Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 419

 

 

                                                  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

              Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “ХААН банк”-ны Сэлэнгэ салбар нэхэмжлэлтэй Г.Батмөнх, Б.Эрдэнэчимэг нарт холбогдох 14.598.040 төгрөг гаргуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй  танилцаад:

 

                                                 Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Зээлдэгч Гомбын Батмөнх, Баярсайханы Эрдэнэчимэг нар нь ХААН Банкны СБ Гааль салбараас 2014 оны 12-р сарын 11-ны өдөр 20.000.000 /Хорин сая/ төгрөгийг сарын 1,4%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингын зээлийн СЗХ/ЗХ/1449 тоот гэрээ байгуулан авсан бөгөөд зээлийн төлбөрийг сар бүр үндсэн зээл, хүүгийн хамт төлөх нөхцөлтэйгээр авсан.

Зээлдэгч нь зээлийн барьцаанд:

Ирээдүйд орж ирэх цалингын орлого TOYOTA PRIUS маркын автомашиныг барьцаалан зээлийг авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 5.401.965 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4.215.475 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3810 төгрөг, нийт 4.112.838.20 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь 170 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг банкны зүгээс зээл төлөх үлдэгдлийг 2015 оны11 дүгээр сарын 27-нд, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

Иймд 2016 оны 06 сарын 20 ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах

  1. Үндсэн зээлийн үлдэгдэл 13.420.608
  2. Зээлийн хүүгийн төлбөр 1.146.735
  3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 30.697

Нотариатын үйлчилгээний төлбөр 5.000

Улсын тэмдэгтийн хураамж гаргуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.                                     

             Хариуцагч  Г.Батмөнх, Б.Эрдэнэчимэг нар нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

         ... Хариуцагч Г.Батмөнх, Б.Эрдэнэчимэг миний бие “Хаан банк”-ны Сэлэнгэ салбараас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Г.Батмөнх зээл авч эргэн төлөлтийг нь цаг хугацаанд нь төлж байгаад ажлаасаа чөлөөлөгдөж ажилгүй болсноор эргэн төлөлтөө цаг хугацаанд нь төлөөгүй болно. Г.Батмөнх нь 2016 оны 05 дугаар сараас эхлэнТөмөртийн ордод ажиллаж байгаа бөгөөд зээлээ цагт нь төлж байгаа. Иймд Г.Батмөнх нь сум дундын шүүхэд цаг хугацаанд нь төлж байна гэсэн тайлбар бичиж өгсөн байгаа тул Б.Эрдэнэчимэг миний бие маргаан гаргах зүйл байхгүй. Цаашид Г.Батмөнхөөр сар болгон зээлийн төлөлтийг төлүүлж байх болно гэжээ.

                                                                 Үндэслэх нь:

                Нэхэмжлэгч “Хаан банк”-ны Сэлэнгэ салбар нь Г.Батмөнх, Б.Эрдэнэчимэг нарт холбогдуулан 14.598.040 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

                Иргэний хэргийн хариуцагч Г.Батмөнх, Б.Эрдэнэчимэг нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 14.598.040 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

                 Энэ нь хуулинд харшлаагүй. Гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

              Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 43.740 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 43.740 төгрөгний тал хувь болох 21.870 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 21.870 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.    

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн

     75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Хаан банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Г.Батмөнх, Б.Эрдэнэчимэг нарт холбогдох 14.598.040  төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 43.740 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 43.740 төгрөгний тал хувь болох 21.870 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 21.870 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

 

                                                ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ