Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00968

 

 

 

 

2024 05 08 210/МА2024/00968

 

 

 

******* ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/01359 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.*******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 41,115,178 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. С.******* нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ЗГ202206-112 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Мөн өдрөө ФГ-202206-112 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, ******* УБ улсын дугаартай LIU GONG ZL-50C маркийн, ******* арлын дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдэж, Монгол Улсад орж ирсэн, шар өнгийн авто ачигч механизмыг ******* ББСБ ХХК-ийн нэр дээр гэрчилгээг шилжүүлсэн.

1.2. Хариуцагч нь зээлийн гэрээний 3.3, 3.4, 4.1, 5.2, 7.1.1, 7.1.11, 7.1.13-т заасныг тус тус зөрчиж, зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг, үндсэн хүү 10,181,589.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 933,589.31 төгрөг, нийт 41,115,178.36 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул С.*******аас гаргуулахаар шаардаж байна. Зээлийн төлбөрийг төлөх боломжгүй тохиолдолд ******* УБ улсын дугаартай авто ачигч механизмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

1.3. Хариуцагч тал фидуцийн зүйлийг хураасан, хураалгасан гэж тайлбарлаж байгаа ч манайд албан ёсоор хурааж авах, эсвэл очих тухай хүсэлт байхгүй, акт үйлдэгдээгүй учир бид тухайн үлдээсэн гэх газарт нь очих шаардлага байхгүй. Н.******* гэрчийн мэдүүлэг өгөхдөө амралтын өдөр очиж авсан гэдэг. Ямар нэгэн протокол, акт үйлдсэн зүйл байхгүй. Нэг хувь нь хураалгаж байгаа талд өгөөд нөгөө хувь нь манай дээр ирсний дараа бичиг баримтыг нь шалгаад тэр машиныг хүлээн авч өөрсдийн хашаанд байршуулах ёстой. Хурааж авсан талаар бидэнд мэдэгдээгүй учир фидуцийн зүйлийг хурааж аваагүй, албан ёсоор хурааж авсан гэдгийг нотлох зүйл байхгүй байна.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ББСБ ХХК болон С.******* нар нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа ******* УБ улсын дугаартай авто ачигч механизмыг барьцаалан ФГ-202206-112 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээг байгуулсан.

2.2. 2023 оны 4 дүгээр сард ******* ББСБ ХХК-ийн эдийн засагч Н.******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж ******* УБ улсын дугаартай авто ачигч механизмыг биет байдлаар хурааж авсан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохоор хуульчилсан. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.3. Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө 2023 оны 3 дугаар сард нэхэмжлэгчийн эрх бүхий албан тушаалтан шаардлага гаргасны үндсэн дээр тээврийн хэрэгслийг хураах ажиллагаа явагдсан. Энэ үеэс зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Фидуцийн зүйлийг тухайн үед салбарын захирал, дараа нь тусгай активын ажилтнаар ажиллаж байсан Н.******* нь хурааж авсан ба энэ нь түүний шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Тээврийн хэрэгслийг хураагаад авчихсан байгаа учир 100 хувь эзэмшилдээ авсан гэж үзэхээр байна.

Машиныг авах сонирхолгүй, мөнгөө л авмаар байна гэж байгаа нь хууль бус байна. Акт үйлдэх эсэхийг С.******* мэдэхгүй. Нэхэмжлэгч байгууллагын дотоод асуудал гэж бодож байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*******аас 41,115,178.36 /дөчин нэгэн сая нэг зуун арван таван мянга нэг зуун далан найман төгрөг гучин зургаан мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч С.*******д холбогдох, ******* УБ улсын дугаартай, ачигч механизмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,726 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 363,526 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******аас 41,115,178 төгрөг гаргуулж "******* ББСБ" ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь "******* ББСБ" ХХК болон С.******* нар нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ЗГ202206-112 дугаар бүхий зээлийн гэрээ, 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ФГ-202206-112 дугаартай өмчлөл шилжүүлэх /Фидуци/ гэрээ байгуулж 30,000,000 төгрөг зээлж, гэрээгээр хүлээсэн үүрэг болох 30,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг ******* УБ улсын дугаартай шар өнгийн авто ачигч механизмаар хангуулах фидуцийн гэрээг тус тус байгуулсан байдаг.

4.2. С.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ******* ББСБ ХХК авто машин хураахыг С.*******д утсаар мэдэгдэж 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хураан авсан. С.******* нь хүнд даацын авто машин жолоодох эрхгүй тул "С ангиллын" хүнд даацын авто машин жолоодох эрхтэй өөрийн нөхөр Б.*******ар жолоо бариулж ******* ББСБ ХХК-ийн эд хөрөнгө хураах эрх бүхий ажилтан бөгөөд активын тусгай мэргэжилтэн Н.*******т хүлээлгэн өгсөн.

Хэрэгт авагдсан баримт, гэрч нарын мэдүүлэг, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар ******* ББСБ ХХК нь Н.******* нь компанийг төлөөлж хураах бүхий эрх бүхий ажилтан гэдгийг хүлээн зөвшөөрсөн, мөн Н.*******ын ажилд томилсон тушаал шийдвэрийг шүүхийн журмаар нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК-иас гаргуулах хүсэлтийг шүүхээс хангаж шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талаас хуулбарласан хэлбэрээр шүүхэд өгсөн бөгөөд хариуцагчийн зүгээс шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулж Н.*******ыг ажилд томилсон, цуцалсан тушаал, хөдөлмөрийн гэрээг эх хувиар нь шүүхэд өгөхийг шаардахад нэхэмжлэгч талаас Н.******* манай салбарын Захирал байсан бөгөөд авто ачигч механизмыг хураан авах үед активийн тусгай ажилтан бөгөөд эд хөрөнгө хураах эрхтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрч маргахгүй гэсэн.

Хариуцагч С.*******ын нөхөр иргэн Б.******* нь ******* ББСБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Н.*******ын авч ир гэсэн газарт хүлээлгэж өгсөн, ******* ББСБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Н.******* нь машиныг биет байдлаар хүлээн авч авто машины түлхүүрийг хураан авсан.

Мөн Н.******* нь шүүхэд гэрчээр оролцож автомашиныг хураан авсан тэмдэглэл үйлдэж өөрийн компьютерт хураан авсан тайлбар тэмдэглэгээ үйлдэж ******* ББСБ ХХК-ийн хураан авсан зүйлээ тайлагнах эрх бүхий албан тушаалтан н.Нина гэх албан тушаалтанд хүлээлгэн өгсөн бөгөөд хууль журмын дагуу авсан гэж мэдүүлсэнтэй нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь маргаагүй. Гэрч Н.******* нь мэдүүлэхдээ ******* ББСБ ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад эд хөрөнгө хураах активын мэргэжилтэн байсан үедээ хураасан гэж мэдүүлсэн бөгөөд шүүхийн журмаар нэхэмжлэгч талаас гаргуулсан Н.*******ын хөдөлмөрийн гэрээ ажилд томилсон чөлөөлсөн тушаалууд зэрэг хэрэгт авагдсан баримтаар гэрчийн мэдүүлэг давхар нотлогдсон бөгөөд нэхэмжлэгч маргахгүй гэсэн болно.

4.3. Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед С.*******ыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дуудаж ******* УБ улсын дугаартай шар өнгийн авто ачигч механизмыг хэнд хүлээлгэж өгсөн талаар гэрчээр мэдүүлэг тайлбар авсан тул хариуцагчийн зүгээс хүсэлт гаргаж Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс баримтыг шүүхийн журмаар гаргуулахад ******* ББСБ ХХК түүний төлөөлөх эрх бүхий этгээд нь өөрийн ажилтан байсан Н.*******ыг байгууллагын эд зүйлсийг завшсан, үндэслэлгүй зээл олгосон талаар Сүхбаатар дүүргийн цагдаад гомдол гаргаж улмаар эрүүгийн хэрэг үүсч шалгагдаж байгаа болох нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэрэг үүсгэсэн Прокурорын тогтоолоор тогтоогдсон.

Тус эрүүгийн хэрэгт ******* УБ улсын дугаартай шар өнгийн авто ачигч механизмын асуудал байгаа болох нь тогтоогдсон, мөн тус эрүүгийн хэргээс С.*******ын ******* УБ улсын дугаартай шар өнгийн авто ачигч механизмыг хэнд хүлээлгэж өгсөн талаар мэдүүлгийг шүүхийн журмаар гаргуулан авсан болно. Гэтэл шүүхээс ******* УБ улсын дугаартай шар өнгийн авто ачигч механизмыг ******* ББСБ ХХК-иас хураан авсан болох нь Б.*******, Н.******* нарын гэрчүүдийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг нь Н.*******ын хөдөлмөрийн гэрээ ажилд томилсон чөлөөлсөн тушаалууд зэрэг хэрэгт авагдсан баримтаар давхар нотлогдож байхад, эрүүгийн хэрэгт эрх, үүрэг тайлбарлаж авсан С.*******ын гэрчийн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэсэн Прокурорын тогтоол, Н.******* нь ******* ББСБ ХХК-ийн ажилтан бөгөөд хурааж авах эрхтэй, хураан авсан тэмдэглэлийг Н.******* өөрийн компьютерд тэмдэглэлээ үйлдэж н.Нина гэх "******* ББСБ" ХХК-ийн эрх албан тушаалтанд тайлагнасан гэдэгтэй нэхэмжлэгч маргахгүй байхад шүүхээс хураан авсан тогтоогдохгүй, гэрээнд заасан хүлээлцсэн акт үйлдээгүй гэж үзэж С.*******аас 41,115,178 төгрөг гаргуулж ******* ББСБ ХХК-д олгуулах, мөн тухайн хэрэг маргаан эрүүгийн журмаар хянан шалгагдаж байхад, мөн фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж нэг талыг барьсан хуульзүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн зүгээс барьцааны зүйл болох авто ковшийг ******* ББСБ ХХК-д ажиллаж байсан Н.******* гэдэг ажилтанд хураалгасан гэж тайлбарладаг. Манай байгууллага барьцаа хөрөнгийг хурааж авахдаа акт үйлддэг, 2 хувь баримт үйлддэг, 1 хувийг нь хураалгаж байгаа талд өгч, 1 хувийг зээлийн хувийн хэрэгт хийдэг. Барьцаа хөрөнгийг хурааж авсан бол өөрийн эзэмшлийн хашаанд авчирч байршуулдаг, бичиг баримт бусад зүйлсийг хүлээлгэж өгдөг дотоод журамтай.

5.2. Гэтэл Н.******* нь ажлын өдрөөр биш, амралтын өдөр очиж авсан байдаг, акт баримт үйлдээгүй. Ажлаас гарахдаа хурааж авсан баримт, автомашиныг хүлээлгэж өгсөн баримт, машины түлхүүр, машины гэрчилгээ зэрэг юу ч хүлээлгэж өгөөгүй.

******* ББСБ ХХК-ийн зүгээс албан бичгээр тухайн автомашиныг хурааж аваагүй, манай эзэмшилд ирсэн зүйл байхгүй гэдгийг хэлсэн. Н.*******ын автомашиныг хурааж авсан 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нь бүтэн сайн өдөр бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр үндэслэлгүй зээл гаргасан. Энэ хэрэг нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст н.Батбаяр гэдэг байцаагч дээр шалгагдаж байгаа. Н.*******ын 10 гаруй хүний нэр дээр зээл гаргасны дотор С.*******ын зээл орсон байдаг. С.******* нь зээл авснаас хойш нэг ч удаагийн төлөлт хийгээгүй. Фидуцын зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өгсөн гэж байгаа боловч албан ёсны баримтаар хүлээлгэж өгсөн нь нотлогдохгүй байгаа учраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41,115,178 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Талууд 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ЗГ202206-112 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ББСБ ХХК нь 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.10 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар зээлдүүлэх, С.******* нь зээл, хүүгийн төлбөр төлөх, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн 10-13 дугаар тал/

3.2. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* арлын дугаартай, ******* УБ улсын дугаартай, Liu gong ZL-50C маркийн авто ачигчийг ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. /хх-ийн 14-16, 20 дугаар тал/

3.3. Талууд дээрх гэрээнүүдийг байгуулсан болон хүчин төгөлдөр байдлын талаар, хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгө 30,000,000 төгрөгийг хүлээн авсан, уг гэрээний үүргээ зөрчсөн үйл баримтад маргаагүй, харин фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн бодит эзэмшилд шилжүүлж зээлийн болон фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх агуулгаар маргажээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

4.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Энэхүү гэрээгээр хариуцагч сар бүр тогтсон хугацаанд зээл, түүний хүүг хэсэгчлэн төлөхөөр тохирч, ийнхүү тохирсон хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй гэрээний хугацаа дууссан байна.

4.2. Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй тул уг зөрчлийн улмаас үүсэх нэмэлт үүрэг буюу хэтэрсэн хугацааны хүү болон гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.

Иймд нэхэмжлэл гаргах хүртэл 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 30,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 333 хоногийн хүү 10,181,589 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 933,589 төгрөг нийт 41,115,178 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй.

5. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ******* УБ улсын дугаартай, Liu gong ZL-50C маркийн авто ачигчийг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэх талаарх хэлцлийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт зааснаар бичгээр хийсэн байх тул талуудын хооронд мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

5.1. Иймд хариуцагч зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу фидуцийн гэрээний зүйл болох авто ачигчийг бодитойгоор гаргуулан авахаар шаардах эрхтэй ба ийнхүү гаргуулан авснаар уг гэрээ дуусгавар болно.

Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч байгууллагын тусгай активын мэргэжилтэн Н.*******т 2023 оны 3 дугаар сард авто ачигчийг хүлээлгэн өгч, зээлийн болон фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж хариуцагч тайлбарласан.

Талуудын байгуулсан фидуцийн гэрээний 5.2-т Хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллага биет байдлаар шилжүүлэн авахад акт үйлдэж хүлээлцэх бөгөөд ийнхүү акт үйлдэх боломжгүй нөхцөл байдалд бусад нотолгооны аргаар баталгаажуулна гэж тохирсон нь үүрэг гүйцэтгэх арга, хэлбэрийг тодорхойлсон гэж тооцогдоно. Ийнхүү тохирсон арга, хэлбэрээр үүргийг гүйцэтгэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт нийцнэ.

Хариуцагч нь тухайн үед нэхэмжлэгч байгууллагын тусгай активын мэргэжилтэн байсан Н.*******т фидуцийн зүйлийг хүлээлгэн өгсөн гэх боловч энэ талаар акт үйлдээгүй, ийнхүү хүлээлгэн өгсөн болохоо өөр бусад аргаар баримтжуулаагүй байна. Гэрээгээр тохирсон журмын дагуу хариуцагч үүргийг гүйцэтгээгүй тул фидуцийн зүйлийг Н.*******т хүлээлгэн өгснийг нэхэмжлэгчийн бодит эзэмшилд шилжүүлсэнд тооцохгүй.

Иймд фидуцийн гэрээний дагуу авто ачигчийг нэхэмжлэгч бодитоор шилжүүлэн авснаар уг гэрээний үүрэг дуусгавар болсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

6. Талуудын байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ хэрэгжээгүй тул үндсэн гэрээний үүрэг болох зээлийн төлбөр 41,115,178 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах үүрэг гүйцэтгэгчийн эрх дуусгавар болж, уг эрх үүрэг гүйцэтгүүлэгчид шилжснээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг бодитойгоор олж авна. Өөрөөр хэлбэл фидуцийн гэрээ дуусгавар болох бөгөөд зээлийн гэрээ дуусгавар болдоггүйг дурдах нь зүйтэй.

7. Гэрч Н.*******ыг ******* ББСБ ХХК-ийн салбарын захирлаар ажиллаж байхдаа бусдын нэрийг ашиглан их хэмжээний зээл гаргаж, хохирол учруулсан байж болзошгүй гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 230902311 дугаартай тогтоол хэрэгт авагджээ. Энэ нь тухайн хэргийг шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/01359 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,526 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.ГАНДИЙМАА