| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 178/2020/0039/Э |
| Дугаар | 282 |
| Огноо | 2021-10-20 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 282
К.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч К.С- болон түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэчимэг, Д.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар магадлалтай, К.С-д холбогдох хэргийг Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1977 оны 07 сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, төрийн захиргаа, удирдлагын мэргэжилтэй, ***, ял шийтгэлгүй, Н овогт К-ы С.
К.С- нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” загварын мотоциклыг 2018 оны 12 дугаар сард иргэн З.О-д 1,380,000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч К.С-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.С-ийг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч К.С-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1,380,000 төгрөг хурааж, улсын төсөвт шилжүүлж, түүний эзэмшлийн ХОҮ 38-34 улсын дугаартай “ТОҮОТА PRUIS”-10 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5/136 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос К.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд прокурор Т.Өсөхболдын бичсэн эсэргүүцэлдээ: “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хоорондоо илт зөрүүтэй байгаа нь шүүхүүд Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн ...ба уг зөрүүг арилгах шаардлагатай байна.
...Шүүгдэгч К.С- нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг даргын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар ...өөрт нь хариуцуулж олгосон ...мотоциклыг ...худалдан борлуулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, улсад 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж буйгаа магадлалд дурдаж, тусгахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч К.С- нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байх үедээ 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг даргад мотоцикл гардуулан өгөх ажиллагаанд оролцож дээрх мотоциклыг гардан авсан, улмаар уг мотоциклыг ажлын хэрэгцээндээ хэрэглэж байгаад 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын иргэн З.О-д 1,380,000 төгрөгөөр худалдан борлуулсан, Ховд аймаг дахь Цагдаагийн газраас 193600348 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр Цагдаагийн газар тухайн мотоциклыг хүлээлгэн өгсөн хэргийн үйл баримт тогтоогдсон байхад дээрх үйл баримтыг хэрхэн үгүйсгэж буйгаа давж заалдах шатны шүүх магадлалдаа тусгаагүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч К.С- нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн засаг даргаар ажиллаж байхдаа Жаргалант сумын тамгын газраас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Хонгли” загварын мотоциклыг завшсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд тулгуурлан шүүгдэгч К.С-ийн үйлдэл нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан хэмээн дүгнэж, хуульд заасан төрөл хэмжээ дотор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв ойлгож хэрэглэсэн байна.
Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм. Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээх зэргийг хамааруулан ойлгодог.
Шүүгдэгч К.С-ийн хувьд Жаргалант сумын тамгын газраас өөрийн өмчийг захиран зарцуулах эрхгүйгээр итгэмжлэн хариуцуулж өгсөн байхад бусдад зарж борлуулан завшсанаар энэ гэмт хэрэг төгссөн байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, К.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Сапаргүл нь өөрт нь хариуцуулсан хөрөнгийг завших гэсэн шунахай сэдэлт, зорилго, шууд санаа байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу худалдан борлуулсан, мотоциклын үнийг өөртөө завшаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад мотоциклыг худалдан борлуулсан хүнээс буцаан авч хүлээлгэн өгсөн байна. Энэ нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн шууд санаатай үйлдэл байхгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг танилцуулж байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхжаргал хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, К.С-ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан.
Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй. Өмгөөлөгчийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн тухайн мотоцикл нь дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй. Албан тушаалтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг огт байгуулаагүй атлаа итгэмжлэн хариуцсан этгээд байна гэж үзээд байдаг.
Эдгээр байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Холбогдох хуулийн заалтуудыг тайлбартаа дэлгэрэнгүй бичсэн байгаа” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэчимэг: хэлсэн саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн нотолж чадаагүй. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд К.С-ийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй байна гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдын бичсэн эсэргүүцлийг үндэслэн К.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч К.С- нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд худалдан авалт хийгдэж багийн Засаг дарга нарт олгогдсон, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” загварын, албан хэрэгцээний зориулалт бүхий мотоциклыг 2018 оны 12 дугаар сард иргэн З.О-д худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд К.С-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Харин давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан бүх нотлох баримтад бус зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт тулгуурлан “... мотоциклыг хариуцвал зохих субъект мөн боловч өөртөө завших шунахай сэдэлтээр, үнийг буцааж төлөхгүй гэсэн санаа зорилгоор бусдад борлуулсан нь тогтоогдоогүй, мотоциклын үнийг өөртөө завшаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад мотоциклыг худалдан авсан хүнээс буцаан авч хүлээлгэн өгсөн, гэм буруугийн шууд санаатай үйлдэл байхгүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй” гэсэн дүгнэлт хийж К.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэжээ.
Учир нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч К.С- нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багын Засаг даргаар ажиллаж байхдаа албан ажлын зориулалтаар олгогдсон эд хөрөнгө болох мотоциклыг хүлээн авсан, улмаар уг мотоциклыг ажлын хэрэгцээндээ ашиглаж байгаад иргэн З.О-д худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон буюу өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх яллах талын нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, харилцан хамаарал, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэхдээ хэргийн үйл баримтын талаар шууд гэрчлэх гэрчүүдийн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан баримт бүрийг үнэлэн дүгнэлт хийвэл зохих хууль ёсны шаардлагыг хангаагүй, мөн тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга, эх сурвалжаа заасан байдал зэргийг зөв үнэлж чадаагүй байх тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгохоор хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.
Харин К.С- тухайн мотоциклыг биет байдлаар өмчлөгчид хүлээлгэн өгч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн талаар анхан шатны шүүх дүгнэсэн атлаа мотоциклын үнэ 1,380,000 төгрөгийг шүүгдэгчээс давхардуулан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хэм хэмжээний агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул уг заалтыг хүчингүй болгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.
Үүний зэрэгцээ К.С-д холбогдох эрүүгийн хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх хугацаанд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдан, мөн оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтад шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хамаарч байгааг дараах байдлаар дүгнэлээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тодорхойлсон өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд багтаагүй тул нийтлэг үндэслэлийн хувьд тухайн хуулиар тогтоосон өршөөл үзүүлэхгүй нөхцөл байдал, хориглолт шүүгдэгчийн хувьд байхгүй гэж үзнэ.
Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг багтаан тодорхойлсон Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл нь нэр, агуулгын хувьд гагцхүү зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст шүүхээс оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн солих харилцаанд хамаарч буй бөгөөд хорих ялын хувьд тусгайлсан зохицуулалт болохоос тэдгээр хэргийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тодорхой үе шатанд хэрэгжиж байгаа бусад үйл ажиллагаа, шийдвэрийг өршөөн хэлтрүүлэхийг хориглосон болон хязгаарлалт тогтоосон агуулга бүхий хэм хэмжээ биш байна.
Дээр дурдсан үндэслэл, түүнчлэн шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг ердийн журмаар хянан хэлэлцсэний дараа Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхээр заасан байгаа зэргийг харгалзан үзсэний дагуу тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байгаа тул шүүгдэгч К.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний талаар авагдсан заалтыг хүчингүй болгож, мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
2. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолд “2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч К.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн заалт нэмж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдын хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН