Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 5427

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Сэргэлэн сумын 2 дугаар багийн иргэн Боржигон овогт Доржийн Энхбадрах /Регистрийн дугаар ЖЗ82090518/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД-39 дүгээр байр, 128 тоотод оршин суух Боржигон овогт Доржийн Одгэрэл /Регистрийн дугаар ХО69072604/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Их тойруу гудамж, 10/1 байр, 1 тоотод оршин суух Сартуул овогт Пүрэвдоржийн Хишигтогтох /Регистрийн дугаар ЕЛ78120413/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 10,080,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Энхбадрах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Даваахүү, хариуцагч П.Хишигтогтох, хариуцагчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхбадрахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний дүү Д.Энхбадрах нь П.Хишигтогтохоос 7,200,000 төгрөгний авлагатай бөгөөд 2015 оны 11 сараас хойш хөөцөлдөөд авч чадаагүй. 2016 оны 3 сард Д.Энхбадрах Улаанбаатарт ирж, П.Хишигтогтохтой очиж уулзсан ба өгнөө гээд л дүүг дагуулж бүтээж өгнө гэж хэд хоног болсон. Тэгээд бүтэхгүй болохоор ардаа мал хунараа хүнгүй, бүл чадалгүй хүнд орхисон болохоор яарч буцах болоод ядаж өглөгтэй гэдгээ баталгаажуулж нотариатаар ороод буцъя гээд нотариат дээр очсон байдаг. Нотариатад хэлэхэд зээлийн гэрээ хийж баталж өгсөн байсан. Гэрээ бичгээр гаргасан чинь 7,200,000 төгрөгийг 7,000,000 гээд биччихсэн байсан. Өөрчилье гэж байтал П.Хишигтогтохоос за яах вэ, мөнгөө өгөхдөө 200,000 төгрөг нэмээд өгчихье гээд өөрчлөлт оруулаагүй гэдэг юм. Иймд П.Хишигтогтохоос 7,200,000 төгрөг, түүний хүү 360,000 төгрөг, хугацаа хэтэрсний алданги 2,520,000 төгрөг, нийт 10,080,000 төгрөгийг гаргуулж надыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Энхбадрах болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Даваахүү, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Тус шүүхэд Д.Энхбадрахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. 2015 оны 11 дүгээр сараас хариуцагч П.Хишигтогтохоос авлагатай болсон байдаг. 2016 оны 03 дугаар сард өгсөн байдаг. Авлагаа авахаар удаа дараа нэхэмжилж байсан боловч төлөх ёстой төлбөрөө төлөөгүй тул талууд тохиролцон уг авлагыг бичгийн хэлбэрт оруулан нотариат дээр очиж зээлийн гэрээ 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулж гарын үсэг зурсан байдаг. Уг зээлийн гэрээнд 7,000,000 төгрөг гэж бичсэн байдаг. Нэхэмжлэгч хэлэхдээ 7,200,000 төгрөг төлөх байсан ч 7,000,000 төгрөг гээд гэрээндээ бичсэн дараа нь П.Хишигтогтох гүйцээгээд төлнө битгий санаа зов гэж хэлсэн гэж тайлбарладаг. Уг гэрээгээр 03 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байдаг. Гэрээний 2.4-д 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээж авсан гэж нэмэлтээр бичиж өгсөн. Барьцаа байхгүй зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэлдээ 05 дугаар сарын 29-ний өдөр огноо тавьсан боловч нэхэмжлэлээ шүүхэд 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн байдаг. Зээлийн гэрээний үүргийг 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гүйцэтгээгүй. Гэрээний хүүг 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тооцохоор 1,750,000 төгрөг болдог. Тухайн үед хуульчаас зөвлөгөө авалгүй 360,000 төгрөг гэж бичсэн байдаг. 83 хоног хэтэрсэн тул алдангийг хоногт 36,750 төгрөгөөр тооцохоор нийт 3,050,250 төгрөг болдог. Үүнийг мөн дутуу бичсэн байдаг. Ингээд Нэхэмжлэлийн шаардлагыг 10,080,000 төгрөг гэж бичсэн байгаа тул 10,080,000 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангийг хариуцагч П.Хишигтогтохоос гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч П.Хишигтогтох шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Иргэн П.Хишигтогтох миний бие Д.Одгэрэлийн дүү Д.Энхбадрахын мах борлуулаад өгчих гэж гуйсны дагуу 2015 оны 11 дүгээр сард нэг тонн 50 кг махыг борлуулахаар авсан бөгөөд тухайн үеийн зах зээлийн ханшаар 1 кг-г 2,800 төгрөгөөр бодож, авчирсан махыг нь чадвал 2,800 төгрөгнөөс чинь илүүгээр борлуулж өгье гэж хэлж авсан болно. 1 кг махыг 2,800 төгрөгөөр бодоход нэг тонн 50 кг мах нь нийт 2,940,000 төгрөг болж байсан. Тухайн үед махны борлуулалт муу байсны улмаас уг нэг тонн 50 кг махыг нь борлуулж чадаагүй бөгөөд уг махыг цааш борлуулах зардал машин техникийг миний зүгээс гаргасан бөгөөд миний бие машин техник зардал, бензин тосоороо хохирсон болно. Уг махыг Дорноговь аймгийн Ханги Мандалын боомт гэдэг газар луу авч очин борлуулах байсан боловч борлуулж чадаагүй бөгөөд мах борлогдохгүйн улмаас муудаж эхлэхээс нь өмнө сайн санаж өөрийн таньдаг найз нөхөддөө үнэ төлбөргүй тарааж өгсөн болно. Ингээд махыг борлуулж чадаагүй болохоор Д.Энхбадрахын эгч Д.Одгэрэл нь 2016 оны 03 дугаар сард над дээр ирэн та махаа зарж чадаагүй юм чинь нотариат орон махны мөнгө болох 2,940,000 төгрөг өгнө гэсэн гэрээ хийгээд өгчих гэсний дагуу бид нотариат орон гэрээ байгуулсан юм. Тэрнээс биш 7,200,000 төгрөгийг зээлсэн асуудал байхгүй болно. Надад өгсөн мөнгө байхгүй бөгөөд зээл өгсөн юм шиг ярьж шүүхэд хандан нэхэмжлэл гаргах нь ямар ч үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 10,080,000 төгрөгний 7,140,000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Авсан нэг тонн 50 кг махны мөнгө болох 2,940,000 төгрөгийг л төлнө” гэжээ.

 

Хариуцагч П.Хишигтогтох болон хариуцагчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

“Д.Хишигтогтох нь Д.Энхбадрахтай харилцан тохиролцоод Д.Энхбадрахын 1 тн 50 кг махыг борлуулж өгөөч гэсний дагуу борлуулна гэж тохиролцсон хэлцэл хийгдсэн байдаг. Монгол улсын махны ханшны байдлаас шалтгаалан мөнгийг өгнө гэж явсаар байгаад өгч чадаагүй. Махны нийт үнэ нь 2,800,000 төгрөг болдог. Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж харагдахаар байхад эсрэг тал үүнийг халхавчлах зорилгоор бэлэн мөнгө өгөөгүй байж зээлийн гэрээ байгуулж П.Хишигтогтохоор гарын үсэг зуруулсан байдаг. Зээлийн гэрээг хэдэн төгрөгөөр ч байгуулж болох ч мөнгийг тоолж өгсөн авсан баримт харагддаггүй. П.Хишигтогтохын хувьд махыг борлуулж чадаагүй, мах нь хил дээр ирээд муудсан байдаг. Зээлийн гэрээг барьцаагүй байгуулсан байгаа нь энэ байдлыг нотлож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна” гэв.

 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Д.Энхбадрах нь П.Хишигтогтоход холбогдуулан зээлийн гэрээний дагуу 7,200,000 төгрөг, түүний хүү 360,000 төгрөг, хугацаа хэтэрсний алданги 2,520,000 төгрөг, нийт 10,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч П.Хишигтогтох нь Д.Энхбадрахаас бэлэн мөнгө зээлж аваагүй, борлуулахаар авсан махны мөнгө 2,940,000 төгрөгийг л төлөх үндэслэлтэй гэж маргажээ.

 

2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Д.Энхбадрах нь П.Хишигтогтоход 7,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлэх, зээлдүүлэх тухай Зээлийн гэрээ хэрэгт авагдсан байна. /хх-4 дүгээр тал/

 

Уг зээлийн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэгч Д.Энхбадрах нь “...П.Хишигтогтоход 7,200,000 төгрөг зээлдүүлсэн, уг мөнгийг өгөхгүй болохоор 2016 оны 3 дугаар сард зээлийн гэрээг хийсэн...”,  хариуцагч П.Хишигтогтох нь “...Д.Энхбадрахаас бэлэн мөнгө зээлж аваагүй, 1 тонн 50 кг хонины мах борлуулахаар авсан боловч борлуулж чадаагүй тул уг махны мөнгө 2,940,000 төгрөгийг л төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан, 7,200,000 төгрөг төлөхөөр зээлийн гэрээ байгуулаагүй...” гэх тайлбарыг тус тус өгсөн.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Зохигчдын хооронд 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 7,000,000 төгрөг зээлэх, зээлдүүлэх гэрээ байгуулагдсан байгаа хэдий ч уг өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлэн өгөөгүй, зээл олгогдоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “...П.Хишигтогтоход 7,200,000 төгрөгийг бэлнээр өгч зээлдүүлсэн...” гэх тайлбарыг өгсөн боловч, үүнийгээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Иргэний  хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч Д.Энхбадрах нь П.Хишигтогтоход зээлийн гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн нь тогтоогдохгүй байх тул 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй.

 

Зээлийн гэрээ байгуулагдаагүй тул уг байгуулсан гэх гэрээний дагуу зээл, зээлийн хүү, алдангийг нэхэмжлэгч хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон“ гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Энхбадрах нь борлуулахаар өгсөн махны үнийг хариуцагч П.Хишигтогтохоос буцаан шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч П.Хишигтогтох нь нэхэмжлэгч Д.Энхбадрахаас 1 тонн 50 кг хонины махыг худалдан борлуулахаар авсанаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг махны мөнгө болох 2,940,000 төгрөгийг төлнө гэж зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иймд хариуцагч П.Хишигтогтохоос 1 тонн 50 кг хонины махны мөнгө болох 2,940,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Энхбадрахад олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 7,140,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                               

1. Иргэний хуулийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч П.Хишигтогтохоос 2,940,000 /хоёр сая есөн зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Энхбадрахад олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас 7,140,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд нийцэх 61,990 төгрөгийг хариуцагч П.Хишигтогтохоос гаргуулан нэхэмжлэгч Д.Энхбадрахад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР