Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01012

 

 

 

 

2024 05 13 210/МА2024/01012

 

 

 

Г.*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2024/01397 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.*******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.*******д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,976,400 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хохирол 12,331,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Г.******* нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр баг Улаанхудаг-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн автозамын 2 дахь километрт байрлах Давхар дэлгүүр нэртэй автомашины сэлбэгийн дэлгүүрийг ажиллуулдаг.

Д.******* нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ******* ХХК-ийн нэр дээр тээвэрлэлт хийдэг өөрийн өмчлөлийн ******* ӨМҮ, ******* ӨМҮ улсын дугаартай шланз маркийн том оврын автомашиндаа сэлбэг хэрэгсэл худалдан авч эхэлсэн.

Анх төлбөрөө бэлнээр төлж бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байсан бол дараа нь зүс таних болсон тул өөрөө болон хүүгээрээ дамжуулан богино хугацаагаар бага хэмжээний бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч, төлбөрөө цаг тухайд нь төлдөг байсан.

1.2. 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрөө төл, ахин зээлээр худалдах боломжгүй гэдгээ илэрхийлэн өмнөх үлдэгдэл болон 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх авсан сэлбэгийн мөнгийг нэхэхэд удахгүй өгнө, урьдчилгаа авахаараа өгье гэх мэтээр хариу өгдөг байсан.

Үүний дараа сэлбэгийн төлбөрт 40 тонн контейнерыг өгч төлбөрөө барагдуулахаар санал гаргахад уг саналыг хүлээж авсан. Контейнерыг авахаар нэхэхэд манай охин барилгын компанитай, контейнер сулраагүй байна гэсэн. Ингээд 2022 онд хариуцагчтай холбоо барихад танайхаас авсан сэлбэг болохгүй байна, төлбөрөө төлнө. Гэхдээ төлбөрийг хөнгөлж өг гэх мэт хариу хэлж хугацаа хойшлуулдаг байсан.

1.3. 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчтай холбоо барихад танайхаас сэлбэг аваагүй, төлбөр төлж чадахгүй, шүүхэд хандаад аваарай гээд утсаа тасалсан. Миний бие 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасны дагуу 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 222900192 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Өмнөговь аймгийн Ханбогд Сум дахь Сум дундын Прокурорын газрын 117 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолоор Г.*******, Д.******* нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлүүлэх маргаан байна гэж хэргийг хаасан.

1.4. Хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 330,000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 40,000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 125,000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 60,000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 312,000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 10,000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 185,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,309,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 655,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 105,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 1,554,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1,247,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 266,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 733,400 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 45,000 төгрөг, нийт 6,976,400 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл зээлээр худалдан авсан тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасны дагуу зээлээр худалдах, худалдан авах харилцаа үүссэн.

1.5. Иймд хариуцагчаас худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөр болох 6,976,400 төгрөгийг нэхэмжилж байна.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Би ******* гэдэг хүний авто машиныг барихын зэрэгцээ хоёр машиныг хариуцан авч явах хугацаандаа Давхар дэлгүүрээс сэлбэг авч төлбөрийг цаг хугацаанд нь хийдэг байсан. Гэтэл нэг өдөр худалдагч залуу танд 2 сая гаруй төгрөгийн өр төлбөр байна хэзээ хийх вэ? Бараа татах гээд мөнгө муудаад байна. Та уг нь хурдан хийж дуусгадаг даа гэхэд нь яагаад хоёр сая төгрөг нэмчихсэн юм бэ, би наадмаас өмнө тооцоогоо тулгаад 635,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон шүү дээ, бусдын тооцоог нэмээд бичсэн юм биш биз дээ гэсэн. Гэтэл худалдагч залуу арай үгүй байлгүй дээ, нөгөө хүмүүсээсээ асуугаад хариу хэлье гэсэн тул би явсан.

Ингээд би 2 рейс явж ирээд Давхар дэлгүүрт ортол Г.******* нягтлан бодогчтойгоо зогсож байсан. Би тэр хоёрт хамгийн сүүлд тооцоо хийхэд 635,000 төгрөгийг тооцоо үлдсэн байсан. Гэтэл нэмээд 2,000,000 төгрөгийн сэлбэг авсан болгоод бичсэн байна, учрыг нь олж өгөөрэй гэхэд Г.******* та санаа зоволтгүй падаанаар хөөгөөд гаргаад ирнэ гэсэн. Маргааш нь орж асуутал зав муу байна, дараа гаргана гэсэн боловч, тэд нар тооцоог гаргаж өгч чадаагүй. Тэдний дэлгүүр зохион байгуулалт муутай, хүмүүсийн сэлбэгийг хольж, сольж бичихээс гадна залилан хийж, худлаа нэмэлт бичилт хийдэг үүнийг жолооч нар ярьдаг. Хавтаст хэрэгт авагдсан мөнгөний баримтад хариуцагч гарын үсэг зураагүй, тухайн баримтууд өгсөн авсан хүний гарын үсэг байхгүй, шаардлага хангахгүй баримтууд байгаа. Нэхэмжлэгч эдгээр санхүүгийн баримтыг үндэслэл болгож байгаа боловч энэ баримтаар хариуцагч тухайн сэлбэгийг авсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Миний бие иргэн *******ын Норд маркийн нүүрс тээврийн машины хөлсний жолоочоор ажилладаг. Энэ машины сарын орлого 10,000,000-20,000,000 төгрөг байдаг. Гэвч Давхар дэлгүүрийн засварын буруутай үйл ажиллагаанаас болж хэвийн үйл ажиллагаатай байсан мотор эвдэрч, мотор цохиж, ажилд явах боломжгүй болсон. Үүнээс болж өдрийн 5,000 төгрөгийн үнэтэй зогсоолд 4-5 сар байлгасан.

3.2. Энэ хугацаанд автомашин янзалж өгөхийг удаа дараа шаардсан боловч засаж өгөөгүй. Үүний улмаас Улаанбаатар хотоос 8,500,000 төгрөгийн мотор худалдан авч машинд тавьсан. Иймд Г.*******аас моторын үнэ 8,500,000 төгрөг, өргөх краны хөлсний төлбөр 150,000 төгрөг, Улаанбаатараас Өмнөговь аймаг руу тээвэрлэлтийн зардал 600,000 төгрөг, масло 25 литр 280,000 төгрөг, тосол 40 литр 240,000 төгрөг, яндан жийргийн үнэ 16,000 төгрөг, боолт гайх 10 ширхэг 10,000 төгрөг, Өмнөговь аймагт кран буулгалт угсралт 350,000 төгрөг, мотор тавилт засвар үйлчилгээний зардал 1,500,000 төгрөг, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын автомашин зогсоолын төлбөр 685,000 төгрөг, нийт 12,331,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. Д.******* нь өөрийн машинд манай дэлгүүрийн засварчнаар засвар хийлгэсэн бөгөөд засварчин нь муу засвар үйлчилгээ хийснээс болж машины мотор эвдэрсэн гэх бөгөөд үүнтэй холбоотой бусад зардлыг нэхэмжилсэн байна.

Тухайн засвараас үүдэн машины мотор цохих, муудах, эвдрэх боломжгүй юм. Нэхэмжлэлд дурдсанаар тус машины сарын орлого 10,000,000-20,000,000 төгрөг байдаг бол тус засвараас үүдэн эвдрэл гэмтэл гарсан бол Д.******* нь 4-5 сар ажилд гарах боломжгүй болсон гэх хугацаанд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах боломжтой байсан.

Гэтэл өнөөдрийг хүртэл огт нэхэмжилж байгаагүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй, тухайн үйл баримтыг нотлох боломжгүй баримтыг хавсаргаж үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан байна. Машины засвар үйлчилгээтэй холбоотой асуудал нь Г.*******д огт хамааралгүй.

н.******* гэх засварчин нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг ажилтан нь биш. Энэ засварчин нь дэлгүүрийн хашаанд тусдаа засвар үйлчилгээгээ хийдэг. Харин манай дэлгүүрээс зарим сэлбэг хэрэгсэл худалдаж авдаг л хүн. Тиймээс засвартай холбоотой асуудал бол засварчинтай холбогдуулж гаргах шаардлага байх, сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь өр төлбөрөө төлөхгүй байх шалтгаан гэж харж байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******гээс худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 2,889,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,892,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******д холбогдох 12,331,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.*******ы төлсөн 139,500 төгрөг, хариуцагч Д.*******гийн төлсөн 212,246 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 61,174 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Д.******* нь Г.*******д төлсөн төлбөр, хүлээж авсан сэлбэг хэрэгсэл байхгүй ба нэхэмжлэлийн шаардлагын 2,889,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

6.2. Иймд Д.*******гээс 2,889,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1397 дугаар шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 50 хувийг нь хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Г.*******. Д.******* нарын хооронд сэлбэг, хэрэгсэл худалдах, худалдан авах харилцаа үүсээгүй гэх агуулгаар хариуцагчийн зүгээс гомдол гаргаж байна. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдааны явцад бичгээр гаргасан хариу тайлбартаа сэлбэг, хэрэгсэл зээлээр авдаг байсан гэдгээ Г.******* өөрөө хүлээн зөвшөөрдөг.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдааны явцад гаргасан хариу тайлбартаа аваагүй учраас төлөхгүй гэж маргаагүй. Зээлээр хэрэгсэл авсан тохиолдолд нэхэмжлэгчийн уг үйл баримтыг нотолж чадаагүй учраас төлөх үндэслэлгүй гэх агуулгаар маргасан.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,976,400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хохирол 12,331,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн автозамын 2 дахь км-т байрлах Давхар дэлгүүрийг ажиллуулдаг, хариуцагч нь уг дэлгүүрээс автомашины сэлбэг хэрэгсэл худалдан авдаг байсан үйл баримт тогтоогдсон.

3.2. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор, ...Д.******* гэх хүн 2020 оны 9 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл Цогтцэций сум, Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн автозамын 2 дахь км-т байрлах сэлбэгийн дэлгүүрээс 7,781,400 төгрөгийн сэлбэг зээлээр худалдан авч одоог хүртэл мөнгө өгөхгүй залилж байна... гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

Улмаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 117 дугаар Прокурорын тогтоолоор дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаажээ. /хх-ийн 15, 22-25 дугаар тал/

3.3. Дээрх хэрэгт Д.*******гийн ...би Давхар дэлгүүр нэртэй сэлбэгийн дэлгүүрээс сэлбэг бичүүлж авдаг байсан, энэ бол 2-3 жилийн өмнөх асуудал, ...хамгийн сүүлд тооцоо хийхэд миний төлөх мөнгө 2 сая орчим болсон байна гэхээр нь түүнийг нь төлөөд 600,000 орчим төгрөг төлөгдөөгүй үлдсэн, ...дэвтэр дээр болон падаан дээр бичүүлж үлдээдэг байсан шиг санаж байна гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн тэмдэглэл хэрэгт авагдсан. /хх-ийн 122-125 дугаар тал/

3.4. Талууд автомашины сэлбэг хэрэгслийн үнийн үлдэгдлийн асуудлаар маргасан.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Дээрх гэрээний үүрэгт хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авсан автомашины сэлбэг хэрэгслийн үнийг төлөх үүрэг хүлээсэн, уг үүргийн гүйцэтгэлд 635,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч мөн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан зарлагын баримтууд, гэрч Д.*******, О. нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, хариуцагч Д.*******гээс сэлбэг хэрэгслийн төлбөрт 2,889,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчимд нийцжээ.

5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэлд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2024/01397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА