Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 40

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Б.Ц , /өөрийгөө өмгөөлсөн/

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ц ид холбогдох эрүүгийн 1928000000013 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Номгон суманд 1982 оны 04 дугаар сарын 10-нд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Номгон сумын ................ гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Булгачид овгийн Б.Ц  /регистрийн дугаар ................../

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                       Шүүгдэгч Б.Ц  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнийн 00 цагийн үед Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-................ гэх газарт гэрийнхээ гадна эхнэр Э.Ц  г бусадтай хардан хутгаар мөр, бугалганд нь зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ц  нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Б.Ц ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Б.Ц  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнийн 00 цагийн үед Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн нутаг Шарга гэх газарт гэрийнхээ гадна эхнэр Э.Ц  г бусадтай хардан хохирогчийн бие эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ц  гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч Э.Ц  гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Ц ийн гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтыг үнэлж, гэм бурууг  шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн 1928000000013 дугаартай хэргээс:

                        Хохирогч Э.Ц   нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн орчимд би нөхөр, 2 хүүхдийн хамтаар сумын төв рүү орсон. Суман дээр очиж цагаан сарын ойр зуурын юм бэлдчихээд 17 цагийн үед буцаад гэр рүүгээ явсан. Гэртээ очоод байж байтал Ц.Ө  20 цагийн орчимд манайд ирээд манай нөхөртэй 2 шил архи уусан. Эхний шилтэй архи нь дуусаад 2 дахь шилтэй архи нь талдаа орж байхад Ц.Ө  унтчихсан. Ц.Ө г унтсаны дараа 21 цагийн орчимд Б.Б , Ш.М  2 манай гэрт мотоцикльтой ирсэн. Тухайн үед манай нөхөр нэлээн согтсон байсан. Б.Б тай тал шилтэй архиа ууж дуусаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Эхлээд гэр дотор маргалдаж байгаад гадаа гарч маргалдаад зодолдох гээд байхаар нь би голоор нь орж Б.Б ыг аваад мотоцикль руу нь аваачиж Ш.М ыг гэрээс дуудаж гаргаж ирээд Б.Б  Ш.М  хоёрыг харьцгаа гээд явуулсан. Тэр хоёрыг явуулчихаад гэр рүү ортол Б.Ц  намайг Б.Б тай хардаад загнаад байхаар нь гэрээс гартал араас хутга аваад гараад ирсэн. Тэгэхээр би айж зугтаатал араас хутгаа барьж явж байгаад гэрээс 100 метр орчим газар очоод намайг барьж авч унагаад миний зүүн гарын булчин орчимд 2-3 удаа зүссэн. Тэгж намайг зүсчихээд Б.Ц  босоод юу ч дуугарахгүй гэр рүүгээ алхаад явчихсан. Би тэр газраа хэвтэж байгаад нөгөө гараараа тэмтэрч үзэхэд цус гарч байсан. Тэгээд би босоод гэр рүүгээ алхаж очоод аав руугаа шөнийн 03 цагийн үед залгаж аавыгаа дуудсан. Аав ирээд сумаас түргэн дуудаж үзүүлээд тэндээсээ аавын машинтай аймаг руу ирсэн.” “...Зүүн гарын булчин бугалганы хэсэгт зүсэгдсэн шархтай, оёдол хийлгэсэн зүйл байхгүй. Б.Б  Б.Ц  хоёрыг зодолдох гээд байхаар нь салгаад Б.Б ыг тэврээд цааш нь авч явсаныг харчихаад үнсэлцээд зогсож байсан гэж харсан байх.” “...чи Б.Б тай тэврэлдээд үнсэлцсэн ингэж болохгүй, намайг битгий доромжлоод бай гээд хардаад байхаар нь ерөөсөө тийм юм болоогүй чи битгий хардаад бай гэж хэлчихээд гэрээсээ гартал араас гартаа хутга барьчихсан гараад ирсэн.” гэх мэдүүлэг /хх 18-19, 12-13, 61-61 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Ц  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 01 дүгээр сарын 18-нд 14 цагийн орчимд би эхнэр хүүхдийн хамт сумын төв рүү цагаан сарын бараа цуглуулахаар орж оройн 17 цагийн орчимд буцаж гэртээ очсон юм. Бид нар гэртээ очоод байж байхад 20 цагийн орчимд Ц.Ө  ганцаараа манайд мотоцикльтой ирээд бид хоёр 2 шил архи уусан. Эхний архиа ууж дуусгаад дараагийн шилтэй архи талдаа орж байхад Ц.Ө  согтоод унтчихсан. Тэгээд 21 цагийн орчимд Б.Б , Ш.М  2 манайд мотоцикльтой ирээд үлдсэн байсан тал шилтэй архийг Б.Б  бид 2 хувааж уусан. Тэр архийг уугаад би нэлээн согтож Б.Б тай маргалдаад гадаа гарч бас маргалдаад бид хоёрыг зодолдох гээд байхаар нь манай эхнэр Б.Ц  бид хоёрыг салгаад Б.Б ыг цааш нь аваад явсан. Тэгээд би гэр рүүгээ ороход Б.Б , Ш.М  хоёр мотоцикльтойгоо гэр рүүгээ явчихсан. Тэр хоёрыг явсаны дараа эхнэр гэрт орж ирэхээр нь би уурлаад эхнэрээ хардаж муудалцаад яг хаанаас авснаа бол санахгүй байна ямартайч гэрийн зүүн талаас хутга аваад эхнэрийгээ айлгах гээд гарсан чинь манай эхнэр гэрээс зүүн тийшээ гараад гүйж байсан. Би араас нь очиж барих санаатай гүйж байсан. Тэгээд очоод араас нь тэвэрч аваад бид 2 газар унаад гарт байсан хутгаараа 3 удаа зүүн гарын булчингийн хэсэгт нь зүсчихсэн. Тэгээд би тухайн үедээ айгаад шууд босоод гэр рүүгээ орчихсон. Бид 2 гэр бүл болоод 12 жил болж байгаа уг нь ингэж муудаж маргалдаад байдаг зүйл бол огт байхгүй. Тухайн үед манай эхнэр Б.Б ыг тэврээд цаашаа аваад явчихаар нь би хардаад ийм зүйл болчихсон байна. Гэрт байсан жижиг хүрэн өнгийн иштэй тонгорогоор зүссэн. Би тухайн үед их согтолттой байсан.” “...би бодохдоо тухайн үед манай эхнэр Б.Б тай гэрийн гадаа үнсэлцээд зогсож байх шиг байсан. Тэгээд би эхнэрийгээ орж ирэхээр нь чи гадаа үнсэлцээд зогсож байсан биз дээ ингэж болохгүй намайг доромжилж байна гэж хэлтэл Б.Ц  уурлаад гэрээс гараад явчихсан. Би айлгаж байгаад өөрөөр нь Б.Б тай үнсэлцсэн үү үгүй юу гэдгийг хэлүүлэх гэж гэрт байсан хутгыг бариад араас нь гарсан...” гэх мэдүүлэг /хх 30-32, 62-63 дугаар хуудас/

 

Гэрч Б.Э  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө 03 цагийн орчимд манай охин Б.Ц  над руу залгаад ааваа би нөхөртөө хутгалуулчихлаа гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би шөнө босоод хүргэн Б.Ц ийн гэр рүү очсон. Манай хүргэнийх манай гэрээс 30-аад км зайд байдаг юм. Өглөөний 06 цагийн үед намайг очиход гэрийнх нь хүмүүс унтаж байсан. Манай охин сэрүүн, зүүн гарнаас нь их хэмжээний цус алдсан байдалтай гэрийнхээ хойд талд хөнжилдөө хэвтэж байсан. Тэгээд би сумын төв рүү ярьж түргэн дуудаж түргэний машинтай суман дээр очиж үзүүлээд сумын эмч нар аймаг явж үзүүлэх шаардлагатай гэхээр нь би өөрийн машинаар охиноо аваад аймгийн эмнэлэгт ирж үзүүлсэн. Суман дээр өглөөний 08 цагийн үед ирээд цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй бол болохгүй гэж бодоод дуудлага өгсөн юм.” “...Цус гараад урсаад хатсан байсныг нь хараад их хэмжээний цус алдсан юм байна гэж бодсон. Намайг анх очиж үзэхэд цус нь тогтчихсон үсэн дээр нь цус наалдаад хатсан байдалтай байсан...”гэх мэдүүлэг /хх 14-15, 65 дугаар хуудас/

 

Гэрч Б.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019 оны 01 дүгээр сарын 18-нд 21 цагийн орчимд Ш.М ын хамт Б.Ц ийн гэрт очсон юм. Тэнд очиход Б.Ц  гэр бүлийнх нь хүн Б.Ц , 2 хүүхэд нь байсан. Мөн Ц.Ө  согтуу унтаж байсан. Тэднийд орж хоол цай идчихээд Б.Ц  тал шилтэй архи гаргаж ирээд тэрийг би Б.Ц той хувааж ууж дуусчихаад сууж байтал Б.Ц  гэнэт манай худагт битгий малаа услаарай гээд уурлаад над руу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би яагаад болдоггүй юм бэ гэж хэлээд бид 2 маргалдаад гадаа гараад зууралдаад зогсож байхад Б.Ц  голоор орж ирж салгаад намайг мотоцикль руу авч явсан. Тэгээд Б.Ц  Ш.М ыг гэрээс дуудаж гаргаж ирээд би Ш.М аар мотоциклио бариулаад гэр рүүгээ явчихсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Одоо бодоод байхад Б.Ц  бид хоёрыг маргалдаад зогсож байхад Б.Ц  гарч ирээд намайг тэврээд мотоцикль руу авч явсан тэрнээс болж хардсан байж магадгүй. Б.Ц  ер нь бол нэлээд согтсон байсан.” гэх мэдүүлэг /хх 20 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Ө  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019 оны 01 дүгээр сарын 18-нд 14 цагийн орчимд Номгон сумаас хөдөө байдаг гэр рүүгээ явж байгаад замдаа оройн 23 цагийн орчимд Б.Ц ийн гэрт очсон юм. Тэнд очиж 2 шил архи уугаад би согтоод унтчихсан байна лээ. Шөнө 04 цагийн орчимд Б.Ц гийн аав ээж нь ирэхэд л сэрсэн. Намайг сэрэхэд хүүхэд ийм болгочихсон байна гээд загнаж байсан. Тэгээд тэр хүмүүс сум явлаа гээд Б.Ц г аваад явсан. Гэрт нь Б.Ц  тэдний том хүү Ц.Б бид 3 унтаад үлдсэн. Би унтаж байсан болохоор юу болсон талаар мэдэх юм алга.” гэх мэдүүлэг /хх 21-22 дугаар хуудас/

 

Гэрч Ш.Ш.М  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019 оны 01 дүгээр сарын 18-нд 21 цагийн үед Б.Ц ийнд Б.Б ын хамт очиход Б.Ц  эхнэр, 2 хүүхдийн хамт байсан. Мөн Ц.Ө  унтаж байсан. Хоол идчихээд би хэвтэж байгаад унтчихсан байсан. Сэртэл Б.Ц  гэрийн гаднаас намайг дуудаад гараад очтол Б.Б ыг аваад яв гэж хэлэхээр нь би Б.Б ын мотоциклийг бариад гэр рүүгээ явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх 67 дугаар хуудас/

 

Гэрч Ж.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 03 цагийн орчимд утас дуугараад авсан чинь Б.Ц  би хутгалуулчихлаа намайг ирж ав гэж хэлээд утсаа салгачихсан. Нөхөр бид 2 айж сандраад шууд машинаа асаагаад Б.Ц ийн гэр рүү яваад өглөөний 06 цагийн орчимд бид 2 Б.Ц ийн гэрт очсон. Анх очиход Б.Ц  гэрийнхээ хойд талд хэвтэж байсан. Тэдний гэрт Ц.Ө , Б.Ц  2 хүүхэд нь Б.Ц  нар байсан. Тэд нар унтаж байсан. Б.Ц  сэрүүн хэвтэж байх шиг байсан. Охиноо хараад хутгалуулсан гэхээр нь айж сандраад шарх сорвийг нь ч сайн харалгүй шууд л сумын эмнэлэг рүү ярьж түргэн дуудаад сум руу авч явсан. Суманд ирээд харахад хувцас нь цус болчихсон цус нь хатчихсан байсан. Тэндээсээ сумын эмч нар зарим шарх нь гүнзгий байж магадгүй аймагт очиж зураг авахуул гэж хэлэхээр нь аймагт очиж үзүүлээд зургийг нь авахуулсан. Аймгийн эмнэлэгт бол зургийг нь авчихаад өнгөц шарх байна боолт, цэвэрлэгээ сайн хийлгэ гэсэн зөвөлгөө өгсөн.” гэх мэдүүлэг /хх 68-69 дүгээр хуудас/

 

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Э.Ц  гийн биед зүүн мөр, бугалга дахь өнгөц зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн яадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт  /хх 24 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Иймд шүүгдэгч Б.Ц ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн 1928000000013  дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

 

Ял шалгах хуудас /хх 40 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 50 дугаар хуудас/, арилжааны банкуудын тодорхойлолт, /хх 41-48 дугаар хуудас/, гэрлэлтийн лавлагаа /хх 51 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн Номгон сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх 52 дугаар хуудас/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллого /хх 73-76 дугаар хуудас/ 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 77 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

          Шүүх шүүгдэгч Б.Ц ийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч Б.Ц ид шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 13 см урттай бор өнгийн иштэй 10 см ажлын хэсэгтэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй.

          Хохирогч Э.Ц   “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,   36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булгачид овгийн Б.Ц ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 13 см урттай бор өнгийн иштэй 10 см ажлын хэсэгтэй хутга 1 ширхэгийг тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ц  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ