| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2017/0014/з |
| Дугаар | 12 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 12
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ..дугаар баг, оршин суух , иргэн Б овогт Ч-ы Б-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Увс аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох,
Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/44 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.О,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ.Миний бие нь Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 12-р сарын 10-ны өдрийн Б/59 дугаар ажилд түр томилох тухай тушаалаар Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны даргын албан тушаалд түр томилогдсон бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 04-р сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөөс Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга, ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилуулах дүгнэлтийн дагуу ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэг гарган холбогдох байгууллагаар хянуулан Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05-р сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай ажилд томилох тухай тушаалаар Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга, ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилогдож төрийн жинхэнэ албан хаагч болсон юм. Улмаар Нийгмийн даатгалын хэлтэст Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга, ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байгаад Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11-р сарын 28-ны өдрийн Б/44 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны Б/44 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх тухай Төрийн албаны тухай хуулийн зүйл, заалт үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн дагуу явагдаагүй эрх зүйн зөрчилтэй, хууль бус, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн шийдвэр гэж үзэж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны Б/44 дугаар тушаал нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08-р сарын 22- ны өдрийн Бүтэц, орон тоо батлах тухай А/03 дугаар тушаалыг үндэслэж байгаа хэдий ч уг тушаалыг буруугаар ашиглан төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна. Нийгмийн даатгалын орон нутгийн байгууллагын бүтэц, орон тоог өөрчилсөн тухай шийдвэр 2012 оноос хойш 4 удаа гарч байсан боловч байгууллагын нэр, бүтэц өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолтод чиг үүргийн багахан өөрчлөлт хийгдэж ирсэн байдаг боловч бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэдэг шалтгаанаар нэг ч ажилтан ажлаас чөлөөлөгдөж байгаагүй байдаг. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны А/03 дугаар тушаалаар байгууллагын бүтцийн хувьд албыг тасаг болгон өөрчилсөн ба байгууллагын орон тоо болон орон тооны ажпын байрны нэр өөрчлөхгүйгээр баталсан байдаг.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт "төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх) эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ..."гэсэн заалтын дагуу ажпаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08-р сарын 22- ны өдрийн А/03 дугаар тушаалд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /газар/- ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан ажилтан, албан хаагчдын ажлыг тэнцвэржүүлэх, ажлын давхардал гаргахгүй байхаар ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж мөрдөх, батлагдсан орон тооны дээд хязгаарын хœрээнд ажилтан, албан хаагчдын мэргэжил, мэдлэг, туршлага, ур чадварыг харгалзан ажил, албан тушаалд томилон ажиллуулах зохион байгуулалт хийхийг аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, газрын дарга нарт даалгасугай "гэсэн үүрэг чиглэл өгсөн ч Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь ажлаас шууд чөлөөлсөн нь буруу гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох үйл ажиллагааг явуулахгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний хувьд хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11-р сарын 28-ны өдрийн Б/44 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Төрийн албаны Зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд хянуулахаар 2016 оны 12-р сарын 05-ний өдөр өргөдөл өгсөн бөгөөд одоо хүртэл хариу өгөөгүй тул хуулинд заасан хугацаанд шүүхийн байгууллагад хандаж байна “ гэв.
Хариуцагч Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“ Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс ажиллахаар заасан.Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 сарын 22-ны өдрийн А/03 дугаар “ Бүтэц орон тоо батлах тухай “тушаалын зургаадугаар хавсралтаар Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг баталсан.Энэ тушаалаар өмнө байсан 3 албыг 3 тасаг болгон өөрчилсөн Ч.Б нь Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл,орлого бүрдүүлэлт,хяналтын албаны дарга, ахлах нягтлан бодогч гэсэн ажлын байранд ажиллаж байсан бөгөөд дээрх тушаалаар тус ажлын байр нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл,хамралт,орлого бүрдүүлэлт,хяналтын тасгийн дарга, ахлах нягтлан бодогч болж өөрчлөгдсөн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэн бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсөн болно.
Би байгууллагын шинэчилсэн зохион байгуулалтаа хийгээд, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажлын байрны сэлгээ хийгээд тухайн байгууллагад олон жил ажилласан, туршлага, мэдлэг чадвар, ур чадварыг нь үнэлээд нэхэмжлэгчийн ажлын байран дээр 22 жил ажилласан С.Г гэх хүнийг ажиллуулсан. Би багаа шинээр бүрдүүлэхдээ илүү их туршлага, чадвар, мэдлэгтэй хүмүүсийг сонгож багаа бүрдүүлсэн. Ч.Б-н хувьд ажлаа 100 хувь сайн гүйцэтгэж байсан гэдгийг мэдэхгүй юм.
2016 оны 11 сарын 11-ний өдөр бүтцийн өөрчлөлт хийх тухайгаа бүх ажилтнууддаа хэлсэн.Нэхэмжлэгчтэй ганцаарчлан 2016 оны 11 сарын 14, 11 сарын 28-ны өдөр тус тус уулзаж ярилцсан ба энэ талаар баримтжуулсан зүйл байхгүй” гэв.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан тус хэлстийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн Б/44 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж,урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч ,түүний төлөөлөгч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.Б нь Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 сарын сарын 28-ны өдрийн Б/44 тоот тушаалыг эс зөвшөөрч 2016 оны 12 сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан байх ба Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс ирүүлсэн албан бичигт[1] өргөдөлд хариу өгөх хугацааг 30 хоногоор сунгаж, 2017 оны 01 сарын 19-ний өдөр салбар зөвлөл хуралдаж иргэдийн өргөдөлд хариу өгсөн талаар дурдсан байх боловч албан бичигт Ч.Б-д өгсөн өргөдлийн хариуг хавсаргаж ирүүлээгүй, нэхэмжлэгч нь төрийн албаны салбар зөвлөлөөс хариу ирүүлээгүй талаар шүүхэд тайлбар гаргасан тул нэхэмжлэгчийг 2017 оны 01 сарын 26-ны өдөр хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь “ Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 сарын 22-ны өдрийн А/03 тоот тушаалыг үндэслэхдээ уг тушаалыг буруугаар ашиглан, байгууллагын бүтцийн хувьд албыг тасаг болгон өөрчилсөн ч орон тооны ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн байтал Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-г зөрчсөн “ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Хариуцагчийн зүгээс “Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл,хамралт, орлого,хяналтын тасгийн дарга, ахлах нягтлан бодогч болж өөрчлөгдсөн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсөн, тухайн ажлын байранд байгууллагад олон жил ажилласан, туршлага, мэдлэг чадвар, ур чадварыг нь үнэлээд өөр хүнийг ажиллуулсан “ гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гуравдагч этгээд С.Г-ийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй талаарх хүсэлтээ бичгээр гаргасан болно.
Нэхэмжлэгч Ч.Бнь Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 12 сарын 10-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар[2] тус хэлтсийн Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны даргаар түр томилогдон ажиллаж байхдаа төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад тэнцэж[3], төрийн захиргааны албан хаагчийн тангараг[4] өргөн Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар[5] Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны даргаар томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч болно.
Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/44 дугаартай тушаалд[6] Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны А/03 дугаартай тушаалыг тус тус үндэслэн Ч.Б-ыг 2016 оны 11 сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “ ...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ...тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр өөр албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно...” гэж заажээ.
Засгийн газрын 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 4 дугаартай тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрыг өөрчлөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хэрэгжүүлэгч агентлагаар ажиллахаар тогтоож, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 сарын 22-ны өдрийн А/03 дугаартай тушаалын 6-р хавсралтаар[7] Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг баталсан байна.Уг хавсралтаар Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоог 44-өөр баталж, Санхүү бүртгэл, хамралт, орлого,хяналтын тасгийн дарга бөгөөд ахлах нягтлан бодогч 1 ажиллахаар тогтоожээ.
Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтэй холбоотойгоор Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 09 сарын 13-ны өдрийн А/10 тоот Орон нутгийн салбар нэгжийг шинэчлэн зохион байгуулах тухай тушаал гарч, холбогдох албан бичгүүдийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж байсан байх ба эдгээр актуудыг үндэслэн Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 сарын 18-ны өдрийн Б/41 дугаартай “ Бүтэц орон тоо батлах тухай “ тушаал[8] гарч, хоёрдугаар хавсралтаар албан тушаалын жагсаалтыг ажиллах ажилтны нэрстэй нь баталсан байна.
Уг хавсралтаар Санхүү бүртгэл, хамралт, орлого, хяналтын тасгийн дарга бөгөөд ахлах нягтлан бодогчийн албан тушаалд С.Г ажиллахаар батлагджээ.
Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 сарын 18-ны өдрийн Б/41 дугаартай “ Бүтэц орон тоо батлах тухай “ тушаал гарахаас өмнө Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн даргын 2016 оны 07 сарын 28-ны өдрийн Б/31 дугаартай “ Ажлаас чөлөөлж, бүтэц, орон тоог баталж, ажилд томилох тухай “ тушаал[9] гарч Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл,орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга, ахлах нягтлан бодогчийн албан тушаалд Ч.Б ажиллахаар батлагдаж, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албаны дарга, ахлан нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтыг[10] 2016 оны 08 сарын 01-ний өдөр шинэчлэн баталсан байна.
Эдгээр эрх зүйн актуудаас үзэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн алба,Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын алба, Эрүүл мэндийн даатгалын алба гэсэн 3 албатайгаар ажиллаж байсныг Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болж өөрчлөгдөхөд Нийгмийн даатгалын үйлчилгээний тасаг, Санхүү бүртгэл, хамралт, орлого, хяналтын тасаг, Эрүүл мэндийн даатгалын тасаг болгон ажиллуулсан байна.
Байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр нэхэмжлэгч Ч.Б-ын ажиллаж байсан Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга, ахлах нягтлан бодогчийн албан тушаал нь Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл,хамралт,орлого, хяналтын тасгийн дарга бөгөөд ахлах нягтлан бодогч гэсэн нэршилтэй болж, уг ажлын байрны тодорхойлолтыг[11] 2016 оны 12 сарын 15-ны өдөр баталжээ.
Маргаан бүхий албан тушаалын нэршил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолт, урьд батлагдсан ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан авч үзэхэд нэхэмжлэгч Ч.Б-ын урьд эрхэлж байсан албан тушаал нь нэрний хувьд “хамралт “, “тасаг” гэх үг нэмэгдэж өөрчлөгдсөн боловч чиг үүргийн хувьд агуулгын өөрчлөлтгүй, хэвээр хадгалагдан үлдсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “ төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал / ажлын байрн /-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...”-аар зохицуулжээ.
Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд заасан баталгааг хангаж нэхэмжлэгч Ч.Б-ыг Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл,хамралт,орлого, хяналтын тасгийн дарга бөгөөд ахлах нягтлан бодогчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэх ёстой байтал ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Иймд Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн Б/44 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Б-ыг Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл,хамралт,орлого, хяналтын тасгийн дарга бөгөөд ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа 1/ Оролцогчийг тодорхойлох, 2/ Нөхцөл байдлыг тогтоох, 3/ Нотлох баримтыг цуглуулах, 4/ Оролцогчийг сонсох ажиллагааг хийсэн байх шаардлагатай бөгөөд хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх журмыг хэрэгжүүлээгүйг тэмдэглэв.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргахад тавигдах шаардлагуудыг нэг бүрчлэн дурдсан байх ба уг шаардлагуудыг Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн Б/44 дугаартай“ Ажлаас чөлөөлөх тухай “ тушаал нь хангаагүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч байгууллагаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн Б/44 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Б-г Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл,хамралт,орлого, хяналтын тасгийн дарга бөгөөд ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Б-с улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ