Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01064

 

 

 

 

 

 

2024 05 20 210/МА2024/01064 

 

 

 

******* ББСБ

ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/01637 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 145,781,041 төгрөг гаргуулж, фидуцийн зүйл болох ******* УНН улсын дугаартай, Beiben ND3313 D41J маркийн, ******* арлын дугаартай, улбар шар өнгийн ачааны автомашин, ******* ГЧ улсын дугаартай, LCTQG21Z маркийн, ******* арлын дугаартай, улбар шар өнгийн чиргүүл, ******* УНН улсын дугаартай, Beiben ND3313 D41J маркийн, ******* арлын дугаартай, улбар шар өнгийн ачааны автомашин, ******* ГЧ улсын дугаартай, LCTQG21Z маркийн, арлын дугаартай, улбар шар өнгийн чиргүүл, УНВ улсын дагууртай, Beiben ND3313 D41J маркийн, арлын дугаартай, улбар шар өнгийн ачааны автомашин, ГЧ улсын дугаартай, LCTQG21Z маркийн, арлын дугаартай, улбар шар өнгийн чиргүүлийг гаргуулан авах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Ази номхон далай хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК нь ******* ХХК, Т. нартай 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ЗГ00190266 дугаар зээлийн гэрээг байгуулан 50,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар сарын 2,9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлүүлсэн. Уг гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон.

1.2. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт огт хийгээгүй ба удаа дараа зээлээ төлнө гэсэн амлалт өгсөн боловч төлөлт хийхгүй байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.

1.3. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ФГ00190266 дугаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуцийн гэрээ/-г байгуулж 6 нэр төрлийн тээврийн хэрэгслүүдийн өмчлөлийг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлсэн. Дээрх тээврийн хэрэгслүүд зээлдүүлэгчийн нэр дээр гэрчилгээ нь шилжсэн боловч одоо бодитоор байгаа эсэх, ашиглаж болох эсэх, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа.

1.4. Нэхэмжлэл гарснаас хойших хугацаа буюу 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаагаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 82,719,123 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,061,918 төгрөг нийт 145,781,041 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн 6 ширхэг тээврийн хэрэгслийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь ******* ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ЗГ00190266 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар сарын 2,9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн төлбөрт 145,781,041 төгрөг нэхэмжилсэн байна. Иргэн В. нь ******* ХХК-ийн хувьцааг 2021 оны 6 дугаар сард худалдан авч, хувьцаа эзэмшигчээр 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн.

2.2. Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний 4.7-д Энэхүү гэрээг байгуулахаас өмнөх худалдаж буй хувьцаатай холбоотой татвар, хураамж, өр төлбөр торгуулийг худалдагч тал төлөх үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс өмнөх өр төлбөрийг өмнөх хувьцаа эзэмшигч хариуцах үүрэгтэй.

2.3. 2019 онд хэн ямар зээл авсныг мэдэхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Мөн ******* ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд нь н., Т. төлөөлөх эрхтэй этгээд биш, ******* ХХК-ийн авсан зээлийн хөөн хэлэлцэх хугацааг Т. тасалдуулах боломжгүй тул ******* ХХК-ийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 145,781,041.10 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд УНН улсын дугаартай, Beiben ND3313 D41J маркийн, ******* арлын дугаартай, улбар шар өнгийн ачааны автомашин, ГЧ улсын дугаартай, LCTQG21Z маркийн, ******* арлын дугаартай, улбар шар өнгийн чиргүүл, улсын дугаартай, Beiben ND3313 D41J маркийн, ******* арлын дугаартай, улбар шар өнгийн ачааны автомашин, ГЧ улсын дугаартай, LCTQG21Z маркийн, арлын дугаартай, улбар шар өнгийн чиргүүл, УНВ улсын дагууртай, Beiben ND3313 D41J маркийн, арлын дугаартай, улбар шар өнгийн ачааны автомашин, ГЧ улсын дугаартай, LCTQG21Z маркийн, арлын дугаартай, улбар шар өнгийн чиргүүлийг шилжүүлэн авах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,140,262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 886,935 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* ББСБ" ХХК нь нэхэмжлэлдээ "2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүний төлөлт огт хийгээгүй" гэсэн байдаг

Нэхэмжлэлд хавсарган өгсөн зээлийн гэрээний хавсралтад заасан зээл, хүү төлөх графикад 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 1,546,667 төгрөг төлөхөөр тохирсон гэж харагдаж байна. Зээлийн гэрээний үүрэг 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчигдөж, гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дууссан.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ" гээд 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардаж хувьцаа эзэмшигч т мэдэгдэл өгсөн байна. Иймээс зээлийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ гэжээ.

Нэхэмжлэгч хариуцагчаа "*******" ХХК гэж тодорхойлсон. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна." гэж заасан.

Тодруулбал "*******" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн хэлцэл хийх эрхгүй этгээд байсан болно. Иймд хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх боломжгүй юм.

4.2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно." гэж, 4-т "Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно." гэж тус тус заасан. "*******" ХХК-ийн дансанд мөнгө ороогүй, хавтаст хэрэгт мөнгө орсон талаарх баримт байхгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 онд ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэн Г.ыг нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуусан бөгөөд гэрч шүүгчийн асуултад Би сүүлд очиж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болохоос биш зээл аваагүй" гэж мөн "ямар байгууллагаас зээл авсан бэ гэж асуухад "Байх хугацаандаа зээл аваагүй" гэж тус тус хариулдаг. Өөрөөр хэлбэл ******* ХХК нь 2019 онд бусдаас зээл аваагүй байна.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/01637 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан баримтаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй буюу 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрээний хугацаа дуусна, түүнээс хойш 3 жилийн хугацаанд шаардлага гаргах ёстой бөгөөд энэ хугацаанд тухайн компаний хувьцаа эзэмшигч үүсгэн байгуулагч Т.т мэдэгдэл хүргүүлж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан.

5.2. Нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч байгууллагад зээл олгоогүй гэж тайлбарладаг боловч хариуцагчийн зүгээс хүсэлтээ гаргасны дагуу зээл олгож, гэрээ байгуулсан ба талууд гэрээнд тамга тэмдгээ дарсан. Үүний дагуу хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Т. нь тухайн данс руу авна гэсэн тул талууд харилцан тохиролцож, гэрээний дагуу төлбөрийг шилжүүлсэн. Иймд зээл олгоогүй манайх зээлийг аваагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

5.3. В. болон Т. нарын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнд өмнөх өр төлбөрийг өмнөх үүсгэн байгуулагч хариуцна гэх агуулгаар хариуцагч маргадаг. Тухайн гэрээний заалтад зөвхөн гэрээг байгуулахаас өмнөх худалдаж буй хувьцаатай холбоотой татвар, хураамж, өр төлбөрийг хариуцна гэж заасан. Гэтэл талуудын хооронд хувьцаатай холбоотой ямар нэгэн маргаан байхгүй, зөвхөн зээлийн гэрээтэй холбоотой маргаан учир хариуцагч талын татгалзаж буй гэрээний заалт үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 145,781,041 төгрөг гаргуулж, фидуцийн зүйл болох 3 ширхэг ачааны өөрөө буулгагч автомашин, 3 ширхэг чиргүүлийг гаргуулан авах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* ББСБ ХХК нь ******* ХХК болон Т. нартай 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ББСБ ХХК нь 50,000,000 төгрөгийг, сарын 2,9 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, ******* ХХК, Т. нар нь зээл, хүүгийн төлбөр төлөх, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн 6-8 дугаар тал/

3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* ХХК болон ******* ХХК, Т. нар 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр LS921Z326BOLCTO82 арлын дугаартай, ******* ГЧ улсын дугаартай LCTQ21Z чиргүүл, ******* арлын дугаартай, ******* УНН улсын дугаартай Beiben ND3313D41J ачааны өөрөө буулгагч, ******* арлын дугаартай, ******* УНН улсын дугаартай Beiben ND3313D41J ачааны өөрөө буулгагч, арлын дугаартай, УНВ улсын дугаартай Beiben ND3313D41J ачааны өөрөө буулгагч, LS921Z323BOLCTO86 арлын дугаартай, ******* ГЧ улсын дугаартай LCTQ21Z чиргүүл, LS921Z324BOLCTO81 арлын дугаартай, ГЧ улсын дугаартай LCTQ21Z чиргүүлүүдийг ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд тус тус шилжүүлсэн байна. /хх-ийн 9-10 дугаар тал/

3.3. Түүнчлэн, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т., Г., Х. нар нь В.тэй 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, тус компанийн 100 хувийн хувьцааг В.д шилжүүлсэн. /хх-ийн 103-104 дүгээр тал/

3.4. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэлт хийсэн алдааг залруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар шүүхийн дүгнэлт зөв.

Хэрэгт авагдсан баримтаар дээрх зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч байгууллагаас 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 9,900,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 36,400,000 төгрөг нийт 46,300,000 төгрөгийг Т.т, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3,200,000 төгрөгийг ******* ХХК-д тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Иймд хариуцагч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зээл, түүний хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Хариуцагчийн хувьд энэ үүрэг нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуустал үргэлжилнэ.

Зээлийн гэрээний хугацааг 12 сар гэж талууд тохиролцсон тул хариуцагч нь үндсэн зээл, түүний хүүг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид буцаан төлөх үүргийг хүлээсэн байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс тоолбол 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дууссан ба нэхэмжлэгч 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрэний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацааг хэтрүүлж, хөөн хэлэлцэх хугацааг алдсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.т 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэж, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн нь буруу болсон.

Учир нь хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй, Т. 100 хувийн хувьцаа эзэмшигч биш байхаас гадна Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтанд хамаарахгүй тул хариуцагч байгууллагад зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдсэн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ шаардаагүй байх тул уг хугацаа тасалдаагүй байна.

Түүнчлэн, талуудын байгуулсан гэрээнд Т. зээлдэгчийн үүрэг хүлээж, гарын үсэг зурсан нь нөгөө зээлдэгч болох ******* ХХК-ийг төлөөлөх эрхийг олгохгүй бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар бие даасан гэрээний оролцогч болно.

Мөн хэргийн баримтаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид холбогдох зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа мөн дуусна.

4.2. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар нь үүргээс татгалзах эрхийг үүрэг гүйцэтгэгчид олгож байгаа учир зээлийн болон фидуцийн гэрээний үүргийн шаардлага үгүйсгэгдэнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/01637 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 145,781,041 төгрөг гаргуулах, фидуцийн зүйл болох ******* УНН улсын дугаартай, Beiben ND3313 D41J маркийн, ******* арлын дугаартай, улбар шар өнгийн ачааны автомашин, ******* ГЧ улсын дугаартай, LCTQG21Z маркийн, ******* арлын дугаартай, улбар шар өнгийн чиргүүл, ******* УНН улсын дугаартай, Beiben ND3313 D41J маркийн, ******* арлын дугаартай, улбар шар өнгийн ачааны автомашин, ******* ГЧ улсын дугаартай, LCTQG21Z маркийн, арлын дугаартай, улбар шар өнгийн чиргүүл, УНВ улсын дагууртай, Beiben ND3313 D41J маркийн, арлын дугаартай, улбар шар өнгийн ачааны автомашин, ГЧ улсын дугаартай, LCTQG21Z маркийн, арлын дугаартай, улбар шар өнгийн чиргүүлийг гаргуулан авах тухай нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 886,856 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

  ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

Т.ГАНДИЙМАА