байсан.

1.4 Шинжээч Х ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтээр Д.Н нь надад 167,452,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 09 дүгээр 06-ны өдрийн 1547 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хаасан. Хариуцагч нь ...цаашид боломжоороо төлбөр төлөх болно гэсэн тул би авах ёстой мөнгөнөөсөө тодорхой хэмжээгээр авахын тулд аргагүйн эрхэнд гомдолгүй гэсэн тухай бүхий бичиг хийж өгөөд Д.Наас 10,000,000 төгрөг авсан.

Иймд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэж хариуцагч Д.Наас 157,452,600 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Д.Эт холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагч Д.Нын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Тухайн үл хөдлөх хөрөнгө нь Д.Эийн өмчлөлийн хөрөнгө. Шинжээчийн дүгнэлтэд байгаа эд хөрөнгө нь байгаагүй бөгөөд тус эд хөрөнгө байсан эсэхийг нотлоогүй. Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1547 дугаар тогтоолоор Гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаасан.

2.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон. Талуудын хооронд хөрөнгө шилжүүлсэн, гэрээ байгуулсан ч хожим хүчин төгөлдөр бус болсон урьдчилсан нөхцөлийг хангасан хэм хэмжээ байдаг. Ц. этэй түрээсийн гэрээ байгуулж ажиллаж байсан боловч давхар түрээсийн гэрээ байгуулаад түрээсийн тусгай зөвшөөрөл, байрны тохижилт, дотор нь байсан зүйлээр хоорондоо худалдах худалдан авах гэрээ хийсэн байсан. Энэ гэрээг байгуулахад Д.Эээс зөвшөөрөл аваагүй, дахин гэрээ байгуулаагүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 495 дугаар зүйлийн 495.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Наас 151,452,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 945,213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наас улсын тэмдэгтийн хураамжид 915,213 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.ад олгож, нэхэмжлэгч нь хариуцагч Д.Эээс татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүхээс эрүүгийн журмаар авагдсан нотлох баримтыг иргэний хэргийг шийдвэрлэх нотлох баримт болгон Д.Ныг гэм буруутай буюу хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч эд хөрөнгөө алдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Д.Ныг хүний эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан болон завшсан, залилсан гэм буруутайг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. Эрүүгийн журмаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгасан боловч дээрх эд хогшил бараа материал байсан нь тогтоогдоогүй.

4.2 Хавтаст хэргийн 4 дүгээр талд Иргэд хоорондын эд хөрөнгө солилцох гэрээ гэх баримт авагдсан. Үүнд Т. нь Ц. ээс эд хогшил тоног төхөөрөмж авахдаа төлбөрт нь Сонгинохайрхан дүүрэгт байршилтай 78 м.кв байрыг нийт 80,720,000 төгрөгөөр бодон өгсөн байна. Гэтэл анхан шатны шүүх 156,000,000 төгрөгөөр худалдан авсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Х ХХК-ийн үнэлгээнд авагдсан эд хөрөнгүүд бодит байдал дээр байсан эсэх, Д.Н тухайн эд хөрөнгүүдийг захиран зарцуулсан эсэх, үнэлгээ бодитой эсэхийг бусад нотлох баримтуудаар нотолж тогтоогоогүй, үнэлгээг нэхэмжлэгчийн гаргасан жагсаалтын дагуу үнэлсэн. Түүнчлэн, хөрөнгийг ашиглагдаагүй буюу цоо шинэ гэж элэгдэл хорогдол тооцоогүй.

4.3 Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад бий болсон дээрх нотлох баримтуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжтой хэдий ч эдгээр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Хавтаст хэргийн 86 дугаар талд авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн прокурорын газрын тогтоолоор гэмт хэргийн шинжтэй байна, Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр  хаасан. Гэвч дараа нь прокурорын хариу мэдэгдэх хуудсаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан,  гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хаасан. Гэхдээ иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх боломжтой гэж эрүүгийн хэргийг хаасан. Анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан материал, Т.,  н. э, Д.Н, Д.Эийн мэдүүлэг, Д.Н, Т. нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг, иргэд хоорондын эд хөрөнгө солилцох гэрээ, Х ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг анхан шатны шүүхэд тал бүрээс нь нэг бүрчлэн үнэлж, бүх мэдүүлгүүд дээр үндэслэсэн, талууд дээрх нотлох баримтуудыг няцаагаагүй.

5.2 Х ХХК-ийн дүгнэлтээр Д.Н шөнийн цэнгээний газрын цоожийг сольж, доторх эд хөрөнгүүдийг гаргаж хаях үеэр 167,452,000 төгрөгийн эд хөрөнгө дотор нь байсан талаарх дүгнэлт гарсан. Энэ нь ганцхан Х ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдохгүй. Өөрөөр хэлбэл, анх Т. н. э гэх хүнээс 156,000,000 төгрөгийн эд хөрөнгө авч, үргэлжлүүлэн тус шөнийн цэнгээний газрыг ажиллуулж байсан. Ингэхдээ дотор нь дахин нэмэлт тоног төхөөрөмжүүд нэмсэн, эд хөрөнгүүд нэмэгдэж байгаа. Энэ бүрд хөрөнгө ихсэж байсан. Нэхэмжлэгчийг эмчилгээнд явсан хойгуур нь шөнийн цэнгээний газрын цоожийг сольж, доторх эд ангиудын зармыг нь гаргаж хаясан байдаг. Үүнтэй холбоотой 31,000,000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

5.3 Хожим Т.аас хойш н.С гэх хүнд Д.Н өөрийнхөө эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж н.С гэх хүнд дамжуулан түрээсэлсэн. Энэ нь н. ын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Дотор нь ямар хэмжээний эд хөрөнгөтэй байсан, ямар байдлаар түүнийг үргэлжлүүлэн түрээсэлсэн талаар тогтоогдож байна. Тиймээс ганцхан Х ХХК биш, хэрэгт авагдсан баримтууд, анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлгээр дотор нь эд хөрөнгө байсан, тухайн эд хөрөнгийг Д.Н дур мэдэн захиран зарцуулсан болох тогтоогдож байна.

5.4 Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасны дагуу Х ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан нь үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Т. нь хариуцагч Д.Н, Д.Э нарт холбогдуулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүссэн хохиролд 157,452,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нартай тус баарыг Ц. ээс авч үргэлжлүүлэн түрээслэхээр тохиролцон үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж тодорхойлсон.

3.1 Хариуцагч Д.Н дээрх шаардлагыг ...нэхэмжлэгч нь хариуцагчаас зөвшөөрөл авалгүй Ц. этэй түрээсийн гэрээ байгуулсан гэж үгүйсгэн маргажээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4.1 Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ түрээсийн гэрээний үүргийн зөрчлийн дагуу, эсхүл үндэслэлгүй хөрөнгөжих буюу хуулиар үүсэх үүргийн зөрчилтэй холбоотой бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүргийн зөрчлийн дагуу шаардаж буй эсэхийг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, уг үндэслэлийг тодруулснаар талууд тодорхой асуудлаар маргах, улмаар шүүх тухайн маргаанд холбогдох хуульд заасан тохирох хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэх үндэслэл бүрдэнэ. Иймд хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн Х ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчийн мэдүүлэг /хх17-46, 65-85/ зэрэг баримтуудыг анхан шатны шүүх хэрэгт шууд хамааруулан дүгнэж, шийдвэрийн үндэслэл болгосон нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, тухайн баримтууд нь эрүүгийн хэрэгтэй холбоотой буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өөр тул тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн баримт нь тухайн иргэний маргаанд бусад нотлох баримтаар дэмжигдэх учиртай.

5.1 Түүнчлэн, хэргийн 133 дугаар талд авагдсан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Тэмдэглэл гэх бичгийн баримтад Т. миний бие нь Д.Наас хохирлын мөнгө 10,000,000 төгрөгийг Хаан банкны 5063164222 дансаар авахаар тохиролцов. Нэмж 2,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөн дансанд шилжүүлэн хийхээр тус тус тохиролцов гэж, Т.Чинтбат, Д.Н нар хүлээн зөвшөөрсөн гэж гарын үсгээ зурсан байна. Тухайн баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий байж болзошгүй байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй, анхан шатны шүүх энэ талаар талуудаас тодруулаагүй байх тул давж заалдах шатны шүүх уг баримтыг үнэлэх боломжгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байна.

6. Дээрх байдлаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс талууд бүрэн мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх буюу хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2024/01213 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 915,213 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСГАЛАН