Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 11

 

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч:  Д. Б  нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох,

        Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/33 тоот тушаалыг хүчингүй болгуулж, байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хуулийн мэргэжилтэн Н.Б  гуравдагч этгээд Х  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Д.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БОАЖ-ын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 сарын 14-ний өдрийн Б/33 тоот тушаал гарснаар миний ажил мэргэжлээ сонгох, шударгаар хөдөлмөрлөх, тухайн ажлын байрны тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр өөр ажлын байраар хангуулах, Төрийн албаны тухай хуулийн 27.2.1-д зааснаар энэ хуулийн 25, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халагдахгүй байх зэрэг эрх зөрчигдөж байна.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27.6-д заасан нэг байгаль хамгаалагчиын хариуцан ажиллах талбайн хэмжээ өндөр уулын бүсэд 100.0 мянга хүртэл га байна гэсэн заалтыг зөрчсөн байна.

Миний бие улсад 26 жил хөдөлмөрлөж байгаа бөгөөд үүнээс 2007 оны 3 сарын 27-ны өдөр аймгийн БОАЖ-ын газарт Түргэн сумын байгаль хамгаалагчаар томилогдон 9 жил 7 сар ажиллаж байна.Ажиллах хугацаандаа ямар нэг алдаа дутагдал гарган сахилгын шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд тогтмол “ А” , “Б” үнэлгээтэй ажиллаж ирсэн.

Тухайн тушаалын үндэслэл болгосон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 09 тоот тогтоол нь аймгийн ЗДТГ-ын бүтцийг шинэчлэн тогтоох тухай гэсэн болохоос БОАЖ-ын газрын орон тоо, байгаль хамгаалагчийн тоог заагаагүй байгаа нь байгаль хамгаалагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Мөн тушаалын үндэслэл болгосон Увс аймгийн Засаг даргын Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай 2016 оны 09 сарын 12-ны өдрийн А/505 тоот захирамжийн гол үндэслэл болгосон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалт нь нутаг дэвсгэртээ тухайн жилд ашиглах байгалийн баялагийн нөөцийн дээд хэмжээг тогтоох гэж байгаа нь уг захирамжийн агуулгад огт нийцэхгүй байгаа.

Миний бие энэ талаар аймгийн төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан боловч намайг цөөхөн жил ажилласан хэмээн үзжээ.Би өөрийгөө аймгийн БОАЖ-ын газрын байгаль хамгаалагч гэж боддог учраас хоёрхон байгаль хамгаалагчийн үзүүлэлтийг жишсэн нь буруу гэж бодож байна.

Би 2007 онд төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцээд, тангараг өргөж ажилласан, Түргэн суманд томилогдож ажиллаж байгаа ажилтан юм. Орон тоо цөөрсөн бол ажлын үзүүлэлт, бусад шалгуур үзүүлэлтүүдийг үзэж сонгож байж тушаал гаргах байсан. Гэтэл зөвхөн Х  жишиж ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын нийт 30 байгаль хамгаалагч нартай ажлын үзүүлэлтийг харьцуулах байсан гэж үзэж байна 

            Иймд Увс аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 сарын 14-ний өдрийн Б/33 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлийг гаргуулж өгнө үү “ гэв.

     Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Б  шүүхэд ирүүлсэн тайлбартаа:”Увс аймгийн Засаг даргын А/505 тоот бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай захирамжийн дагуу Түргэн, Сагил,Тариалан зэрэг сумууд 2 байгаль хамгаалагчтай байсныг нэг орон тоотой болгон цөөрүүлсэн болно.Д.Бийн тухайд Түргэн сумын байгаль хамгаалагч Ж.Х тай адилхан ажлын үзүүлэлттэй байсан боловч Ж.Х  нь Д.Б с ажилласан жилийн хувьд илүү байсан тул ажлаас чөлөөлсөн” гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Д.Б ийг ажлаас чөлөөлөх тухай Увс аймгийн Байгаль орчин,аялал жуулчлалын газрын даргын тушаал нь Увс аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэж гарсан. Өөрөө бие дааж шийдвэр гаргаагүй. Түргэн сум 1 байгаль хамгаалагчийн орон тоотой байна гэдгийг захирамжаар тогтоож өгсөн учраас захирамжийг үндэслэж гаргасан. Засаг даргын захирамжинд баримталсан хуулийн зүйл заалтын хувьд бичилтийн алдаанаас болж буруу гарсан байх. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйл дээр заасны дагуу залруулага хийлгүүлэхээр Хууль зүйн хэлтэст хүсэлт явуулсан. Хариу ирээгүй байгаа. Өөр нэмж хэлэх зүйл алга  “ гэв.

          Гуравдагч этгээд Ж.Х  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2004 онд Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын тушаалаар уг сумын байгаль хамгалагчаар ажилд орсон. Тухайн үед би Эко ази дээд сургуульд эчнээгээр сурч байсан. Өмнө нь байгаль хамгаалагчийн 3 сарын курсэд сурсан байсан. 2006 онд сургууль төгсөөд өдийг хүртэл ажиллаж байгаа. Манай сум том газар нутагтай бөгөөд 100 мя/га талбайд нэг байгаль хамгаалагч ажилладаг учраас ажлын ачаалал их байгаа. Түүнийг харгалзаж үзнэ үү” гэв.

        Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Д.Б  нь Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 сарын 14-ний өдрийн Б/33 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Түргэн сумын байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах  тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Д.Б  нь Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/33 тоот тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан байх ба Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 12 сарын 08-ны өдрийн 27 дугаартай албан бичгээр[1] гомдлын хариугаа аван 2016 оны 12 сарын 28-ны өдөр хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдоо гаргасан байна.

Нэхэмжлэгч нь “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд үндэслэл болгосон Монгол Улсын Засгийн газрын 09 дүгээр тогтоол, Увс аймгийн Засаг даргын “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” 2016 оны А/505 дугаар захирамж нь ажлаас чөлөөлөх эрх зүйн үндэс болохгүй, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу Түргэн суманд 2 байгаль хамгаалагч ажиллах зайлшгүй шаардлагатай, мөн Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4-д заасныг зөрчсөн гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “Увс аймгийн Засаг даргын А/505 дугаартай бүтэц орон тоог шинэчлэн батласан захирамжийн дагуу Түргэн сум 2 байгаль хамгаалагчтай байсныг 1 орон тоотой болгож цөөрүүлсэн ба байгаль хамгаалагч Ж.Х тай адилхан ажлын үзүүлэлттэй байсан боловч Ж.Х,  Д.Б  ажилласан жил илүү байсан тул Д.Б  ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

      Гуравдагч этгээдийн  хувьд Түргэн суманд хоёр байгаль хамгаалагч ажиллах шаардлагатай талаар тайлбар  гаргажээ.

       Нэхэмжлэгч Д.Б  нь Увс аймгийн Байгаль орчны албаны даргын 2007 оны 03 сарын 20-ны өдрийн 08 дугаартай тушаалаар[2] Түргэн сумын байгаль хамгаалагчаар томилогдон төрийн захиргааны ТЗ-2 шатлалаар цалинжиж, 2007 оны 05 сарын 21-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтанд орж тэнцэн 2007 оны 08 сарын 30-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг[3] өргөсөн байх ба Увс аймгийн Засаг даргын 2015 оны 03 сарын 02-ны өдрийн А/83 дугаартай “Зэрэг дэв олгох тухай” захирамжаар[4] Тэргүүн зэрэг, туслах түшмэлийн зэрэг дэв олгогдсон төрийн жинхэнэ албан хаагч болно.

      Увс аймгийн Түргэн суманд Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хоёр байгаль хамгаалагч ажилладаг байсан бөгөөд Д.Б йг ажлаас чөлөөлснөөр Түргэн суманд байгаль хамгаалагч Ж.Х  үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.

       Нэхэмжлэгч Д.Б  нь Байгаль орчин менежментийн “Эко-Ази” дээд сургуулийг төгсөж “Экологи, байгаль хамгаалал“ мэргэжил эзэмшсэн, 2007 оноос хойш байгаль хамгаалагчаар ажилласан, аймгийн хүндэт тэмдэг, ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, байгаль орчны тэргүүний ажилтан, яамны жуух бичиг зэргээр шагнагдаж байсан, гуравдагч этгээд Ж.Х  нь “Эко-Ази” дээд сургуулийг төгсөж “Байгаль хамгаалал экологич, байгаль орчны байцаагч“ мэргэжил эзэмшсэн, 2004 оноос хойш байгаль хамгаалагчаар ажилласан, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, 90 жилийн ойн медаль, байгаль орчны тэргүүний ажилтан, яамны жуух бичиг зэргээр шагнагдаж байсан ажилтнууд болох талаарх баримтууд хэрэгт авагдсан болно.

       Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/33 дугаар тушаалд[5] Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн А/505 дугаар захирамж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус үндэслэн Д.Б г 2016 оны 10 сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

        Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож,аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлагуудын нэгэнд Байгаль орчин аялал жуулчлалын газар хамаарагдсан байна.

         Увс  Аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн А/505 дугаар захирамжаар[6] Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц орон тоо, сумдад ажиллах байгаль хамгаалагчдын тоог хавсралтаар баталсан байна.Тус захирамжаар Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт дарга-1, ахлах мэргэжилтэн-1, нягтлан бодогч-1, мэргэжилтэн-9, хуулийн зөвлөх-1, нярав, бичиг хэргийн эрхлэгч-1, жолооч-1, үйлчлэгч-1, жижүүр-3, ойжуулагч-1, сумын байгаль хамгаалагчид-25 ажиллахаар, нийт 45 ажилтантай байхаар баталж үүний дотор Түргэн суманд 1 байгаль хамгаалагч ажиллахаар тогтоожээ.

         Уг захирамж гарсантай холбогдуулан Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 сарын 13-ны өдрийн Б/25 дугаартай тушаалын[7]  1-р хавстралтаар ажилтнуудыг ажлаас чөлөөлж, 2-р хавсралтаар ажилд буцаан томилоход Д.Б г Түргэн сумын  байгаль хамгаалагчаар түр томилсон байна.

        Увс  Аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн А/505 дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц орон тоог батлахаас өмнө Увс аймгийн Засаг даргын 2015 оны 01 сарын 26-ны өдрийн А/26 дугаартай захирамж[8] гарч, уг захирамжийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 03 сарын 16-ны өдрийн Ажилд томилох тухай тушаалаар ажилтнуудыг дахин томилсон байх ба дарга-1, ахлах мэргэжилтэн-2, мэргэжилтэн-7, нягтлан бодогч-1, нярав, бичиг хэрэг-1, сумдын байгаль хамгаалагч-32, жолооч-1, жижүүр-2, сахиул, ойжуулагч-1 буюу нийт 48 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж , үүний дотор Түргэн суманд 2 байгаль хамгаалагч ажиллаж байжээ.

         Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “Нэг байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах талбайн хэмжээ нь өндөр уулын бүсэд 100.0 мянган га хүртэл байхаар тогтоож, тухайн бүсчлэлд хамрагдах сумдын нэрийн жагсаалтыг Засгийн газар батлахаар заасан байна.

          Тус хуульд заасны дагуу Засгийн газрын 2006 оны 4 сарын 5-ны өдрийн 71 дугаартай тогтоолоор Монгол Улсын байгалийн бүсчлэлд хамрагдах сумдын нэрийн жагсаалтыг баталсан ба Увс аймгийн Түргэн сумын нутаг байгалийн өндөр уулын бүсчлэлд хамрагджээ.

         Увс аймгийн Түргэн сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 225342 га талбайтай болох талаар Увс аймгийн Түргэн сумын  Засаг даргын тамгын газраас тодорхойлж ирүүлсэн байна.

         Түргэн сумын нутаг дэвсгэрээс 39909,77 га талбай нь Увс нуурын ай сав газрын дархан цаазат газарт хамаарагддаг байх бөгөөд Засгийн газрын 2006 оны 87 дугаар тогтоолд зааснаар өндөр уулын бүсэд хамаарагдах дархан цаазат газарт 50.0 мя.га-д 1 байгаль хамгаалагч ажиллахаар тогтоосны дагуу Түргэн суманд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагчаас гадна Увс нуурын ай сав газрын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нэг байгаль хамгаалагч ажилладаг талаар талууд тайлбар гаргаж, энэ талаар маргаангүй болно.

       Түргэн сумын нийт нутаг дэвсгэрээс дархан цаазат газрын талбайн хэмжээг хасаж тооцоход 185432,2 га талбай үлдэж байгаа бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д заасны дагуу Түргэн суманд хоёр байгаль хамгаалагч ажиллахаар байна.

         Хуульд заасан журмын дагуу байгууллагын бүтэц, орон тоонд багтаж Түргэн суманд хоёр байгаль хамгаалагч ажиллаж байсныг аймийн Засаг даргын 2016 оны А/505 дугаартай захирамжаар маргаан бүхий орон тоог цөөрүүлж хасаж шийдвэрлэсэн нь Байгаль орчныг хамгаалах тухай 16 дугаар зүйлийн 16.2.1-д заасан аймгийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх талаарх хуулийн зохицуулалттай нийцээгүй байна.

         Иймд Аймгийн Засаг даргын 2016 оны А/505 дугаартай захирамжийг үндэслэсэн Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/33 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг алдагдуулсан гэж үзэв.

            Түүнчлэн маргаан бүхий актанд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримталжээ.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна“ гэж зохицуулсан байтал Түргэн сумын байгаль хамгаалагчийн цөөрсөн орон тоонд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр зөвхөн ажилласан жилийн хугацааг харгалзан Ж.Х г ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Б н эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгчээс Увс аймгийн Засаг даргын 2016 оны А/505 дугаартай захирамжтай маргаагүй, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Түргэн сумын байгаль хамгаалагчийн орон тоо нэг байхаар батлагдсан, уг орон тоонд гуравдагч этгээд ажиллаж байгаа тул Д.Б г урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоон шийдвэрлэв.

            Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/33 тоот тушаалд Хөдөлмөрийн  тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг баримталсан нь илүү байх ба төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхтэй холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулиар тусгайлан зохицуулсан болохыг тэмдэглэв.

            Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заажээ.

Шүүхээс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоон шийдвэрлэж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс толорхойлох журам”-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн цалингийн тооцооны карт, нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилт зэргийг үндэслэн тооцоолж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Тус журамд зааснаар нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг үндэслэн ажилгүй байсан нийт 4 сар 12 хоногийн цалинтай тэнцэх олговорт хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид олгосон 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг болох 1593294 төгрөгийг хасаж тооцон, нийт 1836074 төгрөгийн олговрыг гаргуулан нэхэмжлэгч Д.Б д олгох үндэслэлтэй байна.

Д.Бн цалингийн картнаас үзэхэд Д.Б нь 2016 оны 8 сард ээлжийн амралтын олговор авсан, 9 сард бүтэн ажиллаагүй, 10 сард ажлаас чөлөөлөгдөх шийдвэр гарах хүртэлх цалин бодогдсон байх журамд заасан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг бүтэн цалин олгогдсон 2016 оны 5,6,7 дугаар саруудын цалингаар тооцов.

Дараах хүснэгтэд олговрыг тооцоолов.

Тооцоолол

Сарын ажлын өдөр

Ажлаас халагдахаас өмнөх 3 сард авсан цалин

/унаа, хоолны хөнгөлөлтийг журамд заасны дагуу хасаж тооцов/

 

2016 оны 5 сар

 

 

750138-6600=

743538 төгрөг

 

 

22 хоног

2016 оны 6 сар

787014-6300=

 780714 төгрөг

21 хоног

2016 оны 7 сар

711160-4800=

706360 төгрөг

16 хоног

1 сарын дундаж цалин хөлс

743537 төгрөг

 

1 сарын дундаж ажлын өдөр

 

19,6 хоног

1 өдрийн дундаж цалин хөлс

37935 төгрөг

 

Ажилгүй байсан хугацаа

2016.10.14-ний өдрөөс 2017.03.06-ны өдөр буюу

 4 сар 12 хоног/цагаан сарын шинийн 1,2,3-ныг өдрийг хасаж тооцсон/

 

Нийт олгох олговор

             3429368 төгрөг

 

Нэхэмжлэгчид байгууллагаас олгосон 1 удаагийн тэтгэлэг

            1593294 төгрөг

 

Шүүхийн шийдвэрээр олгох олговор

            1836074 төгрөг

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/33 тоот тушаалыг  хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Д.Б г Увс аймгийн Байгаль орчин,аялал жуулчлалын газарт урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд /ТЗ-2/ эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1836074 / нэг сая найман зуун гучин зургаан мянга далан дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б с улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б д  олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ