Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/0370

 

 

“У х б” ХХК-ийн гомдолтой, Монголбанкны хянан шалгагч,

улсын байцаагч О.Б-д холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:       Г.Банзрагч

Б.Мөнхтуяа

Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал     

Гомдлын шаардлага: “Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай Улсын байцаагчийн акт, түүнийг үндэслэн гарсан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0050066 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах”    

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0336 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 401 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаа, Т.Батжаргал,

Хариуцагч О.Батмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэн нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0336 дугаар шийдвэрээр: Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 8 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “У х б” ХХК-иас Монголбанкны хянан шалгагч улсын байцаагч О.Б-д холбогдуулсан гаргасан “Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай Улсын байцаагчийн акт, түүнийг үндэслэн гарсан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0050066 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 401 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 336 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэсний дараа “2 дахь хэсгийн 5”  гэсэн заалтыг, Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1” гэсний дараа “113.2” гэсэн заалтуудыг тус тус нэмж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

 

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. “У х б” ХХК-ийн гомдолтой, хариуцагч Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч О.Батмаад холбогдох хэргийг хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 401 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, гомдол гаргагч Улаанбаатар хотын банкнаас дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. Захиргааны шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэдэг. Энэ агуулгын хүрээнд нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкнаас хариуцагч болох Улсын байцаагчийн акт, шийтгэврийг хууль бус гэж үзэж маргасан. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан бөгөөд маргаан бүхий захиргааны актууд нь дараах үндэслэлээр хууль бус байна.

5. Захиргааны байгууллагаас захиргааны акт гаргах, иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийг баримтлах бөгөөд хариуцагчийн гаргасан маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2-т заасан бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй буюу мөн хуулийн 40.2.3-т заасан захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал байгаагүй, хууль зүйн үндэслэлийг заагаагүй актууд болсон.

6. Тодруулбал, Улсын байцаагчийн 2019.10.08-ны өдрийн ******* дугаартай актын Тогтоох нь хэсгийн 2-т Улаанбаатар хотын банкийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019.07.16-ны өдрийн А-192 тоот тушаалын Хавсралт 3-ын 2-т “Төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах зорилгоор бусад банк санхүүгийн байгууллагад байршуулсан эх үүсвэрийг сунгахгүйгээр Монголбанкин дахь харилцах дансанд төвлөрүүлэх, төвлөрсөн эх үүсвэрийг ТБҮЦ болон энэ тушаалын 3-д зааснаас бусад хэлбэрээр зарцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх үүрэг нь Улаанбаатар хотын банкны хүлээсэн үүрэг биш бөгөөд “...бусад банк санхүүгийн байгууллагад байршуулсан эх үүсвэрийг сунгахгүйгээр Монголбанкин дахь харилцах дансанд төвлөрүүлэх... бусад хэлбэрээр зарцуулахгүй байх” гэх үүргийг зөрчсөн этгээд нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк болохоос Улаанбаатар хотын банк биш юм.

7. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үл харгалзан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн, хуулийг буруу тайлбарлаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019.07.16-ны өдрийн А-192 тоот тушаалын Хавсралт 3-ын 2-т заасныг Улаанбаатар хотын банк зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх Хариуцагчийн Улаанбаатар хотын банкны талаар өгсөн хэргийн үйл баримтад шууд хамааралгүй, хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргагдаагүй “зөрчил”-ийн талаар ярианд үндэслэн “Улаанбаатар хотын банк ямартай ч буруутай юм байна” гэх үнэмшилд тулгуурлан шийдлээ гаргаж, уг шийдлийн хүрээнд улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж тайлбарлаж болох үндэслэлүүдийг хайх агуулгаар хэргийг шийдвэрлэж, шийдвэр, магадлалыг бичсэн гэж үзэж байна.

9. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгчийн гэм буруутай эсэхийг дахин шүүн тогтоох агуулгатай бус, захиргааны актын үндэслэлийг, хэлбэрийн болон хууль зүйн шаардлага хангасан эсэхийг хянах агуулгатай. Хэрэв захиргааны акт гарах хууль зүйн үндэслэл байгаагүй, захиргааны акт хэлбэрийн шаардлага хангаагүй бол түүний агуулга, холбогдох хууль зүйн фактаас үл хамааран актыг эрх зүйн зөрчилтэй, хууль бус гэж дүгнэх нь үндэслэлтэй.

10. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг үндэслэж гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Тодруулбал, Улаанбаатар хотын банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хооронд байгуулсан Мөнгөн хадгаламжийн гэрээний асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм. Хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулсан Мөнгөн хадгаламжийн гэрээний үүргийн биелэлт шаардах, Хадгалагч нь Мөнгөн хадгаламжийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг гаргаж өгөөгүй гэж хэрэв маргах бол энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлэнэ. Гэтэл хадгалуулагч болох Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас энэ үндэслэлээр маргаагүй, ямар нэгэн гомдлын шаардлагыг Хадгалагч Улаанбаатар хотын банкны эсрэг гаргаагүй байхад Захиргааны хэргийн шүүх Улаанбаатар хотын банкийг Мөнгөн хадгаламжийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үүргээ зөрчсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-т “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

11. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0336 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 401 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан шатны шүүх гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй алдааг залруулж зохих өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.  

13. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хянагч томилох тухай” А-119 дүгээр тушаалаар О.Б,  Ц.М нарыг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Монголбанкны хянагчаар Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд ажиллуулахаар томилж, хянагчийн ажлын удирдамжийг хавсралтаар баталж, Монголбанкны хянагчийг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Н.Б), тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар (Т.А)-т тус тус даалгасан, улмаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хийсэн шалгалтын дүнгийн тухай” А-192 дугаар тушаал гарсан, уг тушаалын 3 дугаар  хавсралтаар Үндэсний хөрөнгө оруулалтын банкны шалгалтын мөрөөр илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг баталсан, мөн  хавсралтын 2 дахь хэсэгт “Төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах зорилгоор бусад банк санхүүгийн байгууллагад байршуулсан эх үүсвэрийг сунгахгүйгээр Монголбанкин дахь харилцах дансанд төвлөрүүлэх, төвлөрсөн эх үүсвэрийг ТБҮЦ болон энэ тушаалын 2-д зааснаас бусад хэлбэрээр зарцуулахгүй байх” гэж заасан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ХГ-19/07/05/01 дүгээр Мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу Улаанбаатар хотын банкинд 40.0 тэрбум төгрөгийг хадгалуулсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

14. Тушаалын хэрэгжилтийг хангуулахаар Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Улаанбаатар хотын банктай 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан ХГ-19/07/05/01 дүгээр Мөнгөн хадгаламжийн гэрээг цуцлахаар “Мөнгөн хадгаламжийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай”, “Мөнгөн хадгаламжийн хугацааг дуусгавар болгох тухай” албан бичиг, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр Төлбөрийн даалгаварыг тус тус  Улаанбаатар хотын банкинд хүргүүлж байснаас гадна  Монголбанкны эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, шаардлага ч удаа дараа  хүргэгдсээр байхад Улаанбаатар хотын банк мэдэгдэл шаардлагад дурдсан арга хэмжээг биелүүлээгүй нь нотлогдож байна.

15. Хариуцагч нь Монголбанкны Ерөнхийлөгчийн А-192 дугаар тушаалаар  батлагдсан  “Төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах зорилгоор бусад банк санхүүгийн байгууллагад байршуулсан эх үүсвэрийг сунгахгүйгээр Монголбанк дахь харилцах дансанд төвлөрүүлэх, төвлөрсөн эх үүсвэрийг ТБҮЦ болон энэ тушаалын 2-д зааснаас бусад хэлбэрээр зарцуулахгүй байх” үүргийн хэрэгжилтийг хангуулахаар  зорилгоор “2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусах хугацаагаар байршуулсан ... төгрөгийн хадгаламжийн хугацаа дууссан, ... хугацаанд төлөхгүй байгааг тэмдэглэж” харилцагчийн хугацаа дууссан хадгаламжийн мөнгийг буцаан төлөхгүй байгаа тухай актыг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үйлдэж, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 0050066 дугаар шийтгэлийн хуудсаар  10.000.000 /арван сая/ төгрөгийн төлбөр оногдуулсныг буруутгах хууль зүйн боломжгүй талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

16. Улсын байцаагчийн мэдэгдэл, албан шаардлагыг гомдол гаргагч биелүүлээгүй зөрчилд оногдуулсан шийтгэлийг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

17. Иймд “Улаанбаатар хотын банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хооронд байгуулсан Мөнгөн хадгаламжийн гэрээний асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш...Захиргааны ерөнхий хуульд заасан бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй... захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал байгаагүй “ гэх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

18. Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15” гэж ташаа бичсэнийг “Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15” гэж залруулах нь зүйтэйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 401 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН