Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтох Гандиймаа |
Хэргийн индекс | 181/2023/03500/И |
Дугаар | 210/МА2024/01052 |
Огноо | 2024-05-17 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2024/01052
2024 05 17 210/МА2024/01052
******* групп ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00936 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* групп ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
ХХАГ01/13/12 тоот гэрээний нэмэлт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах, уг гэрээний үүрэг болон алдангид 334,984,974 төгрөг гаргуулах хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр №ХХАГ-01/13/12 дугаартай Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Тухайн гэрээгээр ******* групп ХХК нь олон улсын болон Монгол Улсын зохих стандартад нийцсэн шатахууныг нийлүүлэх, ******* ХХК нь үнийг төлөхөөр тохирсон.
1.2. Талуудын хооронд гэрээ байгуулах үед дэлхий дахинд дэгдсэн Ковид-19 цар тахал болон 2022 оноос эхэлсэн ОХУ болон Украйны дайны байдал, Улс орнуудын эрчим хүчний дутагдал, түүхий нефтийн олборлолтын бууралт, Монгол Улсад экспортоор орж ирж буй нефтийн бүтээгдэхүүний хязгаарлалт, хилийн үнийн огцом өсөлтүүд зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын хилээр орж ирж буй 1 литр шатахууны үнэ огцом өссөн. Мөн Ашигт малтмал газрын тосны газраас хил үнэ нэмэгдсэн талаарх мэдээллийг тухай бүрд бидэнд илгээж, улмаар 2022 оны 4 дүгээр сараас эхлэн шатахууны үнэ нэмэгдэж байгаа талаарх мэдээллийг ******* ХХК-д удаа дараа хүргүүлсэн.
1.3. Ингээд 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Хамтарсан уулзалтын протокол-ын үр дүнд хилийн үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан гэрээний үнийг нэмж, нэмэлт гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон.
Дээрх тохиролцсоны дагуу нэмэгдсэн үнийн дүн бүхий нэмэлт гэрээ байгуулах саналыг анх ******* ХХК-иас манайх руу и-мэйлээр илгээсэн бөгөөд бидний зүгээс баталгаажуулан хүргүүлсэн. Улмаар дээрх нэмэлт гэрээний дагуу нэмэгдсэн үнээр шатахууныг нийлүүлсэн.
Хэрэв ******* ХХК-иас хамтарсан уулзалт зохион байгуулж, нэмэлт гэрээг зөвшөөрсөн саналыг хүргүүлээгүй бол бидний зүгээс алдагдалтай үнээр шатахуун нийлүүлэхгүй байсан.
Иймд дээрх нэмэлт гэрээг хүчин төгөлдөрт тооцуулснаар ******* групп ХХК-ийн хилийн нэмэгдсэн үнээр шатахууныг нийлүүлсэн болохыг баталгаажуулж, нийлүүлсэн шатахууны зөрүү төлбөр 221,844,354 төгрөгийг авах юм.
1.4. Талуудын хоорондын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Хамтарсан уулзалтын протокол-ын үр дүнд албан ёсоор 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн нэмэлт гэрээ байгуулагдсан гэж үзэн, тухайн өдрөөс хойш нийлүүлсэн 221,844,354 төгрөгийн шатахууны төлбөрт үндсэн гэрээний 2.6-д заасны дагуу төлбөр төлөгдөөгүй хоног тутамд 0,3%-ийн алданги тооцож, хүснэгтээр алдангийг бодож шүүхэд хандсан. Иймд нэмэлт гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны төлбөр 221,844,354 төгрөг, алданги 113,140,620 төгрөг, нийт 334,984,974 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* ХХК болон ******* групп ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ХХАГ-01/13/12 дугаартай Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах гэрээ-г 1 жилийн хугацаатайгаар байгуулсан.
Гэрээний 6.9 дэх хэсэгт Гэрээний 6.1 дэх хэсэгт заасан хугацаа дуусгавар болоход Худалдагч тал гэрээгээ дүгнэн, тооцоо нийлсэн акт үйлдэж гэрээг хаана. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт гэрээний дагуу гэрээг дахин сунгаж болно. гэж заасны дагуу талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгаж болох ба гэрээний 7.1 болон 7.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бичгээр байгуулж, талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохоор байна.
2.2. Нэхэмжлэгчийн гэрээ байгуулагдсан гэж үзэх гол үндэслэлээ болгож буй талуудын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хурлын протоколд ******* ХХК-ийн хуулийн мэргэжилтэн А.******* ХХАГ-01/846/15+2, ХХАГ-01/13/12 гэрээнүүдийн хувьд нэмэлт гэрээг байгуулах ажлыг удирдлагад танилцуулсны дараа манайхаас тодорхой шийдвэр гарах тул танай зүгээс албан бичгээ яаралтай ирүүлмээр байна. гэж, ******* групп ХХК-ийн албаны дарга Б.******* Тэгвэл манай зүгээс маргааш гэхэд албан бичгийг хүргүүлье. Ойрын хугацаанд нэмэлт гэрээг байгуулж ажиллая. гэж хэлснээр тус уулзалт өндөрлөсөн байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс гэрээг сунгах, нэмэлт гэрээ байгуулах талаар санал огт гаргаагүй ба удирдлагадаа танилцуулсны дараа шийдвэр гарах тухай илэрхийлжээ. Тиймээс энэхүү уулзалтаар гэрээний үнийг нэмэн, нэмэлт гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.
2.3. Тухайн үед ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан бөгөөд эргэн орж ирээгүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/2516 дугаар албан бичиг, түүний хавсралтаар тогтоогддог.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар хариуцагч нэмэлт гэрээ байгуулах санал гаргасан гэх 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гүйцэтгэх захирал Монгол Улсад байгаагүй.
Нэхэмжлэгчийн гэрээ байгуулах санал гэж үзэж буй 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр илгээсэн цахим шууданг ******* ХХК-ийн нягтлан бодогч С.******* илгээсэн байна.
******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 68 дугаар тушаалаар компанийн эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг баталсан ба тус жагсаалтаар нягтлан бодогч багтаагүй. Тиймээс тус мэйлийг ******* ХХК-иас ******* групп ХХК руу илгээсэн нэмэлт гэрээ байгуулах албан ёсны санал гэж үзэх боломжгүй юм.
Өмнө дурдсанчлан гэрээг сунгах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд бичгээр үйлдэж, талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохоор гэрээнд заасан.
Гэтэл нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулахаар шаардаж буй Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах тухай ХХАГ-01/13/12 гэрээний нэмэлт гэрээ-нд ******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй байна.
Дээрх үндэслэлүүдээс үзвэл 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах ХХАГ-01/13/12 тоот гэрээний нэмэлт гэрээ-г хүчин төгөлдөр хэлцэлд тооцох эрх зүйн үндэслэлгүй байна.
2.4. Нэхэмжлэгчийн шаардаж буй нийлүүлсэн шатахууны төлбөр 221,844,354 төгрөг, алданги 113,140,620 төгрөг, нийт 334,987,974 төгрөг нь хүчин төгөлдөр бус гэрээнд заасан үнийн дүнгээр тооцсон дүн юм.
2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах тухай ХХАГ-01/13/12 тоот гэрээний нэмэлт гэрээ-г хүчин төгөлдөр хэлцэл тооцох үндэслэлгүй тул тус гэрээнд заасан үнийг баримтлах боломжгүй юм.
2.5. ******* групп ХХК-ийн нийлүүлсэн шатахууныг талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ болох 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ХХАГ-01/13/12 дугаартай гэрээнд заасан үнийн дагуу буюу Улаанбаатар Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн сумуудаас авах тохиолдолд АИ-92 автобензиныг 1,500 төгрөг, АИ-95 автобензинийг 2,200 төгрөг, дизель түлшийг 2,290 төгрөгөөр, Таван толгой уурхайгаас Гашуун сухайт боомт хүртэлх зам дагуу шатахуун түгээх станцаас авах тохиолдолд АИ-92 автобензинийг 1,950 төгрөг, дизель түлшийг 2,130 төгрөгөөр тус, тус тооцож 78,606,201 төгрөгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, 256,381,773 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Тиймээс ******* групп ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Дараа төлбөрт байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах ХХАГ01/13/12 тоот гэрээний нэмэлт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах шаардлагыг бүхэлд нь Гэрээнүүдийн дагуу нийлүүлсэн шатахууны төлбөр 221,844,354 төгрөг, алданги 113,140,620 төгрөг, нийт 334,987,974 төгрөгийг төлүүлэх төгрөг гаргуулах шаардлагын 256,381,773 холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 117,909,301 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* групп ХХК-д олгон, үлдсэн ХХАГ01/13/12 тоот гэрээний нэмэлт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах, 217,075,673 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* групп ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,903,074.87 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Таван толгой төмөр зам ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 747,496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* групп ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Талуудын хооронд 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах ХХАГ/01/13/12 гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ХХАГ-01/846/15 тоот Урьдчилсан төлбөрт шатахуун худалдах, худалдан авах гэрээний нэмэлт, өөрчлөлт №1 ХХАГ-01/846/1572 гэрээг тус тус байгуулан хамтран ажилласан.
Тухайн гэрээний дагуу талуудын өглөг авлагын тооцооллыг санхүүгийн эрх бүхий этгээдүүд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагын нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бичилтээр нэг бүрчлэн нийлэхэд ******* ХХК нь 230,466,273 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гэдэг байдлаар тогтоосон байдаг ба хариуцагч болох ******* ХХК-ийн зүгээс талуудын хооронд хийгдсэн тохиролцооны дагуу худалдан авалтын 3 хувийн урамшуулал болох 8,621,918 төгрөгийг ******* групп ХХК-иас авах талаар акт үйлдэж баталгаажуулсан.
Тухайн тооцоо нийлсэн төлбөрийн зөрүү болох 221,844,354 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн гэрээнд зааснаар төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги 110,922,117 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Зохигчид 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр, ...гэрээг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаатай байгуулжээ гэж дүгнэсэн байдаг.
Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгээгүй, гэрээнд заасан нөхцөл нь хуульд зааснаар хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан гэж дүгнэсэн. Үүнээс үзвэл талуудын хооронд байгуулсан гэрээний гол нөхцөл болох үнэ нь гэрээнд зааснаар тодорхойлогдохоор байна.
Үүний дагуу мөн талуудын хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ХХАГ-01/846/15 тоот Урьдчилсан төлбөрт шатахуун худалдах худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт №1 гэрээний 2.2-т Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлэх үнийн мэдээлэлд 1 тонн тутамд 50 ам.доллараар нэмэгдсэн эсхүл буурсан тохиолдолд талууд харилцан тохиролцож дээрх үнийн хүснэгтэд өөрчлөлт оруулж болно гэж зааснаар талууд гэрээний үнэд тохируулга хийх урьдчилсан нөхцөлийг гэрээгээр тохиролцсон.
4.3. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад буруу дүгнэлт өгч Үндэслэх хэсэгт шатахууны үнэ гэрээний хугацаанд тогтвортой байна гэж үзсэн байдаг.
Талуудын хооронд гэрээ байгуулах үед буюу 2021 оны 11, 12 дугаар сард Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн үнийн мэдээлэлд дараах шатахууны үнэ тонн тутамдаа А-80 800 ам.доллар, АИ-92 830 ам.доллар, АИ-95 900 ам.доллар, ДТ 774 ам.доллар байсан бол гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргасан 2022 оны 3 дугаар сард шатахууны үнэ тонн тутамдаа А-80 912 ам.доллар, АИ-92 942 ам.доллар, АИ-95 1012 ам доллар, ДТ 845. 895 ам.доллар болтолоо өссөн буюу гэрээний үнэд тохируулга хийх нөхцөл бүрдсэн.
Энэ хүрээнд 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 22/347 тоот албан бичгээр худалдагчийн зүгээс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай албан бичгийг ******* ХХК-д хүргүүлсэн байдаг ба тухайн албан бичгээр гэрээний үнэд өөрчлөлт оруулах саналаа Улаанбаатар, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгуудад байрлах АИ-92, АИ-95, Дизель түлшийг 1л тутмыг ШТС-уудад тухайн үед мөрдөгдөж байгаа үнээр, Таван толгойн уурхайгаас Гашуун сухайт боомт хүртэлх зам дагуу АИ-92 бензиныг 1 литр-2,700 төгрөг, Дизель түлшийг 1 литр-3,100 төгрөг байхаар илэрхийлж худалдан авалтын үнийн дүнгээс 3%-ийг хөнгөлөх саналыг хүргүүлсэн.
Энэхүү саналын хариуг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1/355 тоот албан бичгээр ******* ХХК-ийн гэрээнд өөрчлөлт хийж ШТС-уудад тухайн үед мөрдөгдөж байгаа үнээс 3 хувийн хөнгөлөлт үзүүлье гэсэн байна. Тус хөнгөлөлтийг 5 хувь болгох саналтай байна гэдэг байдлаар хариу өгсөн.
Үүнээс үзвэл Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн бол хэлцэл хийсэнд тооцох бөгөөд худалдагчаас хүргүүлсэн өөрчлөлт хийх үнийн дүнд ямар нэгэн санал ирүүлээгүйг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа ба худалдагчийн урамшууллын хувийг өөрчлөх болзол тавьсан байдаг.
Өөрөөр хэлбэл гэрээний үнийг өөрчлөх урьдчилсан нөхцөл бүрдсэн, тэрхүү өөрчлөх саналаа нөгөө талдаа бичгээр мэдэгдсэн ба нөгөө талаас үнийн өөрчлөлттэй холбоотой хариу ирүүлээгүй нь дуугүй хүлээн зөвшөөрөх зарчмын хүрээнд хэлцэл хийгдсэн гэж үзнэ.
Талууд өглөг, авлагаа тооцож 1 үнийн дүн дээр санал нэгдэж тооцоо нийлсэн. Тухайн өөрчлөлтийг 2022 оны 4 дүгээр сараас хийхээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч талын харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтаар шатахууны үнийн зөрүүг 2022 оны 4 сараас 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 32,686,609 төгрөгөөр нэмэгдүүлж, үүнээс хойш шинэчлэгдсэн үнээр нийлүүлэлтийг хийж байсан. Хариуцагч хүлээн зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж баталгаажуулсан.
4.4. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч нь хариуцагчийн үйлдсэн гэх 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №1/307 дансны өглөгийн тулган баталгаажуулалтыг нотлох баримтаар гаргасан байх боловч уг баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 221,844,354 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нотлогдохгүй байна, Хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан дээрх баримтын хуулбар хувьд өглөгийн үлдэгдэл дүнг тусгаагүй байх тул тус баримтын үнэн зөв нь эргэлзээтэй байна гэдэг байдлаар дүгнэсэн байх ба тухайн баримт нь санхүүгийн аудит хийж буй хөндлөнгийн этгээд болох Гроут финанс аудит ХХК-ийн аудиторын зүгээс тодорхойлсон дүн юм.
Өөрөөр хэлбэл ******* ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтээр тухайн аудиторын зүгээс хариуцагчийг энэ хэмжээний өглөгтэй болохыг тогтоож түүнийг харилцагч байгууллагаар тулган баталгаажуулалт хийлгэж байгаа ажиллагаа бөгөөд энэ талаар Аудитын Олон улсын стандарт-505 Хөндлөнгийн тулган баталгаажуулалт-д зааснаар тухайн ажиллагааг хийсэн байдаг.
Аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Аудит баталгаажуулалтын үйл ажиллагааг чанарын хяналт, аудит, нягтлах ажил, бусад баталгаажуулалт болон холбогдох үйлчилгээний олон улсын стандартуудын дагуу хийж гүйцэтгэнэ гэж зааснаар тухайн стандартын дагуу хийсэн ажиллагаа бөгөөд үүнээс үзвэл хариуцагчийн санхүүгийн тайланд 221,844,354 төгрөгийг ******* групп ХХК-д төлөх нь үндэслэлтэй болох баримт авагдсан байсан нь харагдаж байгаа бөгөөд үүнийг талуудын гэрээнд өөрчлөлт орсон болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэтэл анхан шатны шүүхээс Үндэслэх хэсэгтээ Гэрээний 7.2-т Талууд харилцан тохиролцож бичгээр энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн боловч бичгээр тохиролцоо хийгдээгүй, Зохигчид гэрээний үнэд өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээ байгуулсан болох нь тогтоогдохгүй байх тул гэж дүгнээд Хариуцагч нь гэрээнд зааснаар хүлээн авсан автобензин, дизель түлшний үлдэгдэл төлбөр 78,606,201 төгрөг болохыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, ******* ХХК-ийн тооцооны дэлгэрэнгүйгээр тогтоогдож байна гээд нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөрөөс 143,238,153 төгрөгийг, ...хариуцагчаас алдангид 39,303,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, алдангиас үлдсэн 73,837,520 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тус тус хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
Хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн гэх 78,606,201 төгрөг нь ямар үндэслэлээр ямар тооцооллоор гарч ирсэн талаар баримт хэрэгт авагдаагүй бөгөөд зөвхөн Манайх 78,606,201 төгрөг л төлөх ёстой гэсэн тайлбараас өөрөөр тогтоогдсон зүйл байдаггүй.
Талууд нийлүүлсэн тоо хэмжээн дээр маргахгүй гэдэг бөгөөд шатахуун хүлээж авсан баримт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтаар ******* ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр худалдан авалтын үлдэгдэл төлбөргүй болсон байдаг.
Үүнээс хойш 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 99,938,347 төгрөгийн, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 5,476,700 төгрөгийн нийт 105,415,047 төгрөгийн худалдан авалтыг хийсэн ба 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 26,700,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 31-нд 78,695,047 төгрөгийг тус тус төлсөн. Ийнхүү 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлбөр тооцооны үлдэгдэлгүй болсон байна.
Шүүх үнэ өөрчлөгдөөгүй хуучин үнээр тооцох естой гэдэг байдлаар дүгнэж байгаа бол хуучин үнийн тооцооллоор талуудын хооронд хэдэн төгрөгийн өглөг, авлага үүссэн болохыг тогтоох ёстой байтал зөвхөн хариуцагчийн гаргаж өгсөн 78,606,201 төгрөг төлнө гэдэг тайлбарыг шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох үүрэгтэй ба нотлогдоогүй зүйлийг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгох нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй.
Иймд хуучин үнийн тооцооллоор хэрэгт гаргаж өгсөн баримтын хүрээнд тооцоог гаргавал дараах байдлаар гарахаар байна.
2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр талууд төлбөр тооцооны үлдэгдэлгүй болсон. Үүнээс хойш ******* групп ХХК-ийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл шатахуун нийлүүлсэн. ******* ХХК-ийн зүгээс огт төлөлт хийгээгүй.
******* групп ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 25,715 литр дизель түлш, 7,052 литр АИ-92 бензин хүлээлгэн өгсөн.
Үүнийг гэрээнд заасан үнэ болох ДТ-2,700, АИ-92-2,050 төгрөгөөр тооцвол тухайн сард 69,430,500 төгрөгний дизель түлш, 14,456,600 төгрөгний АИ-92 бензин, нийт 83,887,100 төгрөгийн худалдан авалт хийсэн байна.
Мөн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 11,110 литр дизель түлш, 4,243 литр АИ-92 бензин хүлээлгэн өгсөн. Үүнийг гэрээнд заасан үнэ болох ДТ-2,700, АИ-92-2,050 төгрөгөөр тооцвол тухайн сард 29,997,000 төгрөгийн дизель түлш, 8,698,150 төгрөгийн АИ-92 бензин, нийт 38,695,150 төгрөгийн худалдан авалт хийсэн байна.
2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 586 литр дизель түлш, 3,156 литр АИ-92 бензин хүлээлгэн өгсөн ба үүнийг гэрээнд заасан үнэ болох ДТ-2,700, АИ-92-2,050 төгрөгөөр тооцвол тухайн сард 1,582,200 төгрөгийн дизель түлш, 6,469,800 төгрөгийн АИ-92 бензин, нийт 8,052,000 төгрөг болно.
Дээрх тооцоог нэгтгэвэл 130,634,250 төгрөгийн шатахуун худалдаж авсан болох нь харагдаж байгаа тул хариуцагчийн гаргасан 78,606,201 төгрөг төлнө гэдэг тооцоолол үнэнд нийцээгүй худал болох нь тогтоогдож байна.
Мөн анхан шатны шүүхийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орж үнэ өөрчлөгдөөгүй учраас хуучин үнийн тооцоогоор шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас 217,075,673 төгрөгийг хэрэгсэхгүй болгов гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна.
Гэрээнд нэмэлт орсон, түүнийг талууд хожим хүлээн зөвшөөрсөн гэж үзвэл гэрээний үүргийн төлбөр 221,844,354 төгрөг, түүний алданги 110,922,117 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох, хэрэв талуудын хооронд байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй гэж үзвэл 130,634,250 төгрөг, түүний алданги 65,317,125 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох тус тус үндэслэлтэй байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 181/ШШ2024/00936 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 217,075,673 төгрөгийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******ийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх талуудын хооронд 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан дараах төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэдгийг дүгнэсэн. Талуудын хооронд маргаан үүсэж байгаа гэрээ нь зөвхөн энэ гэрээ.
Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан гэрээний 2.2 дахь заалтад үнийг тохируулахаар талууд тохиролцсон гэх заалт нь маргаан үүссэн гэрээнд огт байхгүй заалт. Урьдчилсан нөхцөлт төлбөрт шатахуун худалдах, худалдан авах гэрээний 2.2-т энэ заалт байгаа.
Маргаан үүсэж байгаа гэрээнд талууд үнийг тохируулах талаар дурдсан заалт огт байхгүй. Нэмэлт өөрчлөлтөө бичгээр үйлдээд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан тохиолдолд гэрээний үнийг нэмэлтээр өөрчлөх боломжтой. Үнийг өөрчлөх тохиолдолд заавал нэмэлтээр гэрээ байгуулна, нэмэлт гэрээг зохих журмын дагуу албажуулж баталгаажуулсан байх ёстой.
5.2. Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үнэ тохируулах заалт, үнэ тохируулах урьдчилсан нөхцөл бий болсон гэх заалт нь маргаан үүсэж байгаа гэрээнд хамаарахгүй.
Дуугүй байснаар хүлээн зөвшөөрөх зарчмыг нэхэмжлэгч гол үндэслэлээ болгосон. Гэтэл ******* ХХК-ийн зүгээс 4 дүгээр сарын 08-ны өдөр ******* групп ХХК руу албан бичиг илгээсэн. Тухайн албан бичиг дээр гэрээний үнийг нэмэгдүүлэх, 1 литр шатахууны үнийг нэмэгдүүлэх эсэх талаар огт дурдаагүй. Зөвхөн урамшууллын хувь хэмжээнд дээр хариулт өгсөн.
Тухайн албан бичгээс хойш 4 дүгээр сарын 12-ны өдөр, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд ******* групп ХХК-иас ******* ХХК-д ирүүлсэн албан бичигт 7 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулъя, нэмэлт өөрчлөлт оруулахдаа 1 литр тутмын үнийг нь нэмэгдүүлсэн байдлаар нэмэлтээ байгуулъя гэх саналаа илэрхийлсээр байсан. Хариуцагч тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг нэхэмжлэгч ойлгосон байж үүүнээс хойш 3 удаа албан бичиг илгээсэн.
5.3. Мөн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан уулзалтын хүрээнд ******* ХХК-ийн зүгээс ямар нэгэн санал гаргаагүй, зөвшөөрөөгүй, удирдлагадаа танилцуулсны дараа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тодорхой болгоно гэдэг байдлаар уулзалт өндөрлөсөн.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн бол хэлцэл хийгдсэн гэж үзнэ гэж заасан. Гэтэл манай гэрээнд нэмэлт гэрээ байгуулах тохиолдолд заавал бичгээр гэрээ байгуулна, талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурснаар баталгаажуулна гэж гэрээний 6.2, 7.1, 7.2-т хангалттай тодорхой тусгагдсан байгаа тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т заасан заалт хэрэгжих боломжгүй болсон.
5.4. Нэхэмжлэгч нэмэлт гэрээ байгуулагдаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байх шиг байна. Хэрвээ нэмэлт гэрээ байгуулагдаагүй гэж үзвэл 78,000,000 төгрөг биш, 130,000,000 төгрөгийн тооцоо байх ёстой гэж тайлбарласан нь харагдаж байна.
130,000,000 төгрөгийг тооцохдоо нэгж хэлбэрийн үнийн дүн нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дараах төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ биш, өмнө нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан урьдчилсан төлбөрт нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээний үнээр тооцсон. 7 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнд үнийг ялгамжтай байдлаар тогтоож өгсөн. Улаанбаатар хот, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн сумуудад байрлах станцаас авах тохиолдолд АИ92-1500 төгрөг, АИ95-2200, ДТ-2290 төгрөг гэж байгаа.
Манайх ******* групп ХХК-тай гэрээ байгуулсан өдрөөс хойш харилцах данстай болсон. Тухайн дансанд 230,000,000 төгрөгийн үнийн дүнд багтаагаад дараах төлбөрт нөхцөлөөр шатахуун худалдаж авч болно, шатахуун авах болгондоо хаанаас, хэдэн төгрөгөөр хэдэн литр бензин авсан гэдгээрээ өглөг, авлагаа үүсгээд явдаг.
Тухайн дансны нийт өглөгийн дүнг дэлгэрэнгүй хуулгаар гаргаж өгсөн. Тус дансны хуулган дээр байгаа 78,606,201 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* групп ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ХХАГ01/13/12 тоот гэрээний 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах, гэрээний үүрэг болон алдангид 334,984,974 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч гэрээний үнийн талаар тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй тул гэрээний хуучин үнээр тооцож нийлүүлсэн шатахууны төлбөрт 78,606,201 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэх агуулгаар маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Талууд 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр №ХХАГ-01/13/12 дугаартай Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр худалдагч ******* групп ХХК нь олон улсын болон Монгол Улсын зохих стандартад нийцсэн шатахууныг нийлүүлэх, худалдан авагч ******* ХХК нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Тус гэрээг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулж, Улаанбаатар, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн сумдуудад байрлах ШТС АИ-92 1500 төгрөг, АИ-95 2200 төгрөг, дизель түлш 2290 төгрөг, Тавантолгой уурхайгаас Гашуун сухайт боомт хүртэлх зам дагуу АИ-92 1950 төгрөг, дизель түлш 2130 төгрөг, шатахууны үнэ гэрээний хугацаанд тогтвортой байна гэж талууд тохирчээ. /хх-ийн 14-17 дугаар тал/
3.2. Нэхэмжлэгчийн зүгээс тодорхой шалтгааны улмаас шатахууны хил үнэ нэмэгдсэн, энэ асуудлаар гэрээний үнийг өөрчлөх талаар хариуцагч талд мэдэгдэж, талууд 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хамтарсан уулзалтыг зохион байгуулсан байх ба дээрх гэрээний үнийг өөрчлөх талаар ярилцаж, нэмэлт гэрээ байгуулах асуудлаар хариуцагч байгууллага нь удирдлагадаа танилцуулсны дараа шийдвэр гаргах талаар тусгагджээ. /хх-ийн 20 дугаар тал/
3.3. Дээрх гэрээний дагуу авсан нийт шатахууны хэмжээнд талууд маргаагүй, тэдний маргааны зүйл нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж шатахууны нэгж үнийн дүн өөрчлөгдсөн эсэх асуудал болсон.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.
4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн уулзалтаас хойш хариуцагч байгууллагын нягтлангаас нэмэлт гэрээний санал ирүүлснийг нэхэмжлэгч байгууллага 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталгаажуулж, уг гэрээгээр 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс шатахууны үнийг тухайн орон нутгийн самбарын үнээр тооцохоор тохирсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
4.2. Талуудын байгуулсан гэрээний 7.2-т талууд харилцан тохиролцож бичгээр энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд энэхүү гэрээний салшгүй хэсэг болно, 7.1-д энэхүү гэрээ нь талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тохирсон нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцнэ.
Энэ тохиолдолд шатахууны үнийг өөрчилсөн гэрээнд талуудын эрх бүхий этгээд, эсхүл тэднээс эрх олгосон этгээд гарын үсэг зурснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж, гэрээ байгуулагдсан гэж тооцно.
Хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Дараа төлбөрт нөхцөлөөр байгууллагын картаар шатахуун худалдах, худалдан авах тухай ХХАГ-01/13/12 тоот гэрээ-ний нэмэлт гэрээ гэх баримтад хариуцагч байгууллагын эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй байх тул тухайн гэрээг байгуулагдсанд тооцохгүй талаарх шүүхийн дүгнэлт талуудын зарчимд нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл талуудын тохиролцсон хэлбэрээр нэмэлт гэрээг байгуулаагүй тул гэрээний үнийг өөрчилсөн тохиролцоо хийсэн гэж үзэхгүй.
Иймд нэхэмжлэгч нь талуудын байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №ХХАГ-01/13/12 дугаартай гэрээгээр тохирсон үнээр нийлүүлсэн шатахууны төлбөрийг шаардах эрхтэй.
4.3. Талууд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний хооронд өгч, авалцсан зүйлээ нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн /хх-40, 45/ ба уг баримтыг үндэслэн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 221,844,354 төгрөг гаргуулах үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болсон.
Учир нь, хоёр байгууллагын нягтлан бодогчийн хооронд тооцоо нийлсэн нь ажлын үндсэн чиг үүргийн дагуу үйлдсэн санхүүгийн баримт бөгөөд энэ нь шатахууны үнийг өөрчилсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй. Дээр дурдсанаар тохирсон хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй нөхцөлд байгууллагын нягтлан бодогчийн нийлсэн санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримтаар гэрээний үнийг тодорхойлох нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэхгүй юм.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид нийлүүлсэн шатахууны төрөл, хэмжээ болон тэдгээрийн үнийн ялгаатай байдлын талаар эргэлзээгүйгээр шууд нотолсон баримт гаргаж өгөөгүй, хэргийн 97-162 дугаар талд авагдсан баримтаар гэрээний 3.7-д заасан ялгаатай нөхцөлөөр үнийг тодорхойлох боломжгүй байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагчаас 78,606,201 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
4.4. Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон алдангийн тохиролцоо зэргийг үндэслэн хугацааг тодорхойлж, алдангид 39,303,100 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдлийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөхгүй орхив.
5. Гэрээний хүчин төгөлдөр байдлыг байгуулагдсан гэрээний хувьд тогтоох тул нэгэнт байгуулагдаагүй гэрээний хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийхгүй, шүүхээс энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00936 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,243,329 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.ГАНДИЙМАА