Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01101

 

 

 

 

 

 

2024 05 24 210/МА2024/01101

 

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01656 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* их сургууль Боловсрол, сургалтын байгууллагад холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор 9,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Д.******* нь ******* их сургуульд багшаар ажилладаг бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тус сургуулийн дотор үйл ажиллагаа явуулдаг Жи Эс 25 сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байхад тус дэлгүүрийн худалдагч Б.******* нь зүй бусаар харьцаж, маргаж, хууль бусаар бичлэг хийж, олон нийтийн сүлжээгээр нэр төрд халдсан.

Энэ үйл явдал болсны дараа 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ******* их сургуулийн захирал Н.Сарантуяа нь ажлаас халах тушаал гаргасан. Уг тушаал нь Жи Эс 25 сүлжээ дэлгүүрийн ажилчдыг зодож, үг хэлээр доромжилж, цахим орчинд багшийн ёс зүйгүй үйлдэл гарган хараал хэлж, хүн зодож байгаа бичлэгээ гаргаж, сургуулийн нэр хүндэд ноцтой хохирол учруулсан үндэслэлээр гарсан.

1.2. Энэ тушаалыг нэхэмжлэгч Д.******* нь мэдээгүй 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа аваад явсан. Ингээд амралтын хугацаа дуусаад ажилдаа очтол таныг ажлаас халсан гээд тушаал танилцуулсан байдаг. Уг тушаал нь дараах хэд хэдэн үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дэх хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасан байхад нэхэмжлэгч Д.*******д мэдэгдэлгүйгээр ажлаас халсан тушаалыг гаргасан. Өөрөөр хэлбэл уг үйлдэл болсноос 2 өдрийн дараа уг тушаалыг гаргасан.

Хоёрдугаарт, нэхэмжлэгч Д.*******гийн Хаан банкны тоот дансанд 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ажил олгогчоос цалин орж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл ажлаас халсан тушаал гарсны дараа цалин олгосон. Энэ нь уг тушаалыг хуурамч гэдгийг баталж байна.

Гуравдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт ээлжийн амралттай байгаа бол ажилтны ажлын байрыг хэвээр хадгална гэж зааснаас үзэхэд ээлжийн амралттай байгаа тохиолдолд ажлын байрыг хадгалах үүрэгтэй. Эндээс үзвэл ******* их сургууль уг заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд уг тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 9,000,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Уг маргаан 2023 оны 3 дугаар сард эхэлсэн. Миний бие 2 дугаар сард сургалтын албаны даргаар томилогдож байх үед ирц бүртгэдэг багшаас Д.******* багш хичээл таслаад байна, хэлэхээр тоохгүй байна гэсэн гомдол ирсэн.

Тухайн үед Д.******* багштай уулзаад учир байдлыг хэлсэн боловч түгжрэл ихтэй байна гээд над руу уурлаж дайрсан. Би тэр үед дөнгөж ажлаа аваад удаагүй байсан учраас маргаагүй.

2.2. Мөн оюутнуудаас багшийн онлайн хичээл өөр сургуулиудын хичээлийг тавиад байна гэдэг гомдол ирсэн. Бид гомдлын дагуу шалгаж үзэхэд бусад сургуулийн хичээлийг тавьсан байсан. Энэ байдлыг нь өөрт нь хэлэхээр мөн л адил уурлаж, хэрүүл маргаан болсон.

2.3. Ингээд захиргааны хурлаар оруулахад хүлээн зөвшөөрөхгүй, маргалдаж захиралтай уулзсан. Захирал хоёулаа хамтарч ажиллах боломжгүй байна гэдэг шийдвэр хэлсэн. Д.******* нь Боловсролын яам руу хандсан боловч Боловсролын яамнаас та хэд наад хүнээ ав, асуудлаа дотооддоо шийдвэрлэ гэсэн байдаг. Ажлаас халъя гэхээр Д.******* нь би 5 сар хүртэл ажиллана гээд тэр хүртэл намайг ажиллуул гэж ажил олгогчид дарамт үүсгэдэг.

2.4. Урьд нь манай сургуульд оюутан, багш нарын хооронд маргаан гарч байгаагүй. Сургалтын алба руу орж ирээд хэл амаар доромжилдог, дайрдаг, хэрүүл хийдэг. Өрөөнийх нь багш нар хүртэл Д.******* багш ирж байна гээд айдаг. Тэрнээс хойш захирал болон багш нартай удаа дараа маргалдсан. Мөн хичээлээ тарсны дараа Жи Эс 25 дэлгүүр лүү ороод маргалдсан байсан. Тэр бол хувь хүний харилцааны асуудал болсон. Сургуулийн орчинд хэрүүл маргаан хийхгүй байх багшийн ёс зүй байдаг. Энэ байдлыг хэлсэн чинь та нар дэмжлээ барилаа гэсэн зүйл хэлсэн. Сургалтын албаны өрөөнд оруулж ирээд ингэж болохгүй гэж хэлэхэд захирлын өрөө рүү дайрч орсон.

Захирал тантай хамтарч ажиллах боломжгүй гээд өрөөнөөсөө гараад явсан. Нөгөө хүүхэд нь нүүрээ маажуулсан гээд танай сургуульд гомдолтой байна гээд ороод ирсэн. Д.******* багшид ажлаа хүлээлгэж өг гээд сануулга өгөөд ажлаас халах тушаалыг өгсөн боловч авахгүй гээд аваагүй. Ямар ч байсан та тушаалтайгаа танилцсан шүү гэсэн чинь үгүй би танилцаагүй гээд шидээд явсан. Сүүлдээ цалингийн хэрүүл хийгээд цалин, амралтын мөнгөө бодуулна гээд хэрүүл хийж, одоо би ирэхгүй гээд мөнгөө аваад явсан.

2023 оны 5 дугаар сарын 20-д гаргаад өрөөндөө нэг өдөр ирсэн байсан. Та юу хийж яваа юм гэж асуухад би юм аа авах гэж ирсэн гэж хэлж байсан. Ажлаас халсан тушаалыг хуулийн дагуу үндэслэлтэйгээр гаргасан.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч Д.*******г хариуцагч ******* их сургууль Боловсрол, сургалтын байгууллагад нягтлан бодох бүртгэлийн багшийн ажилд эргүүлэн тогтоож, хариуцагч Н.Сарантуяад холбогдуулан гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч ******* их сургууль Боловсрол, сургалтын байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин олговор 3,297,175 төгрөг гаргуулан гомдол гаргагч Д.*******д олгож, үлдэх 5,702,825 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Д.*******гийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 67,704 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхан шатны шүүх дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх ажиллагаа уг хуульд заасанчлан бүрэн дүүрэн, гүйцэд явагдаагүй билээ. Энд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн хуулийн зохицуулалт, шаардлагууд бүхэлдээ зөрчигдсөн.

Энэ байдал нь уг шүүхийн шийдвэрт хариуцагч талаас гаргаж өгсөн нотолгооны баримт бичиг, нотлох баримтуудыг дурдаагүй, үнэлээгүй байгаагаас харагдах бөгөөд энэ нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж, шүүхээс өрөөсгөл, нэг талыг барьсан шийдвэр гаргахад зориуд хүргэсэн.

4.2. Шүүхээс дээр дурдсан шийдвэрийг гаргахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журам, эрх зүйн хэм хэмжээг нэхэмжлэгчийн зүгээс бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг огтхон ч анхаарч үзээгүй бөгөөд хариуцагчийн зүгээс холбогдох хуулийн шаардлага, зохицуулалтыг ханган зүй ёсны шийдвэр гаргасныг огт үнэлээгүй болно. Тухайлбал, нэхэмжлэгчийн зүй бус, ёс бус үйлдэл, зөрчлийн талаар гаргаж өгсөн нотлох баримт болох видео бичлэгийг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад судлан үзээгүй бөгөөд энэ байдал нь нэхэмжлэгчид зориуд давуу тал олгох гэсэн санаа зорилготой, дээр дурдсан хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн үйлдэл билээ.

4.3. Хариуцагчийн зүгээс Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Боловсролын тухай багц хууль болон боловсролын салбарын хүрээнд үйлчилж буй эрх зүйн хэм хэмжээний акт болох боловсролын салбарын ажилтнуудын ёс зүйн дүрэм, хэм хэмжээнд нийцүүлэн шийдвэр гаргасан.

Иймд дээр дурдсан байдлаар нотлох баримтыг дутуу үнэлж, хариуцагч талын эрх зүйн байдлыг дордуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Нотлох баримтыг үнэлэх 40 дүгээр зүйлийн зохицуулалтуудыг бүхэлд нь зөрчиж шийдвэр гаргасан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01656 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Холбогдуулж буй үйл явдлын талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл хэн гэдэг ажилтныг хэн гэдэг багш яаж доромжилсон, яаж ёс зүйгүй авирласан талаар нотлох баримт, бусад этгээдээс гаргасан тайлбар мэдүүлэг байдаггүй. Хуульд заасны дагуу ажлаас халсан тушаалыг танилцуулаагүй. Багшийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйл 12 заалттай, 3.4 дүгээр зүйл 15 заалттай, үүнээс алийг нь зөрчсөн нь тодорхойгүй. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар хэзээ яаж 3-аас дээш хоног ажил тасалсан гэх үйлдэл нь тогтоогддоггүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* их сургууль Боловсрол, сургалтын байгууллагад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор 9,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. ******* их сургуулийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, *******-ийн дотоод журмын 2.12.1, *******-ийн багшийн ёс зүйн дүрмийн 3.3, 3.4 дэх заалтуудыг үндэслэн ...Д.******* удаа дараа хичээл тасалдуулсан, хоцорсон, харилцааны ёс зүйн алдаа гаргасан гомдлууд удаа дараа оюутан, багш ажилчдаас ирсэнтэй холбогдуулан 2023 оны 03 сарын 20-ны өдөр сануулах арга хэмжээ авсан боловч дахин 2023 оны 05 сарын 16-ны өдөр жи эс 25 дэлгүүрийн ажилчдыг зодож, үг хэллэгээр доромжилж, цахим орчинд багшийн ёс зүйгүй үйлдэл гарган, хараал хэлж зодож байгаа бичлэгээ тарааж сургуулийн нэр хүндэд ноцтой халдаж, сургуулийн багш нар болон захиргааны туслах ажилтныг зүй бусаар доромжлон, хүчирхийлж байгаа үйлдэлд нь хариуцлага тооцож, ажлаас чөлөөлсөн гэжээ. /хх-ийн 41 дүгээр тал/

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4.1. Хэргийн 44 дүгээр талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* ...Иргэн Д.*******гийн нэхэмжлэлтэй холбоотой дараах холбогдох бичлэгийг хүргүүлж байгаа тул хавтаст хэрэгт хавсаргаж, шинжээч томилуулан судлуулж өгнө үү гэсэн хүсэлт авагджээ. Уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй, энэ талаар ямар нэг баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзнэ.

Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан 3 ширхэг видео бичлэгийг судлуулах агуулга бүхий хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан атлаа хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, энэ талаар шүүхэд ямар нэг хүсэлт гаргаагүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх эрхийг зөрчсөн үндэслэлд хамаарна.

4.2. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2024/05153 дугаартай захирамжаар хариуцагч байгууллагаас хөдөлмөрийн дотоод журам, сургуулийн багшийн ёс зүйн дүрмийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэжээ. /хх-64 дүгээр тал/

Тус захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн Үндэсний текникийн их сургуулийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/25 тоот тогтоолоор баталсан Үндэсний текникийн их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, мөн өдрийн А/26 тоот тушаалаар баталсан Үндэсний текникийн их сургуулийн багшийн ёс зүйн дүрэм нь тухайн байгууллагын Хуулбар үнэн тэмдэг дарагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй. /хх-73-82 дугаар тал/

Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй дээрх баримтыг шинжлэн судлаж, хөдөлмөрийн дотоод журмын 2.12.1, багшийн зүйн ёс зүйн дүрмийн 3.3.3, 3.3.4-т заасан хэм хэмжээг хэрхэн зөрчсөн болох нь тодорхойгүй гэж дүгнэн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна.

5. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцээж хийх, хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01656 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Т.ГАНДИЙМАА