Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0497

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В В Б, түүний орчуулагч П.М нарыг оролцуулан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал Х.Б-ын Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Оросын Холбооны Улсын нэр дээр хууль бусаар үүсгэсэн эрхийн улсын бүртгэлийн .... дугаар бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .... дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...маргаан бүхий орон сууцны барилга нь албан ёсоор Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг 22 дугаар хорооллын 12 тоот орон сууцны барилга гэсэн хаягтай байдаг бөгөөд уг хаягт 1999 оноос хойно болон өмнө ямар нэгэн өөрчлөлт огт орж байгаагүй нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг, 4 дүгээр хорооны Засаг дарга П.Б-ийн мэдүүлэг, хорооны өрхийн бүртгэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл болон бусад нотлох баримтаар тогтоогдсон. ...ОХУ-ын өмчлөлд байсан 6 дугаар байр нь 2821 м.кв талбай бүхий байсан. Гэтэл уг маргаан бүхий орон сууц нь барилга нь нийт 4564 м.кв талбай бүхий, нийтийн зориулалттай байр юм. Хэрэгт авагдсан ОХУ-аас 1999 онд гэрчилгээ авахаар мэдүүлэгт хавсаргаж өгсөн зураг дээрх 6 дугаартай орон сууцны барилга шинээр гэрчилгээ авахаар өгсөн маргаан бүхий 12 дугаартай байрнаас огт өөр буюу 3 орцтой тус сумын нутаг дэвсгэрт байрлах 7, 3, 8 дугаар байруудтай адилхан байгаа болно.

1975 оны Дархан хотын 22 дугаар бичил хороололд Зөвлөлтийн мэргэжилтэнд зориулж төсвийн хөрөнгөөр барьсан орон сууцыг хүлээн авсан улсын комиссын актад 12 дугаар байр байхгүй бөгөөд 3, 4, 6, 7 дугаар байдаг. Шүүхээс энэ байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу аливаа бүртгэл нь “...бүртгэл үнэн зөв байж, нотлох баримтад үндэслэсэн байх зарчимтай бөгөөд тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “...улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй...” гэж заасан. Гуравдагч этгээд нь хуульд заасан үүргээ санаатайгаар зөрчиж, өөрт байхгүй эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авахаар бодит бус нотлох баримтыг бүрдүүлсний улмаас хуульд заасан бүртгэл үнэн зөв байх зарчим алдагдсан байна.

...гуравдагч этгээд өөрийн өмчлөлд байхгүй Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 22 дугаар хороололд байрлах 12 дугаар байрыг өөрийн өмчлөлийн 6 дугаар байр мэтээр төөрөгдүүлэн, 524 тоот түрээсийн гэрээг байгуулан 2005 оноос хойш манай компанид түрээсэлж, түрээсийн төлбөрийг хууль бусаар авч хөрөнгөжсөн... гуравдагч этгээд уг үл хөдлөх хөрөнгийг түрээслэх эрхтэй байсан эсэх, түрээсийн гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр өөрийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалахад энэхүү хууль бус бүртгэл шууд нөлөөлж байгаа болно. Түүнчлэн уг шүүх манай компанийг 2005 оноос хойш засан сайжруулалт хийж эзэмшиж байгаа тухай асуудлаар огт дүгнэлт хийгээгүй атлаа эрх ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж дүгнэснийг ойлгохгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК-иас “...Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ОХУ-ын өмчлөлд 6 дугаар байрыг бүртгэх ёстой байтал 12 дугаар байрыг бүртгэсэн нь хууль бус болсон, ...анх ОХУ-ын өмчлөлд байсан 6 дугаар байр нь 2821 м.кв талбай бүхий байсан. Гэтэл уг маргаан бүхий орон сууцны барилга нь нийт 4564 м.кв талбай болж бүртгэгдсэн...” гэх үндэслэлээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших 4564 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Оросын холбооны улсыг бүртгэсэн улсын бүртгэлийн ....дугаар бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ....дугаар гэрчилгээ”-г хүчингүй болгуулахаар маргажээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1809 дүгээр тушаалаар Оросын Холбооны Улсын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сум, 22 дугаар хороололд орших, 2821.25 м.кв талбайтай 6 дугаар байр нь Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт оршиж байгаа нь өмчлөгчийн гаргасан хүсэлт болон холбогдох бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул эрхийн улсын бүртгэлийн .... дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг харьяаллын дагуу бүртгэж, шинээр улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байцаагчид зөвшөөрчээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.1.З-т “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харъяалал өөрчлөгдөх” гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дээрх тушаалыг үндэслэн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших 4564 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Оросын холбооны улсыг бүртгэж, улсын бүртгэлийн ....дугаар бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ....дугаар гэрчилгээ олгосон байна.

Энэхүү бүртгэл нь үл хөдлөх эд хөрөнгийг шинээр бүртгэж буй асуудал биш байх бөгөөд зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа газрын бүртгэлийн байгууллагад бүртгэлийг шилжүүлж байгаа, төрийн байгууллагын зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагааны улмаас хийгдсэн бүртгэл гэж үзэхээр байна.

Харин хариуцагчаас тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 4564 м.кв гэж зөрүүтэй бүртгэсэн байх боловч хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар Оросын Холбооны Улсын өмчлөлд анхнаасаа бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгө мөн болох нь тогтоогдсон, зөвхөн талбай хэмжээ /ашигтай талбайг тооцон хэмжээг нь тодорхойлсон байсныг тухайн орон сууцны нийт тайлбайн хэмжээгээр тооцож өөрчилсөн талаар гуравдагч этгээд тайлбарласан/ нь өөрчлөгдөн бүртгэгдсэн байх тул энэ үндэслэлээр бүртгэлийг хуульд нийцээгүй гэж үзэхгүй.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч “Г” ХХК нь маргаан бүхий орон сууцыг Оросын холбооны улсын өмчлөлийн эд хөрөнгө мөн болохыг хүлээн зөвшөөрч, 2006 оноос хойш түрээсийн журмаар ашиглаж байсан атлаа хожим “...гуравдагч этгээд уг үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэх эрхтэй байсан эсэх, түрээсийн гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр өөрийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалуулах гэж байгаа” гэх үндэслэлээр улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй нь үндэслэлгүй, дээрх улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч “Г” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол огт хөндөгдөөгүй байна.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “...хаягийн бүртгэлээр 6 дугаар байр гэдэг нь өөр орон сууц харин маргаан бүхий орон сууц нь 12 дугаар байр гэсэн хаягтай” гэх агуулгаар маргах боловч үүнийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 07-ны 240 дугаартай тогтоолоор “...Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороололд байрлах 5 давхар, 2821.25 м.кв талбай бүхий 6 дугаар байрыг /одоогийн дугаар 12 гэх/ 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Оросын Холбооны Улсын өмчөөр бүртгэсэн” гэж тодорхой дүгнэсэн байх тул энэ талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН