Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 377

 

   Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 22-31 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 36 настай, Рааш овгийн Пүрэвдоржийн Отгончимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 2 дугаар багт оршин суух, Тайж овгийн Пүрэвсүрэнгийн Балжиннямд холбогдох

“3.070.338 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Отгончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Отгончимэг миний бие нь Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороололын 59/1-64 тоот хаягт байрлалтай Улсын бүртгэлийн Ү-2205036968 дугаартай 1 өрөө орон сууцыг иргэн П.Балжиннямд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 10 сарын хугацаатай сарын 500.000 төгрөгөөр тооцож, гэрээний хугацаанд тус байранд гарах ашиглалтын зардлыг түрээслэгч тал бүрэн хариуцахаар тус тус тохиролцож гэрээ байгуулсан. П.Балжинням нь урьдчилгаа төлбөр болох 2.500.000 төгрөгийг төлж үлдэгдэл 2.500.000 төгрөгийг төлөөгүй. Ингээд удаа дараа нэхэсний эцэст 1.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл 1.500.000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд П.Балжиннямаас түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг, алданги 945000 төгрөг, ашиглалтын зардал 569438 төгрөг, Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу ирэх унааны зардал 55990 төгрөг, нийт 3.070.338 төгрөгийг П.Балжиннямаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Балжинням шүүхэд гаргасан тайлбартаа: П.Балжинням миний бие П.Отгончимэгийн нэхэмжилсэн 3070338 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Отгончимэг нь П.Балжиннямд холбогдуулан 3070338 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Балжинням “3070338 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч П.Отгончимэгийн нэхэмжлэлтэй П.Балжиннямд холбогдох “3070338 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Балжинням хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч П.Балжиннямаас 32037.5 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 32037.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Отгончимэгт олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   А.ҮҮРИЙНТУЯА