Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01137

 

 

 

 

 

 

2024 05 29 210/МА2024/01137

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/01181 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02470 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1873 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2021/00377 дугаар тогтоолоор Д.*******оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 304,985,169 төгрөгийг гаргуулж, ******* капитал ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 13221, Дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байрлах, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 13221, Дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байрлах 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор ******* ХХК-ийг шинжээчээр томилсон.

1.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 4-181/22837 дугаар мэдэгдлээр дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 858,480,000 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж, 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдэн, гардуулж өгсөн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргасан.

1.4. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь дараах шаардлагад нийцсэн байна гээд, мөн зүйлийн 9.2.3-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэж тус тус заасан.

Зах зээлийн үнэлгээг жишиг үнийн хандлагын аргыг сонгон тогтоодог. Жишиг үнийн хандлагын аргаар хөрөнгийг үнэлэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийн байршлын хувьд хамгийн ойр байрлах үл хөдлөх хөрөнгөнүүдээс сонгон харьцуулах нь зүйтэй. Мөн тухайн үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгө нь Богд уулын Залаатын аманд байрлах бөгөөд маш дулаахан, урагш харсан цонхтой, супер засвартай, дулаан болон ил зогсоол сайтай, чимээ шуугиан бага, нам гүн, ногоон байгууламж сайтай, хүүхдийн тоглоомын талбайтай, маш их давуу талтай орон сууц юм. Түүнчлэн, одоогийн байдлаар нийтэд илэрхий unegui.mn сайт дээр тус Залаатын аманд байрлах ижил орон сууцуудыг худалдан борлуулахаар зар байршуулсан байх бөгөөд 243 м.кв талбай бүхий хаусыг 1,500,000,000 төгрөгөөр, 222 м.кв талбай бүхий хаусыг 1,200,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 4-181/22837 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн үнэлгээгээр дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 858,480,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт их үнэгүйдүүлсэнд гомдолтой байна.

1.5. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 4-181/22837 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн ******* ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 13221 Дүнжингаравын гудамжны ******* тоот хаягт байрлах, 196 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 377 дугаар тогтоолоор Д.*******оос 304,985,169 төгрөг гаргуулж, ******* капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Төлбөр төлөгч Д.*******ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 13221, Дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байрлах, 196 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээг тогтоож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг зохих хугацаанд мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу хариуцагч *******т холбогдох ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 13221, Дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байрлах, 196 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 858,480,000 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 626 тоот үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Д.*******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Ийнхүү шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээ холбогдох дүрэм, журам, тооцоололд үндэслэн гаргасан нь хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан байна. Иймээс хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчсөн эсхүл нийцээгүй, зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 4-181/22837 тоот үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Д.*******од 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр танилцуулан гардуулж, тэмдэглэл үйлдсэн байна. Нэхэмжлэгч 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй байна гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Шүүх нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээр хангалгүй хэргийг шийдвэрлэн ийнхүү шүүхийн шийдвэрийн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 4-181/22837 дугаар мэдэгдлээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 858,480,000 төгрөгөөр үнэлсэн болохыг нэхэмжлэгчид 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдэн, гардуулж өгсөн, мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хугацаандаа нэхэмжлэлээ гаргаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

4.3. Шүүх үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчөөгүй гэж тайлбарласан. Жишиг үнийн хандлагын аргаар хөрөнгийг үнэлэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийн байршлын хувьд хамгийн ойр байрлах үл хөдлөх хөрөнгөнүүдээс сонгон харьцуулах нь зүйтэй. Тухайн үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгө нь Богдхан уулын Залаатын аманд байрлах бөгөөд маш дулаахан, урагш харсан цонхтой, супер засвартай, дулаан болон ил зогсоол сайтай, чимээ шуугиан бага, нам гүн, ногоон байгууламж сайтай, хүүхдийн тоглоомын талбайтай, маш их давуу талтай орон сууц юм гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хэрхэн тодорхой дүгнэлт хийсэн нь тодорхойгүй.

Тодруулбал, байршлын хувьд болон дотор заслын хувьд ойролцоо үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулсан эсэх талаар огт дүгнэлт тайлбар хийлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 102/ШШ2024/01181 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.******* нь *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02470 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1873 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2021/00377 дугаар тогтоолоор Д.*******оос 304,985,169 төгрөг гаргуулж ******* капитал ББСБ ХХК-д олгож, ******* ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 13221, Дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 44-48 дугаар тал/

3.2. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 21370507/05 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 21370507/181 дугаар тогтоолоор хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн, тухайн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд нийцсэн. /хх-ийн 68-69, 89-92 дугаар тал/

3.3. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авсан байх ба тухайн хөрөнгийн өмчлөгч ******* ХХК-иас үнийн санал ирүүлээгүй, төлбөр төлөгч Д.*******оос 1,200,000,000 төгрөгөөр үнэлсэн санал өгч, төлбөр авагч ******* капитал ББСБ ХХК-иас зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт тус тус ирүүлжээ. Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11/409 дугаартай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор ******* ХХК-ийн үнэлгээчин Ж.*******г шинжээчээр томилж, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 858,480,000 төгрөгөөр тогтоожээ. /хх-ийн 93-105, 106-136 дугаар тал/

3.4. Уг үнэлгээний талаарх мэдэгдлийг 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 4-181/22838, 4-181/22837, 4-181/22836 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Д.*******, барьцаа хөрөнгийн өмчлөгч ******* ХХК, төлбөр авагч ******* капитал ББСБ ХХК-д тус тус мэдэгдэж, мөн өдөр төлбөр төлөгчид үнэлгээний тайланг танилцуулж, тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 137-141 дүгээр тал/

4. Шинжээч нь үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн байдалтай танилцаж, хөрөнгийн хийц, бүтээц, шинж чанар, гадна болон доторх засал, тохижилт, ашиглалтад орсон хугацаа, дэд бүтэц, байршил зэргийг үндэслэн жишиг хөрөнгийг дээрх үзүүлэлттэй ижил түвшний, зах зээл дээр худалдан борлуулахаар санал болгосон үл хөдлөх эд хөрөнгүүдийг сонгож, эдгээр хөрөнгүүдийн ижил болон ялгаатай байдалд зохих тохируулгыг хийж үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт нийцнэ.

Иймд үнэлэгдэж буй хөрөнгө нь Богдхан уулын Залаатын аманд байрлах бөгөөд маш дулаахан, урагш харсан цонхтой, супер засвартай, дулаан болон ил зогсоол сайтай, чимээ шуугиан бага, нам гүн, ногоон байгууламж сайтай, хүүхдийн тоглоомын талбайтай давуу тал ихтэй орон сууц гэх нэхэмжлэгчийн гаргасан гомдол хангагдахгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс одоогийн байдлаар нийтэд илэрхий unegui.mn сайт дээр Залаатын аманд байрлах ижил орон сууцуудыг худалдан борлуулахаар 243 м.кв талбай бүхий хаусыг 1,500,000,000 төгрөгөөр, 222 м.кв талбай бүхий хаусыг 1,200,000,000 төгрөгөөр үнэлсэн зар байршуулсан байхад нэхэмжлэгчийн хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь, уг сайт дахь зар нь худалдагчийн зүгээс зах зээлд худалдахаар санал болгож буй үнэ бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дуудлага худалдаа явуулах үеийн үнийг үнэлгээчнээр тогтоолгох ба үнэлгээчин Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан аргачлал, журам болон үнэлгээний олон улсын стандартыг баримтлан үнэлгээг тогтоох талаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, зах зээлд худалдан борлуулахаар санал болгож буй үнээр дуудлага худалдааны үнийг тогтоохгүй, тодорхой зохицуулалт, тохируулгыг хийсний үндсэн дээр дуудлага худалдааны үнийг тогтоодог байна.

Иймд хөрөнгийг үнэлсэн дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.2, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

5. Мөн нэхэмжлэгч нь үнэлгээний тайлантай 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр танилцаад, тэрээр шүүхэд хандахаа илэрхийлсэн байх бөгөөд энэ талаарх гомдлоо 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээний асуудлаар гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж шүүх зөв дүгнэсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. /хх-ийн 139 дүгээр тал/

6. Дээрхийг нэгтгэвэл анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хөрөнгийн үнэлгээ тогтоох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

7. Нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээр хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино. Учир нь, анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарснаас хойш нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр тус тус шүүх хуралдааныг хойшлуулж нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломжоор хангасан байна.

Түүнчлэн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлийг шүүгч захирамждаа тодорхой заасан байх ба уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.  

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/01181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Т.ГАНДИЙМАА