Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 416

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баянгол сум, 3 дугаар багийн 1 дүгээр хэсэг, 2-5 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Цагаагчууд овогт, Лхагвын  Батцэцэг, /Регистрийн дугаар: ОД-90022302/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, Суварга 22-ийн 11 тоотод оршин суух, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг “Компорт импекс” ХХК-д гагнуурчин ажилтай, Хар сүрэг овогт, Энхбаярын Алтангадас /Регистрийн дугаар: МА-88092831/-д холбогдох, “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Батцэцэг, хариуцагч Э.Алтангадас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

                                                Тодорхойлох нь: 

 

      Нэхэмжлэгч Л.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      ... Би 2008 онд Э.Алтангадастай танилцаж 2010 онд гэрлэлтээ батлуулсан. 2010 оны 10 сарын 03-нд хүү А.Амартүвшин төрсөн.

          Бид хоёр хамт амьдраад 3 жил болсон. Энэ хугацаанд өөрийн гэсэн орон гэргүй айл, айлаар амьдардаг, өөрийн гэсэн гэр орон байгаагүй.

          Хамт амьдрах хугацаанд Э.Алтангадас надад гар хүрдэг байсан. Би тэр үед хэд хэдэн удаа уучлаад өнгөрөөдөг байсан. Би аав ээждээ ч зодуулж үзээгүй байж энэ хүнд дахин дахин зодуулаад байж чадаагүй.

          Хамгийн сүүлд 2012 оны 11 сарын 28- нд зодуулснаас хойш ахиж энэ хүнтэй уулзаагүй. Тэрнээс хойш миний аав ээж хоёр дээр очоод зөндөө их дарамталсан гэсэн. Би айгаад утсаа барихаа болиод саяхнаас л дугаартай болсон.

           Энэ хүнээс болж би аав ээжтэйгээ цагаан утсаар ярьдаг байсан. Аав ээжтэйгээ ярьж байхад Э.Алтангадас манайд ирсэн үедээ надтай ярьж “... чи хаана байна, хаа байгаа газраас чинь олоод ална шүү”... гэх мэтээр сүрдүүлдэг байсан. 2013 оны 06 сараас хойш өөр хүнтэй амьдарч байгаа. Бид хамт амьдраад 2014 онд хоёр ихэр хүүхэдтэй болсон.

 Иймд Э.Алтангадастай цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Амартүвшинг миний асрамжинд үлдээж өгнө үү.

Бидний дунд хүүхдийн тэтгэлгийн болон эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч Э.Алтангадас шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

     ... Надад холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Амартүвшинг ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй.

Бид хамт амьдрах хугацаандаа ямар нэг үл ойлголцол байгаагүй, би л өөрөө хардаж буруу ойлголт төрүүлсэн. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүдээ хуулийн дагуу тэтгэлэг төлмөөр байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

                                               

            Шүүхэд цугларсан бичгийн чанартай баримтуудыг шинжлэн судлаад Үндэслэх нь:

            Нэхэмжлэгч Л.Батцэцэг нь хариуцагч Э.Алтангадасаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

          Нэхэмжлэгч Л.Батцэцэг, хариуцагч Э.Алтангадас нар нь 2008 онд танилцан улмаар 2010 оны 10 дугаар сарын 03-нд хүү Амартүвшинг төрүүлж, 2010 оны 10 дугаар сарын 11-нд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн байна.

Зохигчид зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2012 оны 12 дугаар сараас эхлэн тус тусдаа амьдарч, одоо нэхэмжлэгч өөр хүнтэй хамтран амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болсон нь зохигчдыг цаашид хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсныг харуулж байгаа тул зохигчдын гэрлэлтийг цуцалж, бага насны хүү А.Амартүвшинг насанд хүртэл эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч Э.Алтангадасаас хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн хэдий ч хариуцагч хүүхдийн тэтгэлгийг сайн дураар төлнө гэж байгаа тул хүүхдийн эрх ашиг, сонирхлын үүднээс 2010 оны 10 дугаар сарын 03-нд төрсөн хүү Амартүвшинг эцэг Э.Алтангадасаар тэжээн тэтгүүлэх тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

           Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээс татгалзсныг тус тус  дурьдах нь зүйтэй.

Зохигчид нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар орж эвлэрүүлэх ажиллагаа хийгдсэн боловч зохигчид эвлэрээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

          Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Э.Алтангадасаас хүү А.Амартүвшинд төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (82.150х12=985.800 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 28.209 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Цагаагчууд овогт, Лхагваагийн Батцэцэг, хариуцагч Хар сүрэг овогт, Энхбаярын Алтангадас нарын 020 тоот гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар  2010 оны 10 дугаар сарын 03-нд төрсөн хүү А.Амартүвшинг насанд хүртэл нь эх Л.Батцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.   

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх зааснаар 2010 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү А.Амартүвшинг 11 хүртлэх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Э.Алтангадасаар тэжээн тэтгүүлэх тэтгүүлсүгэй.

4. Зохигчдын дунд эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг, шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Иргэний гэр бүл байдлын бүртгэлийн  байгууллагад хүргүүлэхийг шүүх шүүгчийн туслах Г.Мөнхжаргалд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70.200 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Алтангадасаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Алтангадасаас тэмдэгтийн хураамжид  28.209 төгрөг гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогод оруулсугай

8. Иргэний  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119  дугаар зүйлийн  119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай

9. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид өөрсдөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь  хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчдын оршин суугаа газар болон ажилладаг байгуулагын аль нэг хаягаар баталгаат шуудан, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

11. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ