Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01140

 

 

 

 

 

 

 

2024 05 29 210/МА2024/01140

 

 

 

******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00896 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.*******, Г.******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 98,759,097 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. З.*******, Г.******* нар нь ******* банк ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 168 тоот зээлийн гэрээ байгуулж, 75,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан.

1.2. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Гандингийн гудамж, 23 дугаар байр, ******* хаягт байрлалтай, 50.67 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

1.3. ******* хотын банк, ******* ХХК, ******* банк ХХК-ийн эрх хүлээн авагч нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хөрөнгийн багцыг шинэ үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлсэн болохыг баталгаажуулах гэрээгээр тухайн 168 тоот зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчээс төлбөр хүлээн авах, цуглуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах, ******* банкны гүйцэтгэж байсан үүргийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож ******* хотын банк-нд шилжүүлсэн. 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ******* хотын банк үйл ажиллагаагаа зогсоогоод ******* банк ХК-тай нэгдэж улсын бүртгэлд бүртгэсэн.

1.4. Зээлдэгч нарт 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэл гардуулж, зээлийн талаар уулзсан. Мөн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэл гардуулсан. Зээл шилжиж ирснээс хойш буюу 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ямар ч төлөлт хийгээгүй.

1.5. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдөр буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 69,418,852.35 төгрөг, зээлийн хүү 28,667,187.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 650,057.84 төгрөг, шүүхийн зардал 23,000 төгрөг, нийт 98,759,097.95 төгрөгийг гаргуулж, ******* банк ХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2017 онд З.*******, Г.******* нар ******* банк-тай зээлийн гэрээ байгуулж, орон сууц худалдан авах зорилгоор 75,000,000 төгрөг зээлж, нэхэмжлэлд дурдсан орон сууцыг худалдаж авсан.

2.2. ******* банкинд орон сууцны 40 хувийн урьдчилгааг төлж, 60 хувийг нь зээлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл зээлийн гэрээ ямар ч зөрчилгүй байсан. Өөрөөр хэлбэл 2013 оноос 2016 он хүртэл 3 жилийн хугацаанд зөрчилгүй яваад, тэр үеэс зээлээ дутуу хагас төлөх зөрчил үүссэн. Зөрчил гарснаас хойш 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр буюу 1 жил 10 сарын хугацаанд 8,626,952 төгрөг төлсөн. ******* банкинд 37,000,000 орчим төгрөг төлсөн.

2.3. Одоо ямар үндэслэлээр 69,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь тодорхойгүй. Хэдэн төгрөг төлөхөд, хэдэн төгрөг үлдээд байгааг Г.*******, З.******* нарт мэдэгдээгүй.

2.4. 69,000,000 төгрөгийг ******* банк олгосон талаар нэхэмжлэлд дурдаад, зээлийн гэрээ үргэлжилж байсан гэдэг. Зээлийн гэрээний харилцааг нэхэмжлэгч цуцалж, өмнө нь 2017 онд ******* банк шаардах эрхээ хэрэгжүүлж, шүүхийн шийдвэр, магадлал гарсан. Энэ магадлалаар хүүгийн тооцоолол буруу хийгдсэн, үүнтэй холбоотой нотлох баримт дутуу гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож анхан шатын шүүх рүү буцаасан.

2.5. Тухайн үед 2019 оны 5 дугаар сард ******* банкны эрх хүлээн авагч, ******* банкны бүх төлбөр тооцоо, бүртгэлтэй холбоотой бүх зүйл ******* хотын банкинд шилжсэн. Үүнийг хариуцагч мэдээгүй. ******* банк энэ зээлийг үргэлжлүүлж байгаа талаар хариуцагч нарт мэдэгдээгүй. Хэрвээ мэдэгдэж байсан бол ипотекийн зээлээ үргэлжлүүлэх сонирхол хариуцагчид бий. ******* банк, ******* хотын банк, ******* банк гэсэн энэ 3 банкны хооронд өр төлбөрөө шилжүүлж буй нөхцөл байдлаас болж хариуцагч нар хохирох ёсгүй. 2019 оны 5 дугаар сард шилжүүлсэн бүртгэлийн асуудлаар шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан. Гэтэл 2023 онд нэхэмжлэл гаргаснаараа шаардах эрхийн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн. Тийм учраас одоо төлбөрийг шаардах эрхгүй.

2.6. 2021 онд ******* банкнаас мэдэгдэл ирсэн. Тухайн мэдэгдлийн хүрээнд очиж уулзахад шүүхэд гаргаж өгсөн шиг тооцооллыг бидэнд гаргаж өгөөгүй, танилцуулаагүй. Хэргийн материалд хариуцагчийн хаяг тодорхойгүй талаарх нотлох баримт ирүүлээгүй.

Хэргийн материалд ******* банкнаас гаргаж өгсөн тооцооллыг үзэхэд 69,000,000 төгрөгийг хэн төлөх талаар дүгнэлт хийхгүйгээр шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.*******, Г.******* нараас 69,418,852 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,340,245 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч З.*******, Г.******* нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Гандингийн гудамж, 23 дугаар байр, ******* хаягт байрлалтай, 50.67 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 721,945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.*******, Г.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 575,245 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх өмнөх шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр тооцсон тухайд: ******* банк ХХК нь зээлдэгч З.*******, Г.******* нарт холбогдуулан хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 2018 онд зээлийн гэрээг цуцалж, зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан шаардаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 213 дугаар магадлалаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. /хх-77-80/

Хэрэг шүүхэд буцаж ирсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон нь Шүүхийн тусгай архивын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/3239 дугаар албан бичгээр тогтоогдсон. /хх-88/

4.2. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн БЭАХ-152 дугаартай хөрөнгийн багцыг шинэ үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлсэн болохыг баталгаажуулах тухай гэрээгээр шаардах эрх хүлээн авахаас өмнө буюу 2018 онд шаардлага гаргаснаар гэрээ цуцлагдсан тул 168 тоот зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэж үүнээс хойших хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

Тодруулбал, 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн БЭАХ-152 дугаартай хөрөнгийн багцыг шинэ үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлсэн болохыг баталгаажуулах тухай гэрээний Хавсралт №1-1-ийн 86 дугаарлалтад бичигдсэн зээлийн үлдэгдэл 69,418,852 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнэсэн.

4.3. ******* банкны нэхэмжилсэн хэрэг эцэслэн шийдэгдээгүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бусад байдлаар дуусгавар болсон байтал анхан шатны шүүхээс 2018 онд шаардлага гаргаснаар гэрээ цуцлагдсан тул 168 тоот зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэж үүнээс хойших хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол тээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж заасантай уялдуулан анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон 29,340,245 төгрөгийг З.*******, Г.******* нараас гаргуулж, ******* банк ХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү. Ийнхүү анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, хариуцагч нарын тайлбарт үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

5. Давж заалдах гомдолд хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч З.*******, Г.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 98,759,097 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч З.*******, Г.******* нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. ******* банк ХХК болон З.*******, Г.******* нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 168 дугаартай зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр ******* банк ХХК нь 75,000,000 төгрөгийг орон сууц ипотекийн зориулалтаар сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлүүлэх, З.*******, Г.******* нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх, уг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 14-20 дугаар тал/

3.2. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, тус гэрээний талууд 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, З.*******, Г.******* нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Гандингийн гудамж, 23 дугаар байр, ******* хаягт байрлалтай, 50.67 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. /хх-ийн 21-25, 29 дүгээр тал/

3.3. Зээлдүүлэгч ******* банк ХХК нь зээлдэгч З.*******, Г.******* нарт холбогдуулан хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр 2018 онд зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан шаардаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 213 дугаар магадлалаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ. /хх-78-80/

3.4. Дээрх гэрээний шаардах эрх 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ******* банк ХХК-иас ******* хотын банк ХХК-д, тус банкийг ******* банк ХХК-д нэгтгэснийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэснээр ******* банк ХХК-д тус тус шилжсэн. /хх-ийн 6, 26-31 дүгээр тал/

3.5. Талууд дээрх гэрээнүүдийг байгуулсан болон хүчин төгөлдөр байдлын талаар, гэрээний дагуу хариуцагч нар мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй, харин зээлийн гэрээ цуцлагдсан хугацаа, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа, зээлийн тооцоолол зөв эсэх асуудлаар маргажээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон шаардах эрх шилжсэн талаар зөв дүгнэсэн боловч гэрээ цуцлагдсан асуудлаар хуулийг буруу тайлбарлан алдаатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулна.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаар шүүх зөв дүгнэсэн.

Түүнчлэн, зээлийн гэрээ ******* банк ХХК болон З.*******, Г.******* нарын хооронд байгуулагдсан, уг гэрээний зээлдүүлэгчийн шаардах эрх ******* хотын банк ХХК-д, тус банкнаас ******* банк ХХК-д шилжсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.8 дахь хэсэгт нийцсэн тул мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.2. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 240 сарын хугацаатай урт хугацааны гэрээнд хамаарах бөгөөд уг гэрээг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно. гэж заасан.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал нь гэрээ цуцлах талаар нөгөө талдаа мэдэгдэх бөгөөд энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох учиртай.

Хариуцагч нар нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр Капитрон банк ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 69,418,852 төгрөг, хүү 2,458,128 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,770 төгрөг нийт 71,882,750 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 213 дугаар магадлалаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Уг маргаан шүүхээр шийдвэрлэгдээгүй буюу анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг буцааж, зээлийн гэрээний харилцаа үргэлжилсэн болох нь талуудын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдсон.

Ийнхүү зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн зээлийн гэрээ цуцлах талаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болоогүй байх тул Капитрон банк ХХК нь шаардах эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдсан талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй. Иймд энэ талаарх хариуцагч нарын тайлбар, татгалзал үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

4.3. Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр сар бүр тогтсон хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөр төлөөгүй, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүүд 4,800 төгрөг төлж, үүнээс хойш зээлийн төлбөр төлөөгүй байх ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас удаа дараа шаардаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 6/5748, 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 6/601 дугаартай мэдэгдлээр үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч гэрээний үүргийн зөрчил арилаагүй байна. /хх-ийн 37-38 дугаар тал/

Гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээлийн төлбөрийг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлдэгч төлөөгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчилд хамаарна. Хариуцагчид үүрэг гүйцэтгэх боломжит хугацааг олгосон боловч ямар нэгэн үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхтэй.

4.4. Талууд зээлийн гэрээний 3.15-д нэмэгдүүлсэн хүү, хүү, зээлийн үндсэн төлбөр төлөх байдлаар гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт нийцнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч нарын төлсөн төлбөр нь сар бүрийн тогтоосон хэмжээнд хүрэлцээгүй тохиолдолд хүү, үндсэн зээл төлүүлэх зарчмаар үүргийн гүйцэтгэлийг тооцохоор тохирсон байна.

Нэхэмжлэгч байгууллага дээрх тохиролцооны дагуу гэрээний хугацаанд буюу 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хариуцагч нарын төлсөн нийт 31,711,210 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүд 65,520 төгрөг, хүүд 26,064,542 төгрөг, зээлийн төлбөрт 5,581,148 төгрөгийг тооцсон нь талуудын зарчимд нийцсэн.

Хариуцагч нар нь авсан зээлээ гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тул уг зөрчлийн улмаас үүсэх нэмэлт үүрэг буюу гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү, мөн зээлийг ашигласан хоногоор хүү төлөх үүрэгтэй. Энэхүү зөрчил нь зээлийн төлбөрийн эхний төлөлтөөс эхэлж, гэрээний 3.14-т заасны дагуу төлөгдөөгүй зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү, зээлийн үлдэгдлээс ашигласан хоногт хүү тооцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг зөрчөөгүй байхаас гадна хүүг хуульд заасан журамд нийцүүлэн тооцоолжээ.

Түүнчлэн, хариуцагч нар нь ******* банкинд 37,000,000 орчим төгрөг төлсөн талаарх тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тооцсон тооцооллыг үгүйсгэж чадаагүй гэж үзнэ.

Иймд зээлийн гэрээ цуцлагдсанаар хариуцагч нар нь гэрээ цуцлагдах хүртэл хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, гэрээ цуцлагдсан 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 69,418,852 төгрөг, хүү 28,667,187 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 650,058 төгрөг нийт 98,736,097 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцнэ.

4.5. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ гэж тус тус заасан.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2033 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дуусах ба уг өдрөөс шаардах эрх үүсэх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй. Иймд 2019 оны 5 дугаар сард шилжүүлсэн бүртгэлийн асуудлаар шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан, 2023 онд нэхэмжлэл гаргаснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй.  

4.6. Гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол болох нотариатын зардал 23,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах нэхэмжлэлийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэнэ.

5. Дээрхийг нэгтгэвэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.*******, Г.******* нараас 98,759,097 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй.

6. Талуудын байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт нийцжээ.

7. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж заасан. Иймд үүрэг гүйцэтгүүлэгч өөрчлөгдсөн нь үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй тул шаардах эрх шилжсэн талаар мэдэгдээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүйг дурдана.

8. Нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсэгт өөрчлөлт орсонтой холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал, үндэслэх хэсэгт техникийн шинжтэй алдааг залруулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: нэхэмжлэгч ******* банк ХХК гэж бичсэнийг ХК гэж залруулав.

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00896 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.*******, Г.******* нараас 98,759,097 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 721,945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.*******, Г.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 721,945 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,651 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.ГАНДИЙМАА