Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00376/И |
Дугаар | 376 |
Огноо | 2016-08-30 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 376
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг 2-3-31 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, 29 настай, А овгийн П.Н-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр баг 7-2 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, 29 настай, Х овгийн Д.С-т холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Н, хариуцагч Д.С, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Н миний бие Д.С-тай 2006 танилцаж, дотносон 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү С.Ч, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү С.Х нарыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд Д.Ср нь сэтгэл санааны дарамтанд оруулж, зодож нүдэж хамтран амьдрах боломжгүй болсон. Бид хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Иймд хүү С.Ч, С.Х нарыг өөрийнхөө асрамжинд үлдээж, эцэг Д.Сү-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хамт амьдрах хугацаанд таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдрах болсон. Хоёр хүүхэд маань одоо миний асрамжинд байгаа. Д.С-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.С шүүхэд гаргасан тайлбартаа: Би хоёр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэнэ. Бид одоохондоо эвлэрэх талаар ярилцаагүй байгаа. Цаашдаа хоёр хүүхдээ бодоод эвлэрч болох байх. Гэхдээ эвлэрэхэд цаг хугацаа их шаардагдахаар юм билээ. Би хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө. Хүүхдүүд маань одоо ээжийнхээ асрамжинд байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Д.С-т холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
П.Н, Д.С нар нь 2008 оноос эхлэн хамтран амьдарч, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү С.Ч, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү С.Хнар төрсөн болох нь зохигчдын тайлбар, №36, 141 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар гэсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хүү С.Ч, С.Х нар нь төрсөн эх П.Н-н асрамжинд байдаг болох нь зохигчдын тайлбар, Богд сумын 7 дугаар багийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 08 тоот тодорхойлолт, Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13 тоот тодорхойлолт, Богд сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолтуудаар нотлогдож байгаа ба зохигчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй байх тул хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэхгүй, хүү С.Ч, С. Х нарт төрсөн эцэг Д.С-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж шийдлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж 28626 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь хэсэгт зааснаар 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү С.Ч, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү С.Х нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.С-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.С-с 28626 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид
шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА
|