Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 424

 

                                               Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

                                                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

               Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би С.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй Ч.Алтантуяад холбогдох “2.558.830 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

                                                 Тодорхойлох нь:

   Нэхэмжлэгч С.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Алтантуяа нь 2014 оны 7 дугаар сард С.Мөнхтуяа надаас 2.100.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр авсан болно. Тус оны 12 дугаар сард бүрэн барагдуулахаар харилцан тохиролцсон болно. Гэвч Алтантуяа нь ....”манай нөхөр мөнгөөрөө машин авчихлаа төлбөрөө 2015 оны цагаан сарын өмнө өгье” гэж хэлсэн.

   Алтантуяагаас мөнгө нэхэх бүрт утсаа авахгүй байсаар байгаад 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Мөнхтуяа миний бие Ерөө сум очиж уулзаж гэрээ хийсэн болно. Уг гэрээнд 2015 оны 08 дугаар сарын 10-наас 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 7 сард хувааж сард 300.000 төгрөг төлнө гэж харилцан тохиролцов. Гэвч хэлсэн үгэндээ хүрэхгүй худал хэлж явсаар байгаад өдий хүрлээ. Энэ хугацаанд намайг маш ихээр хохироож байна. Мөнхтуяа миний бие  “Төрийн банк”-наас 2.1 хувийн хүүтэй зээл авч үйл ажиллагаандаа оруулсан.

  Ч.Алтантуяагаас авах ёстой үндсэн төлбөр 1.680.000 төгрөг, зээлийн хүү 792.000 /18 сараар бодов/ мөн Сэлэнгэ хүртэл явсны зардал 25000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 1-нд Ерөө сум  явсан зардал 20.000 төгрөг тэмдэгтийн хураамж 41.830 төгрөг нийт 2.558.830 төгрөг нэхэмжилж байна. Алтантуяа нь 2 жил гаран Мөнхтуяа миний барааны мөнгийг өгөөгүй болно гэжээ. 

           Нэхэмжлэгч С.Мөнхтуяа нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

      ... Санжаасүрэн овогтой Мөнхтуяа миний бие нь  Ч.Алтантуяад холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Ч.Алтантуяатай Дархан-Уул аймагт  эвлэрлийн гэрээ хийсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                                   Үндэслэх нь:

                 С.Мөнхтуяа нь Ч.Алтантуяад холбогдуулан  “2.558.830 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

                 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч С.Мөнхтуяа нь Ч.Алтантуяад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр сайн дураараа татгалзаж байгаа нь түүний шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.830 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.    

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн

     75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар С.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй Ч.Алтантуяад холбогдох “2.558.830  төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.830 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн  орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

 ШҮҮГЧ                      Б.МӨНХЗУЛ