Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01051

 

 

 

 

2024 05 17 210/МА2024/01051

 

 

 

З.*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 4-ний өдрийн 182/ШШ2024/01444 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: З.*******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* финанс корпораци ББСБ ХХК-д холбогдох

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 66,800,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. З.******* нь худалдан авагчид худалдан борлуулсан автомашины 30 хувийн урьдчилгааг худалдан авагчаас авч ******* финанс корпораци ББСБ ХХК-ийн дансанд шилжүүлж, тухайн худалдан авагчид зээл олгосны дараа ******* финанс корпораци ББСБ ХХК-иас миний дансанд автомашины мөнгийг 100 хувь шилжүүлдэг байсан. Автомашин борлуулах хугацаанд ******* финанс корпораци ББСБ ХХК-тай 2-3 жил хамтран ажиллаж байна.

1.2. 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Toyota harrier /тоёота харриер/ маркийн автомашиныг иргэн Ц.*******т 30,000,000 төгрөгөөр, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Тoyota kluger /тоёота клугер/ маркийн автомашиныг Ц.*******д 24,000,000 төгрөгөөр, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Тoyota prius /тоёота приус/ маркийн автомашиныг О.*******д 15,800,000 төгрөгөөр тус тус худалдсан.

Дээрх 3 худалдан авагч нь ******* финанс корпораци ББСБ ХХК-иар дамжуулан гэрээний төлбөрийг шилжүүлэх байсан. Үүний дагуу миний бие 3 худалдан авагчаас автомашины 30 хувийн урьдчилгааг авч ******* финанс корпораци ББСБ ХХК-д шилжүүлсэн боловч автомашинуудын мөнгө өнөөдрийг хүртэл дансанд ороогүй.

1.3. ******* финанс корпораци ББСБ ХХК-ийн Сүхбаатар салбарын ажилтан Ц.******* нь дээрх 3 автомашины мөнгийг хувьдаа завшсан болох нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022/ДШМ/740 дугаартай магадлалаар тогтоогдож, надад учирсан хохирлыг ******* финанс корпораци ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.4. Дээрх 3 худалдан авагч нь зээлийн гэрээний дагуу автомашины мөнгийг ******* финанс корпораци ББСБ ХХК-д төлж барагдуулсан, мөн учирсан хохиролдоо миний худалдан борлуулсан 3 автомашин үнэ болох 66,800,000 төгрөгийг Ц.*******аас гаргуулан авахаар шүүхийн шийдвэр гаргуулж, худалдан авагч нараас зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлүүлж дуусгасан атлаа өнөөдрийг хүртэл миний мөнгийг өгөхгүй байгаа нь үндэслэлгүй.

1.5. Тус байгууллагын ажилтан албан тушаалын байдлаа ашиглаж, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу ******* финанс корпораци ББСБ ХХК-иас 66,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компанийн ажилтан Ц.******* байгууллагаас хөрөнгө завшсан талаар маргаагүй. Ц.******* нь манай байгууллагад хөдөлмөрийн гэрээ эсхүл хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд З.*******ыг манай байгууллагаас нэхэмжлэх эрхтэй талаар заагаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна.

2.2. Манай компани зээлийг олгоогүй. ******* лизинг ХХК олгосон. Үйл баримтын хувьд урьдчилгаа 30 хувиа манайд өгсөн юм уу, өгөөгүй юм уу гэдэг баримт байхгүй. 70 хувийг ******* лизинг ХХК олгосон.

Иймд хөдөлмөрийн харилцаа үүссэн эсэх нь тодорхойгүй, урьдчилгааг хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй, мөн лизинг З.*******, Ц.******* нарын хоорондын асуудал тул 66,800,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг баримтлан ******* финанс корпораци ББСБ ХХК-иас 66,800,000 төгрөгийг гаргуулан З.*******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* финанс корпораци ББСБ ХХК-иас 491,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 491,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч, хариуцагчийг буруу тодорхойлсон талаар.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/740 тоот магадлал болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/01444 тоот шийдвэрийн 3 дугаар нүүрт тусгагдсан зээлийн гэрээнүүдийг ******* лизинг ХХК нь байгуулсан тухай үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

Зээлдүүлэгч ******* лизинг ХХК-ийн олгох ёстой байсан зээлийг Ц.******* завшсан болох нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/740 тоот магадлалаар тогтоогдсон. Энэ тохиолдолд ******* лизинг ХХК нь өөрийн зээлийн мөнгөн хөрөнгийг Ц.*******аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасны дагуу шаардах эрхтэй.

Харин 3.******* худалдан борлуулсан гэх 3 тээврийн хэрэгслийн төлбөрийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдан авагч нараас эсхүл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу зээлдүүлэгч ******* лизинг ХХК-иас шаардах хууль зүйн үндэслэлтэй. Учир нь ******* лизинг ХХК иргэн З.*******аас ямар нэг төлбөр авалгүйгээр зээлийг өөрийн хөрөнгөөр олгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэгч байх боломжтой.

4.2. Хэрэгт ******* лизинг ХХК-ийн дээрх гэм хорын хохирол арилсан эсэх талаар нотлох баримт байхгүй байхад шүүх бүрэлдэхүүн хийсвэр дүгнэлт хийж, зөвхөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/740 тоот магадлалд дурдсан эрүүгийн хэргийн ерөнхий үйл баримтыг үндэслэн 3.*******ыг нэхэмжлэгч гэж үзсэн нь үндэслэлгүй.

Хэрэв 3.*******ыг нэхэмжлэгч гэж үзэх тохиолдолд ******* лизинг ХХК-д 3 зээлдэгч зээлээ бүрэн төлсөн үйл баримт нотлогдсон байх шаардлагатай. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаар ямар ч нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

4.3. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж заасан.

Гэтэл ******* финанс корпораци ББСБ ХХК нь 3.*******тай ямар нэг эрх зүйн харилцаанд ороогүй, зөвхөн ажилтан Ц.******* нь ******* лизинг ХХК-ийн 3 зээлдэгчид олгох байсан 47,860,000 төгрөгийн зээлийн хөрөнгийг завшсан асуудал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/740 тоот магадлалаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, ******* финанс корпораци ББСБ ХХК-ийн хувьд ******* лизинг ХХК-ийн өмнө хариуцагч болохоос 3.*******ы өмнө хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй байна.

4.4. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/740 тоот магадлалд ...энэ хэрэгт 3.*******ы хохирсон эсэх асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Харин 3.******* нь 69,800,000 төгрөгийн асуудлаа хариуцвал зохих этгээдийг тодорхойлон иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэсэн байхад шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч З.*******ыг иргэн Ц.******* хохироосон гэж Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх үзсэн мэтээр илтэд үндэслэлгүй хууль зүйн дүгнэлт өгсөн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 3.*******ыг хохирсон гэж үзээгүй байхад иргэний хэргийн анхан шатны шүүх З.******* хохирсон эрүүгийн хэргийн магадлалаар тогтоогдсон гэж хууль зүйн алдаатай дүгнэлт хийсэн нь уг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх суурь зарчмыг зөрчихөд хүргэсэн.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч 3.******* нь 3 зээлдэгчтэй байгуулсан, зээлийн гэрээний дагуу олгосон зээлийн төлбөр 47,860,000 төгрөгийг шаардах хууль зүйн үндэслэлгүй, зээлийн төлбөрөө аваагүй бол нэхэмжлэгчээр ******* лизинг ХХК, зээлийн төлбөрөө авсан бол жинхэнэ хариуцагчаар ******* лизинг ХХК байж болохыг шүүх анхаарч үзэн, эрх зүйн дүгнэлт өгөөгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй.

Үүнээс үүдэн нэхэмжлэгч байж болох ******* лизинг ХХК-ийн эрх зөрчигдсөн эсэх асуудал тодорхой бус үлдэж, жинхэнэ хариуцагч биш ******* финанс корпораци ББСБ ХХК-ийн эрх зөрчигдсөн.

4.5. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/740 тоот магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан бичмэл нотлох баримтад хамаарна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтын талаарх шүүхийн баримтлах суурь зарчмыг хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, шүүхийн магадлал байсан ч түүнийг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж шүүх үзэх ёсгүй, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны дагуу нотлох баримтуудыг бодитоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх үүрэгтэй.

Гэтэл шүүх бүрэлдэхүүн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/740 тоот магадлал ба бусад нотлох баримтуудыг харьцуулан үзэж, эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн шүүхийн шийдвэрийн 2 ба 3 дугаар нүүрэнд иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудыг жагсаалт байдлаар бичих төдий дурдаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/740 тоот магадлалыг үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй.

4.6. Шүүхийн шийдвэрийн 6 дугаар нүүрт ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй ба дээрх шүүхийн шийдвэрээр, шүүгдэгч Ц.******* нь ******* финанс корпораци ББСБ ХХК-д зээлийн болон эрсдэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус байгууллагаас 3.*******д шилжүүлэх ёстой 69,800,000 төгрөгийг хамаарал бүхий хүний дансаар шилжүүлэн авсан нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/389 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******аас 104,231,290 төгрөгийг гаргуулж хохирогч ******* финанс корпораци ББСБ ХХК-д даруй олгосугай гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******аас 102,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч ******* финанс корпораци ББСБ ХХК-д олгосугай гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоогдсон нэр бүхий этгээдүүд нь хохирлын асуудлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байна гэж иш татан шүүх бүрэлдэхүүн хууль зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг дараах байдлаар буруу хэрэглэсэн. Үүнд:

а. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/740 тоот магадлалаас бусад нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулж, шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан ерөнхий үйл баримтыг нэхэмжлэгч талд ашигтайгаар, хэт нэг талыг баримтлан тайлбарласан. Өөрөөр хэлбэл, уг магадлалд дурдаагүй, эсхүл тодорхой бус үйл баримтуудыг огт авч хэлэлцээгүй.

Тухайлбал, ******* лизинг ХХК болон ******* финанс корпораци ББСБ ХХК-иуд нь тусдаа хуулийн этгээд болох, Ц.******* нь ямар гэрээгээр ******* финанс корпораци ББСБ ХХК-д ажиллаж байсан нь тодорхойгүй, Ц.******* нь ажил үүргээ гүйцэтгээгүй буюу ажил олгогчийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгээгүй зэрэг үйл баримтыг анхааран үзээгүй.

б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт ...дахин нотлохгүй... гэсэн хууль зүйн агуулгыг шүүхийн шийдвэрээс бусад үйл баримтыг нотолж буй нотлох баримтууд нь шүүхийн магадлалаас давуу биш гэж хуулийг агуулгаар нь буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ нь ******* лизинг ХXK зээл олгосон үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөөгүй эс үйлдэхүйгээс нь тодорхой харагддаг.

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан зээлийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаас хасах эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй боловч нотлох баримтыг үнэлж, дүгнээгүй орхигдуулсан нь шүүх нотлох баримтад хэрхэн хандсан, хэрхэн үнэлсэн хандлагыг нь харуулдаг.

Мөн шүүхийн шийдвэрт ...******* финанс корпораци ББСБ ХХК, ******* лизинг ХХК-иудын регистрийн дугаар нь өөр, тус тусдаа хуулийн этгээдүүд гэх тайлбарыг үндэслэл бүхий гэж үзэхээр байвч энэ хэрэгт авагдсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/740 дугаартай магадлал, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар тус тус үгүйсгэгдэж байна... гэж дүгнэснийг харахад шүүх ******* финанс корпораци ББСБ ХХК болон ******* лизинг ХХК нарыг нэг хуулийн этгээд биш гэж үзсэн атлаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/740 тоот магадлалаар үгүйсгэгдэж байна гэж ойлгомжгүй дүгнэсэн. Учир нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/740 тоот магадлалд эдгээр хуулийн этгээдийг нэг болох талаарх үйл баримт огт байхгүй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан зээлийн болон фидуцийн гэрээ байгуулах үндэслэл, гэрээний төгсгөл хэсгүүдэд ******* лизинг ХХК байгуулсан болох нь гэрээ байгуулагч талуудын мэдээлэл, нэр, гарын үсэг, хуулийн этгээдийн тамга, тэмдэг зэргээр нотлогддог. Энэ нь итгэмжлэлийн хавсралт ******* финанс корпораци ББСБ ХХК-ийн мэдээлэл, тамга, тэмдэг, гарын үсэг зэргээс ялгаатай байдаг.

Шүүх нотлох баримтуудыг үнэлэхдээ дээр дурдагдсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/740 тоот магадлалыг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас давуу бөгөөд хөдөлбөргүй үнэн гэсэн агуулгаар хууль зүйн дүгнэлт өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт нийцэхгүйн дээр мөн хуулийн 40.4 дэх хэсгийг агуулгаар нь буруу тайлбарлан, хэрэглэсэн гэж үзнэ.

4.7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж хуульчилсныг хууль хэрэглээний хувьд дараах байдлаар ойлгоно. Үүнд:

а. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/740 тоот магадлал болон хэргийн хавтаст хэрэгт Ц.******* нь ямар гэрээгээр ажиллаж байсан эсэх асуудал тодорхой бус байдаг, зөвхөн ажиллаж байсан гэдэг үйл баримт дурдагдсан. Энэ тохиолдолд Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан байх боломжтой юм. Гэвч үүнээс үл хамааран хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан эсэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх бүрэлдэхүүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан мэтээр тайлбарлаж, дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, зохигчид болон шүүхийн аль аль нь Ц.*******ыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан эсэхийг нотлох баримтаар нотолж, тогтоож чадаагүй иймээс хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан мэтээр дүгнэх нь өөрөө эрх зүйн алдаатай дүгнэлтэд хүргэсэн.

б. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/740 тоот магадлалын 10 дугаар нүүрт Ц.******* нь ******* финанс корпораци ББСБ ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс зээлийн мэргэжилтнээр, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эрсдэлийн мэргэжилтнээр тус тус ажилласан гэдэг үйл баримт тогтоогдсон. Ц.******* нь 3.*******тай холбогдох ******* лизинг ХХК-ийн 3 зээлдэгчийн зээлийн төлбөрийг завшсан хугацаа нь 2020 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд болсон нь магадлалд дурдагдсан. Энэ үйл баримтаас харвал ******* финанс корпораци ББСБ ХХК нь зээл олгоогүй учир Ц.******* нь ажил олгогчийн нэрийн өмнөөс зээл олголт хийх ажил үүрэг гүйцэтгээгүй болох нь харагддаг.

Учир нь ******* финанс корпораци ББСБ ХХК-ийн ажилтан нь өөр хуулийн этгээд болох ******* лизинг ХХК-ийн зээл, эрсдэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх зүйн боломжгүй. Энэ тохиолдолд нэгэнт Ц.******* нь ******* финанс корпораци ББСБ ХХК-ийн нэрийн өмнөөс зээл, эрсдэлийн үйл ажиллагаа явуулаагүй учир албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Хэрэв Ц.******* нь ******* лизинг ХХК-ийн зээл, эрсдэлийн ажилтан байгаад 3.*******д хохирол учруулсан бол түүнийг ажил олгогч буюу ******* лизинг ХХК нь хариуцах үндэслэлтэй, ийм нөхцөл үүсээгүй байхад 2 өөр хуулийн этгээдийн ялгаа, заагийг шүүх нарийн тогтоож үзэлгүйгээр шийдсэн нь хуулийг буруу хэрэглэхэд хүргэсэн гэж үзэхээр байна.

******* финанс корпораци ББСБ ХХК болон 3.******* нарын хооронд ямарваа нэг ажил үүргийн харилцаа байхгүй, хамтран ажиллах гэрээ хэлцэл байхгүй, түүнчлэн төлбөр тооцооны харилцан үүрэг хүлээсэн зүйл байдаггүй.

в. Монгол Улсын Иргэний шүүх дэх хууль хэрэглээний жишигт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг ойлгож, хэрэглэхдээ;

Нэгт. Бусдад гэм хор учруулсан ажилтан хөдөлмөрийн гэрээгээр ажилдаг ажилтан байх,

Хоёрт, Албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад гэм хор учруулсан байх гэсэн нөхцөлийг шаарддаг. Жишээлбэл: Хөдөлмөрийн гэрээгээр жолооч, түгээгчийн ажил эрхэлж буй ажилтан, жолооч, түгээгчийн ажлаа хийж байхдаа зам тээврийн осол гаргах нийтлэг тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээгээр ажиллаж буй жолооч нь жолоочийн ажлаасаа өөр ажил эрхэлж байгаад зам тээврийн осол хийж бусдад гэм хор учруулах асуудлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт хамааруулан ойлгохгүй. Энэхүү иргэний хэргийн хувьд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан эсэх асуудал тодорхойгүй, мөн албаны чиг үүргээ Ц.******* огтоос хэрэгжүүлж байгаагүй.

г. Хавтаст хэрэгт байх шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 дүгээр нүүрэнд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ...Ямар нэгэн байдлаар бичихээр 3.******* болон ******* финанс корпораци ББСБ ХХК-ийн хооронд шилжих юм байхгүй... гэснээс харвал 3.******* болон 3 иргэний хоорондын автомашин худалдах, худалдан авах болон ******* лизинг ХХК нь 3 зээлдэгчид зээл олгосон зээлийн харилцаанд тус тус хариуцагч ******* финанс корпораци ББСБ ХХК нь анхнаасаа огт оролцоогүй, ажилтан Ц.******* нь ямар нэг албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй байсан болохыг өмгөөлөгч өөрөө хүлээн зөвшөөрдөг атлаа шүүхийн төөрөгдөлд оруулсан.

д. ******* лизинг ХХК болон зээлдэгч Ц.*******, Ц.*******, О.******* нартай байгуулсан зээлийн гэрээнүүдэд зээлдүүлэгчийг төлөөлж ******* лизинг ХХК-ийн Сүхбаатар салбарын захирал Б.*******, Ц. нар гарын үсэг зурж, тэмдэг дарсан. Өөрөөр хэлбэл, Ц.******* нь албаны чиг үүргийн дагуу ******* финанс корпораци ББСБ ХХК-ийн нэрийн өмнөөс ямар нэг этгээдтэй гэрээ, хэлцэл хийгээгүй, зээл огт олгоогүй, ийм эрх зүйн харилцаанд ч оролцоогүй.

Мөн Ц.******* нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан эсэх талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/740 дугаартай магадлалд огт дурдагдаагүй, энэ үйл баримтыг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь нотлох үүргээ биелүүлээгүй.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/740 дугаартай магадлалд авагдсан үйл баримтыг тодруулж харвал ******* финанс корпораци ББСБ ХХК-ийн ажилтан нь Ц.******* нь ******* лизинг ХХК-ийн олгох ёстой байсан 3 зээлдэгчийн төлбөр 47,860,000 төгрөгийг хувьдаа завшсан байдаг, харин зөрүү 21,940,000 төгрөгийг ******* финанс корпораци ББСБ ХХК болон ******* лизинг ХХК-ийн аль нь ч аваагүй. Энэ нь Ц.******* нь ******* лизинг ХХК-ийн зээлийн хөрөнгө 47,860,000 төгрөгийг завшсанаар ******* лизинг ХХК нь өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардах эрх зүйн үндэслэлтэй болохыг мөн харуулдаг.

Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасны дагуу нэхэмжлэгч 3.******* нь зөрүү 21,940,000 төгрөгийг Ц.******* эсхүл ******* лизинг ХХК-ийн алинд нь төлсөн болохоо нотолж чадаагүй учраас энэхүү төлбөрийг эдгээр этгээдээс шаардах хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн ******* финанс корпораци ББСБ ХХК нь дээр дурдагдсан ******* лизинг ХХК болон түүний 3 зээлдэгч, автомашин худалдсан гэх З.******* нарын хоорондын хэлцэл, гэрээний харилцаанд огтоос оролцоогүй буюу Ц.******* нь албаны чиг үүргээ ******* финанс корпораци ББСБ ХХК-ийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэлгүй. Өөрөөр хэлбэл, Ц.*******ын хөрөнгө завших үйлдэл нь ажил олгогч ******* финанс корпораци ББСБ ХХК-ийн албан чиг үүргийн хүрээнд хийгдээгүй болох нь ******* финанс корпораци ББСБ ХХК-ийн зээл олгоогүй буюу ******* лизинг ХХК зээл олгосон үйл баримтаас тод харагддаг.

Иймд анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 498 дугаар зуйлийн 498.1 дэх хэсгийг буруу хэрэглэж тайлбарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт тус тус нийцүүлж нотлох баримтыг үнэлээгүй буюу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/740 тоот магадлалд ...энэ хэрэгт 3.*******ы хохирсон эсэх асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Харин 3.******* нь 69,800,000 төгрөгийн асуудлаа хариуцвал зохих этгээдийг тодорхойлон иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэснийг явцуу утгаар ойлгож тайлбарлан, нэг нотлох баримтыг бусад нотлох баримтаас давуугаар үзэж хэрэгт авагдсан бичгийн бусад бүх нотлох баримтыг үгүйсгэж шийдвэрлэсний улмаас Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/01444 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй тул хүчингүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.*******гийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Давж заалдах гомдолд З.******* нь ******* лизинг ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан, ******* финанс корпораци ББСБ ХХК-тай ямар нэгэн харилцаа байхгүй гэж дурдсан байх боловч анхан шатны шүүх дээр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас Ц.******* гэж хүн манай байгууллагад ажилладаг дээр маргахгүй гэж тайлбарладаг. Ц.******* нь тухайн байгууллагын ажилтан байсан гэдэг нь нотлогддог.

5.2. З.******* ******* финанс корпораци ББСБ ХХК-д урьдчилгаа 30 хувь болох 60,000,000 гаруй төгрөгийг өгсөн гэдэг нь баримтаар тогтоогдоогүй боловч анхан шатны шүүхийн шийдвэр, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Ц.******* нь өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд завших гэмт хэрэг үйлдсэн, ******* финанс корпораци ББСБ ХХК-д хохирол учруулсан гэдгийг тогтоосон баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч ******* финанс корпораци ББСБ ХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 66,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. З.******* нь Ц.*******тэй 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, худалдагч З.******* нь MHU28-0044822 арлын дугаартай, сувдан цагаан өнгийн Toyota Kluger Hybrid маркийн автомашиныг Ц.*******д шилжүүлэх, худалдан авагч Ц.******* нь автомашины үнэ 24,000,000 төгрөгийг төлөх,

О.*******тай 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, худалдагч З.******* нь ZVW30-0286374 арлын дугаартай, сувдан цагаан өнгийн Toyota pruis маркийн автомашиныг О.*******д шилжүүлэх, худалдан авагч О.******* нь автомашины үнэ 15,800,000 төгрөгийг төлөх,

Ц.*******тай 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, худалдагч З.******* нь MHU38-2065767 арлын дугаартай, Toyota harrier маркийн автомашиныг Ц.*******т шилжүүлэх, худалдан авагч Ц.******* нь автомашины үнэ 30,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн байна. /хх-ийн 22, 29, 36 дугаар тал/

3.2. Ц.******* нь ******* лизинг ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* лизинг ХХК нь автомашины лизингийн зориулалтаар 16,800,000 төгрөгийг сарын 2.90%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирсон. /хх-ийн 23-25 дугаар тал/

Мөн Ц.******* нь ******* лизинг ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* лизинг ХХК нь автомашины лизингийн зориулалтааар 20,000,000 төгрөгийг 2.90%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирсон. /хх-ийн 38-40 дүгээр тал/

Түүнчлэн О.*******гаас 2020 оны 6-10 дугаар саруудад ******* финанс корпораци ББСБ ХХК-д сар бүр 502,000 төгрөг шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банк ХК-ийн дансны хуулга авагджээ. /хх-ийн 34-35 дугаар тал/

3.3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ДШМ/740 дугаартай магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/389 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******аас 102,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч ******* финанс корпораци ББСБ ХХК-д олгосугай гэсэн өөрчлөлтийг оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээжээ. /хх-ийн 4-15 дугаар тал/

4. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.

4.1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. гэж заасан.

Хуулийн энэ зохицуулалтаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь ажил олгогчийн ашиг сонирхлын үүднээс хөдөлмөрийн гэрээний дагуу болон ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж байсан этгээд нь энэхүү ажил, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс бусдад хохирол учруулсан байх явдал.

4.2. ******* финанс корпораци ББСБ ХХК-д эрсдэлийн газрын мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.******* нь З.*******д автомашины зээлийн төлбөрийг гаргасан баримт материал бүрдүүлэн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тус байгууллагаас 69,800,000 төгрөг завшсан, мөн бусад нэр бүхий этгээдийн нэрээр бичиг баримт бүрдүүлэн хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, уг хэргийн хохиролд Ц.*******аас нийт 102,100,000 төгрөг гаргуулж ******* финанс корпораци ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн болох нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ДШМ/740 дугаартай магадлалаар тогтоогдсон.

Тус эрүүгийн хэрэгт З.******* нь хохирогчоор оролцсон боловч эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Ц.*******ын ******* финанс корпораци ББСБ ХХК-иас З.*******д шилжүүлэх ёстой 69,800,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй тул энэ хэрэгт З.*******ы хохирсон эсэх асуудлыг шийдвэрлэхгүй, харин З.******* нь 69,800,000 төгрөгийн асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэжээ.

4.3. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид олгох ёстой мөнгөн хөрөнгийг тус байгууллагын ажилтан өөртөө авсан хууль бус үйлдлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоосон тул уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг зааснаар дахин нотлохгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв.

Иймд Ц.*******ыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан эсэхийг нотлох баримтаар нотолж, тогтоож чадаагүй, хариуцагчийг буруу тодорхойлсон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

4.4. Хариуцагч байгууллага нь ажилтныхаа үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж байсан, түүний үйлдлийн улмаас учирсан хохиролд гэм буруугүй болохоо баримтаар нотолж чадаагүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

5. Анхан шатны шүүх дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагчаас нэхэмжлэгчид олгох мөнгөн хөрөнгийг 69,800,000 төгрөг гэж тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 66,800,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.

6. Шүүх томилогдсон иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйн улмаас түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулах талуудын хүсэлтийг үндэслэн хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй байна.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/01444 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 491,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА