Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01143

 

Х-ны Дорнод салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШШ2017/00335 дугаар шийдвэр,

            Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201/МА2017/00022 дугаар магадлалтай,

            Х-ны Дорнод салбарын нэхэмжлэлтэй,

            Г.Г, Г.С нарт холбогдох

         Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 78.826.449 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч Х-ны Дорнод салбарын  гаргасан нэхэмжлэлд: Зээлдэгч Г.С, Г.Г нар нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1650006023 дугаар зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1650006023 тоот баталгаат ипотекийн гэрээг байгуулан 80.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн 1650006023 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, уг гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгчид гар утсаар нь болон өөртэй нь уулзаж бичгээр мэдэгдэж уг зөрчлөө арилгах талаар удаа дараа сануулсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авалгүй зээл төлөлтийг удаашруулж байна. Иймд зээлдэгч Г.С, Г.Г нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 64.256.224 төгрөг, үндсэн хүү 14.229.920 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 340.305 төгрөг, нийт 78.826.449 төгрөгийг Г.С, Г.Г нараас гаргуулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1650006023 дугаартай баталгаат ипотекийн гэрээний зүйл болох Дорнод аймаг, Хэрлэн сум 1 дүгээр баг “Чандмань тал” ХХК-ийн баруун талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0614007447 дугаарт бүртгэлтэй 820 м.кв амины орон сууц, Дорнод аймаг Хэрлэн сум 1 дүгээр баг “Чандмань тал” ХХК-ийн баруун талд эрхийн улсын бүртгэлийн Г-0614000248 дугаартай 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраар хангуулж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Одын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Г-ын хариу тайлбарт дурдсан зээлийн шимтгэлийн 1 хувь 800.000 төгрөг авсныг хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэлээс хасуулж тооцуулах гэх тухайд Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно" гэж заасны дагуу шимтгэл нь банкны зээлийн үйлчилгээний нөхцөл юм. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны А/236 дугаар тушаалын хавсралтаар банкны хүү бодох аргачлал, хүү, хураамж, шимтгэлийн мэдээллийн ил тод байдлын тухай журмын 1.3.17-д “Шимтгэл, хураамж гэж банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнг ойлгоно” гэж заасан байдаг. Үүний дагуу бид зээлдэгчид зээл авахын өмнө үйлчилгээний шимтгэл авна гэдгийг тайлбарлаж хэлдэг. Зээлийн гэрээнд шимтгэлийн хувь хэмжээг бичиж гэрээтэйгээ танилцахыг зээлдэгчид хэлж, танилцуулдаг. Г.С-ын хариу тайлбарт дурдсан “Би нэг ч төгрөг аваагүй. Зээлийн үүргийг ээж Г.Г хариуцах ёстой” гэсэн хэсэгт иргэн Г.С, Г.Г нартай зээлийн гэрээг байгуулж Г.С нь үндсэн зээлдэгчээр, Г.Г нь хамтран зээлдэгчээр зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж гэрээг нотариатчаар баталгаажуулсан. Г.Снь эрүүл, саруул эрх зүйн бүрэн чадвар чадамжтай, дээд боловсролтой, өмнө нь Монголын ипотекийн корпорацид хяналт шалгалт гэрээ хэлэлцээрийн 8 хувийн зээлийн гэрээ хувийн хэрэг дээр хяналт шалгалт хийдэг, хариуцлагатай ажил эрхэлж байсан зэргээс үзэхэд зээлийн гэрээний үүрэг хариуцлагын талаар бүрэн мэдлэгтэй байх ёстой. Талуудын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийг Г.С-ын 5001253781 тоот хугацаагүй хадгаламжийн дансанд шилжүүлж олгосон. Г.С нь өөрийн хугацаагүй хадгаламжийн данснаас өөрөө гарын үсэг зурж 79.2 сая төгрөгийг захиран зарцуулсан. Энэ нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Иймээс зээлийг ашиглаагүй гэж гэрээний үүргийг гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн Г.С-ын хариу тайлбарт дурдсан “2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон. Гаргасан нэхэмжлэлд хүүгийн хэмжээг ихэсгэн нэхэмжилсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хэсэгт: нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байдлыг шүүх авч үзэн нэхэмжлэл дахин гаргах эрхтэйг дурьдан хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгосон. Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээ болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасанчлан гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүү төлнө. Үүний дагуу нэхэмжлэлд зээл, түүний хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцсон болно” гэжээ.

         Хариуцагч Г.С-ын гаргасан хариу тайлбарт: Би 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймаг дахь Хнаас авсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Уг зээлийг авах санааг хамтран зээлдэгч болох ээж Г.Г гаргаж, банкаар хөөцөлдөж явсан. Банкнаас авсан зээлийн мөнгөнөөс би нэг ч төгрөг авч ашиглаагүй. Зээлийн төлөлт ч хийж байгаагүй. Зээлийн бүх мөнгийг Г.Г нь авч өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан. Би нэг ч төгрөг авч ашиглаагүй учир зээлийн үүргийг ээж Г.Г дангаараа хариуцах ёстой гэж үзэж байна. Х нь ээж Г.Г бид хоёрт холбогдуулж 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 64.256.224 төгрөг, үндсэн хүүнд 9.417.569 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 132.537 төгрөг нэхэмжилсэн байсан. Уг хэргийг Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл мөн бидэнд холбогдуулж 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг ихэсгэн нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Г.Сби Хны Дорнод салбарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

           Хариуцагч Г.Г-ын гаргасан хариу тайлбарт: Би 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хнаас 80 сая төгрөг зээлж авсан нь үнэн. Зээлийн мөнгөөр өөрийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн эрхлэн явуулж байсан. Бизнесийн үйл ажиллагаа маань эхэн үедээ боломжийн явж байсан бөгөөд зээлийн төлбөрөө ч сар сардаа төлж байсан. Гэвч Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрэлж, бизнесийн үйл ажиллагаа маань доголдож эхэлсэн. Улмаар зээлийн төлбөрөө төлөх чадваргүй болсон. Би Хнаас зээл авахдаа өөр банкинд 30 сая төгрөгийн зээлтэй байсан учир байдал улам хүнд болж эхэлсэн. Зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх боломжгүй болсон учир Хинд хүсэлт гаргаж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн гэрээний хугацааг уртасгаж төлөлтийг багасгасан. Сүүлд хийсэн нэмэлт гэрээгээр бол зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Хугацаа дуусахаас өмнө би өөрийн бололцоогоор авсан зээлээ төлж барагдуулах болно. Гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргах эрхгүй гэж бодож байна. Мөн зээл авах үед зээлийн шимтгэл гэж үндсэн зээлийн 1 хувьтай тэнцэх мөнгө болох 800.000 төгрөг авсныг хууль бус гэж үзэж байна. Үүнийг нэхэмжлэлээс хасуулж тооцуулмаар байна. Надад хугацаа олгож өгөхийг Хны Дорнод салбараас хүсэж байна. Би авсан зээлийн төлбөрөө 2017 ондоо багтаагаад төлөх болно гэжээ.

           Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШШ2017/00335 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.С, Г.Гнараас үндсэн зээлийн төлбөрт 64.256.224 төгрөг, үндсэн хүүнд 14.229.920 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 340.305 төгрөг, нийт 78.826.449 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хны Дорнод салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.С, Г.Г нар төлбөрийн үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд баталгаат ипотекийн гэрээний зүйл болох Дорнод аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг, “Чандмань тал” ХХК-ийн баруун талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0614007447 дугаарт бүртгэлтэй 820 м.кв амины орон сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-06144000248 дугаарт бүртгэлтэй 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 552.082 төгрөгийг төсвийн орлого болгож, хариуцагч Г.С, Г.Г нараас 552.082 төгрөгийг гаргуулан Хны Дорнод салбарт олгож шийдвэрлэжээ.

            Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201/МА2017/00022 дугаар магадлалаар: Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШШ2017/00335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Галтогтохын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.23-ны өдрийн дугаар 138/ШШ2017/00335 тоот шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.05.25-ны өдрийн 201/МА2017/00022 тоот магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь тус хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Х-ны Дорнод аймаг дахь салбар нь зээлдэгч Г.С, Г.Г нараас нийт 78.826,449 төгрөг нэхэмжилж Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндэслэлгүйгээр 5.020.118 төгрөг илүү нэхэмжилсэн гэж үзэж байна. Учир нь Х-ны Дорнод аймаг дахь салбар нь 2016.09.26-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.С, Г.Г нараас зээлийн үүрэгт нийт 73.806,331 төгрөг нэхэмжилсэн. Шүүх тус хэргийг хянан шийдвэрлээд хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Х-ны Дорнод аймаг дахь салбар нь 2017.01.11-ний өдөр дахин нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээлийн төлбөрт 64.256.224 төгрөг, үндсэн хүүнд 14.229.920 төгрөг, нэмэгдуүлсэн хүүнд 340.305 төгрөг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл, үндсэн хүүнд 4.812.351 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 207.767 төгрөг, нийт 5.020.118 төгрөг үндэслэлгүйгээр нэмж нэхэмжилсэн. Х-ны Дорнод аймаг дахь салбар нь 2016.09.26-ны өдөр Г.С, Г.Г нараас 2014.12.04-ний өдрийн №1650006023 тоот зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээний үүрэгт нийт 73.806.331 төгрөг нэхэмжилсэн явдал нь уг зээлийн гэрээг банк буюу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар гэрээнээс татгалзсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар үндсэн хүүнд 14.229.920 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 340.305 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй болж байна. Иймээс Иргэний хуулийн 452.2-т зааснаар хариуцагч Г.С, Г.Г нар нь үндсэн зээлийн төлбөрт 64.256.224 төгрөг, үндсэн хүүнд 14.229.920 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 340.305 төгрөг, нийт 78.826.449 төгрөгийг нэхэмжлэгч Х-ны Дорнод салбарт буцаан төлөх үүрэгтэй байна. Мөн Иргэний хуулийн 222.1.1, 225.1-д зааснаар Х гэрээнээс татгалзах эрхтэй байна ...” гэж дүгнэжээ. Үүнийг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэн, тус шийдвэрийг хэвээр баталсан. Нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2014.12.04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 5 дахь хэсэгт заасан гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн учир гэрээг хугацаанаас өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргах болсон тухайгаа шүүх хурал дээр хэлсэн. Мөн Дорнод аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд Х-ны Дорнод аймаг дахь салбар нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээнээс татгалзах нь үндэслэлтэй байсан гэж дүгнэсэн. Гэвч тус шүүхүүд нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс аль нэг тал татгалзсан болон гэрээг цуцалсан тохиолдолд эрх зүйн ямар үр дагавар үүсдэг талаар дүгнэлт хийгээгүй. Гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан тохиолдолд тухайн гэрээний дагуу үүсэх үүргийн харилцаа дуусгавар болдог учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болох учиртай. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Х-ны Дорнод аймаг дахь салбар нь 2016.12.26-ны өдөр гэрээнээс татгалзсан бөгөөд Г.С, Г.Г нарын хувьд 2016.12.27-ноос хойш зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн Хүү төлөх үүрэг нь дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, Хны Дорнод аймаг дахь салбар нь Г.С, Г.Г нараас 2016 оны 09 дүгээр сарын 29-нөөс хойш зээлийн гэрээний дагуу үндсэн хүү болон нэмэгдүулсэн хүүг тус тус шаардах эрх дуусгавар болсон байхад шүүх Г.С, Г.Г нараас үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 5.020.118 төгрөг нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус юм. Г.С, Г.Г нарын хувьд Хны Дорнод аймаг дахь салбартай 2014.12.04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2016.09.26-ны өдрийг хүртлэх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Энэ үүргээ ч тэд хүлээн зөвшөөрч байгаа болно. Иймд Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.23-ны өдрийн 00335 тоот шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.05.25-ны өдрийн 201/МА2017/00022 тоот магадлалд тус тус өөрчлөлт оруулан үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 5.020.118 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зүйл, заалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

        Нэхэмжлэгч Х-ны Дорнод салбар нь хариуцагч Г.С, Г.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 78.826.449,03 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүргийн гүйцэтгэлийг зохигчдын хооронд байгуулсан баталгаат ипотекийн гэрээний зүйлээр хангуулна гэжээ. 

           Хариуцагч Г.Г нь “Х-наас бизнесийн зээл 80.000.000 төгрөгийг авч, зээлийн төлбөрөө сар сардаа төлж байсан ч бизнесийн үйл ажиллагаа доголдож, төлбөрөө төлж чадахгүй болсон, зээл авах үед шимтгэл гэж авсан 800.000 төгрөгийг хууль бус гэж үзэж байна, зээлийн төлбөрөө 2017 онд багтаагаад төлнө” гэсэн тайлбар гаргасан бол хариуцагч Г.С нь “зээлийн гэрээнд гарын үсэг л зурсан, зээлийг хамтран зээлдэгч ээж Г.Г ашигласан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй” гэж маргасан байна.

         Х-ны Дорнод салбар, зээлдэгч Г.С, Г.Г нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 80.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нар нь үүргийн гүйцэтгэлд Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Чандмань тал” ХХК-ийн баруун талд 820 м.кв талбай бүхий амины орон сууцыг, мөн хаягт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг баталгаат ипотекийн гэрээ байгуулан барьцаалж, уг гэрээг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

         Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийсэн барьцааны гэрээ нь хуулийн хувьд хүчин төгөлдөр гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

        Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тухай Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан байх тул хариуцагч Г.С, Г.Г нараас үндсэн зээл 64.256.224.03 төгрөг, үндсэн хүү 14.229.920 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 340.305 төгрөг, нийт 78.826.449.03 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл хуульд нийцсэн байна.

        Харин зохигчдын хооронд үүссэн маргаан нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн үүргээс үүсэлтэй маргаан байхад давж заалдах шатны шүүх “...Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5., 222.7 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй...” гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх боловч магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШШ2017/00335 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201/МА2017/00022 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Хариуцагч Г.С-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.272 /ерэн таван мянга хоёр зуун далан хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН