Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01015

 

 

 

 

 

 

 

2024 05 13 210/МА2024/01015

 

 

 

******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2024/01392 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.*******, Б.******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 57,808,203 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хариуцагч Ж.*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* банк ХК нь Ж.*******, Б.******* нартай 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 19/57 тоот зээлийн гэрээг байгуулж, 50,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэй, хөрөнгө барьцаалсан хэрэглээний зээлийн зориулалтаар зээлж, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн *******6465 тоот дансанд олгосон.

1.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 19/57 тоот барьцааны гэрээг байгуулж, зээлдэгч нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол 18082 хд 41 дүгээр байрны ******* хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

1.3. Зээлдэгч нь 19/57 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн тул банкнаас удаа дараа зээлийн төлбөр төлөхийг мэдэгдэж, утсаар холбогдож зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж мэдэгдэл хүргүүлсэн.

Зээлдэгч нар зээлийн төлбөрийг төлөлгүй 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 1110 хоног хугацаа хэтэрсэн, муу ангилалтай болсон бөгөөд гэрээг байгуулснаас хойш үндсэн зээлээс 8,435,451.99 төгрөг, хүүгээс 25,351,413.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 2,459,077 төгрөг нийт 36,245,942.94 төгрөг төлсөн. Тус зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрснээр үндсэн зээлийн төлбөрт 41,564,518.01 төгрөг, үндсэн хүү 16,146,106.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,548.07 төгрөг, нийт 57,808,203.85 төгрөг болж хуримтлагдсан байна.

1.4. Иймд ******* банк ХК нь зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээг үндэслэн зээлдэгч нараас үндсэн зээлийн төлбөрт 41,564,518.01 төгрөг, үндсэн хүү 16,146,106.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,548.07 төгрөг, нийт 57,808,203.85 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэв сайн дураар биелүүлэхгүй байгаа тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 18082 хд 41 дүгээр байрны ******* хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

1.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нас барсан тул түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Ж.*******аас дээрх зээлийн үүргийг бүхэлд нь шаардаж байна.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч нар 50,000,000 төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар авч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор орон сууцаа барьцаалж барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

2.2. Ж.******* нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүр төлж үүргээ сайн биелүүлж ирсэн. Эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу эхний 1 жилийн төлөлтийг зөрчилгүй төлсөн. Цар тахлын улмаас хариуцагчийн эрхэлж байсан хувийн бизнес, ажилд доголдол гарч ажилгүй, орлогогүй болсон тул зээлийн хугацаа хэтрэхэд үүрэг гүйцэтгэгчийн гэм буруу байхгүй.

2.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нас барсан. Нийт үнийн дүнд тооцооллын хувьд асуудал байхгүй бол хариуцагчийн хувьд зээлийг төлөх нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд тооцооллоо үнэн тодорхойлбол шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлнэ. Зээлдэгчийн хувьд 36,245,942.94 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн. 25,351,418 төгрөгийг зээлийн хугацаандаа графикийн дагуу төлсөн, хэзээний төлөлтөд тооцсон эсэх талаар банкны зүгээс программаар бодсон бус бодитой тооцоог гаргаж өгөх шаардлагатай.

2.4. Нэхэмжлэлийн шаардлагын хүү хэзээнээс хэдий хүртэл хугацааг хамаарч байгаа нь тодорхой биш байна. Хариуцагчийн зүгээс зээлийн эргэн төлөлтөд төлсөн дүнд маргахгүй. Төлсөн дүнг аль хугацаанд тооцож байгаа эсэх, одоо нэхэмжилж байгаа дүн ямар хугацааг тооцсоныг тодруулах шаардлагатай.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.*******аас 57,808,203 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.******* нь үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 18082, хд41 байрны *******, 48,5 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******аас 517,191 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ж.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-т Хариуцагч талаас зээл, хүүгийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч энэ талаар өөрийн тайлбар, татгалзлыг баримтаар нотлоогүйгээс гадна нэхэмжлэгчийн гаргасан зээлийн тооцооллын аль хэсгийг зөвшөөрөхгүй буюу ямар үндэслэлээр татгалзаж байгаагаа тодорхойлж чадаагүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1. Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжид төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн төлбөрөөс эхэлж хүүгийн төлбөрийг төлүүлэх байдлаар зээл, хүүгийн тооцооллыг гаргаж, үндсэн зээлд 8,435,451.99 төгрөг, хүүгийн төлбөрт 25,351,413.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,459,077 төгрөг тус тус тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй гэжээ.

Нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүг хэрхэн тооцоолсон талаарх тайлбар баримт нь хавтаст хэрэгт авагдсан эсэх, тооцоолол хийсэн аргачлалын талаар тайлбарлахыг шүүх хуралдааны асуулт хариултын шатанд асуухад төлөөлөгчийн зүгээс банк тооцооллын программаар бодож гаргасан гэхээс өөр тайлбар өгөөгүй. Зээлийн үндсэн хүүг жилийн хэдэн хоногоор тооцоолж гаргаж өгөөгүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзлаа тодорхойлж чадаагүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл зээл, зээлийн үндсэн хүүг тооцоолсон банкны хэрэглэдэг гэх тооцооллын талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж мэтгэлцсэн.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн тооцоолсон аргачлалын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй юм.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан тайлбар нь өөрөө нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх, талуудыг мэтгэлцэхэд хууль зүйн үндэслэл болно гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2024/01392 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчээс 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийн хүүг зогсоосон.

5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3 удаа солигдож, шүүх хуралдааныг хариуцагч талаас олон удаа хойшлуулсан. Шүүх хуралдаанд Ж.******* нь нэг ч ирээгүй.

5.3. Манай банкинд жил бүр аудитын шалгалт хийгддэг. Хариуцагч Ж.*******ын хувьд чанаргүй зээлдэгчийн жагсаалтад байдаг тул зээлийг байнга хянадаг учраас нэг ч төгрөг илүү аваагүй.

Зээлийн хүү зогсоод 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй. Графикийн дагуу зээлээ төлсөн бол үндсэн зээлээс хасагдах байсан. 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 1 удаа 1,497,000 төгрөгийн үндсэн зээл төлсөн. Үүнээс хойш 4 жил өнгөрчихөөд байхад бага хэмжээгээр зөвхөн хүүг төлж байсан.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч Ж.*******ын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ж.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,808,203 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Талууд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 19/57 дугаартай зээлийн гэрээ байгуулж, ******* банк ХК нь 50,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар зээлдүүлэх, Ж.*******, Б.******* нар нь зээл, хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, уг төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн 13-15 дугаар тал/

3.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 19/57 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр зээлдэгч нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 18082, хд 41 байрны ******* хаягт байрлах, 48.5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх-ийн 16-19 дүгээр тал/

3.3. Талууд дээрх гэрээнүүдийг байгуулсан болон хүчин төгөлдөр байдлын талаар, гэрээний дагуу хариуцагч мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, гэрээний хугацаанд 36,245,942 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй, харин зээл, хүүгийн тооцоолол үндэслэлтэй эсэх асуудлаар маргажээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

4.1. Энэхүү гэрээгээр хариуцагч сар бүр тогтсон хугацаанд зээл, түүний хүүг хэсэгчлэн төлөхөөр тохирсон, ийнхүү тохирсоны дагуу зээлийн төлбөрийг зохих ёсоор биелүүлж байгаагүй, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, уг үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгчээс удаа дараа шаардсан боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний хугацаа дууссан байна.

Талууд зээлийн гэрээний 2.2.7-д нэмэгдүүлсэн хүү, хүү, зээлийн үндсэн төлбөр төлөх байдлаар гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт нийцнэ. Өөрөөр хэлбэл хариуцагчийн төлсөн төлбөр нь сар бүрийн тогтоосон хэмжээнд хүрэлцээгүй тохиолдолд хүү, үндсэн зээл төлүүлэх зарчмаар үүргийн гүйцэтгэлийг тооцохоор тохирсон гэж ойлгоно.

Нэхэмжлэгч байгууллага дээрх тохиролцооны дагуу гэрээний хугацаанд хариуцагчийн төлсөн 36,245,942 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүд 2,459,077 төгрөг, үндсэн хүүд 25,351,414 төгрөг, зээлийн төлбөрт 8,435,451 төгрөгийг тооцсон нь талуудын зарчимд нийцсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-аар хүүг тооцох бөгөөд уг журмын 1 дүгээр хавсралт болон 2.2-т заасан аргачлалын дагуу нэмэгдүүлсэн хүү, хүүг зөв тооцсон болох нь хүү тооцооллын баримтаар тогтоогдсон, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Тухайлбал, дээрх журмаар 2020 оны 10 дугаар сарын 17-19-ний өдрийн 2 хоногийн хүүг жилийн хүү 24% : 365 хоног х 2 хоног х 41,564,548 зээлийн үлдэгдэл :100% гэж тооцох бөгөөд хүү 54,660 төгрөг болох нь хүү тооцооллын баримтад тусгагдсан байна. /хх-ийн 10 дугаар тал/

4.2. Иймд хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй тул уг зөрчлийн улмаас үүсэх нэмэлт үүрэг буюу хэтэрсэн хугацааны хүү болон гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн.

Нэхэмжлэл гаргах хүртэл 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 41,564,548 төгрөг, хүү 16,146,106 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,549 төгрөг, нийт 57,808,203 төгрөгийг хариуцагч төлөх болохыг хуульд заасан журмын дагуу зөв тооцоолсон байх тул энэ талаарх хариуцагчийн гомдол хангагдахгүй.

5. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран зээлдэгч Б.******* нас барснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ж.*******аас шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

6. Анхан шатны шүүх талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

7. Дээрх үндэслэлээр хариуцагч Ж.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2024/01392 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Т.ГАНДИЙМАА