Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 404

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Бүргэдэй Партизаны 7 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, Дайртан овогт Чүлтэмийн Батсүх /МЮ МА 56123018/-ийн нэхэмжлэлтэй,

 

           “Төрсөн он сар өдөр зөвтгүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг оролцов.

 

                                              Тодорхойлох нь: 

 

             Нэхэмжлэгч Ч.Батсүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

 Миний бие 1956 оны 4 дүгээр сарын 04-нд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. Гэтэл 1980 оны Иргэний паспорт солигдсноор төрсний гэрчилгээгүй байсан учраас “төрсөн оныг 1956 оны 12 дугаар сарын 30” гэж олгосноос болж одоо тэтгэвэрээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна.

Иймд шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн намайг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1956 оны 4 дүгээр сарын 04-нд төрсөн болохыг тогтоож өгнө үү! гэжээ.

 

                Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

                                            Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ч.Батсүх нь 1956 оны 04 дүгээр сарын 04-ний төрснөөр төрсөн он, сар, өдрөө зөвтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хянаж үзэхэд: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 202/001222 тоот “Ч.Батсүхийн төрөлт бүртгэгдээгүй” гэсэн лавлагаа, 1956 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нээсэн 16192 дугаартай “Олон хүүхэдтэй эхийн дэвтэр” –ийн хуулбар, 436 дугаартай “Олон хүүхэдтэй эхийн дэвтэр” –ийн хуулбар, гэрч Ч.Пүрэвсүрэн, П.Намжилмаа, Д.Даваасүрэн нарын тодорхойлолт, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ч.Батсүхийг 1956 оны 04 дүгээр сарын 04-нд төрсөн гэж үзэх боломжтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Ч.Батсүхийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Дайртан овогт Чүлтэмийн Батсүхийг 1956 оны 04 дүгээр сарын 04-ний  өдөр төрсөн  болохыг тогтоосугай.

2. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн  хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.МӨНХЗУЛ