Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 217

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

            Улсын яллагч С.Оюунжаргал,

            Шүүгдэгч Э.Б,

Хохирогч Г.Цэндмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1803009960045 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

, 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Хоёулаа хүү ХХК-д ээлжийн ахлагч галч ажилтай, ам бүл 8, хадам аав, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоогийн 18-51 тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 185 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаатай баривчлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 21 цаг 15 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэсэр сүмийн урд уулзварт "Цэнбаавар" ХХК-ний эзэмшлийн Хонда Фит маркийн 17-36 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.3-д заасан "Зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа газарт гэрэл дохио болон дарааллын тэмдгийн заалтыг, .... мөрдөхгүй", мөн дүрмийн 8.14-д заасан "Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дараах утгатай байна: в/баруун гараа урагш сунгасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас /баруун гар буюу ар талаас/ яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас А.Баатархүү жолоочтой Тоёота Приус маркийн 91-05 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Г.Цэндмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед би улаан гэрэл асахаар нь зогсоход хамгийн нүүрэн талын эгнээнд зогссон. Тэгээд ногоон гэрэл асахаар нь хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явсан. Тэр үед замын цагдаа уулзварын голд зогсож байгаагүй...” гэв.

            Хохирогч Г.Цэндмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний гар хугарсан байсан. Одоо миний гар зүгээр болсон. Гомдол, санал байхгүй...” гэв.

            Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

     Хохирогч Г.Цэндмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  "...Чингэлтэй дүүргийн нутаг Гэсэр уулзварын замд ертөнцийн зүгээр зүүн хойноос баруун урагшаагаа чиглэлтэй уулзварын зөвшөөрөгдсөн ногоон өнгийн гэрлээр ортол зүүн гар тийшээгээ эргэж байсан цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн улсын дугаар болон серийг нь анзаараагүй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн, тэгтэл эхлээд нэг цагдаа ирсэн ба дараа нь бас нэг цагдаа ирсэн. Ослын улмаас миний биед тархи доргилт, баруун гар хугарсан, дух хавдсан, мөн бөөр нуруу өвдөөд байгаа юм. Уг нь бол осол болохын өмнө уулзварын улаан гэрэл ассан байх үед бид нар эхний эгнээнд зогсож байгаад зөвшөөрөгдсөн ногоон гэрэл асахаар нь хөдөлж яваад л ийм зүйл болсон" гэх мэдүүлэг /хх-38-39/.

Иргэний нэхэмжлэгч Ж.Энхтуяа мэдүүлэхдээ: “...Миний хувьд ослын талаар мэдэх зүйл байхгүй, миний машины зүүн гар талын хэсэг нь эвдэрсэн байсан. Гэхдээ яг ямар ямар эд анги эвдэрсэн болохыг мэдэхгүй байна. гомдолтой, буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэжээ /хх-27-28/.

Гэрч А.Баатархүү мэдүүлэхдээ: “...Шинэ гүүрний урд талаас Зурагтын эцэс орох зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг Гэсэр сүмийн уулзвар замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй, зорчих хэсгийн хамгийн зүүн гар талын эгнээнд ойролцоогоор 30-40 орчим км/цагийн хурдтай явж байх үед замын голд нэг цагдаа зогсчихсон, биет зохицуулалт хийж байсан. Тэгтэл миний явж буй эгнээг татахаар нь яваад ортол өөдөөс ирсэн Хонда Фит маркийн улсын дугаар болон серийг нь анзаараагүй машинтай мөргөлдсөн. Машин дотор хамт явсан 4 хүнийг танихгүй, уг өдөр хотын төвөөр халтуур хийж яваад л тэр 4 хүнийг Шинэ гүүрний урд талаас суулгаад л хүргэж өгөх гээд л явж байсан юм. Осол болох үед замын хөдөлгөөн нь нэлээн ачаалалтай байсан, миний биед ослын улмаас одоогоор ил харагдах гэмтэл шарх учраагүй...” гэжээ /хх-46-47/.

Гэрч Д.Сүхбаатар мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг Гэсэр сүмийн уулзварт үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 21 цаг өнгөрч байх үед Бөмбөгөр худалдааны төв талаас нэлээн ачаалал авчихсан байсан тул миний бие биет зохицуулалт хийж хойд болон баруун зүүн талаа хаагаад, зөвхөн урдаас ирж байгаа хөдөлгөөнөө бүх чигт нь таталт хийгээд зогсож байтал хойноос буюу Баянбүрд талаас цэнхэр өнгийн Хонда Фит маркийн тээврийн хэрэгсэл нь миний зохицуулалтын дохиог зөрчин урдаас зүүн гар тийшээгээ эргэх гэж байсан цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тэгээд би ослын газарт дөнгөж очоод байж байтал алаг машинтай зохицуулагч, цагдаагийн ахмад Сэргэлэн нь ганцаараа ирж тухайн хоёр машины жолоочоос бичиг баримтуудыг нь хурааж авсан тэрнээс бол би Сэргэлэн ахмадтай хамт уулзварын голд зохицуулалт хийсэн зүйл байхгүй. Харин би ганцаараа уулзварын голд биет зохицуулалт хийж байсан...” гэжээ /хх-53/.

"Ашид билгүүн" ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан: Тоёота Приус маркийн 91-05 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.038.000 төгрөгийн шууд, 2.498.000 төгрөгийн нийт хохирол” учирсан байна гэжээ /хх-135-140/.

 Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24-25/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14259 дугаар дүгнэлтэд:

“1. Т.Цэндмаагийн биед баруун шуу, богтос ясны доод 1/3-н далд хугарал, хоёр зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй." гэжээ /хх-62/.

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтэд:

“1. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 7 дугаартай: "1.Тоёота Приус маркийн 91-05 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Алтангэрэл овогтой Баатархүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Хонда Фит маркийн 17-36 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Энхболд овогтой Болдбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.3 Зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа газарт гэрэл дохио болон дарааллын тэмдгийн заалтыг, гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй, 8.14 Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дараах утгатай байна: в/баруун гараа урагш сунгасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас /баруун гар буюу ар талаас/ яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрнө" гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна" гэжээ /хх-155-156/.

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, фото зураг /хх-10-15/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-16/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-166/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-201/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.  

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Э.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 21 цаг 15 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэсэр сүмийн урд уулзварт "Цэнбаавар" ХХК-ний эзэмшлийн Хонда Фит маркийн 17-36 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.3-д заасан "Зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа газарт гэрэл дохио болон дарааллын тэмдгийн заалтыг, .... мөрдөхгүй", мөн дүрмийн 8.14-д заасан "Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дараах утгатай байна: в/баруун гараа урагш сунгасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас /баруун гар буюу ар талаас/ яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас А.Баатархүү жолоочтой Тоёота Приус маркийн 91-05 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Г.Цэндмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд торгох ял шийтгэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан  шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож,  мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Уг торгох ялын нэг нэгжийг нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцов.

Хохирогч Г.Цэндмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. Харин иргэний нэхэмжлэгч Ж.Энхтуяа нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт нийт 2.498.000 сая төгрөг баримттайгаар нэхэмжилснийг шүүгдэгч Э.Баас гаргуулан олгох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн жолоочийн №926785 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Б.Болдбаярт олгох, “Цэнбаавар” ХХК-ний эзэмшлийн 17 36 УБН улсын дугаартай Honda Fit маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-ийг хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Болдбаярт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн жолоочийн №926785 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Б.Болдбаярт, “Цэнбаавар” ХХК-ний эзэмшлийн 17 36 УБН улсын дугаартай Honda Fit маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь тус тус буцаан олгосугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Баас нийт 2.498.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ж.Энхтуяа /РД: ЖЯ58061501/-д олгож, хохирогч Г.Цэндмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН