Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00117

 

                                                        Магадлал

2016 оны 06 дугаар

сарын 28-ны өдөр                                                                          Баян-Өндөр сум

 

Б.Эрдэнэцэцэг, Д.Дашням нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч М.Банзрагчид холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 563 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Б.Эрдэнэцэцэг, Д.Дашням нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч :М.Банзрагчид холбогдох,

 

“Гэм хорын хохирол 11.766.618 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дашням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга ....................нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дашням нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн нөхөр, Д.Дашнямын дүү Дондовын Үүрцайх нь 2015 оны 04 дүгээр сарын 11-12 нд шилжих шөнө Наран багийн нутагт М.Банзрагчийн жолоодож явсан 12-12 УНЭ дугаарын машинд мөргүүлж 100 хувь хөдөлмөрийн чадвараа алдан одоо хүртэл ухамсарт ухаангүй, өөрийгөө удирдан жолоодож хөдөлгөөн хийхгүй байнгын асаргаанд байна.Жолооч М.Банзрагч нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчиж бусдад хүнд гэмтэл учруулсан, хэргийн газрыг орхин зугтаасан хэрэгтээ Эрүүгийн хуулийн 215,2, 216,2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж байсан. Шүүхээс хэрэг буцаж дахин шалгагдах явцад УИХ-аас 2015 оны 8 дугаар сарын 11-ний /2015 оны 10 сарын 29-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан./.....Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан. Энэ үед хэрэг нэмж шалгах ажиллагаа дуусаж байсан бөгөөд өмнө нь шүүхийн шатанд гаргасан нэхэмжлэлээсээ банкны зээлийн үлдэгдэл14,662,849,06 төгрөгийг хасаж, мөн 609162 төгрөгийг тусад нь тооцохоор хасаж, үлдэгдэл 4,973,100 төгрөг, 2015 оны 08 сарын 28-нд шүүхийн шатанд гаргасан 727 770 төгрөг, дээр нэмж эм, эмчилгээний 321,000 төгрөг, цалин ХЧТА-ны тэтгэмжийн зөрүү 1448632 төгрөг, цалин,ХЧА-ын хувь тогтоосон тэтгэмжийн зөрүүг 2016 оны 07 сарын 21 хүртэл 6826116 төгрөг, эдгээр нийт 14966618 төгрөгөөс М.Банзрагчийн төлсөн 3200000 төгрөгийг хасаж 11766618 төгрөгийг нэхэмжилсэн.Өршөөлийн хуульд заасан болзол, журмын дагуу М.Банзрагч энэ хохирлыг төлөхөө илэрхийлж, улмаар өршөөлийн хуульд хамрагдан 2015-12-17-ны прокурорын 5/357 тоот тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. М.Банзрагчаас төлөхөөр зөвшөөрсөн төлбөрөө сайн дураар төлөхийг хүссэн боловч биелүүлэхгүй байгаа тул/прокурорт гомдол гаргасан ба түүнийг шийдвэрлэх явцад М.Банзрагчийг дуудаж уулзахад зөвшөөрсөн хохиролдоо төлнө гэхдээ нэг мөсөн төлж чадахгүй, хэсэгчлэн төлнө гэдгээ илэрхийлсэн байдаг/ түүнээс 11766618 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“М.Банзрагч нь Тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын биед хүнд гэмтэл учруулан гэм буруутайд шүүх тогтоогоогүй боловч өөрөө үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж, хохирлыг төлнө гэдгээ зөвшөөрсөн тул Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу ялаас чөлөөлсөн. Мөрдөн байцаалтын явцад М.Банзрагч нь хохирлыг бүрэн төлсөн байсан учраас ийм их хэмжээний эмчилгээний зардал гарсан гэхэд эргэлзээтэй байна. Хэргийн материалтай танилцаад төлөх шаардлагатай төлбөл зохих хохирол зардлыг нолтлох баримт нь байвал төлөх боломжтой. Харин төлөх үндэслэлгүй зүйлийг нэхсэн байвал тэр хэсгийг нь татгалзах болно” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч М.Банзрагчаас 11 766 618 төгрөг гаргуулж, нэхэмжпэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дашням нарт олгож,

Нэхэмжпэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дашням нар нь нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжтөлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдажхариуцагч М.Банзрагчаас 203 216 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэгт \эрүүгийн хэрэгт байгаа \хохирлын баримтуудыг нэг бүрчлэн судалж нотлох баримтын шаардпага хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй.Эм тариа эмчилгээний зардалд 4 973 100 төгрөгийн баримтаас нотлох баримтын шаардлага хангасан нь 2 366 700 төгрөг байхад шүүх үндэслэлгүйгээр нэхсэн болгоныг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Эмчилгээ.эм тарианы зардлын 50%,хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас дутуу авсан цалин тэтгэмжийн зөрүүгийн 50%-ийг хариуцагч М.Банзрагч хариуцах хууль зүйн үндэслэлтэй. Учир нь хохирогч Д.Үүрцайхыг ЗХД-ийн 3.4-ийг зөрчсөн гэж 47 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон юм. Осол гарахад хохирогчийн энэ гаргасан энэ зөрчил нөлөөлсөн гэж дүгнэсэн байдаг. Хохирогч мөн согтуу байсан нь тогтоогдсон юм. Тийм учраас Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирогчийн өөрийнх нь хэтэрхий болгоомжгүй үйлдэл осол гарахад нөлөөлсөн тул хохирлын хэмжээг багасгах ёстой. Хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан хүсэлтийг шүүх хүлээж авах боломжгүй гэсэн үндэслэлээ тайлбарлахдаа, зэм тээврийн осол болсон газарт дүрс бичлэг хийгдсэн байж болохоор байна, дүрс бичлэгийг хураан авч хэрэгт ач холбогдолтой ажиллагаа хийх шаардлагатай гэж давах шатны шүүхээс шийдвэрлэсэн ч энэ талаар мөрдөн байцаалтанд ажиллагаа хийгээгүй гэжээ. Гэтэл эрүүгийн хэрэгт хохирогч талаас гаргаж өгсөн өичлэг хавсаргагдсан байгааг энхээрч үзсэнгүй. Энэ бичлэгийг эрүүгийн хэргийг шийдвэрлэх явцад анхан шатны шүүх хуралд дээр судалж үзсэн бөгөөд уг бичлэгээр хохирогч буруугүй гэдгийг нотлох зүйл харагддаггүй юм. Ердөө осол болсон газрын замын байдлыг л харуулсан бичлэг байдаг.

 

Анхан шатны шүүх дээрхи 47 тоот шинжээчийн дүгнэлтийг нотолсон баримт байхгүй гэж хуульд заагаагүй үндэслэлийг заасан.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан гэж нэхэмжлэгч тал огт хэлдэггүй бөгөөд хэрэв өөр нотолгоо шаардаж байгаа бол нэхэмжлэгч тал хохирогч буруугүй гэсэн нотолгоог гаргана уу гэхээс дээрхи дугнэлт нь хариуцагчид ашигтай, харин нэхэмлэгчид ашиггүй баримт учраас хариуцагч тал нэгэнт тогтоосон шинжчийн дүгнэлтийг дахин нотлох шаардлагагүй юм. Анхан шатны шүүх яагаад ЗЦ-ын шинжээчийн дүгнэлтийг дахин өөр баримтаар давхар нотлуулах гээд байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардпагыг хангахгүй байгаа тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагыг нотлох гэж гаргаж өгсөн баримтуудыг хуулийн шаардпагыг хангаж байгаа хэсгийн 50%,хөдөлмөрийн чадвар алдалтын жлмаас авч байгаа тэтгэмж,цалингийн зөрүүг 50%-иар төлөхийг зөвшөөрч байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулна уу гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дашням нар хариуцагч М.Банзрагчид холбогдуулан  гэм хорын хохирол 11.766.618 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

М.Банзрагч нь 2015 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэр болох “МБ” жаазны үйлдвэрийн урд талын засмал зам дээр 12-12 УНЭ улсын дугаартай “Nissan wingroad” маркын автомашин жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.3-т заасныг зөрчин хохирогч Д.Үүрцайхыг дайрч түүний биед нь хүнд гэмтэл учруулсан, мөн замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а, б, в, г-д заасан заалтыг зөрчин зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүргээ биелүүлээгүй зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь болох нь тогтоогдсон бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 11 ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Банзрагчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Үүрцайхын биед хүнд гэмтэл учирсан нь болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

М.Банзрагчид холбогдох Эрүүгийн хэргийг Прокурорын шатанд хянах явцад сэжигтэн М.Банзрагч нь “...цаашид хохирогч Д.Үүрцайхын ар гэрээс нэхэмжилж байгаа 11 766 618 төгрөгийг нөхөн төлж хохирогч Д.Үүрцайхыг хохиролгүй болгож өгнө” гэсэн хүсэлт гаргаж байсан байна./х/х-ийн 6 дугаар хуудас/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох гэж гаргаж өгсөн баримтуудыг хуулийн шаардлагыг хангаж байгаа хэсгийн 50%, хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас авч байгаа тэтгэмж, цалингийн зөрүүг 50%-иар төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 Орхон аймгийн Цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Батцэнгэлийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “...явган зорчигч Д.Үүрцайх нь замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан  “явган зорчигч нь явган хүний гарц буюу гарамаар зам хөндлөн гарна.Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-г зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг дээрхи дүгнэлтийг үндэслэн осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэжээ.

 Гэвч Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 386 дугаар шүүгчийн захирамжид “...шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн төлөөлөгч ...хэрэг гарсны дараа би дүүгийнхээ явсан газруудын видео камеруудыг үзсэн.Дүү маань зам хөндлөн гараагүй, замын хажуу хөвөөгөөр явж байсан.Осол гарсан замын хойд талд байсан “МБ” жаазны үйлдвэрийн камерийн бичлэгийг үзсэн.Түүнийг 2 хувь хувилж мөрдөн байцаагч бид хоёр нэг нэгээр нь авсан гэж мэдүүлсэн байна. Хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлгээс үзэхэд зам тээврийн осол гарсан газарт дүрс бичлэг хийгдсэн байж болохоор байна.Бичлэгийг хураан авч хэрэгт ач холбогдолтой ажиллагаа хийх шаардлагатай гэж үзлээ” гэж дурдсан байна.

Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 104 дугаар магадлалаар 386 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Гэвч шүүхийн шийдвэрт заагдсан нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явуулалгүйгээр яллагдагчийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.  

Тиймээс 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, хохирогчид гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогч Д.Үүрцайхын хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн нь хангалттай тогтоогдоогүй байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан гэм хорын хэмжээг багасгах боломжгүй гэж  үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Үүрцайх хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдаж эхнэр Б.Эрдэнэцэцэгийн асрамжинд байгаа нь нэхэмжлэгч нарын тайлбар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэргээр  тогтоогдож байна.  

М.Банзрагчид холбогдох эрүүгийн 201514000217 тоот хэрэгт авагдсан хохирогч Д.Үүрцайхыг асарч сувилахад гарсан зайлшгүй зардал, мөн эм тариа, Улаанбаатар хот болон хот дотор авч явсан автомашины шатахууны зардал нийт 4. 973. 100 төгрөгийн нотлох баримтууд нь хуулийн  шаардлага хангасан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч М.Банзрагчаас 11. 766 .618 төгрөг гаргуулж нэхэмжпэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дашням нарт олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд зөв дүгнэлт хийж хэргийг хянан шийдэрлэжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч М.Банзрагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 203.216 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1., дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч  М.Банзрагчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203.216  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                                    С.УРАНЧИМЭГ

 

                                                                                 Б.БАТТӨР