Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 37

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Б.О /өөрийгөө өмгөөлсөн/,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.От холбогдох эрүүгийн 1928000000018 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1997 оны 08 дугаар сарын 17-нд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “ЭО ” дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 6, аав, ээж, ахын хамт Өмнөговь аймгийн Сэврэй сумын ..................... гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, Шажин залан овгийн Б.О /регистрийн дугаар ............................/

 Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

             Шүүгдэгч Б овогтой Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 08-нд 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт баг, Нурууны ар гэх газар Д.О ыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.От холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.О нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: ”2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай саахалт айлын Э манайд машинтайгаа эхнэр хүүхэдтэйгээ ирсэн байсан. Манай аав Д.О той яриад сууж байсан. Д.О ы дүү Б  бид 2 гадаа тамхи татаад сууж байхад гэрт хүн зодолдох чимээ гарч ороод очиход манай аавын нүд хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан. Тэгээд Э  бид хоёр Отгоо аав хоёрыг салгаж гадаа гараад удалгүй аав Д.О  хоёр учраа ололцсон. Тэр үед аавын дүү Ба аав руу утсаар залгаж ярьсан. Аав Ба ахтай ярихдаа ах нь хүнээр зодуулчихсан өнөөдөр тэсэхгүй юм шиг байна гэж уйлж ярьсан. Ярьж дуусаад аав гадаа гараад цусаар бөөлжсөн. Тэгээд би аавыгаа өрөвдөөд гэрт байсан Соёрхол архинаас хэд балгачихаад Д.О ы гэрт нь очиж зодсон. Д.О  гэртээ орон дээрээ хэвтэж байсан. Би аав ээжийн гэрээс хүүхдийн баас арилгадаг байсан улаан иштэй хутгыг авч явсан байсан. Түүгээрээ ширээнд нь зоож хугалаад ишээр нь Д.О ы нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохьсон. Орон дээрээс татаж унагаад баруун талын нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Хажууд тавагтай хэвийн боорцог байхаар нь тэндээс нь авч хэвийн боорцгоор 3-4 удаа цохьсон.  Тэр үед ээж манай ах Б.Э  хоёр орж ирж бид хоёрыг салгасан. Тэгээд түргэн дуудсан ийм үйл явдал болсон.” гэв.

Эрүүгийн 1928000000018 дугаартай хэргээс:

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “Үзлэгийг хэрэг гарсан гэх Д.О ы гэрт орж хийхэд гэр доторх тавилга эмх цэгцтэй гэрийг цэвэрлэн хэрэг гарсан ул мөр арилсан байв. Хэргийн газрын үзлэгт оролцогч Д.О  хэрэг болох үед өөрийн хэвтэж байсан гэх зүүн хойд талд байх ногоон өнгийн бүтээлэгтэй модон орыг зааж түүний доогуур ухаж Б.О гэрт  орж ирэхдээ гартаа барьж байсан гэх улаан өнгийн хуванцар иштэй иш нь голоороо салж ажлын хэсэг нь хугарч төмөр иш нь цухуйсан ажлын хэсэг нь ирнийхээ төгсгөл хэсгээр сугарсан уг хутганы ажлын хэсэг нь голоороо муруйсан хутга гаргаж өгөв. Үзлэгт оролцогч Б.О уг хутгыг миний барьж орж ирсэн хутга мөн гэв. Д.О  цааш яван гэрийн баруун талын урд мухраас тортой зүйл гаргаж ирэн дотроос нь цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хугарсан хэвийн боов гаргаж үзүүлэн энэ боовоор миний толгой руу цохьсон гэв. Үзлэгт орлцогч Б.О гэрийн хойморт байх модон ширээг заан энэ ширээн дээр би барьж байсан хутгаа зоож авсан гэв. Уг ширээнд үзлэг хийхэд ширээний нэг хөл сугарч салсан ширээний тавцангийн баруун урд буланд хутга зоогдсон ором үүсч гялгар бүтээлэг нь зүсэгдсэн байв. Схем зураг,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-5, 6, 7-12 дугаар хуудас/

           Хохирогч Д.О  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 02 дугаар сарын 08-нд 17 цагийн орчимд намайг гэрт байхад гаднаас Д.Б , Б.О, Б  гурав орж ирсэн. Д.Б  архи уусан согтуу байсан. Д.Б  надаас дүүгээ өгчих хэд хоног гэртээ малчнаар авъя гэж гуйсан. Би миний хөл өвдөөд байгаа би Б г өгч чадахгүй гэж хэлсэн. Энэ үед Б , Б.О хоёр гэрээс гарч явсан байсан. Тэгтэл Д.Б  уурлаж ширээн дээр байсан аягыг авч над руу шидэж чи хаана яваагаа мэдэж байгаа юу муу гуйлгачин минь гэж намайг доромжилсон. Би хариуд нь Монгол улсын иргэн хаана явахаа чамаар заалгахгүй гэж хэлсэн. Энэ үед гадаа машин дуугарч гаднаас Э , түүний эхнэр Бо, Б  гэх гурван хүн гэрт орж ирсэн. Э, Бо, Б  гурвыг гэрт орж ирсэн дараа Д.Б  согтуудаа надад агсам тавьж босож ирээд намайг барьж аван цохихоор гар далайсан. Тэгэхэд нь би Д.Б ийг нэг удаа нүүрэн тус газар нь цохиод өөрөөсөө холдуулж түлхсэн юм. Гэрт байсан Э , Бо, Б  нар Д.Б ийг хорьж барьж авсан. Д.Б  бид хоёр эвлэрч нэг нэгнээсээ уучлалт гуйсан. Э , Болцэцэг, Б , Н  нар манайхаас явсан. Удалгүй Д.Б  өөрийн хүү Б.Оын хамт мөн явсан. Тэгтэл 19 цагийн орчимд байх гэж бодож байна манай дүү Б  мотоцикль, машинтай хүмүүс ирж байна өөрийг чинь ална гээд орилоод байна хоёулаа зугтаахуу гэж надад хэлсэн. Би явахгүй амарлаа чи явбал яв гэж хэлсэн. Тэгээд Б  зугтаалаа гээд явсан. Тэгтэл гаднаас Д.Б ий хүүхэд Б.О нэлээн согтуу байдалтай гэрт орж ирээд гэрлээ асаа гэж хэлсэн. Тухайн үед гэрт зурагт ассан зурагтын гэрэлтэй байсан. Би босч гэрлээ асаахад Б.О гартаа улаан өнгийн иштэй жижиг хутга барьчихсан, барьсан хутгаа ширээн дээр шааж аваад чамайг ална манай аав тэнд үхэх гээд байна гэж хэлээд над руу дайрсан. Б.Оын барьсан хутга нь ширээн дээр шаагаад авахад хутганых нь үзүүр нь муруйсан байсан. Би Б.Оын хутга барьсан гартай нь зууралдаж байгаад баруун гарынхаа шуун дээр хутгаар нь зүсүүлсэн. Би ноцолдож байгаад хутгыг нь Б.Оаас булааж аваад холдуулж шидсэн. Тэгтэл Б.О гараараа миний нүүр рүү 2 удаа цохиод яасан гар өвтгөдөг пизда вэ гээд намайг газар унагаад миний дээрээс дарж сууж байгаад тавагтай хэвийн боовноос авч миний нүүр рүү хэвийн боовоор хэд хэдэн удаа цохиж намайг дэвсэж өшиглөсөн. Тэгээд би юу болсныг санахгүй байна ухаан алдсан байсан. Надад арц үнэртэж би ухаан орсон. Намайг сэрэхэд гэрт Д.Б  надад арц үнэртүүлж байсан. Түүний эхнэр нь миний хөлийг барьж байсан. Удалгүй эмч ирээд намайг эмчилж сумын төв рүү авч явсан. Гэрт өөр ямар хүмүүс байсныг нь би санахгүй байна. Би архи уугаагүй эрүүл байсан. Миний нүүр нүд хавдаж, толгой дүүрч их өвдсөн. Мөн толгой орой дээрээ шалбарсан байсан. Миний үндсэн өөрийн 1 шүд мултарч унасан, хиймэл шүд хугарсан байсан. Одоогоор миний мэдэх надад учирсан гэмтэл энэ байна.” “Би сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж дараа нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ирж нарийн мэргэжлийн эмчид биеэ үзүүлж тархины томографийн шинжилгээ өгсөн. Б.О миний эмчилгээ, замын зардал, шинжилгээний төлбөр бүгдийг нь төлсөн. Мөн Б.О надад хохирлын нөхөн төлбөр гээд 650.000 төгрөг өгсөн. Эмчилгээний зардал хохирлын нөхөн төлбөрт нийт 1.316.000 төгрөг надад өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ би Б.От зодууулснаас болж даралт ихсэж ухаан алдаж унах гээд байдаг болчихсон тул гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 22-23, 24-25 дугаар хуудас/

Гэрч Д.Д.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...“Маамагийн туслах малчин хийдэг Б , Д.О  гэх ах дүү хоёрын дүү Б тай нь цагаан сараас өмнө уулзаж манайд түр ажиллаад өгөх боломж байгаа эсэх талаар асууж байхад Б  надад ах би танайд ер нь 7 сар болтол ажиллъя гэж хэлж байсан юм. 2019 оны 02 дугаар сарын 08-нд би өөрийн хүү Б.Оын хамт явж Э гийн гэрт байсан Б г аван ах Д.О оос нь Б г гэртээ туслах малчнаар ажиллуулах зөвшөөрөл авахаар очсон юм. Маамагийн гэрт очиход туслах малчин Д.О  ганцаараа байсан. Д.О оос дүү Б г нь туслах малчнаар авч ажилуулъя гэхэд Д.О  миний хөл муу гээд дургүйцсэн. Би Б  манайд ажиллах дуртай байна шүү дээ. 7 хоног манайд ажиллуулчихад яадаг юм гээд хоорондоо маргалдсан юм. Тэгтэл Д.О  уурлаад цайны шаазан аяга барьж аваад над руу шидсэн. Тэр аяга нь миний зүүн нүдийг оносон. Би уурлаж босоод Д.О ыг барьж аван дараад унагасан. Тэгтэл гаднаас Э , өөрийн эхнэр О , Н  гурав орж ирээд Д.О  бид хоёрыг салгасан. Тэгээд Д.О  бид хоёр ярилцаж ойлголцоод эвлэрч Д.О  надаас уучлалт гуйж Б г манайд ажиллуулахаар болсон. Э , О , Н  гурав явсан. Удалгүй би хүү Б.Оын хамт гэр рүүгээ явсан. Гэртээ очоод байж байхад би элэгнийхээ өвчнөөс болж цусаар бөөлжихийг манай хүү Б.О хараад аавыг алчихлаа гэж уурлаад мотоциклио унаад Д.О той уулзахаар Маамагийн гэр рүү явсан. Хэрэг тарих нь гээд араас нь ээж Д , ах Б.Э  хоёр явсан. Манай хүү Б.Э  хэсэг хугацааны дараа эргэж ирээд Б.О хүн алчихлаа гэж хэлээд эргээд ирсэн. Би Б.Э тай хамт явж Б.О дээр очиход Д.О  ярьж чадахгүй бие нь их хүнд байгаа байдалтай нүүр толгой нь битүү хавдартай хөхөрсөн байсан. Д.О ыг манай хүү Б.О зодсон байсан. Араас нь ах Б.Э  нь очиж салгаагүй бол Б.О Д.О ыг зодож алах байсан байх. Б.О Д.О ыг зодохыг Б  хараад айгаад уул руу гарч нуугдсан байсан. Нурууны ард А  эмч ажилтай явж байгааг дуулаад эмчийг дуудаж Д.О ы биеийг үзүүлсэн. Эмч шөнөө Д.О ыг сумын эмнэлэг рүү авч явсан. Би Д.О ы биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Би архи уусан бага зэрэг халамцуу байсан. Б.О аавыгаа өмөөрч Д.О ыг зодсон байсан. Б.О гар хөлөө ашиглан Д.О ыг зодсон гэж өөрөө надад хэлсэн. Д.О ы нүүр нь битүү хөхөрч хавдсан байсан. Б.Оын биед гэмтэл учраагүй байсан.” гэх мэдүүлэг /28-29 дүгээр хуудас/

Гэрч Д.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Сар шинийн баярын өдрөөс хэд хоногийн өмнө малын эзэн Маамагийн гэрт байхад Д.Б  ах ирж сар шинийн дараа би аймаг явж биеэ эмчлүүлэх ажилтай явна гээд намайг бүлээр 7 хоног ажиллаад өгөөч гэж гуйсан. Би болох байх гэж хэлсэн. 2019 оны 02 дугаар сарын 08-нд би Нурууны ард Э  гэх айлд бүлээр түр ажиллаж байхад Д.Б  ах өөрийн хүү Б.Оын хамт ирж би аймаг руу эмчилгээнд явлаа дээр ярьж байснаараа манайд хэд хоног ажиллаад өгөөч гэж гуйсан. Би ахаас асуугаад зөвшөөрвөл тэгье гэж хэлсэн. Тэгээд Д.О  ахаас асуухаар Д.Б  ах түүний хүү Б.Оын хамт Д.О  ахтай уулзахаар Маамагийн гэрт очсон юм. Д.Б  ах намайг бүлээр авч ажиллуулах талаар Д.О  ахаас асуухад Д.О  ах миний хөл өвдөөд байна Б г өгч чадахгүй гэж хэлсэн. Би Б.Оын хамт тамхи татахаар гэрээс гарсан. Б.О бид хоёрыг гадаа байж байхад Э  ах эхнэр О гийн хамт ирээд гэр рүү орсон. Мөн араас нь Н  ирж Б.О бид хоёртой хамт гадаа тамхи татацгаасан. Гадаа тамхи татаад байж байхад гэрт хүмүүс чанга дуугарцгаасан. Юу болов гэж бодоод гэрт ороход Д.Б  ахын зүүн талын нүд орчим хэсгээс нь цус гарч байсан. Д.Б  ах танай ах чинь цохьчихлоо шүү дээ гэж надад хэлсэн. Д.Б  ах тайвширч Д.О  ахтай эвлэрч Д.О  ах бид хоёрыг үнсээд хүү Б.Отайгаа хамт гэр рүүгээ явсан. Хэсэг хугацааны дараа ойролцоогоор 19 цагийн орчимд Б.О мотоциклио уначихсан их хурдтай алнаа гээд хашиграад гэрийн гадаа ирсэн. Уул нь бол Б.О аавтайгаа хамт гэрээс явахдаа эрүүл байсан юм. Эргэж ирэхдээ халамцуу архи уусан байдалтай ганцаараа ирсэн. Араас нь машинтай хүн ирж байгаа харагдсан. Би айгаад ахдаа хоёулаа зугтъя гэж хэлэхэд Д.О  ах чи яваа би явахгүй гэж хэлсэн. Тэгээд би ганцаараа зугтаад гэрээс хойшоо уулын жалганд орж нуугдсан. Би 4 цаг шахам нуугдсан. Гэрт юу болсныг нь би мэдэхгүй. Б.Оын ээж Д  эгч намайг хайгаад Б  зүгээрээ миний хүү хаана байна гараад ирээ ах чинь ухаан алдчихлаа гээд хашгираад байсан. Би тэгээд нуугдаж байсан газраасаа гараад Д  эгчтэй уулзаад гэр рүү явсан. Намайг гэрт очиход сумаас эмч ирчихсэн Д.О  ахын биеийг үзэж байсан. Д.О  ахын нүүр ам толгой нь их хавдсан ярьж чадахгүй байсан. Д  эгч надад хэлэхдээ манай хүү Б.О ахыг чинь зодоод ийм болгочихсон гэж хэлсэн. Тэгээд энэ өдрийн шөнөө эмч Б.О ахыг сумын эмнэлэг рүү авч явсан.” гэх мэдүүлэг /хх 30-31 дүгээр хуудас/

Гэрч Б.Б.Э  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 02 дугаар сарын 08-нд би ээж Бумаагийн хамт айлд очиж мал ялгаж яваад 19 цагийн орчимд гэртээ ирэхэд аавын зүүн нүдний хөмсөгний орчимд шалбарчихсан цус гарч байсан. Ээж бид хоёр аавын цусыг цэвэрлэж байхад Б.О мотоциклио унаад явсан. Ааваас юу болсныг асуухад Маамагийн туслах малчин Д.О ы дүү Б г бүлээр гуйх гэж очоод Д.О той муудалцаад Д.О  уурандаа аяга шидээд цохьчихсон юм гэж хэлсэн. Тэгтэл ээж Б.О мотоциклио унаад Маамагийнх руу явчихлаа айлд очиж зодоон хийж магадгүй араас нь явъя гэж хэлсэн. Тэгээд ээжтэйгээ хамт би машинаа унаад Б.Оын араас Маамагийн гэрт очиход Б.О Д.О ы дээр нь гараад суучихсан хашгираад агсарч байсан. Ээж хажууд нь салгах гээд хүн алчихлаа гээд орилоод татаж байсан. Би шууд Б.Оыг татаж босгоод гэрээс гаргасан. Д.О  гэх хүн ухаан алдсан байдалтай хялайчихсан хамарнаас нь цус гарчихсан нүүр нүд нь хавдчихсан байсан. Манай ээж Д.О ыг ухаан оруулах гээд арц үнэртүүлж сэргээсэн. Би Б.Оаас чи яагаад хүн зодож байгаа юм бэ гэхэд аавыг өмөөрөөд зодчихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх32-33 дугаар хуудас/

Гэрч Э.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би дуудлагыг хүлээн авч очиход бусдад зодуулсан байдалтай нүүр толгой нь хавдсан, ухаан санаа тогтвортой бус эрэгтэй хүн байсан. Өвчтөн нь Маамаг гэх айлын туслах малчин Д.О  гэх хүн байсан ба тархины битүү гэмтэлтэй байсан. Би Д.О  гэх өвчтөнд тархины хаван бууруулах, цус тогтоох, сэргээх болон таталт бууруулах эмчилгээ хийсэн. Д.О ы биеийн байдал хүнд тогтворгүй байсан тул уг өвчтөнийг Сэврэй сумын эмнэлэг рүү хэвтэж эмчлүүлэхээр тээвэрлэн 01 цаг өнгөрч байх үед авч явсан. Сумын төвд 04 цаг өнгөрч байхад ирж Д.О ыг эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээг үргэлжлүулэн хийсэн. 2019 оны 02 дугаар сарын 09-ний өглөө хэсгийн төлөөлөгчид уг асуудлын талаар мэдээлэл өгсөн. Тухайн үед өвчтөн Д.О  ухаан санаа тогтвортой бус цагдаад мэдүүлэг өгөх боломжгүй байсан. Д.О ы биеийн байдал муу байсан тул 5 хоног сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаад 2019 оны 02 дугаар сарын 13-нд Өмнөговь аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төв рүү шилжүүлсэн. Д.О ы биед үзлэг хийж эмчилгээ хийхэд тархи  толгойдоо гэмтэл авсан, нүүр нүд нь битүү хавдартай, баруун гарын шууны дотор талд зүсэгдсэн шархтай бусдад зодуулсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх 34-35 дугаар хуудас/

Гэрч Б.Д  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн том хүү Б.Э ын хамт малдаа яваад 18 цаг өнгөрч байх үед гэртээ ирсэн. Гэрт ирэхэд манай нөхрийн зүүн нүдний зовхиноос цус гарсан архи уусан халамцуу байсан. Би юу болсон талаар асуухад манай нөхөр Д.Б  надад хэлэхдээ Маамагийн туслах малчин Д.О ы дүү Б г гуйж авахаар яваад Д.О той муудалцаад цохиулчихлаа гэж хэлсэн. Д.Б  өөрийн дүү Батай утсаар ярьж ах нь ер нь тэсэхгүй юм шиг байна үхэхнээ гэж хэлэхэд Б.О уурлаад гэрээс гараад мотоциклио унаад явсан. Би бодохдоо өөрийн аавыгаа өрөвдөөд Д.О той уулзахаар явчихлаа, уурандаа хүн зодох вий гэж бодоод том хүү Б.Э ын хамт араас нь явсан. Очиход гэрийн зүүн талын орны хажууд Д.О  газар хэвтсэн байдалтай манай хүү Б.О аав үхэх гээд байна гээд орилоод нэг гараараа ор нүдээд нөгөө гараараа газар тулчихсан Д.О  дээр сууж байсан. Би Д.О ыг харахад ухаан алдсан байдалтай гар хуруу нь татсан байдалтай байсан. Би унинд хавчуулаатай байсан ягаан эмийг авч Д.О д уулгасан. Гадаа Б.О би хүн алчихлаа гээд сандраад уйлаад байсан. Би эмч дууд, Б.Оыг гэрт хүргэж өг гээд Б.Э ыг явуулсан. Б.Э , Б.О нар эмч дуудсан байсан.” гэх мэдүүлэг /хх 36-40 дүгээр хуудас/

Гэрч Ч.Бо мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Маамагийн туслах малчин Д.О  гэх хүний дүү Б  гэх залууг гуйж гэрт малаа харуулан түр үлдээсэн юм. 2019 оны 02 дугаар сарын 08-нд бид гэр рүүгээ буцах замдаа Маамагийн гэрийн урдуур гарсан юм. Маамагийн гэрийн гадаа манай мотоцикль зогсож байсан. Манай нөхөр мотоциклио харж таниад Б  энд байгаа юм байна уулзаад гаръя гээд зогссон. Гэрт Эрдэнэбаатар бид 2 орж очиход Д.О  ах, Д.Б  ах, Д.О  ах, Б  4 байсан. Д.Б  ах Д.О  ахаас дүү Б гаа туслах малчнаар түр өгөөч гэж гуйсан. Гэтэл Д.О  ах миний хөл өвдөөд байна Б г өгч чадахгүй гэсэн. Д.Б  ах, Д.О  ах хоёр маргаад байсан. Энэ үед Б.О, Б  хоёр гэрээс гарсан байсан. Д.О  ах дүү Б гаа өгч чадахгүй гэхэд Д.Б  ах уурлаж ална шүү гээд босох гэхэд нь Д.О  ах босоод Д.Б  ахыг заамдаж бариад арагш нь түлхэж дарж унагасан. Д.Б  ах унахдаа авдранд нүдээ цохиж зүүн нүднийхээ зовхийг бага зэрэг шалбалсан байсан. Манай нөхөр Э очиж салгасан. Энэ үед гадаа байсан Б.О, Б  хоёр орж ирсэн. Мөн Батдэлгэр ах Н  ах гэрт орж ирсэн. Манай нөхөр Д.Б  ахыг аваад гарсан байсан. Гэтэл Д.Б  ах гэрт орж ирээд уурлаж бухимдан аяга авч Д.О  ах руу шидсэн. Д.Б  ахын шидсэн аяга нь Д.О  ахыг оноогүй. Тэгээд байж байтал Д.Б  ах, Д.О  ах хоёр эвлэрч нэг нэгнээсээ уучлалт гуйсан.” гэх мэдүлэг /хх 41-44 дүгээр хуудас/

Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...”Манай гэр бүлийнхэн бүгд 2019 оны 02 сарын 06-нд Богд сум руу явж гэрт Б  ганцаараа үлдсэн. 2019 оны 02 сарын 08-нд буцаад гэр рүүгээ явж байхад Маамагийн өвөлжөөний гадуур гарахад Д.О ы гэрийн гадаа манай мотоцикль байж байсан. Би Б г ах дээрээ ирсэн байгаа юм байна гэж бодоод гэрт ороход Д.О , Б , Д.Б  ах, түүний хүү Б.О нар байж байсан. Д.Б  ах ганцаараа архи уусан байдалтай байсан. Д.О , Б , Б.О нар архи уугаагүй байсан. Д.Б  ах Б г гэртээ бүлийн хүнээр авахаар гуйж байсан. Д.О  миний хөл өвдөөд байна Б г өгөхгүй гэж хэлсэн. Д.Б  ах Д.О ыг ална шүү гэж хэлээд босох гэтэл Д.О  явж очоод Д.Б  ахыг заамнаас нь барьж аваад түлхэж унагасан. Би очиж салгаад Д.Б  ахыг гэрээс гаргаад явуулах гэсэн чинь явахгүй буцаж гэр рүү ороод гэрт байсан аягыг авч Д.О  руу шидсэн боловч оноогүй. Энэ үед Б , Б.О нар гэрээс гарсан байсан. Тэгж байтал Д.Б  ах тайвширч Д.О оос уучлалт гуйж эвлэрсэн. Хэрүүл маргаан болж байх үед Н , Батдэлгэр хоёр мөн энэ айлд орж ирсэн. Тэгээд Н , Б бид нар явцгаасан. Д.О , Б , Д.Б  ах, Б.О хэд үлдсэн.” гэх мэдүүлэг /хх 45-47 дугаар хуудас/

Гэрч Н.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 02 сарын 08-нд 17 цагийн орчимд нутгийн айлаа хэсэж яваад Маамагийн туслах малчныд очсон. Гэрт ороход Д.О , Д.Б , Э, Бо, Д.О ы дүү гэх Б , Б.О, Батдэлгэр нар байсан. Д.Б ий зүүн нүдний хөмсөг орчим хэсэгт шалбарсан байдалтай согтуу байсан. Бусад хүмүүс нь архи уугаагүй эрүүл байсан. Би яг юу болсныг мэдээгүй...Д.Б  уурандаа ширээн дээр байсан аягануудыг тарааж шидсэн. Гэхдээ тарааж шидсэн аяга нь хэн нэгнийг оноогүй. Удалгүй Д.Б  Д.О  хоёр эвлэрч нэг нэгнээсээ уучлалт гуйсан.” гэх мэдүүлэг /хх 48-49 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 сарын 22-ны өдрийн №119 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  “1. Д.О ы биед зүүн чамархай ясны цууралт, тархины доргилт, хуйхны язарсан шарх, баруун нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний доод зовхи, хацрын зулгаралт, баруун гарын тохой, шууны эсгэгдсэн шарх, цус хуралт гэмтлүүд үүсчээ. 2. Баруун тохой, шууны эсгэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 4. Цаашид гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 51 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 сарын 18-ны өдрийн №118 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  “1. Д.Д.Б ийн биед зүүн нүдний дээд зовхины жижиг язарсан шарх гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. 4. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх 53 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 сарын 21-ний өдрийн №120 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  “1. 2. 3. 4. Б.Оын биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт /хх 55 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Манай аав Д.Б ий элэг нь өвдөөд цусаар бөөлждөг болчихсон юм. Сумын эмнэлэгийн эрхлэгч эмч А сар шинийн баяр өнгөрөөгөөд аймаг явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ өгөөрэй гэж хэлсэн байсан юм. Аав тэгээд Маамагийн туслах малчин Д.О  гэх хүний дүү Б  гэх хүнтэй сар шинийн баяраас өмнө уулзаж хэд хоног бүлийн хүнээр гэрт ажиллаад өгөөч гэж гуйхад нь болох байх гэж Б  хариулсан юм байна лээ. Тэгээд сар шинэ хуучирч аав Даланзадгад сум руу явж биеэ үзүүлэхээр болж гэртээ бүлийн туслах малчин түр авах хэрэгтэй болсон. 2018 оны 02 дугаар сарын 08-нд Э  ахынд түр бүлээр ажиллаж байгаа Д.О  гэх хүний дүү Б тай уулзахаар аав намайг дагуулж Э  ахын гэр рүү явсан юм. Э  ахынд очоод Б тай уулзаж өөрийн гэртээ бүлээр авч ажиллуулах талаар хэлэхэд болох байх гэхдээ манай ах Д.О оос зөвшөөрөл авчихаад очно гэж хэлсэн. Тэгээд аав бид хоёр Б г дагуулаад Маамагийн гэрт туслах малчнаар ажиллаж байгаа Д.О той уулзахаар гэрт нь очсон юм. Аав тухайн үед архи уучихсан согтуу байсан. Аав Д.О  ахаас дүү Б г нь авч гэртээ хэд хоног ажиллуулъя гэж гуйхад Д.О  ах миний хөл өвдөөд байна Б г өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд аав Д.О  ах хоёр ам зөрж муудалцсан юм. Б  бид хоёр тамхи татахаар гэрээс гарахад гэрийн үүдэнд машин ирж зогсоод Э  ах өөрийн эхнэр Боийн хамт мөн Б  ахтай хамт бууж ирээд гэр рүү орцгоосон. Э  ахын эхнэр Боийг нутгийнхан О  гэж бас дууддаг юм. Удалгүй араас нь Н  ах машинтай ирсэн. Н  ах Б  бид гурав гэрийн гадаа тамхи татаад байж байхад гэрт хүмүүс муудалцах хашгиралдах чимээ гарсан. Юу болоод байгааг харахаар Б , Н  ах бид гурав гэрт орж очиход аавын зүүн нүдний хөмсөг орчим хэсгээс нь цус гараад шалбарсан байсан. Юу болсон талаар би асуухад Э  ах хэлэхдээ, аав чинь юм мөргөчихлөө гэж надад хэлсэн. Тэгээд аав тайвширч Д.О  ах аав хоёр эвлэрч нэг нэгнээсээ уучлалт гуйсан. Э  ах, Бо эгч, Б  ах, Н  ах 4 явцгаасан. Би аавыг аваад гэр рүүгээ явсан. Д.О  ах өөрийн дүү Б гийн хамт гэртээ үлдсэн. Гэрт ирээд байж байхад аав цустай зүйлээр бөөлжсөнөө өөрийнхөө дүү Батай утсаар ярьж ах нь хүнээр зодуулчихлаа үхэхнээ гэж хэлсэн. Тэр үгийг нь би сонсчихоод уур хүрч өөрийнхөө гэрт орж ширээн дээр байсан шилтэй архинаас шилнээс нь шууд хэд хэд балган уугаад эргээд аав ээжийн гэрт орж малгайгаа авч өмсөхдөө аавын гэрийн шкаф дээр байсан улаан иштэй жижиг хутгыг аваад өөрийнхөө мотоциклийг унаад Д.О ы гэр рүү шууд явсан.” “...Д.О ы гэрт очиход Д.О  ах орондоо ороод хэвтчихсэн гэртээ ганцаараа байсан. Д.О  ах надаас дүү энд юу хийж яваа юм гэж асуухад нь би манай аав тэнд үхэх гээд хэвтэж байна гэж уурлаад аавын гэрээс авсан хутгаа ширээн дээр нь зоогоод авахад Д.О  ах дүү ингэж болохгүй яагаад байгаа юм бэ гэж надад хэлэхэд нь би үгийн зөрөөгүй нүүрэнд нь 2 цохиж аваад хутга барьсан гараараа далайхад Д.О  ах миний хутгыг гарнаас салгах гээд хутга барьсан гартай зууралдсан. Д.О  ах миний гарт байсан хутгыг гарнаас салгаж аваад холдуулж шидсэн. Тэгээд би Д.О  ахтай барилцаж аваад орон дээр нь дарж дээр нь мордож суугаад зүүн талын шанаа руу нь 1 удаа цохиод орноос нь татаж унагаагахад Д.О  ах газар байсан түмпэн дээр нуруугаараа дарж унасан байсан. Би Д.О  ахын цээжин дээр 1 удаа дэвсэж өшиглөсөн. Ширээн дээр байсан тавагтай идээ нь нурж унасан. Хэвийн боов нь газар бутарсан байсан. Би газар шалан дээр байсан хэвийн боовноос авч хэвийн боовоор Д.О  ахын толгой нүүр рүү нь цохьсон. Хэвийн боовоор цохиход боов хагарч бутарч байсан болохоор би өөр хэвийн боов аваад нийт 4 удаа хэвийн боов авч 4 удаа Д.О  ахын нүүр толгойнд нь цохьсон. Намайг Д.О  ахын дээр суугаад цохиж байхад гаднаас манай ээж гэрт орж ирж чи хүн алчихлаа ш дээ гээд салгах гэж татсан. Араас нь Б.Э  ах орж ирээд намайг татаж аваад гэрээс гаргасан. Би гадаа хэсэг байж тайвширч байгаад гэрт эргээд орж очиход ээж надад эмнэлэг түргэн дууд гэж хэлсэн. Тэгээд би гэр рүү явж гэрийн утсаар сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Э.А  эмчийг Нурууны араар явж байгааг манай ах Б.Э  мэдсэн байсан юм байна лээ. Б.Э  ах араас ирээд Э.А  эмчид дуудлага өгсөн. Тэгээд эргээд Д.О ы гэрт очоод байж байхад удалгүй Э.А  эмч ирсэн. Эмч ирээд Д.О  ахын биеийг үзээд эмчилгээ хийж дуусахаараа сум руу авч явна гэж хэлсэн. Э.А  эмч хэлэхдээ Д.О ы дүү Б  чамаас айгаад гэрээсээ гарч зугтаагаад одоо болтол ирээгүй байна явж ол гэж хэлсэн. Ээж Б.Э  ах хоёр яваад Б г олж ирсэн. Би архи уугаад дотор халсан байсан. Гэхдээ болсон зүйлийг бүрэн санаж байгаа. Би Д.О  ахыг зодож нүүр толгойг нь хавтгаж, хиймэл шүдийг нь хуга цохьсон байсан. Мөн Д.О  ах миний гартаа барьж байсан хутгыг салгахаар зууралдаж байгаад баруун гарынхаа шууг зүсүүлсэн байсан. Би аавыгаа өмөөрч Д.О  ахыг зодсон. Д.О  ахын биед би гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг /хх 73-75 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “Намайг гадаа байхад манай аав Д.О  ах хоёр муудалцсан юм байна лээ. Гэрт намайг орж ирэхэд манай аав Д.Б ий зүүн нүдний зовхи хэсгээс цус гарсан байсан. Гэхдээ тэр үед Д.О  ах аав хоёр эвлэрч нэг нэгнээсээ уучлалт гуйсан. Батай утсаар яриад ах нь үхлээ гэж хэлж байсан. Би тэр үгийг нь сонсоод уур хүрч Д.О  ах аавыг зодсон юм байна гэж бодоод гэртээ орж ширээн дээр байсан Соёрхол нэртэй архинаас амаар нь хэд хэд балгаж уугаад буцаад аавын гэрт орж малгайгаа авахдаа шкаф дээр байсан улаан иштэй хутгыг нь аваад гарсан. Би өөрийнхөө мотоциклийг унаад шууд Д.О  ахын гэрт явж орсон. Д.О  ах гэрийнхээ зүүн талын орон дээр зурагт үзээд хэвтэж байсан. Би гэрт  нь ороод баруун талын орон дээр нь суусан юм. Гартаа аавын гэрээс авсан хутгыг барьсан байсан. Тэгтэл Д.О  ах дүү юу хийж яваа юм гэж надаас асуусан. Тэнд аав үхэх гээд байна гэж уурлаж босч ирээд гэрийн голд тавагтай идээ байсан модон ширээн дээр барьж байсан хутгаа зоогоод авахад хутганы ир буюу ажлын хэсэг муруйж ширээн дээр үлдэж гарт хутганы бариул бариатай үлдсэн. Би шууд Д.О  ахын хэвтэж байсан орон дээр очоод Д.О  ахыг гараараа 2-3 удаа цохьсон. Д.О  ах миний гартай зууралдаж гарт байсан хутганы ишийг надаас булаан авч шидсэн. Би Д.О  ахыг орноос татаж унагаад өшиглөсөн. Тэр үед ширээ дээр байсан тавгийн идээ бутар ч асгарсан байсан. Би бутарсан байсан хэвийн боовноос авч Д.О  ахын толгой руу хэд хэд цохьсон. Д.О  ах миний гарт байсан хутгыг миний гарнаас салгах гэж татаж байгаад баруун гарын шууны дотор талаа зүсүүлсэн байх.” гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 86-88, 89-90 дүгээр хуудас/

Хохирогч Д.О ы хэрэглэсэн эмийн жагсаалт, өвчтөний түүх /хх 59, 60-69 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.        

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 08-нд 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт баг, Нурууны ар гэх газар Д.О ыд аавыгаа өмөөрөх шалтгаанаар хутга барьж орон ширээн дээр нь хутгаа зоож айлган сүрдүүлж, толгойн тус газарт хэвийн боовоор цохиж зодон хүний халдашгүй байх эрх, эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Оын  хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.О ы биед зүүн чамархай ясны цууралт, тархины доргилт, хуйхны язарсан шарх, баруун нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний доод зовхи, хацрын зулгаралт, баруун гарын тохой, шууны эсгэгдсэн шарх, цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.О нь өөрийн үйлдлийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт үйлдлээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Оыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

          Шүүх шүүгдэгч Б.Оын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Б.Оыг шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн 1928000000018  дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Шүүгдэгч Б.Оын ял шалгах хуудас /хх 78 дугаар хуудас/, арилжааны банкуудын тодорхойлолт /хх 80-85 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 77 дугаар хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх 108-109 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.О нь хохирогч Д.О д эмчилгээний зардал, хохирлын нөхөн төлбөрт 1.316.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн хутганы иш, уг хутганы ишны ажлын хэсэг нь хугарч ишнээсээ салсан голоороо муруйсан 1 ширхэг хутга, цус мэт улаан зүйлээр бохирлогдсон хугарсан хэвийн боов 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

Б.Оын үйлдлийн улмаас хохирогч Д.О д учирсан эмчилгээний зардал болон хохирлын нөхөн төлбөрт 1.316.000 төгрөг төлсөн болох нь хохирогч Д.О ы мэдүүлэг, шүүгдэгч Б.Оын мэдүүлгээр тогтоогдсон”, мөн Б.От холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товыг хохирогч Д.О д мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, надад нэхэмжлэх хохирол төлбөр гомдол санал байхгүй...” гэснээр Б.О нь бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,   36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шажин залан овгийн Д.Б ийн Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.О нь хохирогч Д.О д эмчилгээний зардал, хохирлын нөхөн төлбөрт 1.316.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.  

   5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн хутганы иш, уг хутганы ишны ажлын хэсэг нь хугарч ишнээсээ салсан голоороо муруйсан 1 ширхэг хутгы, цус мэт улаан зүйлээр бохирлогдсон хугарсан хэвийн боов 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн си ди 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ