Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01013

 

 

 

 

2024 05 13 210/МА2024/01013

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/01340 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* тек ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон алдангид 11,962,500 төгрөг гаргуулах тухай хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* тек ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 22/08 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу ******* ХХК буюу гүйцэтгэгч нь Хан-Уул дүүрэг 18 дугаар хороонд байрлах Парк гарден цогцолборын сургуулийн барилгын гадна 2000 м.кв талбайн дулаалгын ажлыг чанарын өндөр түвшинд, тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх, ******* тек ХХК буюу захиалагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн.

1.2. Гэрээнд заасан ажил хийгдэж байх үед ******* тек ХХК-ийн хүсэлтээр нэмэлт ажлыг хийлгэх шаардлага гарлаа гэсэн хүсэлтийн дагуу 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хоёр талаас нэмэлт ажил болон түүний хөлсийг гэрээний хавсралт байдлаар тохиролцож гарын үсэг зурцгаасан.

Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэмэлт ажлын нийт талбайн хэмжээ, ажлын хөлсний талаар дүнг тооцож дахин хавсралт баримтад гараар бичиж талууд гарын үсэг зурцгаасан. Дээрх гэрээ, түүний хавсралтын дагуу ******* ХХК-ийн зүгээс бүхий л ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн.

1.3. 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ******* тек ХХК-тай уулзалт хийж гэрээний гүйцэтгэл, ажлын гүйцэтгэлийн акт гэх баримтуудыг үйлдэн хоёр талаас буюу гүйцэтгэгч талаас ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.*******, захиалагч талаас ******* тек ХХК-ийн инженер Б.*******, архитектор Р.******* нар гарын үсэг зурцгаасан. Бидний гэрээний гүйцэтгэлийн баримтад зааснаар ******* тек ХХК нь ******* ХХК-д 7,975,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа бөгөөд төлбөрийн үлдэгдлээ төлөхийг шаардахад удахгүй төлнө гэсээр 8 сарын хугацаа өнгөрөөд байна.

1.4. Бидний хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг төлж барагдуулаагүй бол санхүүжилт саатуулсан хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 3,987,500 төгрөгийг нэмж ******* тек ХХК төлөх үүрэгтэй юм.

Иймд төлөгдөөгүй 7,975,000 төгрөг, алданги 3,987,500 төгрөг, нийт 11,962,500 төгрөгийг ******* тек ХХК-иас гаргуулан ******* ХХК-д олгож өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* тек ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 22/08 дугаартай Хамтран ажиллах гэрээ-гээр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах Парк гарден цогцолбор сургуулийн барилгын гадна 2000 м2 талбайн дулаалгын ажлыг хамтран хийхээр тохиролцон гэрээ байгуулсан.

2.2. Энэхүү ажлын үндсэн захиалагч нь ******* констракшн ХХК бөгөөд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах Парк гарден цогцолборын сургуулийн барилгын гадна 2000м2 талбайн дулаалгын ажлыг хийлгүүлэхээр манай компанийг тус ажлыг хийх компанийг олж гэрээ хийхийг даалгасан. Манай компани нь ******* констракшн ХХК-ийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах Парк гарден цогцолборын сургуулийн болон оффисын барилгын металл, шилэн фасад угсралт, цонх хаалга угсралт, гаражийн будгийн ажил гэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн ба нийт 7 төрлийн ажлыг хийхээр тус бүр гэрээ байгуулан ажилласан.

2.3. ******* ХХК-ийн хийсэн ажил нь манай гэрээгээр хийж гүйцэтгэсэн гэрээт ажилд хамааралгүй, тухайн компанитай манай компани үндсэн захиалагчийн зөвшөөрлөөр гэрээ байгуулсан.

******* констракшн ХХК-тай ******* тек ХХК нь Парк гарден цогцолбор сургуулийн барилгын гадна 2000 м2 талбайн дулаалгын ажлыг хийхээр гэрээ байгуулаагүй бөгөөд энэ ажилтай холбоотой нэмэлт гэрээ хийгээгүй, санхүүжилт аваагүй. ******* ХХК нь ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 7,975,000 төгрөгийг ******* констракшн ХХК-иас гаргуулан авах эрхтэй байна.

Иймд ******* ХХК-д 7,975,000 төгрөгийг ******* тек ХХК төлөх үндэслэлгүй ба нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 д заасныг баримтлан ******* тек ХХК-иас 7,975,000 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,987,5000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Хэдийгээр нэмэлт ажлын гэрээ бичгээр байгуулагдаагүй ч нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг ашиглагч байгууллагад хүлээлгэн өгсөн болох нь нотлогдсон.

Алдангийн тухайд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т алдангийн хэмжээг тохирсон байх боловч энэ нь 2000 м2-ын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой харилцаанд хамаарах юм.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд нэмэлт ажлын талаар нэмэлт гэрээ бичгээр байгуулагдаагүй тул алданги шаардах үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь ******* ХХК болон ******* тек ХХК-иудын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний хавсралтаар буюу гэрээтэй ижил нөхцөлөөр хариуцагч болох ******* тек- ХХК-ийн хүсэлтээр гэрээнд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт ажил хийхээр харилцан тохиролцсон болох нь тодорхой харагдана.

4.2. Түүнчлэн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Гэрээний гүйцэтгэл, ажлын гүйцэтгэлийн акт гэх баримтуудад 2259 м2 ажлыг хамтад нь хүлээн авч байгаа, тооцооны үлдэгдлийг хамтад баталгаажуулж байгаагаас нэг гэрээ гэдэг нь харагдаж байна. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс алдангийн төлбөрийг олгохгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч талын нэмэлт ажил хийсэн гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. ******* тек ХХК болон ******* ХХК-иуд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 22/08 дугаартай Хамтран ажиллах гэрээ-гээр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах Парк гарден цогцолбор сургуулийн барилгын гадна 2000 м2 талбайн дулаалгын ажлыг хамтран хийхээр тохиролцон гэрээ байгуулсан.

6.2. Үндсэн захиалагч нь ******* констракшн ХХК бөгөөд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах Парк гарден цогцолбор сургуулийн барилгын гадна 2000м талбайн дулаалгын ажлыг хийлгүүлэхээр манай компанийг тус ажлыг хийх компанийг олж гэрээ хийхийг даалгасан.

Манай "******* тек" ХХК нь ******* констракшн ХХК-ийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах Парк гарден цогцолбор сургуулийн барилгын оффис фасад, цонх, шилэн фасад, гаржийн будгийн ажлыг хийж гүйцэтгэсэн ба нийт 7 төрлийн ажлыг хийхээр тус бүр гэрээ байгуулан ажилласан.

6.3. ******* ХХК-ийн хийсэн ажил нь манай гэрээгээр хийж гүйцэтгэсэн гэрээт ажилд хамааралгүй байна. ******* ХХК-тай манай компани үндсэн захиалагчийн зөвшөөрлөөр гэрээ байгуулсан. ******* констракшн ХХК-тай ******* тек ХХК нь парк гарден цогцолбор сургуулийн барилгын гадна 2000м талбайн дулаалгын ажлыг хийхээр гэрээ байгуулаагүй бөгөөд энэ ажилтай холбоотой нэмэлт гэрээ хийгээгүй, санхүүжилт аваагүй.

Анхан шатны шүүх "*******" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1340 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. 259 м.кв талбайн ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд өөр хүмүүс хүлээн авсан гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй. Тухайн ажлын гүйцэтгэлд талбайн ерөнхий инженер гарын үсэг зурж, ажлыг хүлээн авсан баримтууд хэргийн материалд авагдсан.

Мөн гэрээний гүйцэтгэл гэх баримтаар талууд төлбөр тооцооны асуудлыг дүгнэж, гарын үсэг зурсан. Тухайн талбайг хариуцаж, уг байгууллагыг төлөөлж ажиллаж байсан ажилчин буюу талбайн инженер, ерөнхий инженерүүд гарын үсэг зурсан.

7.2. ******* ХХК нь ******* тек ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд ******* констракшн ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Мөн уг байгууллагын туслан гүйцэтгэгчээр ******* тек ХХК ажиллаж байгааг мэдээгүй. ******* ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2,259 м.кв талбайн ажлыг хийж гүйцэтгэсэн гүйцэтгэлийг ******* тек ХХК-д хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* тек ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг болон алдангид 11,962,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Талууд 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Хан-Уул дүүрэг 18 дугаар хороонд байрлах Парк гарден цогцолборын сургуулийн барилгын гадна дулаалгын ажлыг стандарт бүхий ус чийгний хамгаалалттай полиуретан хөөсөн дулаалгын материалаар шүршиж дулаалах ажлыг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, ******* тек ХХК нь ажлын хөлс 110,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 5-7 дугаар тал/

Уг гэрээгээр хийж гүйцэтгэх ажлын хэмжээ 2000 м2, уг ажлын хөлсийг 1 м2 талбайг 55,000 төгрөгөөр тооцно гэж тохиролцсон.

3.2. Дээрх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон ажлын хөлсний асуудлаар талууд маргаагүй, тэдний маргааны зүйл нь 259м2 талбайн барилгын дулаалгын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ байгуулагдсан эсэх асуудал болжээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

4.2. Хэрэгт авагдсан 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ажлын гүйцэтгэлийн актаар гүйцэтгэгч ******* ХХК нь шүршдэг хөөсөн дулаалга 2000м2, үндсэн гэрээний зөрүү нэмэлт 150м2, баруун талын 4 давхарын хана 35м2, оффисын барилгын 3 цонх 24м2, сургууль болон оффисын зааг 50м2 ажлыг 100 хувь гүйцэтгэсэн болохыг баталгаажуулж, захиалагч ******* тек ХХК-ийн инженер Б.*******, архитектор Р.******* нар гарын үсэг зуржээ. /хх-ийн 8 дугаар тал/

Түүнчлэн, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэмэлт ажлын нийт м2 - 259 х 55,000 = 14,245,000 төгрөг гэсэн гар бичвэрт ******* ХХК-ийн захирал Г.*******, баталсан инженер Б.******* гэж гарын үсэг зурагдсан баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 10 дугаар тал/

Дээрх баримтуудад гарын үсэг зурсан хүмүүсийг танихгүй, манайд ажилладаггүй, ******* констракшн ХХК-ийн инженер байх боломжтой гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргасан боловч мөн тайлбараа баримтаар нотолж чадаагүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчөөгүй.

5. Ийнхүү анхан шатны шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн тэдний хооронд 259м2 талбайн дулаалгын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ байгуулагдсан, уг гэрээний ажлын хөлсийг 1м2 талбайг 55,000 төгрөгөөр тооцож, тухайн ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн гэж дүгнэж, хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 7,975,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчимд нийцжээ.

6. Нэмэлт ажлын хүрээнд талууд гэрээ бичгээр байгуулаагүй тул үндсэн гэрээний тохиролцоогоор алданги шаардах эрхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсэгт нийцсэн байх тул алдангийг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/01340 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,750 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.ГАНДИЙМАА