Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 603

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Баярмаа,                            

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Г.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-д холбогдох эрүүгийн 1806 0911 20470 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.А, 1998 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 170б байр, 59 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Ц.Бумбаярыг 100.000 төгрөг өгнө хэмээн хуурч зөөврийн компьютерыг нь ломбарданд тавьж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 570.000 төгрөгийг нөхөн төлсөн” гэв.

Насанд хүрээгүй хохиргч Ц.Бумбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн гадаа гудамжинд Г.А нь таараад “ахдаа зөөврийн компьютер байвал өгөөч” гэхээр нь би өөрийн хэрэглэж байсан Acer брендийн 2016 оны зөөврийн компьютерээ өгөөд явуулсан. Тэрнээс би хамт явж ломбарданд тавиагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

Гэрч Б.Батсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...А анх ирэхдээ ч тэр дараа нь ирэхдээ хүртэл дандаа ганцаараа ирж байсан. Бумбаяртай бол ирээгүй бүүр сүүлд нь Бумбаяр нөүтбүүкээ хайж тэр хавийн ломбардуудаар явж байгаад манайхыг олсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

Алдагдсан эд зүйлийг 570.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Ц.Бумбаярыг 100.000 төгрөг өгнө хэмээн хуурч зөөврийн компьютерыг нь ломбарданд тавьж залилсан  болох нь

Насанд хүрээгүй хохиргч Ц.Бумбаярын: “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн гадаа гудамжинд Г.А нь таараад “ахдаа зөөврийн компьютер байвал өгөөч” гэхээр нь би өөрийн хэрэглэж байсан Acer брендийн 2016 оны зөөврийн компьютерээ өгөөд явуулсан. Тэрнээс би хамт явж ломбарданд тавиагүй ...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Батсайханы: “...А анх ирэхдээ ч тэр дараа нь ирэхдээ хүртэл дандаа ганцаараа ирж байсан. Бумбаяртай бол ирээгүй бүүр сүүлд нь Бумбаяр нөүтбүүкээ хайж тэр хавийн ломбардуудаар явж байгаад манайхыг олсон юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.А-ийг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.А нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.А-ийг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.А-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.А нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР