| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0733/э |
| Дугаар | 218 |
| Огноо | 2019-03-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Э.Ундраххэрлэн,
шүүгдэгч О.Э,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1803010410075 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
, 1964 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Техник геолого мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, Баянгол дүүрэг 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж 17-12 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЖЮ64032278.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч О.Э нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны оройн 23 цаг 25 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 11 дүгээр сургуулийн хойд замд Тоёота Приус маркийн 51-69 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх: 16.2-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ч.Золзаяаг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж Ч.Золзаяагийн биед гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Эмчилгээний зардалд 700.000 болон 2 сая төгрөг бэлнээр өгсөн. Нэхэмжлэлээс үлдэх 2 сая төгрөгийг сар бүр хэсэгчлэн төлөхөөр гэрээ байгуулан нотариатаар батлуулсан байгаа…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ч.Золзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 23 цаг өнгөрч байх үед гэртээ харихаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 11-р сургуулийн хойд замд явган хүний зохицуулагддаг ногоон гэрэл дохиогоор явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй алхаад гарч явтал ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан автомашинд мөргүүлсэн байсан. Би осол болох үед ухаан алдаж унасан. Мөн шоконд орсон. Ухаан ортол би Т.Приүс 20 маркийн автомашины урд зорчигчийн суудал дээр сууж байсан.Тэр үед цагдаагийн алба хаагч нар ирчихсэн хэргийн газрын үзлэг хийж байсан.Мөн цагдаагийн алба хаагч намайг архи уусан эсэхийг шалгаж үзсэн. Удалгүй түргэн тусламж ирсэн. Түргэн тусламжийн эмч миний биеийн байдлыг үзсэн. Мөн эмч надаас юу өвдөж байгаа талаар асуусан. Би тэр үед баруун гар, цээж даагдахгүй, цээж хэсгээр маш их өвдөж байгаа талаар хэлсэн. Эмч намайг авч яваагүй. Би жолоочтой хамт хэргийн газрын үзлэг хэмжилт дуусгаад такси бариад ГССҮТ-д очиж үзүүлсэн. Эмнэлэг дээр очоод цээж хэсгийн гэрэл зураг авхуултал баруун талын эгэм хугарсан байсан. Тэгээд би татлага хийлгээд гэр лүүгээ явсан. Маргааш өглөө нь ГССҮТ-д дахин ирж холбогдох шинжилгээ өгч томографын зураг авхуулсан. Эмч зураг уншиж үзээд яаралтай хэвтэх өвчтөн байна гэж хэлээд хэвтүүлсэн. Би явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрэл дохиогоор гарч явсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн хүнд зэргийн дүгнэлт гарсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би ослын улмаас толгой цус хуралттай, гавлын яс цууралттай, тархи хавантай, үүдэн шүд дээд хэсэг нь үүрсэн, доод хэсэг нь хөдөлсөн, баруун талын эгэм хугарсан байсан. Маш их гомдолтой байна. Эрүүл саруул ажил төрлөө хийж явсан хүн эрэмдэг болсондоо. Мөн өөрт учирсан сэтгэл санаа болон бусад бүх хохирлоо бүрэн нэхэмжлэх болно...” гэжээ /хх-19-20/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 566 дугаар дүгнэлт:
“1 .Ч.Золзаяагийн бие зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун эгэм ясны далд хугарал, баруун дээд үүдэн 1-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэжээ /хх-25/.
Тээврийн Цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 48 дугаар шинжээчийн дүгнэлт:
“Тоёота Приус маркийн 51-69 УБҮ улсын дугаартай автомашины жолооч Ойдовын Эрдэнэбаяр /55 настай, эрэгтэй/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.2 дахь заалт "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэжээ /хх-54-55/.
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “Зам тээврийн осол хэрэг гарсан газар нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 11 дүгээр сургуулийн хойд замд, "замын нөхцөл байдал нь зорчих хэсгийн өргөн 18.2 метр, асфальтан, шулуун тэгш, халтиргаатай, зохицуулагддаг, явган хүний гарцтай, сууриныхад доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, Зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 6 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайстай зам байна” гэжээ /хх-6-7/.
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-9/.
О.Эын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-10/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 76/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-67-69/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Э нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны оройн 23 цаг 25 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 11 дүгээр сургуулийн хойд замд Тоёота Приус маркийн 51-69 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх: 16.2-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ч.Золзаяаг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.Золзаяагийн “...2018 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 23 цаг өнгөрч байх үед гэртээ харихаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 11-р сургуулийн хойд замд явган хүний зохицуулагддаг ногоон гэрэл дохиогоор явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй алхаад гарч явтал ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан автомашинд мөргүүлсэн байсан. Би осол болох үед ухаан алдаж унасан. Мөн шоконд орсон. Ухаан ортол би Т.Приүс 20 маркийн автомашины урд зорчигчийн суудал дээр сууж байсан.Тэр үед цагдаагийн алба хаагч нар ирчихсэн хэргийн газрын үзлэг хийж байсан.Мөн цагдаагийн алба хаагч намайг архи уусан эсэхийг шалгаж үзсэн. Удалгүй түргэн тусламж ирсэн....” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх: 16.2-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ч.Золзаяаг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан эмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 2.700.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 2.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасав.
Шүүгдэгч О.Э нь хохирогч Ч.Золзаяад эмчилгээний зардалд 2 сая долоон зуун мянган төгрөг төлсөн бөгөөд цаашид 2 сая төгрөг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсныг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О.Эт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ буюу жолооны эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, жолоочийн №989545 дугаартай үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
4. Шүүгдэгч О.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч О.Э нь хохирогч Ч.Золзаяад эмчилгээний зардалд 2 сая долоон зуун мянган төгрөг төлсөн бөгөөд цаашид 2 сая төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсныг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН