Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01014

 

 

 

 

 

 

  2024 05 13 210/МА2024/01014

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М. даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 182/ШШ2024/01082 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/00777 дугаартай шийдвэрээр Д.*******аас 70,784,083 төгрөг гаргуулж санд олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.*******ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт 9 дүгээр гудамж ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлтийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 132 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн 311 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн.

1.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн шинжээчээр ******* ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар болсон.

******* ХХК нь Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт 9 дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 132 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 81,375,799.43 төгрөг, мөн тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн 311 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 20,837,000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

1.4. ******* ХХК нь улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн 311 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлэхдээ илт буруу үнэлсэн байна.

Тодруулбал, манай хашааны яг урд талд буюу 1 метрийн зайн дотор 2020 онд төвийн халуун, хүйтэн усны шугам тавьж, тэр дагуух газрын зах зээлийн үнэ илт өссөн байхад үнэлгээний тайлангийн 8 дугаар нүүрэнд байх хүснэгтийн 5 дахь эгнээнд инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй гэж хамгийн үнэд хүрэх, үнэлгээнд нөлөөлөх бодит нөхцөл байдлыг худал бичиж, хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчид хэт хохиролтойгоор үнэлсэн байна.

Иймд ******* ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2356713200252 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/00777 дугаар шийдвэрээр Д.*******аас 70,784,083 төгрөгийг гаргуулж санд олгох, төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 9 дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаар бүртгэлтэй 132 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй 311 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 11 дүгээр гудамж хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 180 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.*******ын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 9 дүгээр гудамж, тоот хаягт байршилтай 132 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, 311 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт битүүмжилж, хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 108,400,000 төгрөгөөр үнэлсэн.

2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан байхад нэхэмжлэгч 22 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна.

Иймд үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргах хугацааг хэтрүүлж гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан ******* ХХК-ийн Ү-*******, Г-******* дугаарт тус тус бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 9 дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах 132 м.кв талбайтай хувийн сууц, 311 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 108,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийг бүрэн дүгнэж чадаагүй. ******* ХХК нь улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй газрыг үнэлэхдээ илт буруу үнэлсэн байна. Манай хашааны яг урд талд буюу 1 метрийн зайн дотор 2020 онд төвийн халуун, хүйтэн усны шугам тавьж, тэр дагуух газрын зах зээлийн үнэ илт өссөн байхад үнэлгээний тайлангийн 8 дугаар нүүрэнд хүснэгтийн 5 дахь эгнээнд Инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй гэж хамгийн үнэд хүрэх, үнэлгээнд нөлөөлөх бодит нөхцөлийг худал бичиж, хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчид хэт хохиролтойгоор үнэлсэн.

4.2. ******* ХХК нь үнэлгээг хийхдээ Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалаар баталсан Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм /БД 81-106-16/-ийг баримтлаагүй. Тус дүрмийн 2 дугаар хавсралтад зааснаар барилга байгууламжийн хийц бүтээцээр нь А B C D S гэж тав ангилдаг. Даацын хийц, бүтээц нь төмөр бетон арагт бүтээцтэй, хана тоосго, блок дүүргэгчтэй барилга нь А ангилалд хамаарахаар байна. Амины орон сууц А ангилалд хамаарах бол 1 м.кв нь 1551,55 төгрөгөөр үнэлэхээр зааж өгсөн байна. Гэтэл ******* ХХК нь тус үл хөдлөх эд хөрөнгийг 81,375,799 төгрөгөөр үнэлсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироож байна. Мөн Г-******* дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг 20,837,000 төгрөгөөр үнэлсэн нь хэт доогуур үнэлсэн. Засгийн газрын 2018 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал-ийн 3 дугаарт газрын эдийн засгийн үнэлгээний үзүүлэлтийг тодорхойлох зааж өгсөн бөгөөд түүнд заагдсан үзүүлэлтийг ашиглаагүй үнэлгээг гаргасан нь бодит бус үнэлгээ гаргасан байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 182/ШШ2024/01082 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 777 дугаар шийдвэрээр Д.*******аас 70,784,083 төгрөгийг гаргуулж санд олгох, төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 9 дүгээр гудамжны хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаар бүртгэлтэй 132 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй 311 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 11 дүгээр гудамж хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 180 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.*******ын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 9 дүгээр гудамж, хаягт байршилтай 132 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, 311 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт битүүмжилж, хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 108,400,000 төгрөгөөр үнэлсэн.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй байдлын талаарх тайлбараа өөрөө нотлох, нотлох баримт бүрдүүлж өгөх үүрэгтэй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж маргадаг. Мөн 2022 онд төвийн халуун, хүйтэн усны шугам тавьж, тухайн газрын зах зээлийн үнэлгээ өссөн гэдгийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

5.4. Д.*******ын гомдлын дагуу Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалыг хөрөнгийн үнэлгээнд оролцуулаагүй гэж нэхэмжлэгч талаас тайлбарладаг. Гэвч үнэлгээний тайлангийн 8 дугаар хуудсанд авагдсан байдаг. Мөн тухайн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний зорилгоос хамаарч, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд өртгийн болон зах зээлийн хандлагаар үнэлгээг хийсэн. Барилгын үнэлгээг өртгийн хандлагаар хийж гүйцэтгэхдээ Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалаар батлагдсан барилга хот байгууламж, нийт хүчин чадлын жишиг үнэлгээ хийхэд хэрэглэх дүрмийг ашиглах ёстой. 2016 онд батлагдсан дүрмээр барилгын тал, суурь хучилт нь жижиг барилгын холимог хамаарч байсан тул барилгуудын нэгжийн үнэлгээг 120,000 төгрөгөөр үнэлж тооцсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.******* нь *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/00777 дугаар шийдвэрээр Д.*******аас 70,784,083 төгрөг гаргуулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам , санд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайт 9 дүгээр гудамж, хаягт байрлах, 132 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн 311 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 11 дүгээр гудамж, хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн 61 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг *******т даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 44-48 дугаар тал/

3.2. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Д.ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайт 9 дүгээр гудамж, хаягт байрлах, 132 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн 311 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18300988/05 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 18300988/01 тоот тогтоолоор хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн, тухайн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд нийцсэн. /хх-ийн 51-54 дүгээр тал/

3.3. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 8/301 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор ******* ХХК-ийн үнэлгээчин С.ыг шинжээчээр томилж, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 108,400,000 төгрөгөөр тогтоожээ. /хх-ийн 59, 63, 65, 67, 69-98 дугаар тал/

3.4. Уг үнэлгээний талаарх мэдэгдлийг 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 4-120/16371, 4-120/16372, 4-120/16360 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Д.*******, төлбөр авагч , санд тус тус мэдэгдэж, мөн өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үнэлгээний тайланг танилцуулж, тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 99-103 дугаар тал/

4. Шинжээч нь үнэлэгдэж буй хувийн сууц болон газрын байршил, зориулалт, хэмжээ, дэд бүтцийн талаарх мэдээллийг бүрэн тусгаж, хөрөнгүүдийн ижил болон ялгаатай байдалд зохих тохируулгыг хийж Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайланг гаргаж, зах зээлийн хандлагын аргаар тогтоосон үнийг санал болгосон байна.

5. Нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй газрын үнийг өртгийн хандлагын аргаар тогтоосон байх ба уг үнээр хөрөнгийг худалдан борлуулахаар санал болгоогүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, хувийн сууцыг өртгийн хандлагын аргаар үнэлэхдээ Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалаар баталсан Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм-ийг ашиглан үнийг 81,375,800 төгрөгөөр тогтоосон талаар тайландаа тусгасан байх ба уг үнээр тухайн эд хөрөнгийг худалдан борлуулах зах зээлийн үнийг тогтоогоогүй байна. Тайланд тусгаснаар газар болон хувийн сууцыг өртгийн хандлагын аргаар үнэлэхэд нийтдээ 102,212,799 төгрөг болсон, харин зах зээлийн хандлагын аргаар 108,400,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг дуудлага худалдааны үнэ гэж тогтоожээ.

6. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хөрөнгийн үнэлгээ тогтоох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 182/ШШ2024/01082 дугаар  шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.ГАНДИЙМАА