Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 5431

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их наран 2-18 тоотод оршин суух Бэрсүүд овогт Энхтөрийн Дэлгэрцэцэг /Регистрийн дугаар УМ90080183/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 100 дугаар байр, 102  тоотод оршин суух Буригууд овогт Хуягбаатарын Мөнх-Эрдэнэ /Регистрийн дугаар ДЮ89080994/-д холбогдох,

 Хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэг, хариуцагч Х.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд өгсөн тайлбартаа:

 “Э.Дэлгэрцэцэг миний бие 2013 онд Х.Мөнх-Эрдэнэтэй танилцаж, 2014 оноос эхлэн манай гэрт хамт амьдрах болсон бөгөөд энэ хугацаанд 2015 оны 04 дүгээр сарын 18-нд охин Д.Маралжингоо төрсөн. Гэвч 2015 оны 05 дугаар сараас Х.Мөнх-Эрдэнийн аав, ээж хоёр Х.Мөнх-Эрдэнийн хамт ирж хувцас, эд зүйлийг нь авч явснаас хойш бид хоёр дээр эргэж ирээгүй. Иймд охин Д.Маралжингоод хууль тогтоомжид заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Х.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа

“Миний бие Хуягбаатар овогтой Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэгч Энхтөр овогтой Дэлгэрцэцэгийн гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Миний охин Д.Маралжингоо 2015 оны 04 дүгээр сарын 18-нд төрсөн ба охиндоо тэтгэлэг өгөхийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэг хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч Х.Мөнх-Эрдэнэ хүлээн зөвшөөрчээ.

Зохигч Э.Дэлгэрцэцэг, Х.Мөнх-Эрдэнэ нар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний  дундаас 2015 оны 04 дүгээр сарын 18-нд охин Д.Маралжингоо /Регистрийн дугаар УП15241821/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 1116003241 дугаартай төрсний гэрчилгээ, хүүхэд эрүүл бойжиж байгаа нь өрхийн эрүүл мэндийн төвийн  2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт, хүүхэд эхийн асрамжид амьдарч байгаа нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов. /хх-2-4 дүгээр тал/

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.

 

Хариуцагч Х.Мөнх-Эрдэнэ нь охин Д.Маралжингоогийн төрсөн эцэг гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Охин Д.Маралжингоо одоо төрсөн эх Э.Дэлгэрцэцэгийн асрамжид амьдарч байгаа ба, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил тэжээн тэтгүүлэх эрх үүсэх журамтай болохыг тодорхойлсон ба мөн  хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээний талаар тохиролцоогүй тул хүүхдийн тэтгэлгийн хэмжээг шүүх хуульд зааснаар тогтоох үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох охин Д.Маралжингоог төрсөн эх Э.Дэлгэрцэцэгийн асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон, нэхэмжлэгч  хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэснийг хариуцагч зөвшөөрч байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Х.Мөнх-Эрдэнээр хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Охин Д.Маралжингоог төрсөн эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдийн эх Э.Дэлгэрцэцэг нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-д заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг Х.Мөнх-Эрдэнэд саад учруулахгүй байх  үүрэгтэй.

 

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч шүүхээс эрх зүйн үйлчилгээ үзүүлсний зардлыг хариуцагчаас гаргуулахгүй байх үндэслэл болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэжээ.

Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар 2016 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшингийн хэмжээг Улаанбаатар хотод нэг сард 183,700 төгрөгөөр тогтоосон тул хариуцагчаар нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэг жил буюу 12 сарын хугацаанд төлөх хэмжээнээс тооцож тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан, хариуцагч Буригууд овогт Хуягбаатарын Мөнх-Эрдэнэ /Регистрийн дугаар ДЮ89080994/-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2015 оны 04 дүгээр сарын 18-нд охин Д.Маралжингоо /Регистрийн дугаар УП15241821/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Мөнх-Эрдэнээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Э.Дэлгэрцэцэгт олгуулах, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Х.Мөнх-Эрдэнээс хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 31,003 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР