Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00976

 

 

 

 

2024 05 08 210/МА2024/00976

 

 

 

Ш.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/00724 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ш.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.*******д холбогдох

14,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2021 оны эхээр өөрийн амьдарч буй байрны бохирын хоолойн асуудлыг шийдвэрлэхээр хажуу талын байрны иргэн н.*******, н.******* нартай ярилцаж тохирсон байсан. Уг ажлыг хийлгэхээр н.******* нь Ус сувгийн удирдахх газартай гэрээ хийж батлуулсан.

1.2. Дээрх гэрээг үндэслэн бохирын хоолойн ажлыг хийлгэмээр байна, н.******* та хоёр материалын мөнгөө шилжүүл гэж хариуцагч Ж.******* утсаар ярьсан. Уг материалын үнийг н.*******ийн өмнөөс би төлж хоёр хүний мөнгө 14,600,000 төгрөгийг ХААН банкны ******* тоот *******гийн данс руу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн.

1.3. Энэ өдрөөс хойш уг ажлууд хийгдэхгүй явсаар байгаад 2022 оны өвөл болсон. 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд би хүсэлт гаргаснаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 011396 тоот албан бичгээр бохирын шугамын ажлыг хийх, замыг хаах зөвшөөрлийг өгсөн. Зөвшөөрөл гарсан ч энэ ажил хийгдээгүй. Ингээд 10 сар болсон. Өвөл болоод дахиад юм хийх боломжгүй, нөгөө хүмүүс хийхгүй болчихлоо гэсэн хариу ирүүлсэн.

1.4. Тэгэхээр нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин захирагчийн ажлын албанд хүсэлт гаргаж, 2022 оны 10 дугаар сарын 01-02-ны шилжих шөнийн хооронд уг шугамын ажлыг хийж болно, замыг сэтэлж болно гэсэн зөвшөөрлийг өгсөн. Үүний дагуу бид нар өөрсдөө шугамын ажлыг хийж дуусгасан.

1.5. Ж.*******гийн шугам нь хуучин шугам учраас ашиглаагүй, шинэ шугамаар хийсэн гэдгээ хэлэхэд энэ шугамыг усжуулалтад хийх гэж байгаа. Дараа нь танд энэ мөнгийг гаргаж өгч болно гэсэн хариуг өгсөн боловч өгөөгүй байна. Иймд 14,600,000 төгрөгийг Ж.*******гээс гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч нь нэхэмжлэгч Ш.*******ын амьдарч байгаа байрны бохирын шугам татахаар иргэн н.******* нартай харилцан тохиролцож засварын ажлыг эхлүүлэхээр Дархан-Уул аймгаас 52 ширхэг бохирын хоолойг 19,840,000 төгрөг, тээврийн хөлс 2,600,000 төгрөг нийт 22 440 000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ зардлыг Ш.*******, н.*******, Ж.******* нар хувааж төлөхөөр тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ж.*******гийн ХААН банкны ******* тоот дансанд 14,600,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.******* шилжүүлсэн.

2.2. Ингээд бохирын шугам хоолойг татах ажлыг эхлүүлэх гэтэл Ус сувгийн удирдах газраас шалтгаалж ажлыг эхлүүлэх боломжгүйд хүрч шугам хоолой ашиглагдахгүй өнөөдрийг хүрч ******* ХХК-ийн оффисын хашаанд тоо ширхгээрээ байгаа. Нэхэмжлэгч Ш.******* нь тухайн бохирын хоолойноос өөрт ногдох хэсгээ авч болно.

2.3. 2021 оны 11 дүгээр сард өвлийн улирал таарсан байсан учраас Ус сувгийн удирдах газраас газар хөлдсөн байгаа гэх үндэслэлээр тухайн ажлыг хийлгээгүй. Мөн 2021 онд ковид-19 цар тахлын жил байсан учраас тухайн байгууллагын дарга удирдлагууд солигдоод иргэн Ч.*******гийн Ус сувгийн удирдах газартай байгуулсан гэрээ нь хэрэгжээгүй.

2.4. Тухайн бохирын хоолой ковид-19 цар тахлын үед олдоц муутай байсан. Ж.******* өөрөө хайж явж байж олж авсан. Энэ бохирын хоолой ашиглагдаагүй байгаа учраас нэхэмжлэгч Ш.******* бохирын хоолойноос өөрт ногдох хэсгийг авч болно. Иймд нэхэмжлэгчийн 14,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч овогт гийн ******* /РД:*******/-ээс 14,600,000 /арван дөрвөн сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч овогт ын ******* /РД:/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гээс 230,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Ж.*******, иргэн н.******* нар харилцан тохиролцож бохир усны шугам хоолойг тавихаар харилцан тохиролцож, зардлыг гурав хуваан төлөхөөр болсон.

4.2. Тухайн үед хилийн ачаа тээврийн улмаас Монгол Улсад шугам хоолойн олдоц муу байсан бөгөөд энэ үед Орхон аймагт хямд үнээр шугам хоолой зарах газрыг олсон. Ингээд 52 ширхэг шугам хоолойг 19,840,000 төгрөг, тээврийн үнэ 2,600,000 төгрөг, нийт 22,440,000 төгрөгөөр худалдан авахаар болж, төлбөрийг 3 хуваасан бөгөөд нэг хүнд 7,480,000 төгрөг болсоноос Ш.*******, н.******* нар нийлээд 14,600,000 төгрөгийг Ж.*******гийн данс руу шилжүүлсэн. Үлдэх төлбөрийг Ж.******* өөрөө гаргаж шугам хоолойг авсан.

4.3. Улмаар Ус сувгийн Удирдах газар болон бусад зөвшөөрлөөс шалтгаалан удааширснаас өвлийн улирал болж хийгдээгүй. Ингэснээр шугам хоолой татах цэг өөрчлөгдөн илүү ойроос хямдаар шугам хоолойг татсан.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ., мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.2. Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж тус тус заасан.

Ш.*******, н.******* Ж.******* нар нь өөрсдийн эзэмшил обьект руу дундаа бохирын шугам хоолой тавих зорилгын хүрээнд амаар хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэхүү хүсэл зориг нь талууд Ж.*******гийн данс руу өөрсдөд ногдох төлбөрийг шилжүүлснээр илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн энэхүү гэрээний хүрээнд шугам хоолойг биетээр нь худалдан авсан бөгөөд одоо ч энэ нь хадгалагдаж байна.

Харин нэхэмжлэгчийн зүгээс бохирын хоолойг илүү хямд үнээр татах нөхцөл бүрдмэгц худалдан авсан шугам хоолойн үнийг нэхэмжилж байгаа нь хамтран ажиллах гэрээний үндсэн зарчим болох ашиг алдагдлыг тэнцүү хуваарилах, хэн аль нь давуу эрх эдлэхгүй байх зарчмыг алдагдуулж, анхан шатны шүүх дээрх хамтран ажиллах нөхцөл байдлыг буруу тайлбарлаж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг үндэслэн хариуцагч Ж.*******г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.4. Мөн зохигчийн хэн хэн нь Ш.*******, н.*******, Ж.******* нар хамтран ажиллах гэрээний /амаар байгуулсан/ үндсэн дээр нэгдэж Ш.*******, н. ******* нар хариуцагч Ж.*******гийн дансанд 14,600,000 төгрөгийг хийснийг илэрхийлсээр байтал н.*******ийн төлбөрийг Ш.*******т олгож шийдвэрлэсэн нь миний болон н.*******ийн эрхийг ноцтой зөрчсөн.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2024/0072 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бохирын хоолойг илүү хямд үнээр татах нөхцөл бүрдмэгц нэгэнт худалдаж авсан шугам хоолойн үнийг нэхэмжилсэн гэжээ. Тухайн үед Ж.******* надад Ус сувгийн Удирдах газрын дарга Ц.тэй бохирын шугам хийлгэх гэрээ хийсэн гэж канондсан гэрээ үзүүлэн 60-70 жил болсон усны хуучин бохирын шугам худалдаж авсан ба 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгээр бохирын шугам хаах зөвшөөрлийг өгсөн боловч энэ ажлыг хийгээгүй.

5.2. Ингээд би өөрөө 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны шилжих шөнийн хооронд уг бохирын шугамыг өөрсдөө хийж гүйцэтгэсэн. 150-ийн шинэ шугамыг дэлгүүрээс худалдаж авсан. Дэлгүүрээс худалдаж авсан шугам 6 метрийн урттай, 240,000 төгрөгийн үнэтэй, 13 ширхэг хоолойг 3,120,000 төгрөгөөр худалдаж авсан. н.******* нь миний худ буюу хамаарал бүхий хүн тул уг мөнгийг шилжүүлсэн.

Хариуцагч тал татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан 14,600,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ...52 ширхэг бохирын хоолой 19,840,000 төгрөг, тээврийн хөлс 2,600,000 төгрөг нийт 22,440,000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ зардлыг Ш.*******, н.*******, Ж.******* нар хувааж төлөхөөр тохиролцсон, Ш.******* бохирын хоолойноос өөрт ногдох хэсгийг авч болно. Хамтран ажилласан тул алдагдлыг хамтран хариуцах ёстой гэх агуулгаар маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Ш.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Ж.*******гийн ******* тоот дансанд 14,600,000 төгрөгийг шилжүүлсэн.

3.2. Хариуцагч Ж.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тоот дансанд ХХК бохирын шугамны хоолойн үнэ гэх утгаар 19,840,000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тоот дансанд teever гэх утгаар 2,600,000 төгрөгийг шилжүүлсэн.

3.3. Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албаны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1396 тоот албан бичгээр Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, С.Шаравын гудамжинд ариутгах татуургын шугамын угсралтын ажлыг 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цагаас 9 дүгээр сарын 18-ны 6 цагийн хооронд хөдөлгөөнийг хэсэгчилэн хааж хийх зөвшөөрлийг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1506 тоот албан бичгээр дээрх барилга угсралтын ажлыг 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагаас 10 дугаар сарын 09-ний өдрийн 06 цагийн хооронд авто зам хааж хийх зөвшөөрлийг тус тус иргэн Ш.*******д олгосон байна.

3.4. Нэхэмжлэгч нь дээрх бохир усны шугамын барилга угсралтын ажлыг 2022 оны 10 дугаар сард хариуцагч Ж.*******гийн оролцоогүйгээр хийж гүйцэтгүүлсэн асуудлаар хариуцагч үгүйсгэж маргаагүй ба тэдний маргааны зүйл нь хариуцагч нэхэмжлэгчийн мөнгийг үндэслэлгүй олж авсан эсэх асуудал болжээ.

4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.1. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэвэл Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр С.Шаравын гудамжид байршилтай 5 давхар үйлчилгээний зориулалттай барилгын гадна бохир усны шугам татах ажлыг талууд бусдаар гүйцэтгүүлж, гарах зардлыг хувааж төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулаагүй байна.

Хамтран ажиллах гэрээ нь ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд талууд хамтран ажиллах тохиролцоо хийж, харилцан үүрэг хүлээх зарчмаар байгуулагдана. Талуудын хооронд дээрх нөхцөл бүхий харилцан үүрэг хүлээсэн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардах эрхийг хэрэгжүүлэх буюу хөрөнгөө буцаан шаардах тохиолдлыг хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим үүрэг нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тодорхойлсон.

Үүрэг үүсээгүй гэдгийг хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг ойлгоно.

Харин хөрөнгө олж авсан этгээд нь тухайн хөрөнгийг шилжүүлсэн этгээд буюу үүрэг гүйцэтгэгчийн эсрэг шаардах эрх бүхий байвал талуудын харилцаа бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардах эрхэд хамаарахгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эсрэг шаардлага гаргах эрх бүхий байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөс үүсэх үүргийн шаардах эрхэд хамаарна.

Хариуцагч нь 22,440,000 төгрөгөөр худалдаж авсан гэх бохир усны хоолойг зориулалтын дагуу ашиглаагүй, UB oйл ХХК-ийн хашаанд байгаа болох нь түүний өөрийнх нь тайлбараар тогтоогдсон, уг шугам хоолойг ашиглаагүй шалтгаанаа Ус сувгийн удирдах газраас ажлыг хийлгээгүйтэй холбоотой гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл дээрх шугам хоолойг ашиглах боломжгүй болсон явдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн, хариуцагчийн худалдан авсан шугам хоолой хуучин байсан учраас ашиглаагүй талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж, баримтаар няцаагаагүй байна.

5. Хэргийн баримтаар хариуцагчид шилжүүлсэн 14,600,000 төгрөгийг буцаан шаардаж болохгүй хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 14,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ.

6. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 14,600,000 төгрөгийн зориулалтыг бохирын хоолойн төлбөр Ш.*******, ******* гэж шилжүүлсэн нь уг мөнгөн хөрөнгийг бүхэлд нь шаардах нэхэмжлэгчийн эрхийг үгүйсгэхгүй тул *******ийн мөнгийг Ш.*******т олгож шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг зөрчсөн гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/00724 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.ГАНДИЙМАА